| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/03930/И |
| Дугаар | 181/ШШ2018/00502 |
| Огноо | 2018-03-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2018/00502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, овогт Л.Б /Регистрийн дугаар:../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоотод оршин суух, овогт М.Э /Регистрийн дугаар:/-д холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3.687.500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Хандсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Л.Л.Б миний бие М.М.Этай 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр өргөн нь 60 см, урт нь 120 см, зузаан нь 30 хэмжээтэй, 1600 ширхэг боодол өвсийг зээлээр худалдах худалдан авах нөхцөлтэйгөөр байгуулсан. Гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу 1600 ширхэг боодол өвсийг нийт 3.750.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 2.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэлийн №722 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Б.Үүрцайхын дэргэд М.М.Эт бэлнээр тоолж хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 1.750.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өвс хүлээж авсны дараа төлөхөөр тохиролцсон. Мөнгө хүлээлгэж өгсөн баримтын тухайд тэр дороо гэрээн дээр гараар бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл өвс бэлтгэн нийлүүлэх хугацаа болоход М.М.Э ямар ч өвс нийлүүлээгүй. Нэхэмжлэгч утсаар өвсөө нийлүүлэхийг шаардаж байсан ч сүүлдээ тэрээр утсаа авахаа больж, гэрт нь очиход “гэртээ байхгүй” гээд эхнэр нь уулзуулахгүй өдийг хүрсэн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дах хэсэгт “Худалдагч тал нь гэрээнд заасан хугацаанд бэлтгэн, хүлээлгэн өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно” гэж заасны дагуу нийлүүлсэн байвал зохих нийт үнийн дүнгээс 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алдангийг тооцвол 1.687.500 төгрөг болсон байна. Иймд М.М.Эаас “Зээлээр худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу урьдчилан төлсөн 2.000.000 төгрөг, алданги 1.687.500 төгрөг, нийт 3.687.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.М.Э шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Л.Л.Б нь хариуцагч М.М.Эт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3.687.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн тус шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2018/01692, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2018/02314 дүгээр шүүгчийн захирамжуудаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хариуцагчийн “шүүх хуралдаанд оролцох” эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан, өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүргэсэн боловч мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс гадна нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг тус тус хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаар Л.Л.Б, М.М.Э нар 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь 60*120*30 хэмжээтэй 1600 ширхэг боодол өвсийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нийлүүлэхээр, Худалдан авагч нэг боодол өвсийг 2.500 төгрөгөөр тооцон, нийт үнэд 3.750.000 төгрөг төлөхөөр, үүнээс 1.750.000 төгрөгийг бүтээгдэхүүнийг хүлээн авсны дараа төлөх, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тус тус харилцан тохиролцжээ. /хх 6/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хэн алин нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.
Гэрээний 2.1-т “урьдчилгаа 2.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө худалдагчид хүлээлгэн өгсөн” тухай дурдсанаас гадна гэрээний ард талд “20.000 төгрөг *67 ширхэг, 10.000 төгрөг* 45 ширхэг, 5.000 төгрөг *42 ширхэг” гэж хүлээлгэн өгсөн мөнгөн дэвсгэртээр тусгаж, хариуцагч хүлээн авснаа баталгаажуулж гарын үсэг зурснаас үзвэл нэхэмжлэгч худалдан авах зүйлийн үнэд урьдчилгаа 2.000.000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна гэж үзэв.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар хариуцагч гэрээгээр тохиролцсон хөрөнгө болох өвсийг худалдан авагчийн өмчлөлд гэрээнд заасан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч үүргээ биелүүлэхийг шаардаж байсан, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Иймд хариуцагч М.М.Эаас гэрээний төлбөрт урьдчилан авсан 2.000.000 төгрөг, гэрээ цуцлах хүртэлх хугацааны алданги 760.000 төгрөг /2.000.000 төгрөг * 0,5% * 2017.09.25-2017.12.11 хүртэлх 76 хоног/ нийт 2.760.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Л.Бод олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан М.М.Эаас 2.760.000 /хоёр сая долоон зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулж Л.Л.Бод олгож, нэхэмжлэлээс үлдэх 927.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 59.110 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ