Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2015/0397

 

 

2015 оны 8 сарын 21 өдөр

 

Дугаар 221/МА2015/397

 

Улаанбаатар хот

 

 

 

ДУАИТ-ийн

ХТ-гч Г.Э , П.Э , Б.А ,

Г.Б , Б.Д  , Г.Б , М.Т

нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т , Б.А

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагч С.Ч, С.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор, ДУАИТ-ийн  ХТ-гч Г.Э , П.Э , Б.А , Г.Б , Б.Д  , Г.Б , М.Т  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т , Б.А  нарын нэхэмжлэлтэй, ДУААГД , тэргүүлэх аудитор С.Ч, ахлах аудитор С.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т , Б.А  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ДУАИТ-ийн  Хурлын 7 тэргүүлэгч Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод 2014 онд туршлага судлах ажлаар явж, аймгийн ИТХ-ын төсөвт тусгагдсан, гадаад арга хэмжээний зардлаас 18.2 сая төгрөгийг зориулалтын дагуу гаргасан ба үзэж харсан зүйл, туршлагаа бодит ажил болгож, аймаг орон нутгаа хөгжүүлэх, бүтээн байгуулалт, хот төлөвлөлтийн асуудлыг хэрэгжүүлж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан бодлого, хөтөлбөрүүд болон шийдвэрт тусган хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгаа. Энэ асуудлаар аймгийн Аудитын газар нь 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/38 дугаар акт, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/11 дүгээр албан шаардлага тус тус тавьсныг Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 61 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож байсан. Иймээс энэ асуудлаар дахин акт тавьж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.4-д заасныг зөрчсөн... Иймд аймгийн Аудитын газрын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/21 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ДУААГД  С.Ч ахлах аудитор С.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Аймгийн ИТХ-ын 2014 оны санхүүгийн тайланд баталгаажуулах аудит хийгдсэн. Аудитын явцад аймгийн ИТХ-ын нэр бүхий 7 тэргүүлэгч Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод аялан, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрсэн тул Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасныг хэрэгжүүлээгүй байна гэж үзээд 2015 оны 02 дугар сарын 13-ны өдөр 02/21 тоот актаар дээрх 7 тэргүүлэгчээр 18.2 сая төгрөгийг төлүүлэхээр ак тавьсан. Акт тавих үед туршлага судалсны үр дүнгийн талаар илэрхийлэх нотлох баримтууд тайланд байхгүй байсан Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ДУАИТ-ийн  ХТ-гч Г.Э , П.Э , Б.А , Г.Б , Б.Д  , Г.Б , М.Т  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т , Б.А  нарын нэхэмжлэлтэй ДУААГД , тэргүүлэх аудитор С.Чинзориг, ахлах аудитор С.Батцэцэг нарт холбогдох Аудитын газрын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/21 дугаар актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн Р.Т , Б.А  нар давж заалдах гомдолдоо: Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн Дубай явахад зарцуулсан 18,2 сая төгрөгийн асуудалд аймгийн Аудитын газар 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 01/38 дугаар акт, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 01/11 дүгээр албан шаардлага тус тус тавьсаныг Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүх 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 61 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Аймгийн Аудитын газар 9 сарын дараа дахин 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрийн өмчийг шамшигдуулсан гэж үзэн 02/21 дүгээр актыг тавьсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.4-д заасныг тус тус зөрчсөн.

 

2. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот руу 2014 оны 05 дугаар сарын 02-ноос 07-ны өдрийг хүртэл туршлага судлахаар явсан нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасантай нийцэж байгаа тул хууль зөрчсөн гэж үзэхгүй. Нью жуулчин ХХК-аар явсан нь хамгийн хямд зардал байсан. Энэ нь үнийн судалгаануудаар нотлогдож байгаа. Аймгийн ИТХ-ын Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны хурлаар хэлэлцэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар хэлэлцэн чиглэл өгсний дагуу төсвөөс хүн тус бүрээр 260000 төгрөг, туршлага судлахаар явсан Тэргүүлэгчдээс 600000 төгрөг гаргаж, төсөв хэтрүүлээгүй, харин хэмнэлт гаргаж, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулсан нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

 

3. Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1-д Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг сум, багийн нутаг дэвсгэрийн хэмжээний асуудлыг бие дааж шийдвэрлэх, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-ийн к-д заасан заалтуудыг хэрэгжүүлсэн. Аймгийн ИТХ нь нутгийн өөрөө удирдах байгууллагын энэхүү онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлж, аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаанаар Аймгийн 2014 оны төсөв-ийг хэлэлцэн, аймгийн ИТХ-ын гадаад арга хэмжээний зардлыг баталсан. Аймгийн ИТХ-ын менежер, нягтлан бодогч нарын хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасны дагуу батлагдсан төсвийг зориулалтын дагуу хэмнэлттэй зарцуулж эрхээ хэрэгжүүлсэн.

 

4. ИТХ-ын 11 Тэргүүлэгчдээс аймгийн ИТХ-ын ажлын хороодын төлөөллийн байдлыг харгалзан 7 тэргүүлэгчийг Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын бүтээн байгуулалт, тохижолт, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлсэн талаарх туршлага судлах, байгалийн баялагийг хэрхэн ашигладаг иргэд орчныхоо давуу талыг ашиглаж амьдрах орчноо бүрдүүлж байгаа байдал зэргийг нүдээр үзэж, туршлага судлах ажлаар аймгийн ИТХ-ын даргаас баталсан удирдамжийн дагуу явж тодорхой үр дүнд хүрч байгаа нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүх бодит байдалд нийцээгүй, нотлох баримтыг хэт нэг талыг барьж үнэлсэн тул Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн Дубай явахад зарцуулсан 18.2 сая төгрөгийн асуудалд Аудитын газраас 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/38 дугаарын акт, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/11 дүгээр албан шаардлага тус тус тавьсныг Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 61 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн, ...9 сарын дараа дахин 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрийн өмчийг шамшигдуулсан гэж үзэн тавьсан 02/21 дүгээр акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг зөрчсөн гэж давж заалдах гомдолд гаргажээ.

 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн хяналт шалгалт, Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын хяналт болон Төрийн аудитын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг тус тусын хууль тогтоомжоор зохицуулна гэж заасан тул энэ тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр Аудитын газрын актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

ДУААГ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу бус, харин Төрийн аудитын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж дээрх маргаан бүхий актыг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ДУААГ-аас 2015 оны төлөвлөгөөний дагуу ДУАИТ-ийн  Хурлын 2014 оны санхүүгийн тайланд аудит хийж, аудитаар илэрсэн зөрчилд хуульд заасан журмын дагуу акт тавьсан нь давхардсан гэх үндэслэлгүй байна.

Тус аймгийн ИТХ-ын гадаад томилолтын зардлаас зарцуулсан, төсвийг хэмнэлттэй зарцуулсан, хамгийн хямд зардлаар явсан гэж нэхэмжлэгч нараас тайлбарлаж байгаа боловч ДУАИТ-ийн  Хурлын болон ажлын албанаас зохих шийдвэр гаргалгүйгээр, төсвийн хөрөнгөөр нэр бүхий 7 тэргүүлэгчдийг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот руу 7 хоногийн хугацаагаар аялуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд тайлбарлахдаа ДУАИТ-ийн  Хурлын даргын баталсан 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн удирдамжийг шийдвэр гарсан гэж үзэж байгаа гэх боловч аяллын гэрээ, төлбөр нь удирдамж гарахаас өмнө байгуулагдаж, шилжүүлэгдсэн, мөн туршлага судлахаар явсан гэх боловч дээрх төлөөлөгчдийг урьсан ямар нэгэн төрийн байгууллага байхгүй, аймаг орон нутгийг хөгжүүлэх талаар гэрээ хэлэлцээр байгуулсан зүйлгүй байгаа тул албан ажлын шугамаар, албан айлчлалаар явсан гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, дээрх нэр бүхий 7 тэргүүлэгчдэд албан томилолт олгогдоогүй, харин Нью Жуулчин Турс ХХК-тай байгуулсан гэрээний дагуу жуулчны визээр аялсан болох нь тогтоогдож байна. Түүнчлэн тэргүүлэгч Н.Т нь гачигдлын улмаас явж чадаагүй боловч нэгэнт гэрээний дагуу жуулчны виз гарсан тул аялалын төлбөр буцаан олгогдоогүй, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдсан байна.

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удидлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-н к/-д хууль тогтоомжийн хүрээнд Хурлын төсвийг батлах гэж заасныг Аудитын байгууллага зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төсвийг батлах эрх байгаа хэдий боловч тухайн батлагдсан төсвийг Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д зааснаар төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах үүрэгтэй.

 

ДУААГ-аас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг томилолтын зардлыг зарцуулсан гэж бус, харин үр ашиггүй зарцуулсан гэж үзэж акт тогтоосон нь хуульд нийцсэн байна. Түүнчлэн туршлага судалсаны үр дүнд хийсэн ажил гэж нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбарлаж байгаа ажлуудыг дээрх төлөөлөгч нарыг Арабын Нэгдсэн Эмират Улсад явсны үр дүнд хийсэн ажил гэж дүгнэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан

 

ТОГТООХ нь:

 

1.    Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А гээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАРР