Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2020/0793

 

 

 

 

 2020       12            17                                        128/ШШ2020/0793                        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж,  шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Батбаатар, шүүгч Ц.Одмаа шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “БТ” ОНӨААТҮГ /РД:.../

Хариуцагч: Багануур дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Б , Э.Б нар

Гомдлын шаардлага: Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2717200...  тоот шийтгэлийн хуудсын 6 дах заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртөгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгний татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.134.4 төгрөгний нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгний торгууль, 19.248.648 төгрөгний алданги нийт 184.746.661.3 төгрөгний шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохыг хүссэн гомдлын шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К , хариуцагч Т.Б, Э.Б , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа:Нэхэмжлэгч “БТ” ОНӨААТҮГ нь тус шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2717200...  тоот шийтгэлийн хуудсийн 6 дах заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртөгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.134.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.648 төгрөгийн алданги нийт 184.746.661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, 2717200...  тоот шийтгэлийн хуудасны 6 дах заалтыг хүчингүй болгуулах гэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба уг маргаан бүхий захиргааны хэргийг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээс 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж, хэргийг хэд хэдэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан болно.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага:

1. Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2717200...  тоот шийтгэлийн хуудсын 6 дах заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртөгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгний татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.134.4 төгрөгний нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгний торгууль, 19.248.648 төгрөгний алданги нийт 184.746.661.3 төгрөгний шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж тодруулж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 37.1 дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус байна, 47.1.6 иргэн, хуулийн этээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 37.1.7 түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 захиргааны акт... илт хууль бус болохыг тогтоох.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар: Багануур дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтьш тасгийн улсын байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2717200... шийтгэлийн хуудасны 6 дах заалтаар, татвар төлөгч “БТ” ӨНААТҮГ нь 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд, нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогоор авсан 1.400.367.500.00 төгрөгийн орлогыг буруу тайлагнасан, өөрөөр хэлбэл татвар төлөгч нь дээрх Нийслэл болон орон нутгийн санхүүжилтээр авч буй 1.400.367.500.00 төгрөгийн орлогоос “НӨАТ” тухай хуулийн 7.2.15 дахь хэсэгт “төрөөс олгож байгаа төсвийн санхүүүжилт, татаас, урамшуулалт”-аас Нэмэгдсэн өртгийн албан татвар төлнө гэх зохицуулалтын дагуу холбогдох Нэмэгдсэн өртгийн албан татварыг  суутган төлөөгүй гэж “БТ” ОНӨААТҮГ-т нийт 184.746.661.13 төгрөгийн акт тавьсан.

Харин нэхэмжлэгч “БТ” ОНӨААТҮГ-н зүгээс татварын улсын байцаагчийн дээрх акт болон түүний үндэслэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, татварын улсын байцаагчийн акт нь /холбогдох хэсэг/ илт хууль бус болохыг тоолгохоор энэхүү нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Үүнд:

1. “БТ” ОНӨААТҮГ нь батлагдсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг хэрэгжүүлдэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээд буюу төсвийн байгууллага болно.

“БТ” ОНӨААТҮГ нь энэхүү төсвийн байгууллага буюу орон

ийн өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээд болохын хувьд дараах үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.15 дах хэсэг “төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал”-аас Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөхгүй болно.

А. “БТ” ОНӨААТҮГ нь төсвийн байгууллага, орон нутгийн  хуулийн этгээд мөн эсэх. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн тлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна гэж мөн хуулийн 15.2-т өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэж хуульчилсан юм.

“БТ” ААТҮГ нь энэхүү төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15.2-т заасан хэлбэрээр, төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэх ажил үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс эрх эдэлж, үүрэг хүлээх замаар гүйцэтгэх, орон нутгийн өмчтэй, төсвийн санхүүжилт болон өөрийн орлоготой үйлдвэрийн газар хэлбэрээр ажиллахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үүсгэн байгуулагдаж 33 дах жилдээ, төрийн үйлчилгээг өөрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж байна.

“БТ” ОНӨААТҮГ нь Нийслэлийн Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан "БТ” ОНӨААТҮГ-ын дүрэмд зааснаар дараах төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг.

"БТ" ОНОААТҮГ-ын дүрмийн 4 дэх заалт "БТ" ОНӨААТҮГ нь байгууллагын онцлог техник технологи стандартын шаардлагад ниййцсэн чадварлаг, мэргэшсэн ажиллагсдын хамтын хүчинд тулгуурласан , сүүлийн үеийн шинжлэх ухаан техник технологийн ололт амжилтыг ашиглах замаар Багануур дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд 11 чиглэлийн ажил, үйлчилгээг чанартай гүйцэтгэж хотын өнгө үзэмжийг сайжруулах, цэвэрхэн тохилог орчинд иргэдийг тав тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх байгууллагын эдийн засгийн чадвахыг нэмэгдүүлэх ажлыг үндсэн зорилго, зорилтоо болгон үйл ажиллагаагаа дараах чиглэлээр явуулна гэж.

Хот тохижилт үйлчилгээ, Хуурай хог хаягдал ачилт тээвэрлэлт, Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асаалт, засвар, Авто замын гэрлэн дохионы ажиллагаа, засвар, Муур, Нохой устгал, Төв хогийн цэгийн түрэлт, булалт, хадгалалт, хамгаалалт, Цэцэрлэгжүүлэлт, хайс хамгаалалт, засвар , усалгаа, арчилгаа, Усан оргилуурын ажиллагаа, Бусад шаардлагатай         ажил үйлчилгээ хийж гүйцэтгэхээр “БТ” ОНӨААТҮГ-н дүрэмд тусгагдсан юм.

Энэхүү “БТ” ОНӨААТҮГ нь өөрийн дүрэмд тусгасан төрийн үйлчилгээний 11 төрлийн ажил, үйлчилгээг төсвийн санхүүжилтээр хийж, өөрийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэх төсвийн байгууллага буюу орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дараах барааг албан татвараас чөлөөлнө, 13.5.12-т төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна гэж заасны дагуу “БТ” ОНӨААТҮГ-н төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж аливаа ажил, үйлчилгээний санхүүжилтийн орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх юм.

Энэхүү Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар албан татвараас чөлөөлөх “БТ” ӨНОААТҮГ-н ажил, үйлчилгээний зардалд, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж буй татварын улсын байцаагчийн акт нь захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 ... хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй илт хууль бус акт болно.

Б. Татварын улсын байцаагчийн 2717200...  тоот шийтгэлийн хуудасны заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан ...хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй илт хууль бус акт болох үндэслэлийн тухайд:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т хуульд Өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна гэж мөн хуулийн 7.2-т доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамруулна гэж 7 дугаар зүйлийн 7.2.1-7.2.18-д нийт 18 төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд албан татвар ногдуулахаар хуульчилсан байна.

Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1-т Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2-т заасан бараа ажил, үйлчилгээнд татвар ногдуулах этгээд нь энэ хуулийн 5,6 дугаар зүйлд заасны дагуу албан татвар суутган төлөгч байх нөхцөлийг хангасан байж, албан татвар ногдуулахаар хуульчилсан байна.

“БТ” ОНӨААТҮГ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан албан татвар суутган төлөгч байгууллага биш болно. Учир нь “БТ” ОНӨААТҮГ нь Нийслэл болон Орон нутгийн санхүүжилтээр төрийн үйлчилгээг, өөрийн нэрийн өмнөөс үзүүлж, төсвийн санүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг ба төсвийн санхүүжилтийн зардал нь дараах ажиллагаанд зарцуулагдана: 2016 онд Нийслэл болон Орон нутгийн санхүүжилтээр 1.400.366.900 төгрөгийн санхүүжилт олгогдсон ба үүнээс 990.571.000 төгрөг нь ажилчдын цалин хөлс, 409.795.900 төгрөг нь аж ахуйн үйл ажиллагааны дүрэмд тусгасан төрийн үйлчилгээний зардалд тус тус зарцуулагдсан байна. Энэ нь “БТ” ОНӨААТҮГ-н 2016 оны аудитын тайлан, татварын тайлан, “БТ” ОНӨААТҮГ-н зорилтот түвшин, Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно.

Дээрхээс үзэхэд “БТ” ОНӨААТҮГ-н орон нутгийн санхүүжилтээр авч буй нийт санхүүжилтийн 80 хувь нь ажилчдын цалин хөлсөнд зарцуулагдсан байна.

Энэ тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж, шагнал, урамшуулалд албан татвар ногдуулахгүй гэж хуульчилснаас үзэхэд “БТ” ОНӨААТҮГ-н 2016 оны ажилчдын цалин хөлсөнд зарцуулсан 990.571.000 төгрөгт албан татвар ногдуулж буй Улсын байцаагчийн шийтгэл илт хууль зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзнэ.

В. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15-т төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулалд албан татвар төлөх зохицуулалт “БТ” ОНӨААТҮГ-т хамааралтай эсэх.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.15-т төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулалд албан татвар төлөхөөр хуульчилсан юм. Энэхүү төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшууллаас албан татвар авах хуулийн зохицуулалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн татварыг буцаан олгох, /санхүүжилт/ нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид урамшуулал олгохтой холбоотой харилцаан үйлчилнэ.

Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-т нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгч албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд татвараас хуулийн дагуу урамшуулал олгохоор хуульчилсан. Энэхүү төрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу албан татвар төлөгчид урамшуулал олгож байгаа тохиолдолд тэрээр авсан урамшууллаас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.15-т заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлнө.

Харин “БТ” ОНӨААТҮГ-н төрийн болон орон нутгийн өнгөөр санхүүжиж буй санхүүжилт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.15-р зүйлд заасан төрөөс олгож буй төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал биш, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.5,24.6-д заасан төсвийн зарлага болно. Угтаа бол Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4.5, 4.6-д Төсвийн ерөнхийлөн захирагчийн болон түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээ, ажил, үйлчилгээг тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн хэрэгжүүлэх аль нэг хөтөлбөрт хамруулсан хөрөнгийн зардал нь төсвийн зарлага байхаар хуульчилсан.

Энэхүү Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “БТ” ОНӨААТҮГ-н дүрмийн хүрээнд эрхлэх төрийн үйлчилгээний 11 төрлийн үйл ажиллагаанд зориулан баталсан нийслэл болон орон нутгийн төсвийн зардал нь төрөөс олгож буй санхүүжилт, татаас, урамшуулал биш төсвийн зарлага болно.

Энэ тохиолдолд “БТ” ОНӨААТҮГ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.15-д заасан албан татвар суутган төлөгч биш болно.

Үүнээс гадна Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15-т заасан төрөөс олгож төсвийн санхүүжилт, татаас, урамшууллаас хэдэн хувийн албан татвар төлөх, албан татварт тооцох үнэлгээ зэргийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд хуульчлаагүй юм.

            Энэхүү “БТ” ОНӨААТҮГ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.15-т заасан албан татварыг суутган төлөгч биш байхад татварын улсын байцаагч, илт хууль зөрчиж, нэхэмжлэгчид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.15-т заасныг үндэслэн акт тавьсан нь хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хууль бусаар халдсан гэж үзнэ.

Г. Татварын улсын байцаагчийн 2717200...  тоот шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг нэхэмжлэгч бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус актын тухайд:

“БТ " ОНӨААТҮГ нь 2016 онд нийслэл болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр олгосон 1.400.366.900 төгрөгийн зардлыг зөвхөн дүрэмд заасан төрийн үйлчилгээнд зарцуулахад, 94.874.900 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох юм.

Татварын улсын байцаагч " БТ " ОНӨААТҮГ нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжиж буй 1.400.366.900 төгрөгөөс 184.746.661.3 төгрөгийн татвар төлөх ёстой гэж шийдвэрлэсэн боловч энэ нь бодит байдалд биелэх боломжгүй, харин ч нийтийн эрх хууль есны ашиг сонирхлыг хөндөх эрсдэлтэй байгаа юм .

Дээр дурдсанчлан Орон нутгаас баталж өгсөн санхүүжилт нь “БТ” ОНӨААТҮГ-н төрийн үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагаанд хүрэлцэхгүй харин ч алдагдалтай ажилсаар байхад үүнээс 184.746.661 төгрөгийн татвар авахаар бол тэр хэмжээний ард иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ зогсоох, үйлчилгээ авах олон нийтийн х хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх болзошгүй болно.

Нөгөө талаараа "БТ" ОНӨААТҮГ нь дээрх нөхөн татварыг төлөх ямар ч боломжгүй ба учир нь байгууллагын бүх санхүүжилт нь төсвөөс санхүүждэг учраас, нөхөн татварыг төлөх, эс төлөхийг төсөв баталдаг Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шийдвэрлэх юм .

Энэхүү татварын улсын байцаагч нөхцөл байдлыг зөв тогтоогүй шийтгэлийг “БТ" ОНӨААТҮГ нь биелэх боломжгүй байхад нэхэмжлэгч байгууллагад нөхөн татварын акт тавьж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн байна” гэжээ.

Хариуцагч Багануур дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Багануур дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй ... тоот регистрийн дугаартай А ОНӨААТҮГ-ийг 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт хяналт шалгалтыг Багануур дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын (ахлах) байцаагч Т.Б, Э.Б нар хийсэн. Уг хяналт шалгалтаар дээрх онуудад Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй 1,913,288,266.74 төгрөгийн зөрчлийг илрүүлэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2717200...  тоот шийтгэлийн хуудсаар 187,870,287.7 төгрөгийн нөхөн татвар 40,518,353.5 төгрөгийн торгууль, 20,558,379.1 төгрөгийн алданги, нийт 248,947,02 0.3 төгрөгийн төлбөрийг оногдуулсан. Уг шийтгэлийн хуудсыг Автожим ОНӨААТҮГ-ний захирал Д.Б , нягтлан бодогч Н.М нарт танилцуулан гардуулсан. БТ ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөгдөж эхэлсэн, хууль батлагдаж, мөрдөгдөж эхэлснээс хойшхи харилцаанд үйлчилдэг. Гэвч Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагч Т.Б, н.Б  нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2717200...  тоот шийтгэлийн хуудас нь 2012-2016 оныг дуусталх хугацааны албан татварын ногдол төлөлтийн байдалд шалгалт хийж шийтгэлийн хуудас бичсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль дагаж мөрдөхөөс өмнөх хугацааны албан татвар ногдуулалтад шалгалт хийсэн атлаа уг хуулиар шйтгэл ногдуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл, 47.1.6-д заасныг зөрчиж байна гэж гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Учир нь Татварын улсын байцаагч нар нь тус байгууллагын 2012-2016 он буюу Зөрчлийн хууль хэрэгжиж эхлэхийн өмнөх хугацааны татварын ногдол, төлөлтийн байдалд иж бүрэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш хийсэн. Шалгалтаар илэрсэн зөрчилд 2717200...  тоот шийтгэлийг ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.4 зүйлийн 1, 3, 4 дэх заалтыг үндэслэн 2012-2016 онд зөрчил үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1, 2, 3 дах заалтаар хариуцлага оногдуулсан. Шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт тодорхой тусгагдсан болно. Мөн Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 04-ний Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль. эсхүл Зөрчлийн тухайхуульдг заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн хуулийн 3-р зүйлд "3 дугаар зүйлд Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх гухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж тус тус заасан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дахь заалтыг баримтлан шийтгэлийн хуудас хэлбэрээр бичиж хариуцлага оногдуулсан үндэслэлтэй байна” гэжээ.

Хариуцагч Багануур дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэмэлт тайлбартаа: “2717200...  тоот шийтгэлийн хуудасны 6 дахь заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзсэн байна. Манай байгууллага нь төрийн үйлчилгээг узүүлж байгаа төрийн байгууллага тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.5.12-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэсэн утгатай тайлбар гаргасан байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Төрийн өмчит үйлдвэрийн газар ба албан газрыг Засгийн газрын буюу хуулиар түсгайлан олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулдаг. Автожим ОНӨААТҮГ нь хот тохижилтоос гадна мод үржүүлэг, нас барагсадад үзүүлэх үйлчилгээ, гэрэлтүүлэг рекламын угсралт засвар үйлчилгээ, Авто замын гэрлэн дохионы ажиллагаа засвар, хуурай хог хаягдлын ачилт тээвэрлэлт, хогийн цэгийн түрэлт булалт, хамгаалалт, муур нохой устгал гэх мэт үйл ажиллагааг эрхлэхээр ОНӨААТҮГазар гэсэн хариуцлагын хэлбэртэйгээр бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаагаас үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэр гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч нь 2016 онд 1,495,241,840.47 төгрөгийн орлоготойгоор ажилласнаас 1.400,367,500 төгрөгийн санхүүжилтийг авсан, туслах үйл ажиллагаагаар 94,874,940.47 төгрөгийн орлого олж ажилласан гэж тайланд тусгасан байгаа нь дан ганц төрийн үйлчилгээг үзүүлээгүй, ашгийн төлөө үйл ажиллагааг давхар эрхэлж байгаа болох нь тогтоогдож байна” гэжээ.

Хариуцагч Багануур дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзсэн байна. Манай байгууллага нь төрийн үйлчилгээг үзүүлж байгаа төрийн байгууллага тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.5.12-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэсэн утгатай тайлбар гаргасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Төрийн өмчит үйлдвэрийн газар ба албан газрыг Засгийн газрын буюу хуулиар тусгайлан олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулдаг. ...Нэхэмжлэгч төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээг үзүүлж байгаа төрийн байгууллага тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.5.12-д заасны дагуу чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа боловч Хуульд төрийн байгууллагаас үзүүлж байгаа байгаа үйлчилгээ. Үүнд: Засгийн газар, түүний байгууллагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна гэж заасан, мөн Төсвийн тухай хуулийн 4.1.34 төсвийн байгууллага гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь 2016 онд 1,495,241,840.47 төгрөгийн орлоготойгоор ажилласнаас 1,400,367,500 төгрөгийн санхүүжилтийг авсан, туслах үйл ажиллагаагаар 94,874,940.47 төгрөгийн орлого олж ажилласан гэж ААНОАТ-ын тайланд тусгасан байгаа нь дан ганц төрийн үйлчилгээг үзүүлдэггүй, ашгийн төлөө үйл ажиллагааг давхар эрхэлж байгаа болох нь тогтоогдож байна. Мөн тухайн байгууллага нь өмнөх шүүх хурал дээр нийт 80 хувийг цалин хөдөлмөрийн хөлс олгоход зарцуулсан гэж маргаж байгаа боловч 2016 онд Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хот тохижуулах үйлчилгээнд санхүүжилтийг болон, дүүргийн Засаг дарга сар улирлын зардлын хуваарийг батлахдаа үйлчилгээнд зориулан баталснаас биш цалин хөдөлмөрийн хөлс гэсэн зардлыг батлаагүй. Иймээс 2717200...  тоот Шийтгэлийн хуудасны 6 дахь заалтад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.15 заалтыг үндэслэн 2016 онд төрөөс олгосон 1,400,367,500 төгрөгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгөөс чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнасан зөрчилд 127,306,136.4 төгрөгийн нөхөн татвар, 38,191,840.9 төгрөгийн торгууль, 19,3248,684 төгрөгийн алданги нийт 184,746,661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Шийтгэлийн хуудас илт хууль бусад хамаарахгуй талаар: Гомдол гаргагчийн зүгээс БТ нь төсвийн байгууллага, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч биш, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон санхүүжилтээр төрийн үйлчилгээг өөрийн нэрийн өмнөөс явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.12-д зааснаар албан татвараас чөлөөлөгдөхөөр байхад татвар ногдуулсан нь эрх, хууль ёсны үндэслэлд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасныг, мөн 94 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байхад 184.746.661,3 төгрөгиийн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь бодит байдалд биелэх боломжгүй” гэх үндэслэлээр маргажээ.

Гомдол гаргагч “БТ” ОНӨААТҮГ-ийн маргаж буй Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.5.12-д заасан албан татвараас чөлөөлөх үйлчилгээ буюу “төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ"-нд хамаарах үндэслэлгүй. Учир нь гомдол гаргагчийн эрх зүйн байдал буюу хуулийн этгээдийн хэлбэрийг авч үзвэл “БТ” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид ОНӨААТҮГ гэх/-аар улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд эрх зүйн үндсийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар тогтоохоор зохицуулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-д “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхуужуулэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ”, 3-д “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ”, Мөн Төсвийн тухай хуулийн 4.1.34-д “төсвийн байгууллага” гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг” гэж хэлбэрийг маш тодорхой хуульчилсан.

Төсвийн байгууллага бол төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг, батлагдсан төсвийг /орлого, зарлага бүх гүйлгээг зөвхөн төрийн сангийн нэгдсэн дансаар хийдэг/ зарцуулдаг, үйл ажиллагааны ямар нэгэн орлого буюу аж ахуй нэгжид ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр авах ажил үйлчилгээ явуулдаггүй. Гэтэл БТын хувьд төрийн үйлчилгээг өөрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлдэг, ААН-тэй гэрээ байгуулан төлбөртэй үйл ажиллагаа явуулж, орлого олж байсан /ашиг олох/ нь хэрэгт авсан баримтаар тогтоогдсон. Мөн Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Автожим” ОНӨААТҮГ-н дүрэм-ийн 1.4, 1.7, 2.4, 3.3-д тодорхой заасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15-д заасан Төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал нь 7.1-д заасан татвар ногдуулах ажил, үйлчилгээнд хамаарна гэж заасан.

Иймд Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “БТ” ОНӨААТҮГ-т олгож байгаа санхүүжилт нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй.

Илт хууль бус гэдэг бол тухайн захиргааны актын алдаа нь хэн ч харсан илэрхий, тодорхой, маргах шаардлага, үндэслэлгүй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан алдааг ойлгох бөгөөд маргаан бүхий акт /6 дахь заалт/-ын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47.1 6-д заасан илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй. “БТ” ОНААТҮГ нь Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бөгөөд суутган төлөгчийн талаар, “БТ” ОНӨААТҮГ нь 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр суутган төлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд одоог хүртэл хасагдаагүй, суутган төлөгч хэвээр байгаа болно. Мөн гомдол гаргагч ОНӨААТҮГ нь 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч нь суутгагчийн үүрэг хүлээдэг.

БТ нь 2016 онд 1.495.241.840 төгрөгийн орлоготой ажилласан бөгөөд үүнээс 94.874.940,47 төгрөгийн үйл ажиллагааны орлого олсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.2-т заасан 50 сая төгрөгт хүрсэн тул суутган төлөгч мөн бөгөөд хуулийн 4.1.8-д зааснаар орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдөр суутган төлөх үүрэг үүсдэг тул гомдол гаргагчийн “суутган төлөгч биш байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7.2.15-ыг үндэслэн акт тавьсан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Шийтгэлийн хуудас /6 дахь заалт/ бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэлийн талаар: Гомдлын тодруулсан шаардлагын үндэслэлээ “1.4 тэрбум төгрөгийн зардпыг зөвхөн дүрэмд заасан үйлчилгээнд зарцуулахад 94 сая төгрөгийн алдагдалтай ажллаж байхад 184.746.661,3 төгрөгиийн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь бодит байдалд биелэх боломжгүй. Нөгөөтээгүүр төсвөөс санхүүждэг учраас татварыг төлөх ямар ч боломжгүй" гэжээ.

“БТ” ОНӨААТҮГ нь алдагдалтай ажилласан нь түүнийг аливаа татвар төлөхөөс чөлөөлнө гэсэн үг биш бөгөөд ОНӨААТҮГ-ыг ашигтай болон алдагдал багатай ажиллуулах нь захирлын менежментийн гэрээгээр хүлээсэн үүрэг тул алдагдалтай ажилласан нь ногдох албан татвар Нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхгүй байх буюу бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй гэж чөлөөлөх үндэслэлгүй болохгүй юм.

2016 онд 990.571.000 төгрөг буюу орон нутгийн санхүүжилтийн 80 хувь нь ажилчдын цалин хөлсөнд зарцуулагдсан байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 5.4-д цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж, шагнал, урамшуулалд албан татвар нодуулахгүй" гэж заасныг илт зөрчсөн талаар:

Татварын улсын байцаагч нар нь Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хулаас олгосон санхүүжилтэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15-д зааснаар Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд хариуцлага ногдуулсан үйл баримт олохоос ажилчдадаа олгож буй цалин хөлсөнд Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах асуудал биш тул дээрх тайлбар нь үндэслэлгүй байна.

Мөн гомдол гаргагчийн зүгээс олгосон санхүүжилтийн 80 хувь нь цалин хөдөлмөрийн хөлсөнд зарцуулагддаг” гэх боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон 1.4 тэрбум төггрөгийн санхүүжилтийн задаргаа нь цалин хөлсөнд төсөвлөгдөхөөр тодотгоогүй болох нь Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирын баталсан “хот тохижуулах газрын 2016 оны тодотгосон төсөв” /33-р хуудас/-д “цалин хөлс болон нэмэгдэл, урамшил, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл”-т 0 төгрөг гэснээс харагдаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон санхүүжилт нь төрөөс олгож байгаа санхүүжилт, татаас, Төсвийн тухай хуулийн 24.2, 24.5, 24.6-д заасан зарлага гэх үндэслэлийн талаар: Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаас олгосон 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд зарлага болохоос тухайн санхүүжилтийг хүлээн авч буй БТ ОНӨААТҮГ-н хувьд санхүүжилтээр орж ирсэн орлого тул БТын зарлага гэж үзэх үндэслэл байхгүй.

Санхүүжилт, татаас, хурамшууллаас хэдэн хувийн албан татвар төлөх, албан татвар тооцох үнэлгээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8, 9-д хуульчлаагүй үндэслэлийн талаар:

Монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж буй бүх төрлийн албан татварын хуульд татвар ногдуулах, тооцох хувь хэмжээг тогтоогоогүй байна гэсэн ойлголт байхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3-д заасан ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар заасан. БТын үйл ажиллагаа нь 7.1.1-д заасан Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэдэгт хамаарах бөгөөд 7.1.1-д заасан үйл ажиллагаанд ногдуулах татварын хувь хэмжээг мөн хуулийн 11.1-д 10 %-аар ногдуулахыг хуульд тодорхой заасан.

Иймд гомдол гаргагчийн дээрх шаардлагын үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрхээс үзэхэд маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “БТ" ОНӨААТҮГ-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.15-д заасан төрөөс олгож буй санхүүжилтэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох зохицуулалт нь 2015 онд шинээр батлагдсан хуулиар бий болсон зохицуулалт бөгөөд урьд нь төрөөс олгосон санхүүжилтэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаггүй байсан. Гомдол гаргагч нар нь шинэ хуулийг /зохицуулалтыг/ мэдээгүй, хуучнаараа ногдуулахгүй явсан алдаа гаргасан нь хурлын тэмдэглэлээс тодорхой харагддаг. Нөгөөтээгүүр хууль өөрчлөгдөж, санхүүжилтэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг болсныг мэдээгүй нь энэ төрлийн зөрчил буюу хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “БТ” ОНӨААТҮГ нь тус шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2717200...  тоот шийтгэлийн хуудсын 6 дах заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.134.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.648 төгрөгийн алданги нийт 184.746.661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, 2717200...  тоот шийтгэлийн хуудасны 6 дах заалтыг хүчингүй болгуулах гэх шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2717200...  тоот шийтгэлийн хуудсын 6 дах заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.134.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.648 төгрөгийн алданги нийт 184.746.661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж тодруулжээ.

Шүүх гомдол гаргагчийн дээрх тодруулсан гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хянасан бөгөөд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Багануур дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нар нь гомдол гаргагч “БТ” ОНӨААТҮГ-ыг 2016 онд төрөөс олгосон 1.400.367.500 төгрөгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгөөс чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363,6 төгрөгийг татвар ногдох орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 127.306.136,4 төгрөгийн нөхөн татвар, 38,191,840.9 төгрөгийн торгууль, 19.248.684,0 төгрөгийн алданги ногдуулан, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлээ; “Гомдол гаргагч “БТ” ОНӨААТҮГ нь төсвийн хуульд зааснаар төсвийн байгууллага тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар тухайн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ, үйлдвэрлэл, бараа үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэтэл татвараас чөлөөлөлгүйгээр нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлгүй. Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж өгсөн 1.400.366.500 төгрөгийн орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдох, чөлөөлөгдөх хэсэг судлалгүйгээр тухайн орлогыг бүхэлдээ татвар ноогдох орлого гэж үзсэн нь үндэслэлгүй. Дүүргийн ИТХ-аас 1.400.366.500 төгрөгийг дүүргийн хэмжээнд хог хаягдал, тохижилттой холбоотой үйлчилгээ үзүүл гэж баталж өгсөн ба батлагдсан хөрөнгө нь зориулалтын дагуу тухайн ажил, үйлчилгээнүүддээ зарцуулагдсан байдаг. Төрийн үйлчилгээг үзүүлэх гэж байгаа хөрөнгөд нэмэгдсэн өтгийн албан татвар авна гэдэг нь угаасаа боломжгүй, тухайн хөрөнгө нь тухайн төсөвлөгдсөн ажил, үйлчилгээндээ хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсэх юм.

Иймд дээрх үндэслэлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6. “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;”, 47.1.7. “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.” гэх үндэслэлүүдэд хамаарч байгаа.” гэж тайлбарлажээ.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ; “Гомдол гаргагч “БТ” ОНӨААТҮГ-ын 2016 онд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон 1.400.367.500 төгрөгийн санхүүжилт нь хуульд зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдохоор орлого байсан тул хариуцагч нарын гаргасан маргаан бүхий захиргааны акт нь үндэслэлтэй бөгөөд тус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын илт хууль бус байх шинжийг агуулаагүй тул гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдлын шаардлага үндэслэлгүй.” гэж тайлбарлажээ.

Нийслэлийн Багануур дүүргийн татварын хэлтсийн татварын татварын хяналт шалгалтын тасгийн улсын (ахлах) байцаагч Т.Б, Э.Б нар нь Нийслэлийн татварын албаны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №22171000189 дугаартай томилолттойгоор нэхэмжлэгч “БТ” ОНӨААТҮГ (шалгалт хийгдэх үеийн нэр “Автожим”)-ын 2012-2016 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг хийж, магаан бүхий 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2717200...  дугаартай шийтгэлийн хуудсыг бичжээ[1].

Дээрх маргаан бүхий захиргааны актаар тогтоосон зөрчлүүдийн 6.-д “2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийг татварт ногдох орлогыг дутуу тайлагнасан зөрчил нь 2015 оны 7 дугаар сарын 09-ны өдөр шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “7.2. Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамруулна:”, “7.2.15. төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал;” гэж заасныг тус тус зөрчсөн нь /2012-2016 оны санхүүгийн тайлан, 2012-2016 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт 2016 оны кассын тайлан орлогын, зарлагын баримт, НӨАТ-ын падаан гэх мэт нотлох баримтаар/ тогтоогдож байна.” гээд шийтгэлийн хуудасны 6 дахь заалтаар “2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийг татварт ногдох орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 127.306.136.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.684.0 төгрөгийн алдангийг ногдуулах:” гэжээ.

Маргаан бүхий хяналт шалгалт хийгдэх үед гомдолд гаргагч “БТ” ОНӨААТҮГ нь “Авто жим” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байсан бөгөөд  Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2015 оны 11 дүгээр сарын  19-ний өдрийн “Дүрэм батлах тухай” 68 дугаар тогтоолоор тус газрын дүрмийг баталж, үүсгэн байгуулжээ[2].

Дээрх тогтоолоор тус газрын дүрмийг баталж, үүсгэн байгуулахдаа үйл ажиллагааны хувьд орон нутгийн өмчит, төсвийн санхүүжилт болон аж ахуйн тооцоо хосолсон хэлбэртэй үйлдвэрийн газар байхаар дүрмээр нь зохицуулсан байна.

Маргаан бүхий тохиолдлын тухайд, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны 02 дугаар тогтоолоор дүүргийн төсвийн нийт урсгал зардлаас “Хот нийтийн тохижилт, үйлчилгээний зардал”-д 1.400.366.9 төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагчид зарцуулах эрхийг олгож шийдвэрлэжээ[3].

Гомдол гаргагчаас орон нутгийн санхүүжилтээр олгогдсон дээрх 1.400.366.9 төгрөгийг зардлыг зориулалтын дагуу буюу дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд буюу нийтийн эзэмшлийн зам талбай талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог, хаягдлын тээврийн үйлчилгээ, дүүргийн гэрэлтүүлэг, гэрэл дохионы асаалт болон засварын зардалд зарцуулсан бөгөөд дээрх зардлын санхүүжилтэд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож олгогдоогүй байсан гэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч нар маргаан бүхий хяналт шалгалтаар дээрх орон нутгийн санхүүжилтээр олгогдсон 1.400.366.9 төгрөгийг төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт гэж үзэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого гэж үзэж, нөхөн татвар, алданги ногдуулж шийдвэрлэжээ.

Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 05/89 дүгээр албан бичгээр гомдол гаргагч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргад тайлбар хүргүүлсэн байх бөгөөд уг тайлбарт; “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар тогтоолоор хот тохижилтын зардалд нийт 1400367.0 /Нэг тэрбум дөрвөн зуун сая гурван жаран долоон мянга/ төгрөгийг баталсан.

Дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсны дагуу зардлын ангиллаар нь нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ буюу бусдаар гүйцэтгүүлэх зардалд 727427.0 /Долоон зуун хорин долоон сая дөрвөн зуун хорин долоон мянга/ төгрөг, хог хаягдал тээврийн үйлчилгээнд 344962.0 /Гурван зуун дөчин дөрвөн сая есөн зуун жаран хоёр мянга/ төгрөг, дүүргийн гэрэлтүүлэг асаалтын зардалд 105391.0 /Нэг зуун таван сая гурван зуун ерэн нэгэн мянга/ төгрөг, гэрэлтүүлэг, гэрлэн дохионы засвар үйлчилгээний зардалд 158050.0 /Нэг зуун тавин найман сая тавин мянга/ төгрөгийг тус тус хуваарилсан.

Гүйцэтгэлээр дээрх санхүүжилтийн 66.2 хувь буюу 990571.0 /Есөн зуун ерэн сая таван зуун далан нэгэн мянга/ төгрөг нь ажилчдын цалин нийгмийн даатгалын шимтгэлд, гэрэлтүүлэг асаалт, түлш шатахуун, дулаан, усны зардлууд болон засвар үйлчилгээнд ашиглах сэлбэг материалын зардлуудад тус тус хянаж санхүүжилт олгосон ба хот тохижилтын зардлын санхүүжилтэд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож олгогдоогүй болно.” гэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл. “Албан татвараас чөлөөлөх” 13.5.12. “төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна;” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байна.

Маргаан бүхий тохиолдолд, гомдол гаргагч байгууллага нь төсвөөс санхүүжилт авдаг төрийн оролцоотой орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байх бөгөөд орон нутгийн санхүүжилтээр олгогдсон зардлаар орон нутгийн зам нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, тохижилт, үйлчилгээний ажлыг хийж  гүйцэтгэсэн  байна.

Дээрх ажил, үйлчилгээний зардлыг төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ мөн эсэхийг тодруулалгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, гомдол гаргагч нь төрийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байгаа байгууллага мөн бөгөөд маргаан бүхий тохиолдол нь орон нутгийн санхүүжилтээр орон нутагт хийгдсэн төрийн  ажил, үйлчилгээ гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн маргаан бүхий зардлыг олгохоор шийдвэрлэсэн орон нутгийн төрийн сангаас нь санхүүжилтээр олгогдсон зардалд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцогдож олгогдоогүй гээд байхад татвар ногдуулж буй мөн ойлгомжгүй байна.

Иймд маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3., 106.3.11.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 зүйлийн 13.5.12. дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Багануур дүүргийн татварын хэлтсийн татварын татварын хяналт шалгалтын тасгийн улсын (ахлах) байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2717200...  дугаартай шийтгэлийн хуудсын 6 дах заалтыг эрх бүхий улсын байцаагч нар нь дахин захиргааны шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6-д заасны дагуу Нийслэлийн Багануур дүүргийн татварын хэлтсийн татварын татварын хяналт шалгалтын тасгийн улсын (ахлах) байцаагч Т.Б, Э.Б нарын нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Багануур дүүргийн татварын хэлтсийн татварын татварын хяналт шалгалтын тасгийн улсын (ахлах) байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2717200...  дугаартай шийтгэлийн хуудсын 6 дахь заалт хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ГАНБАТ

                                                 ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

                                                 ШҮҮГЧ                                 Ц.ОДМАА

 

 

             

 

 


[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 7-10 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 3 дугаар хавтас, 76-81 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 3 дугаар хавтас, 29-32 дүгээр хуудас