Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 349

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Даваажав, шүүгдэгч Б.А нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ад холбогдох 1806078440012 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б. овгийн Б.ийн А, 1981 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, физикч, технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:./,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

Б.А нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн Б.Даваажавыг “Шинжлэх ухаан технологийн их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж хуурч 4.500.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б. овогт Б. Аг бусдыг хуурч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Ад энэ тогтоолоор оногдуулсан 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хоногт шилжүүлсэн 60 /жар/ хоног дээр өмнөх Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Агаас 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Даваажавт /РД:ОО81052519/ олгож, Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Даваажав гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Ад холбогдох хэрэгт хохирогч Б.Даваажав би гэмт хэргийн улмаас учирсан хохирол 4.500.000 төгрөгийг Б.Агаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд энэхүү хохирлын мөнгийг Б.Агийн ар гэрээс гаргаж өгснийг хүлээн авч одоо нэхэмжлэх зүйлгүй болсон. Би Б.Агаас өөртөө инженерийн мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн диплом гаргуулж авахаар уулзан тохирч мөнгө өгсөн нь үнэн. Гэхдээ Б.Аг шүүхэд очоод хорих ялаар шийтгүүлнэ гэж хүсээгүй, мөнгөө л авах зорилготой байсан. Гэтэл шүүхээс түүнд 2 жил 2 сарын хорих ял оногдуулсан тогтоолыг сонсоод өөрөө сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орж, насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй, эмэгтэй хүнийг ийм байдалд хүргэсэнд харамсаж, сэтгэл тайван ажиллаж, амьдрахад хүнд байдалд ороод байна. Хэргийн болсон үйл явдал бол Б.Аг ШУТИС-д багшилж байсан, түүнийг танил талаараа дамжуулан надад диплом гаргаж өгөх боломжтой юм байна гэж үзэж, түүний утасны дугаарыг танил Төвсанаагаас авч түүнтэй уулзсан нь үнэн. Энэ талаар би ч, Б.А ч анхнаасаа үнэн зөв мэдүүлж байсан. Нэгэнт мөнгөө өгч, хуурамч диплом гаргуулахаар тохироод эцэст нь бүтэхгүй болохоор нь мөнгөө авах зорилгоор л хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан болохоос Б.Аг хорих ял шийтгүүлж, нийгмээс тусгаарлах хэмжээнд хүргэнэ гэж огт бодоогүй, хүсээгүй. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болох 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэлх хугацааны хорих ялаар шийтгэж, хугацааг багасгаж, миний хохирсон хэрэгт оногдуулсан 2 сарын хорих ялыг хорих ялаар биш торгуулийн ялаар нь оногдуулах боломжтой гэж үзэж гомдол гаргаж байна. Хэрэв ингэж өөрчлөлт оруулбал хоёр хүүхэдтэй, эмэгтэй хүнд оногдох хорих ялын хэмжээ нь багасаж, хүнлэг энэрэнгүй зарчим хэрэгжиж үр хүүхдүүдээ асарч хамгаалах, хүмүүжүүлэх боломжтой, хохирогч миний сэтгэл ч тайван байх болно. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Би ам бүл 4. Өсвөр насны буюу 8-14 настай хоёр хүүхэд, нөхрийн хамт амьдардаг ба хувиараа бизнес эрхлэн ар гэр болон үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байсан. Б.Даваажав надад сургуулиа төгсөж чадахгүй байна, туслаач гэж гуйсан. Би өөрийн танилын шугамаар диплом авч өгөх бүх материалыг бүрдүүлж өгсөн боловч цаг хугацааны хүлээлт болон зарим хүчин зүйлээс болж дипломыг нь гаргаж өгч чадалгүй цаг хугацаа алдсан. Үүнээс болж хохирогч бухимдан цагдаад гомдол гаргасан байсан. Би энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж гэмшиж байна. Тухайн үед бусдыг санаатайгаар залилан мэхлэх зорилго огт байгаагүй. Хохирогч Б.Даваажавт би өөрийн боломжоор туслаж, дэмжих гэсэн зорилго байсан. Анхан шатны шүүх хурал болсны дараа 4.500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул миний хэргийн нөхцөл байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ял шийтгэлээр сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгчийн ар гэрийнхний хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирогч Б.Даваажав, шүүгдэгч Б.А нар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх утгатай давж заалдах гомдлуудыг гаргасан. Харин Б.Агийн гараар бичсэн “анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх гомдол нь үндэслэлгүй байна. Хохирогч Б.Даваажав диплом гаргуулна гэдэг нь хууль бус гэдгийг мэдэж байсан. Хохирогч, шүүгдэгч нар үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэм буруугийн талаар маргаагүй. Б.Агийн хувьд өмнө нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ял шийтгүүлж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг хэрэглэх ёстой байсан. Дээрх хуулийн заалтад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтооно гэсэн агуулгатай.  Тэгэхээр 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн ялаас өнөөдрийн байдлаар 8 сарын ял үлдсэн байна. ...Түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлж өгнө үү. Б.Агийн нөхөр түүний дансанд 1.772.000 төгрөг шилжүүлсэн байгаа учраас 900.000 төгрөгийн торгох ялыг мөнгөн хэлбэрээр нь төлөх боломжтой гэдгийг харуулсан дансны хуулга, гэрлэлтийн баталгааны хуулбарыг шүүхэд гаргаж өгч байна. ...” гэв.

 

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.А нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Даваажавт Шинжлэх ухаан технологийн их сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч 4.500.000 төгрөгийг залилан авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Агийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...”  гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн Б.Даваажавыг “Шинжлэх ухаан технологийн их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж хуурч, 4.500.000 төгрөг залилан авсан болох нь:

 Хохирогч Б.Даваажавын “...Би 2018 оны хавар инженерийн мэргэжлээр төгссөн гэх Бакалаврын диплом гаргуулан авах санаатай байсан. Тэгээд энэ талаараа найзууддаа хэлтэл Шинжлэх ухаан технологийн их сургуульд сурдаг манай найз Төвсанаа “А гэдэг хүн диплом гаргаж өгдөг гэнэ. Чи энэ хүнтэй уулзаад үз” гээд надад Агийн утасны дугаарыг өгсөн. ...2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр А гэх хүний 91065151 дугаарын утас руу холбогдож, КТМС-ийн гадаа очиж уулзан инженерийн мэргэжил эзэмшсэн гэх диплом хэрэгтэй байгааг хэлтэл А “би энэ сургуулийн бүх дипломыг гаргаж өгч чадна. Чи надад 4.500.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. ...тэр өдрөө А над руу утсаар мессеж бичээд “мөнгөө бөөнөөр нь шилжүүлчих. Тэгвэл маргааш 25-ны өдрийн төгсөлтийн хүүхдүүдтэй хамт дипломыг чинь гаргаад өгье” гээд байсан. Тэгэхээр нь би өөрийн 5024472175 тоот данснаас Агийн өгсөн 5753459314 тоот данс руу эхлээд 1.000.000 төгрөг, 2 цагийн дараа 3.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Тэрнээс хойш өнөөдөр, маргааш бүтнэ гэсээр байгаад 2 сарын хугацаа өнгөрсөн. ...”  гэх мэдүүлэг /хх 8-9/,

гэрч Т.Төвсанаагийн “...Намайг 2 билүү 3 дугаар курсийн оюутан байхад Б.А гэх багш манай ангид Физикийн хичээл заадаг байсан юм. ...Даваажав “дээд сургуулийн диплом гаргуулан авмаар байна” гэж ярихаар нь би “А багшийг сургуулийн диплом гаргаж өгдөг” гэж сонссон учир энэ талаар Даваажавт ярьсан юм, ...бүүр сүүлд нь Даваажав над руу утсаар яриад “найз нь А багшаар диплом гаргуулах гээд мөнгө өгсөн чинь заасан хугацаандаа дипломоо гаргаж өгөхгүй байна, чи тус болоод Агаас миний мөнгийг аваад өг” гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 12/,

Б.Агийн яллагдагчаар өгсөн “...2018 оны 5 дугаар сарын сүүлээр Төвсанаагийн найз Даваажав гэх залуу Төвсанаагаас миний утасны дугаарыг олж авсан гээд над руу утсаар ярьж байгаад КТМС-ийн тэнд ирж надтай уулзаад Шинжлэх ухаан технологийн их сургуульд сураад судалсан хичээл дээрээ муу үнэлгээ аваад байгаа талаараа хэлж, намайг муу үнэлгээ авсан хичээлүүд болон судлаагүй үлдсэн хичээлүүдийг нь дахин судалж дүнг нь гаргуулаад Эрчим хүчний сургуулийн диплом гаргаж өгч чадах уу гэсэн. Тэгэхээр нь би болно, 3.600.000 төгрөг хэрэг болно гэж хэлээд явуулсан. ...Даваажав өөрөө надад 4.500.000 төгрөг өгөхөөр болж миний 5753459314 тоот данс руу 4.500.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. ...Би Даваажаваас авсан 4.500.000 төгрөгийг хувьдаа идэж уугаад л үрж хэрэглээд дуусгасан. ...” гэх мэдүүлэг /хх 43/,

“ХААН” банкны депозит дансны хуулга /хх 13/, шүүгдэгч Б.Агийн урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон  тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Аг  бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.А нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн диплом бичиж олгодог эрх бүхий этгээд биш бөгөөд тэрээр хохирогч Б.Даваажавыг “уг сургуулийг төгссөн  диплом гаргаж өгнө” гэж хуурч, түүнээс 4.500.000 төгрөг авч захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Шүүгдэгч Б.А нь Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг хорих ялд шилжүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд хохирогч Б.Даваажав, шүүгдэгч Б.А нарын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялын 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногт шилжүүлэн 60 хоног буюу 2 сарын хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн Б.Агийн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай гэсэн найруулгын өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Б.А нь анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 4.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Ад энэ тогтоолоор оногдуулсан 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хоногт шилжүүлсэн 60 /жар/ хоног дээр өмнөх Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад энэ тогтоолоор оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялын 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт шилжүүлэн 60 хоног буюу 2 сарын хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн Б.Агийн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Б.Даваажав, шүүгдэгч Б.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Даваажавт 4.500.000 /дөрвөн сая таван зуу мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН