| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2018/00141/И |
| Дугаар | 615 |
| Огноо | 2018-02-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Э-д холбогдох
4,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.О нь Э.Эгийн гуйлт хүсэлтээр 10 хоногийн хугацаатай, 3,000,000 төгрөгийг 0,6%-ийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5%-ийн алданги тооцохоор тохиролцсон. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хаана байгаа нь мэдэгдэхгүй утсаа авахгүй зугтаад явсан учир иргэн Э.Эгаас зээлийн үндсэн төлбөр 3,000,000 төгрөг, 3 сарын хүү 180,000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 1,500,000 төгрөг, нийт 4,680,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Э.Э 2017 оны эхний улиралд Б.Оээс паспорт гаргаж өгөхөөр 2,000 ам доллар авч, буцааж мөнгө өгч байсан асуудал байсан нь үнэн боловч 2017 оны 9 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээтэй хамааралгүй. 2017.09.29-ний өдөр Э.Эгийн данс уруу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. 2017.09.29-ний өдрөөс өмнө 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, баримт байхгүй. Нотариатч мөнгө хүлээлцсэн талаар баталсан байгаа. 2017 оны 9 сарын 29-нөөс өмнө 2,000,000 төгрөг өгсөн учир 3 сарын хүү нэхэмжилж байгаа, алдангийг 2017.10.10-наас хойш тооцсон. Э.Эгаас зээлд 3,000,000 төгрөг, 3 сарын хүү 180,000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 1,500,000 төгрөг, нийт 4,680,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэв.
Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Э нь Б.От олон улсын дипломат паспорт гаргадаг найздаа зуучилж 2,000 доллар авсан. Гэвч тухайн ажил нь бүтээгүй тул 2,000 долларыг тухайн үеийн ханшаар тооцож 5,415,000 төгрөгийг өгсөн. Миний ажлыг алдуулсан гэж 1,300,000 төгрөгийг Б.От дахин илүү өгч байсан. Тэр мөнгөө би өгөөд надад мөнгөний хэрэг гарсан тул эргүүлж өгөөч гэхэд авмаар байгаа бол зээлийн гэрээ байгуулъя гэж хэлээд нотариат ороод мэдэгдэхгүй гэрээ байгуулж байсан. Өөрийн өгсөн мөнгөө буцааж авсныхаа төлөө зээлийн гэрээний өрөнд орсноо мэдсэн. Би Б.Оээс 1,000,000 төгрөг л авсан. Авсан мөнгө нь ч миний өөрийн мөнгө байсан.
2017.09.29-ний өдөр 1,000,000 төгрөг Б.Оээс шилжиж орж ирсэн нь үнэн, уг мөнгө нь Э.Эгийн илүү шилжүүлсэн мөнгө юм. Э.Э Б.Оээс паспорт гаргаж өгөхөөр 2,000 ам доллар авсан байснаа буцааж өгөхөөр тохирсон. Э.Э нь Б.От 2017 оны 7 сарын 1-ний үед 2,000 ам долларыг нь буцааж өгөхөөр тохирсон ба тухайн үеийн ханш болох 2,349 төгрөгөөр тооцоход 4,698,000 төгрөг болж байгаа ба Э.Эгийн шилжүүлсэн 5,415,000 төгрөгөөс хасвал 717,000 төгрөг илүү шилжүүлсэн, уг мөнгөө эргүүлж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О хариуцагч Э.Эд холбогдуулан “зээлд 3,000,000 төгрөг, хүүнд 180,000 төгрөг, алдангид 1,500,000 төгрөг, нийт 4,680,000 төгрөг” гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч тал “зээлийн гэрээг ойлгоогүй гарын үсэг зурсан, мөнгө зээлээгүй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.О 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Э.Эд 3,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаагаар, хугацаандаа 0.6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, 2017 оны 09 сарын 29-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Гэрээний дагуу зээлдүүлэгч тал болох Б.О зээлдэгч Э.Эд 2017.09.29-нд түүний Хаан банкин дахь данс уруу 1,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, Э.Эгийн Хаан банкин дахь ******* тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байх ба Б.О 2017 оны 9 сарын 29-ний өдрөөс өмнө Э.Эд 2,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн, “2017.09.29-ний өдрөөс өмнө 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн” гэх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадахгүй байна.
Мөн ... нотариатч бэлнээр мөнгө өгсөн гэдгийг баталсан... гэх боловч 2017.09.29-ний өдөр зээлийн гэрээг баталсан нотариатч мөнгөө урьд нь хүлээлцсэн гэж хэлж гэрээг батлуулсан гэдгийг баталгаажуулсан байх ба энэ нь нотариатч бэлэн мөнгө хүлээлцсэнийг нотлохгүй байна.
Зохигчдын хооронд 1,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба хариуцагч Э.Э зээлийн гэрээний үүрэг 1,000,000 төгрөгийг буцааж төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч ... Э.Э 2017 оны эхний улиралд Б.Оээс паспорт гаргаж өгөхөөр 2,000 ам доллар авснаа 2017 оны 7 сарын 1-ний үед буцааж өгөхөөр тохирсон ба тухайн үеийн ханш болох 2,349 төгрөгөөр тооцоход 4,698,000 төгрөг болж байсан, 2017.07.05-нд 5,415,000 төгрөг төлж 717,000 төгрөгийг илүү төлсөн, уг илүү төлсөн мөнгөө авсан ... гэх боловч 2017.09.29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлдүүлэгчээс зээлдэгчид бодитоор 1,000,000 төгрөг шилжин орсон нөхцөл байдал, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... 2017 оны 9 сард Э.Эд мөнгө хэрэгтэй болсон учраас гэрээнд гарын үсэг зур гэхээр нь зурсан, 1,000,000 төгрөг дансаар авсан нь үнэн... гэх тайлбараар мөнгө зээлэх хүсэл зоригтой байсан нь тогтоогдож байна.
Хариуцагч талын тайлбарт дурдсан ... Э.Э нь Б.От 2,000 ам долларт төлөх 4,698,000 төгрөгөөс илүү төлсөн 717,000 төгрөгөө авсан... талаар сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлээгүй тул шүүх уг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, уг мөнгөө жичдээ нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.
Зохигчид зээлийн гэрээгээр “үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон” нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн байна.
2017.10.9-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн гэрээг бичгээр байгуулан сунгаагүй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасан “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн заалтад нийцэхгүй байх тул 2017.10.10-ны өдрөөс хойш хүү шаардах эрхгүй байна.
Хариуцагч Э.Э зээлийн гэрээний хугацаа 2017.10.9-ний өдөр дуусахад зээлд 1,000,000 төгрөг, хүүнд 6,000 төгрөг, нийт 1,006,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан.
Зээлийг 2017.10.10-наас 2017 оны 12 сарын 19-ний өдөр шүүхэд хандах хүртэл төлөөгүй тул алдангийг 70 хоногоор тооцоход /1,000,000*0.5%*70хоног/ 350,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.
Иймд хариуцагч Э.Эгаас үндсэн зээлд 1,000,000 төгрөг, хүүнд 6,000 төгрөг, алдангид 350,000 төгрөг, нийт 1,356,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлээс зээлд 2,000,000 төгрөг, хүүнд 174,000 төгрөг, алдангид 1,150,000 төгрөг, нийт 3,324,000 төгрөг илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Эгаас 1,356,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлээс 3,324,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 36,646 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ