| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0186/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/188 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/188
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Ганчимэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батгэрэл Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ашавгад овогт Б-Д холбогдох эрүүгийн 2021000000194 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багт оршин суух, гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, Ашавгад овогт Б /РД: .........../.
Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн ...... сумын 1 дүгээр багийн нутаг “.................” гэх газарт 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 нас 6 сартай Ө-г дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тэр өдөр би машины эргэн тойрны зүйлийг анзаарахгүйгээр машинаа унаад явсандаа харамсаж байна” гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манайх машинаар явж малаа усалдаг. Нэг нь авчирч тавиад нөгөө нь унаад явдаг. Тэр өдөр манай дүү ирээд машиныг маань аваад явсан. Гай болж ийм зүйл болчихсон. Миний хувьд дүүдээ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Дүүд минь хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дүү Б нь манайхтай айл хөрш болон амьдардаг. Би 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн ...... ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр 15 цагийн орчимд гэрийнхээ гаднаас хөдлөөд усанд явчихаад ирсэн. Ингээд би машинаа өөрийн байшингийнхаа ертөнцийн зүгээр урд талд урагш харуулж байрлуулан тавьсан ба түлхүүрээ кабинд нь үлдээсэн. Ингээд би бага хүү талийгаач Ө хамтаар хойд аав Г-н гэр лүү хоол идэх гээд орсон. Аавын гэрт ороход аав орон дээрээ унтаж байсан. Ингээд би хоолоо идчихээд хүү Ө урд талд нь аягатай хоол үлдээгээд гарсан. Энэ үед Б “машинтай чинь хонио услахаар явлаа шүү” гэж байсан бөгөөд би “тэг тэг” гэж хэлсэн. Ингээд би байшингийнхаа урд талд тасдагчаар юм хийж байхад манай дүү Б миний машинд сууж асаагаад ертөнцийн зүгээр урд зүгт чиглэн хөдөлсөн. Ингээд би эргээд хартал машин байсан газарт манай хүү Ө доош хараад толгой хэсэг нь машинд дайруулсан бололтой цус болсон байдалтай ухаангүй хэвтэж байсан. Ингээд хашгиртал Б машинаа зогсоосон. Би талийгаач руу очиход амьсгалахгүй байсан. Мөн толгой нь бяцарсан, хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тухайн үед манай эхнэр Б байшингийнхаа таамбарт юм угаагаад байж байсан бөгөөд намайг хашгирсаны дараа гадагш гарч ирсэн...” гэжээ. /хх-ийн 19-20/
Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өөрийн байшиндаа хувцас угааж байхад манай нөхөр Б өөрийн эзэмшлийн ..... ДОР улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машинаа унаад талийгаач хүү Өсөхбаяртай хамт усанд явж ирчихээд машинаа байшингийн урд талд ертөнцийн зүгээр урагш харуулан байрлуулж тавиад хадам аав Г руу хамтдаа хоол идэх гээд орсон. Ингээд хэсэг хугацааны дараа Б аавын гэрээс гарч ирсэн ба хүү Ө аавын гэрт хоол идэж байгаа гэж хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа Б бахирах чимээ гарахаар нь гараад хартал Батгэрэл хүүгээ тэврээд байж байсан. Харин Б, Б машиныг унаад хашааны урд зогсож байсан ба машинаасаа гарч ирээд “би дүүгээ дайрчихлаа” гэж байсан. Тухайн үед би талийгаачийг харахад толгой хэсэгт гэмтэл учирсан байсан. Ингээд удалгүй тэрээр нас барсан. Тухайн үйл явдал 16 цагийн орчимд болсон...“ гэжээ. /хх-ийн 24-26/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн ... тоот дүгнэлтэд: 1. Ө цогцост гавлын орой болон суурь ясны шугаман хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн оройд аалзан хальсан доорхи цус харвалт, бага тархины няцрал, зүүн уушгины гялтан хальсан доорхи цус хуралт, хуйхны дотор гадаргын цус хуралт, хуйханд зулайн орой хэсгийн зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, баруун хацар, эрүүний баруун тал, эрүүний ооч хэсэг, хамрын үзүүр, зүүн мөр, умдаг, өвчүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтлүүдийн орой болон суурь ясны шугаман хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн оройд аалзан хальсан доорхи цус харвалт, бага тархины няцрал нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. гэжээ. /хх-ийн 39-42/
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн техникийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот дүгнэлтэд:
Хариулт-1: Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийнМеханикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл байна” гэсэн заалт зөрчсөн байна.
Хариулт-2: Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. 3.4а энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт 3.6 нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан, мөн дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Хариулт-3: Б-н жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь МУ-н ЗХДүрмийн 3.4.а энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно гэсэн заалт зөрчсөн байна. Мөн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.М хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн бус замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэж үзсэн тул тухайн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэж үзлээ.
Хариулт-4: Б-н жолоодон явсан Цагаан өнгийн Портер маркийн ..... Дулсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр хэрэг, ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг болон шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй.
Хариулт-5: Зам тээврийн осол гарах болсон шалтгаан Г.Бат-Эрдэнэ нь МУ-н Захөдөлгөөний дүрмийн 10.1 жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэж заасныг тус тус зөрчсөны улмаас зам тээврийн осол гаргах гол шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 33-34/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... тоот дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Б-н биеэс авсан гэх цусанд спиртийн алкогилрээгүй гэжээ. /хх-ийн 36-37/
Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай ах Б нь худаг руу өөрийн ..... ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр усанд яваад 15 цаг өнгөрөөгөөд 16 цагийн орчимд ирсэн. Манай ах Б машинаа өөрийн байшингийн ертөнцийн зүгээр урд талд урагш харуулж байрлуулан зогсоосон. Ингээд ах Б маань хүү Ө хамтаар манай гэрт орж хоол идсэн. Би тухайн үед хонио услах ажилтай байсан бөгөөд ахын машинтай явахаар болсон. Ингээд талийгаач Ө манай гэрт хоол идээд үлдсэн. Харин ах маань байшингийнхаа зүүн урд талд тасдагчаар юм хийж байх үед би түүний машинд суусан. Намайг машинд суухад түлхүүр нь дотроо байсан. Улмаар би машиныг нь асаагаад ертөнцийн зүгээр урд чиглэн явсан. Ингээд хөдлөөд удаагүй байтал Б ах хашгирах чимээ гарсан. Би машинаа зогсоогоод буугаад хартал Ө машинаараа дайрсан байсан ба ах очоод тэврээд авсан. Миний бодлоор буруу талын арын дугуйгаар дайрсан юм шиг байсан. Яг энэ үед талийгаачийн ээж Б гэрийнхээ таамбарнаас гарч ирсэн. Ингээд би дөхөөд очиход талийгаач нас барсан байсан...” гэжээ. /хх-ийн 49-50/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-08/ Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 09/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11/ Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай санал, тэмдэглэл /хх-ийн 12-13/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/
Гэрч Х мэдүүлэг /хх-ийн 30/
Гэрч Б. мэдүүлэг /хх-ийн 31/
Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 51/
Б-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 56/
Дорнод аймгийн Баяндун сумын ...-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57/ Цагдаагийн газрын жолоочийн эрхийн тодорхойлолт /хх-ийн 58/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 59/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60, 61-65/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн ..... сумын 1 дүгээр багийн нутаг “...................” гэх газарт байх гэрийнхээ гадаа .... ДОР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг жолоодох хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас 1 нас 6 сартай Ө-г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...машинаа зогсоогоод буугаад хартал Ө машинаараа дайрсан байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б “...би эргээд хартал машин байсан газарт манай хүү Ө доош хараад толгой хэсэг нь машинд дайруулсан бололтой цус болсон байдалтай ухаангүй хэвтэж байсан...” гэх, гэрч Б.Б “...Б бахирах чимээ гарахаар нь гараад хартал Б хүүгээ тэврээд байж байсан. Харин Б Б машиныг унаад хашааны урд зогсож байсан ба машинаасаа гарч ирээд “би дүүгээ дайрчихлаа” гэж байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн .. тоот дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн техникийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай санал, тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн 2021000000194 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч Б нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ. Шүүгдэгч Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Ө биед гавлын орой болон суурь ясны шугаман хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн оройд аалзан хальсан доорхи цус харвалт, бага тархины няцрал, зүүн уушгины гялтан хальсан доорхи цус хуралт, хуйхны дотор гадаргын цус хуралт, хуйханд зулайн орой хэсгийн зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, баруун хацар, эрүүний баруун тал, эрүүний ооч хэсэг, хамрын үзүүр, зүүн мөр, умдаг, өвчүүний зулгаралт бүхий гэмтлүүд учруулсан бөгөөд талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн .. тоот дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн техникийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн .. тоот дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Шүүгдэгч Б хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. Шүүгдэгч Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Г.БатЭрдэнийн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 жилээр тогтоолоо. Энэ гэмт хэргийн улмаас Ө амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б нь шүүх хуралдаанд “...Тэр өдөр манай дүү ирээд машиныг маань аваад явсан. Гай болж ийм зүйл болчихсон. Миний хувьд дүүдээ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖА ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА