Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2018/00488

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...... байранд, Х банк /Регистрийн дугаар:-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганбаатарын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: .... тоотод  оршин суух,  овогт   Т.Ч /Регистрийн дугаар./,

Хариуцагч: .... тоотод  оршин суух,   овогт  Ч.М /Регистрийн дугаар:./ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 59.213.624 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганбаатар, Э.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Т.Т.Ч, Ч.Ч.М нар нь Х банкны худалдааны танхим тооцооны төвөөс 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-14/134 тоот зээлийн гэрээ, БГ-14/134 тоот барьцааны гэрээ байгуулж 52.000.000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хувьсах хүүтэй, 60 сарын хугацаатай амьдрах зориулалтаар орон сууцны зээл авсан. Зээлдэгч нь үндсэн зээлээс 8.471.304 төгрөг, хүү 14.174.389 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39.316 төгрөг, нийт 22.685.009 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн дагуу “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчид 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна. Иймд банк 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн шүүхэд дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ-14/134 тоот зээлийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 43.528.695 төгрөг, үндсэн хүү 14.647.278 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.027.650 төгрөг,  нотариатын зардал 10.000 төгрөг, нийт 59.213.624 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдсан зуслангийн байшин, газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг тооцон шилжүүлэхээр санал болгосон ч банкны зүгээс саналыг хүлээн авах боломжгүй. Учир нь барьцааны дээрх хөрөнгө зээлийн төлбөрт хүрэлцэхгүй байгаа тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлт, тайлбартаа: Т.Т.Ч, Ч.Ч.М нарт гаргасан Х банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Зээлдэгч нар нь гэрээний хугацаанд 22.685.009 төгрөг төлсөн. Цаашид төлбөр төлөх боломжгүй. Зээлийн гэрээний 7.4, барьцааны гэрээний холбогдох заалтыг үндэслэн зээлийн барьцаанд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар, 1-5Б тоот хаягт байрлалтай, 56.8 мкв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 350 мкв эзэмших газрыг үл маргах журмаар Х банкинд шилжүүлж, өр төлбөрийг дуусгавар болгох хүсэлтэй байна гэжээ.

 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганбаатар нь Т.Т.Ч, Ч.Ч.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59.213.624 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Т.Т.Ч, Ч.Ч.М нар нь Х банктай 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 52.000.000 төгрөгийг, 60 сарын хугацаатайгаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч жилийн 19,2 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Т.Т.Чын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028823 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хуурай мухар 1 гудамж, 5б тоотод байрлах 56,7 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, түүний эзэмшлийн нэгж талбарын 18641326711982 дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлах 350 мкв зуслангийн зориулалттай газар, зурагт, хөргөгч, ком тавилга зэргээс хангуулахаар тус тус тохиролцон зээлийн болон барьцааны гэрээг байгуулжээ.  /хх 13-22/

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 Хариуцагч зээлийн хөрөнгийг шилжүүлэн авсан, энэ хугацаанд 22.685.009  төгрөг эгүүлэн төлсөн гэдэгт зохигчид маргаагүй байна.

             Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6.1, 6.1.1-т зээлдэгч гэрээгээр тохирсон зээл төлөх хуваарийг удаа зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй гэж заасан байх бөгөөд хариуцагч нар нь 2015 оны 4 сараас зээл төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн, 2016 оны 3 дугаар сараас хойш эргэн төлөлт хийгээгүй байна. Нэгэнт гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг 2015 оны 4, 6 дугаар сард тогтоон өгч байсан, түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул  нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

         Мөн хариуцагч зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх хэдий ч барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлнэ гэж, нэхэмжлэгч барьцаа хөрөнгө төлбөрт хүрэлцэхгүй үндэслэлээр зээлийн үүргийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шаардсныг шүүх бүруутгах боломжгүй.

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон тооцоолол алдаатай гэх байдал тогтоогдохгүй тул хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 43.528.695 төгрөг, үндсэн хүү 14.647.278 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.027.650 төгрөг нийт 59.203.624 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Харин нотариатын зардалд 10.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх хэдий ч дээрх шаардлагыг нотлосон баримтыг ирүүлээгүй тул шүүх энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг тус тус хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн  451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Т.Т.Ч, Ч.Ч.М нараас 59.203.624 /тавин есөн сая хоёр зуун гурван мянга зургаан зуун хорин дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028823 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хуурай мухар 1 гудамж, 5б тоотод байрлах 56,7 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18641326711982 дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлах 350 мкв зуслангийн зориулалттай газраас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  524.218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 524.168 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                       

                                    ДАРГАЛАГЧ                                        О.ОДГЭРЭЛ