Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/413

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Л.У, түүний өмгөөлөгч М.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бн овогт Л-ын У-т холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***********************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Л.У нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19-р хороо, 70-р байрны гадна талын авто зогсоолд байрлуулсан байсан хохирогч Д.Ггийн эзэмшлийн *******************- улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн автомашиныг 750.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг 17 инчийн /G stock/ обудтай дугуйг хулгайлан авахдаа машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.У мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 27-нд халтууранд явж байхад найз М дуудсан. Бид 2 хамт яваад Модны 2-оос дээшээ өгсөөд байрны гадаа очоод зогссон. М “машины дугуй авна” гэхээр нь яах гэж байгаа талаар асуутал дуугай ачаадах гэсэн. Тэгээд би тэр дугуйнуудыг ачаад явсан. Тэр дугуйнуудыг яахыг асуухад “авах хүн байвал зарчхаарай” гэсэн. “Өгөөмөр” зах дээр явж байтал хүн авъя гэсэн тул зарсан. Дараа нь цагдаагаас дуудсан. Мөрдөн байцаагч “хэргээ ганцаараа хүлээчих юм бол гайгүй 500.000 төгрөгөөр торгуулаад өнгөрнө” гэсэн тул хэргээ ганцаараа үйлдсэн гэж мэдүүлсэн. Найз М багаасаа өнчин өрөөсөн өссөн болохоор түүнийг өрөвдсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Г-гийн:

 “...Би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны орой 17-18 цагийн хооронд өөрийн эзэмшлийн ********** улсын дугаартай “приүс 30” маркийн машинаа 70 байрны урд талын зогсоол дээр тавиад 2022 оны 01 дүгээр сарын 27-нд өдөр гарч машинаа харахад миний машин зүгээр байсан. Тэгээд маргааш өглөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 08 цаг 40 минутын үед машин дээрээ ирэхэд миний машины 3 ширхэг дугуй байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний машины жолооч талын 2 дугуй мөн зүүн талын урд талын дугуйг авсан байсан. ...Миний машины дугуй 17.245.45 хэмжээтэй өвлийн дугуй. Харин обуд 17-той сток “приүс 30” машины стандарт обуд байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

2. Гэрч А.М-ы:

“... би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа тараад Утай уулзсан. Бид 2 уулзчихаад баруун дөрвөн замын хойд талын автобусны буудал дээр байдаг ТҮЦ орж жоохон сууж юм ярьж байгаад тэгээд Модны 2-оор дээшээ өгсөөд нэг байрны гадаа очоод манай найз У “машины зээл төлөх мөнгө олдохгүй байна, энэ машины дугуйг хулгайлъя” гэхэд нь би “яахын бэ андаа, дараа нь бөөн юм болно” гэхэд эргэлзээд дээр нь манай найзын ээжийнх нь бие муу ямар ч арга алга гээд би машинаас буухад У “яах гэж байгаа юм” гэхэд би “гэр лүүгээ явлаа” гээд шууд гэртээ ирсэн юм. Маргааш нь ажилтай байсан болохоор Утай уулзалдаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

3. Хөрөнгийн үнэлгээний “Кости-Эстимэйт” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “тоёота приус 30” маркийн автомашины 3 дугуйг 750.000 үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

4. Хөрөнгийн үнэлгээний “Кости-Эстимэйт” ХХК-ны 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “тоёота приус 30” маркийн автомашиныг 17.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 48-51 дэх тал/,

5. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 19-р хороо, 70-р байрны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-30 дахь тал/,

6. Баянгол дүүргийн 19-р хороо, 70-р байрны хяналтын камерын бичлэг бүхий сиди, болон уг сидиг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, /хавтаст хэргийн 25 дахь тал/,

7. Шүүгдэгч Л.Уын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хар өнгийн домакрат 1 ширхэг, хар өнгийн дугуйн дорцов 1 ширхгийг тус тус эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 25 дахь тал/,

8. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /хавтаст хэргийн 39 дэх тал/, хэрэгт хавсаргасан сиди бичлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Л.У нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хохирогчид 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Пүрэвлхам “Хуульд заасан нотолбол зохих байдлыг шалгаж шалгаж тогтоогоогүй. Уг гэмт хэргийг үйлдэхэд энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн М нь хамт байсан байхад түүний үйлдэл оролцоог нарийн шалгаж тогтоогоогүй. Мөн хөрөнгийн үнэлгээ бодитой гаргаагүй. Иймд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өнгө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Уын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Л.У нь:

2022 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19-р хороо, 70-р байрны гадна талын авто зогсоолд байрлуулсан байсан хохирогч Д.Ггийн эзэмшлийн ********** улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн автомашиныг 750.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг 17 инчийн /G stock/ обудтай дугуйг хулгайлан авахдаа машин механизм ашиглаж үйлдсэн болох нь шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Г, гэрч А.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Кости-Эстимэйт” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “тоёота приус 30” маркийн автомашины 3 дугуйг 750.000 үнэлсэн” үнэлгээний дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний “Кости-Эстимэйт” ХХК-ны 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн үнэлгээний дүгнэлт, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 19-р хороо, 70-р байрны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Л.У болон түүний өмгөөлөгч нар “уг гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй” гэж гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Л.У нь Баянгол дүүргийн 19-р хороо, 70-р байрны гадна талын авто зогсоолд байрлуулсан байсан хохирогч Д.Ггийн эзэмшлийн ******** улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн автомашиныг 3 ширхэг дугуйг хулгайлан авахдаа “******** инвест” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй “Тоёота приус 30” маркийн 2114 УАН улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн болох нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч Д.Ггийн мэдүүлгээс гадна гэрч А.Мы “...У “машины зээл төлөх мөнгө олдохгүй байна, энэ машины дугуйг хулгайлъя” гэхэд нь би “яахын бэ андаа, дараа нь бөөн юм болно” гэхэд эргэлзээд дээр нь “манай найзын ээжийнх нь бие муу ямар ч арга алга” гээд, би “гэр лүүгээ явлаа” гээд шууд гэртээ ирсэн...” гэсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Уын мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, цоолох, зүсэх зориулалттай машин, механизмууд хамаарах ба “Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Л.Уын нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Уыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Гд 750.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Л.У нь хохирогчийн эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн байна. Иймд шүүгдэгч Л.Уыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Л.Ут Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Пүрэвлхам “Шүүгдэгч Л.У нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө гэм буруу дээр маргаагүй. Мөн түүний ээж С.Л"ын эрүүл мэндийн байдал нь хүнд байгаа, түүнчлэн хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Л.У нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин шүүгдэгчийн хувийн байдал буюу хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудал дээр маргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн байдал, мөн түүний ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар “хорих ялыг хөнгөрүүлэх” нь зүйтэй гэж шүүх үзэв.   

Иймд эрүүгийн хариуцлагыг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Уыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хар өнгийн домакрат 1 ширхэг, хар өнгийн дугуйн дорцов 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Түүнчлэн шүүгдэгч Л.Уын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгсэл нь “***********” банк бус байгууллагын нэр дээр бүртгэлтэй байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох 17.000.000 төгрөгийг шүүгдэгчээс зохих журмын дагуу гаргуулж улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л-ын Уыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Уыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ут оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хар өнгийн домакрат 1 ширхэг, хар өнгийн дугуйн дорцов 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 17.000.000 төгрөгийг шүүгдэгч Л.Уаас зохих журмын дагуу гаргуулж улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ