Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч:Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,

Хохирогч: Ц.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

Шүүгдэгч: Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Дгийн Сд холбогдох 1935001260070 эрүүгийн дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, ихэр, дүүгийн хамт Увс аймгийн Тэс сумын 2-р багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Т овогт Дгийн С / РД:ОО97031211/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.С нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 3-7 тоот хашаанд байх иргэн Ц.Агийн гэрээс хохирогч Б.Гын Самсунг-Эс 6 загварын гар утсыг хулгайлж 206250 /хоёр зуун зургаан мянган хоёр зуун тавь/-н төгрөгний хохирол учруулсан,

- 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын Б52 тоотод иргэн П.Огийн эзэмшлийн гар утсыг ашиглан түүний мобайл банкнаас нь 600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлаж авсан,

- 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Боловсролын их сургуулийн урд талын асфалтан замд дээр хохирогч Э.Тын Айфон-6 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авч 289000 төгрөгийн хохирол учруулсан,

- Д.С нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-941 тоотод иргэн Э.Сгийн эзэмшлийн 145.000 /нэг зуун дөчин таван мянга/ төгрөгний үнэлгээ бүхий Самсунг Нөүт-4 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

-2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, зүүн тасганы 2 дугаар гудамжны 15 тоотод М.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

-2019 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Өгөөж төвийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Бг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар.

I. Шүүгдэгч Д.Сыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

1.1. Шүүгдэгч Д.С нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 3-7 тоот хашаанд байх иргэн Ц.Агийн гэрээс хохирогч Б.Гын Самсунг-Эс 6 загварын гар утсыг хулгайлж 206250 /хоёр зуун зургаан мянган хоёр зуун тавь/-н төгрөгний хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн I хавтасны 4-5 тал/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хх-ийн I хавтасны 8 тал /, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэгт / хх-ийн I хавтасны 9-10 тал /

Насанд хүрээгүй хохирогч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2019 оны 3 дугаар сарын сүүлээр хэд хоног Кроун авто угаалгын газар ажиллахаар А ахтай тохиролцож тухайн авто угаалгын газарт 7 хоног ажилласан. Ажиллах хугацаандаа өөрийн гадуур өмсдөг хувцасаа А ахын гэрт оруулж тайлаад ажлын хувцасаа өмсөөд ажилдаа ордог. Тухайн авто угаалгын газар нь гэрийнхэн урьд талд байдаг болохоор хувцас, утас зэрэг эд зүйлээ тэнд тавьдаг. 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 12-13 цагийн орчим би өөрийн Самсунг Эс 6 загварын гар утсаа А ахын гэрт цэнэглээд үлдээчихээд ажлаа хийж байгаад А ахын гэр рүү орж гар утсаа авах гэхэд утас байхгүй байсан. Тухайн үед Элбэг гэх залуу авто угаалгын ард талын хаалгаар хоёр гурав удаа орж ирсэн. Тухайн үед А ахын гэрт ямар нэгэн хүн байгаагүй. Угаалгын газарт М, Баясгалан, А бид дөрөв машин угааж байсан. Миний утас Самсунг Эс 6 загварын хар хөх өнгөтэй утас байсан. Би өөрийнхөө гар утсыг харвал танина. Уг гар утсыг би буцаан авсан тул одоо надад нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 13 тал, III хавтасны 2 тал/,

Иргэний нэхэмжпэгч О.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2019 оны 3 дугаар сарын сүүлээр 4 дүгээр сарын эхээр байх /яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна/ нэг өдөр миний хүү А, найз Бын хамт ирээд ээж би таныг утас авна гэж хэлж байсан болохоор найзаасаа хямдхан утас зарна гэхээр нь аваад ирлээ, 100000 /нэг зуун мянга/-н төгрөг гэж байна. Утас зарах гэж байгаа хүүхэд одоо Улаанбаатар хот руу явах гэж байгаа мөнгө нь одоо яаралтай хэрэгтэй юм байна гэж хэлсэн. Би тухайн үед хүүгээсээ чиний найз юм уу ямар учиртай утас юм бэ гэж асуухад миний найзын найз зарна гэсэн өөрөө хот явж байгаа юм байна, чанартай хямдхан утас байна гэж хэлээд надаас 100000 /нэг зуун мянга/-н төгрөг аваад явсан. Би мөнгийг нь бэлнээр хүү Ат өгөөд явуулсан. А цааш нь нөгөө хүнд мөнгийг нь өгнө гэж хэлээд аваад явсан. Уг гар утас Самсунг-Эс 6 загварын мэдрэгчтэй бараан өнгийн утас байсан, хэвийн ажиллагаатай өө сэвгүй утас байсан тул би дугаараа хийж ашиглаж байсан. Утас зарсан хүн өөрөө ирээгүй, гар утсыг хулгайн гар утас гэдгийг би мэдээгүй. Би 100.000 төгрөгөөр хохирсон. Уг мөнгийг утас хулгайлж надад зарсан этгээдээс нэхэмжилж байна. Хохирлын мөнгө болох 100.000 /нэг зуун мянга/-н төгрөгийг Сын аав Д гэх хүн надад 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр миний ХААН банкны 5819027619 дугаарын данс руу шилжүүлж хохирол барагдуулсан. Одоон надад Соос нэхэмжпэх зүйл гомдол санал байхгүй" гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 15 тал, III хавтасны 1 тал/,

Гэрч Ц.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "би өөрийн найз Б, С, А нарын хамт Б ахын машин угаалгахаар 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Кроун угаалгын газарт 12 цагийн орчим очиж машинаас бууж очер авах гэхэд тухайн угаалгын эзэн А ахтай уулзаж очер захиад машин багасахаар 17 цаг гээд утсаар ярья гэж хэлсэн. Би А ахтай тохиролцоод гараад ирэхэд манай найз С бие засахаар явчихсан байсан. Би машинд ирээд Б, А бид гурав машинд сууж байхад С Быг дуудаж машинаас буусан. Тэгээд удалгүй Б С хоёр машинд суусан. Б машинд суучихаад за надад хэлсэн зүйлээ Эд хэлчих тэгэхгүй бол бид нарт гай болон шүү гэж хэлсэн. Тэгэхэд С явчих, явчих би мэдэж байна" гэж хэлсэн. Тэгээд Б машинаа асаагаад тэндээс хөдлөөд гадуур явж байгаад Тэс Арвижихын тэнд байдаг найз Бынд очиж хоол идсэн. Тэнд бид дөрөв очоод хоол идэж байхад С хар өнгийн гар утас гаргаад ирсэн. Би ямар учиртай утас юм бэ гэж асуухад "би өчигдөр Бумаатай хамт шээж байгаад эргэхэд нэг ах кармаанаасаа унагаачихсан гэж хэлсэн. Одоо энэ утсыг зармаар байна гэхэд А гэх хамт явж байсан залуу манай ээж утас авна гэж хэлээд байсан гэхэд С за тэгвэл би энэ утсыг 100000 төгрөгөөр худалдчихна гэж хэлээд А өөрийнхөө ээжтэй утсаар яриад тэр утсыг Аын ээж худалдаж авахаар болоод бид дөрөв очиж Аын ээжээс 100000 төгрөг аваад утсаа өгсөн. Тухайн утас хар өнгийн кейстэй байсан. Тухайн мөнгөөр С архи ундаа, хоол хүнс гэсээр байгаад дуусгасан. хоёр хоногийн дараа С надад тухайн утсыг Кроун угаалгын газраас хулгайлсан болохоо хэлсэн. Би тухайн үед Кроун авто угаалгын арын жижиг хаалгаар нь авто угаалгын газар руу орсон" гэх мэдүүлэг/ хх-ийн I хавтасны 16-17 тал/,

            Гэрч А.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"Би 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б, Э, С нарын хамт Бын машинтай Кроун нэртэй авто угаалга дээр бид дөрөв очсон. Авто угаалга дээр очиход Э би ороод уулзаад ирье гэж хэлээд дотогшоо орсон. Тэгээд удаагүй байхад С бие засна гэж хэлээд гарч ирсэн. Удаагүй С машины хажууд ирээд Быг машинаас дуудаж гаргаад тэр хоёр машины гадна уулзсан. Тэгээд тэр хоёр машинд орж ирж суугаад угаалганаас холдоод Тэс аривжих дэлгүүрийн хажууд байдаг нэг айлд очсон. Тухайн айл нь Б гэх нэртэй охин байсан. Б нь Сын найз гэж хэлж байсан. Бын гэрт байхад С хар хөх өнгийн Галакси Эс 6 загварын гар утас гаргаж ирээд энэ утсыг 100000 төгрөгөөр зарчихмаар байна гэж хэлэхээр нь манай ээж Х гайгүй утас авна гэж хэлж байсныг нь санаад би өөрийн ээж рүү залгаж ярьсан. Тухайн утсын С хүүхдээс авсан утас байгаа юм гэж хэлж байсан. Бид дөрөв тухайн айлаас гарч манай гэрт очоод нөгөө утсыг ээжид харуулж манай ээж Х авахаар болж Сд бэлэн 100000 төгрөг өгөөд нөгөө утсыг нь худалдаж авсан. Бид дөрөв буцаж явж байгаад Бын нэг ахад нь машиныг нь өгөөд Бын гэр рүү явган явж очсон. Тэс Арвижих дэлгүүрийн хажууд байдаг Увс нуур гэх дэлгүүрээс бид дөрөв орж С утас зарсан мөнгөөрөө архи, ундаа, тамхи зэрэг зүйл худалдаж аваад Бын гэрт явж очсон. Би эхлээд С манай ээжид тухайн утсыг зарж байхад хулгайн утас гэдгийг нь мэдээгүй. Харин Бын гэрт очиж архи ууж байгаад би түрүүлээд унтаад өгсөн. Тэгээд шөнө нэг сэрэхэд С Элбэгийн ээжид зарсан утсыг авто угаалганаас хулгайлсан талаараа хэлж байсан. Тэгж би тухайн утсыг хулгайн утас гэдгийг нь мэдсэн. С манай ээж Хд хар хөх өнгийн Самсунг Галакси Эс 6 загварын ямар нэгэн сэв зураасгүй хэвийн ажиллагаатай гар утас 100000 төгрөгөөр зарсан. Тухайн утас одоо манай ээж Хд байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 18-19 тал/,

Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Би 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр манай найз Э манай ах байгаа машин угаалгъя гэж хэлээд Кроун авто угаалгаруу явсан. Тухайн үед миний машинд Э, А, С бид дөрөв явж байсан. Бид нар Кроун угаалгын гадна очиж Э түрүүлээд машинаас бууж угаалга руу явсан. Түүний дараа С бие засахаар угаалгын баруун талаар нь тойроод угаалгын ард байдаг машинтай хашаа руу яваад өгсөн. Удаагүй Э угаалганаас гарч ирээд авто угаалга очертой байна, орой ирээд угаалгачих гэж А ах хэлж байна гэж хэлсэн. Удалгүй С нөгөө хашаанаас гарч ирээд намайг дуудахаар нь би машинаас бууж уулзахад А ахын гэрээс Самсунг Эс 6 загварын гар утас хулгайлчихлаа гэж надад хэлсэн. Би тухайн үед Сд чи наад утсаа буцааж тавь болохгүй утас авсан болхоо Эд хэлээрээ гэхэд С би өөрөө мэдэж байна. Чи битгий хэл гэж хэлсэн. Тэгээд машинд суухад С янз бүрийн зүйл хэлээгүй. Бид нар тухайн авто угаалгаас хөдөлж Тэс арвижих дэлгүүрийн ойролцоо байх Сын найз Б гэх эмэгтэй хүний гэрт очсон. Тэнд бид дөрөв хоол идсэн. Тэгээд хоол идэж байхад С А ахын гэрээс хулгайлсан утсаа гаргаж ирээд олж авсан утсаа зармаар байна гэхэд А манай ээж утас авмаар байна гэж хэлж байсан. Тэгээд бид дөрөв Аын ээжид 100000 /нэг зуун мянга/-н төгрөгөөр зарсан. Аын ээж бэлэн 100000 төгрөг Сд өгсөн" гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 20-21 тал/,

Гэрч Ц.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Би гэрийн урд байдаг өөрийн CROWN авто угаалгын газарт угаагчид болох М, Г, Б нартай хамт машин угаалга хийгээд байж байтал 12 цагийн үед зүс таних Э гэх залуу машин угаалгахаар надтай ярьсан. Би тухайн үед очер ихтэй байсан тул орой 17 цагийн үед хүрээд ир гэсэн бөгөөд Э машинаа угаалгаад гараад яваад өгсөн. Тэгээд байж байтал Г гэх манайд ажилладаг залуу А ах танай гэрт байсан миний гар утас байхгүй байна гэж хэлсэн. Би гэр лүү орж Гын утас тавьсан гэх орон дээр очиж харахад гар утас байхгүй байсан" гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 22-23 тал/,

Гэрч Э.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “С гар утасны талаар юм яриагүй ба Бынд ирсэн байхдаа намайг гар утас цэнэглэж байтал гар утас цэнэглэчих гээд Самсунг S6 загварын гар утас өгсөнийг нь би цэнэглэсэн. С тэр утсыг оролдоод ноолоод суугаад байсан. Тухайн гар утас хар хөх өнгөтэй байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 26 тал /,

Шүүгдэгч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Кроун авто угаалгын газрын эзний байр угаалгын газрын хашаанд байдаг А гэх айлын байшинд нь ороход хүн байгаагүй. Орон дээр Самсунг Эс-6 загварын гар утсыг цэнэглээд орхисон байсныг хараад уг гар утсыг аваад гарсан. Э ирээд очер ихтэй байна орой машин цөөрөхөөр ир гэж байна гэсэн. Би Быг дуудаж уулзаад би Агийн гэрээс гар утас хулгайлчихлаа гээд гар утасыг үзүүлэхэд “Чи ямар юм хийж байгаа юм бэ чи наад утасаа буцааж оруулж тавь дараа нь бид нарт наадах чинь гай болно” гэж хэлсэн. Бид хэд Бын гэрт очоод хоол хийж идээд тэр зуур би тэр утасыг базаж бүх файлыг устгачихаад дараа нь Эд би өчигдөр шээж байгаад эргээд хартал газарт ийм гар утас байсан байна олж авлаа гэж хэлэхэд А манай ээж гар утас авах гэж байгаа гэхээр нь 100.000 төгрөгөөр Аын ээжид зарсан юм” гэх мэдүүлгүүдээр нотлогдсон байна.

Увс Финанс-Аудит ХХК-ийн 2019 оны 4 дүгээ сарын 05-ны өдрийн 126 дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.Гын хулгайд алдсан самсунг-S6 загварын гар утас 201.250 төгрөг, гар утасны гэр 5000 төгрөг, нийт 206.250 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Д.С нь иргэн Ц.Агийн байнга амьдардаг гэр /байшин/-т зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орон насанд хүрээгүй хохирогч Б.Гын гар утсын хууль бусаар эд зүйлс авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Сын гэм буруутай үйлдлийн улмаас 206.250 / төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна.

Насанд хүрээгүй хохирогч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд “Би гар утсаа буцааж авсан тул одоо надад нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй”, иргэний нэхэмжпэгч О.Х “Хохирлын мөнгө болох 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг Сын аав Д гэх хүн надад 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр миний ХААН банкны 5819027619 дугаарын данс руу шилжүүлж хохирол барагдуулсан. Одоо надад Соос нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тус тус мэдүүлснийг үнэлээд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэв.

- 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын Б52 тоотод иргэн П.Огийн эзэмшлийн гар утсыг ашиглан түүний мобайл банкнаас нь 600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан болох нь А.Эы ХААН банкны 5820140176 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн I хавтасны 93 тал/, хохирогч П.Огийн ХААН банкны 5031937632 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн I хавтасны 94 тал/,

Хохирогч П.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сын найз охиныг таксигаар гэрт нь хүргэчихээд буцаад гэртээ ирэхэд таксины мөнгө 20000 төгрөг гарсан байсан. Надад бэлэн мөнгө байгаагүй тэгээд Сд хэлээд миний утаснаас мобайлдчих гээд 20.000 мобайлдаж таксины жолоочид өгсөн. Тэгээд С бид хоёр манай гэр рүү орсон би гэртээ ороод унтаад өгсөн. Харин С миний гар утсаар фейсбүүк орно гэж хэлээд утас аваад үлдсэн. Маргааш өглөө нь 7 цагийн орчимд сэрэхэд С байхгүй явчихсан байсан. Би мобайлаар орж дансан дахь мөнгөө шалгахад миний дансанд байсан 600.000 төгрөг байхгүй болчихсон байсан. Тэгээд би фейсбүүк рүү ороод хартал С чатанд байж байсан. Би яагаад мөнгөө аваад явчихсан юм бэ гэж асуухад 2 хоногийн дараа эргүүлээд өгнө гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш мөнгө өгөхгүй зугатаагаад байгаа юм. Миний данснаас мөнгө авах талаар надад юу ч хэлж яриагүй шууд мобайлаар авчихсан байсан. Миний данснаас 600.000 төгрөг алдагдсан. нийт 860000 /найман зуун жаран мянга/-н төгрөгийн Сын аав нь гэх хүн надтай холбогдоод өөр хүний данснаас миний данс руу шилжүүлж хохирлыг барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл бахгүй гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 88, 90 тал, III хавтасны 3 тал/,

Гэрч А.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Тухайн өдөр С над руу фейсбүүк хаягаар чат бичиж ХААН банкны виза карт чинь байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би байгаа гэж хариулсан. Тэгээд надад дансны дугаараа өг гэж хэлсэн. Би өөрийнхөө ХААН банкны 5820140176 дугаарын дансыг явуулсан. Удалгүй миний данс руу 600.000 төгрөг орж ирсэн. С над руу залгаад 600.000 төгрөг хийчихлээ би одоо очоод авна шүү гэж хэлсэн. Стой уулзаж 600.000 төгрөгийг АТМ-ээс авч өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 92 тал/,

Шүүгдэгч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би П.Огийн эзэмшилийн гар утсыг ашиглан түүний мобайл банкны данснаас 600.000 төгрөг авсан." гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон байна. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Д.С нь хохирогч П.Огийн гар утсыг ашиглах явцдаа түүнд мэдэгдэхгүйгээр, нууцаар данснаас нь 600.000 төгрөг өөр данс руу шилжүүлж авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Д.Сын хулгайлсан 600.000 төгрөг нь “бага хэмжээний хохирол”-оос илүү байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Д.С нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 3-7 тоот хашаанд байх иргэн Ц.Агийн гэрээс хохирогч Б.Гын Самсунг-Эс 6 загварын гар утсыг хулгайлж 206250 /хоёр зуун зургаан мянган хоёр зуун тавь/ төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын Б52 тоотод иргэн П.Огийн эзэмшлийн гар утсыг ашиглан түүний мобайл банкнаас нь 600.000 төгрөгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжтэй байх бөгөөд прокуророос шүүгдэгчийн 2 үйлдлийн аль хүндээр зүйлчлэх гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэж, хөнгөн хэргийг нэгтгэж, хүнд зүйлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

II. Шүүгдэгч Д.Сыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Боловсролын их сургуулийн урд талын асфалтан замд дээр хохирогч Э.Тын Айфон-6 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 289000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн I хавтасны 117-118 тал/,

Хохирогч Э.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн үед өөрийн найз Аюуштай уулзахаар болоод Багшийн дээд дээр ирээд найзтайгаа уулзаж явж байгаад өмнө нь таньдаг байсан С гэдэг залуутай тааралдаад түүнтэй хамт бид гурав Төгөлдөр төвөөс хойш явж байгаад 10 дугаар байрны доор билльярд тоглоод дуусаад С бид хоёр багшийн дээдийн урд талын автобусны буудал дээр хамт ирсэн. Тэр үед С нь намайг гар утсаараа нэг яриулаач хүүхэдтэй уулзах гэсэн юм аа гэж гуйсан. Би тэр үед өөрийн Айфон-6 загварын гар утсаа Сд өгөөд дэлгүүр ороод ундаа аваад гараад ирсэн чинь С нь байхгүй болсон байсан ба өөрийнхөө гар утас руу залгасан чинь миний гар утас холбогдохгүй байсан. Уг гар утсыг Соос буцаан авсан. Надад учирсан хохирлыг барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 120 тал, III хавтасны 4 тал/,

Дамно ХХК-ны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “тус үнэлэгдэж буйхөрөнгийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 289.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 125-126 тал/,

Д.С нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-941 тоотод иргэн Э.Сгийн эзэмшлийн 145.000 /нэг зуун дөчин таван мянга/ төгрөгний үнэлгээ бүхий Самсунг Нөүт-4 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь Хохирогч Э.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн орчимд С нь миний гар утсыг өгч бай гээд ярьж байснаа гарч яваад тэр чигтээ алга болоод миний гар утсыг буцааж өгөөгүй тул би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Гар утсаа олж авмаар байна. Уг гар утасны төлбөрт 145.000 / нэг зуун дөчин таван мянга/ төгрөгийг Сын аав нь надад төлж барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 65, 66 тал, III хавтасны 5 тал/,

Дамно ХХК-ны 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “тус үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 145.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /хх-ийн II хавтасны 71-72 тал/,

Шүүгдэгч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Сгийн гар утсыг авсанаа хүлээн зөвшөөрч байна. Тын гар утсыг авсанаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр тогтоодсон байна. Прокуророос шүүгдэгч Д.Сын дээрх үйлдлүүдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 /дээрэмдэх гэмт хэрэг/ дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг нь өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг залилах гэмт хэрэг гэнэ. Шүүгдэгч Д.С нь хохирогч нартай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авч ашигласан гэж үзнэ.

Учир нь шүүгдэгч Д.С нь тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогч Э.Сгийн гэрт амьдарч байсан бөгөөд хохирогч Э.С нь шүүгдэгчтэй хамт амьдарч байгаагийн хувьд өөрийнхөн гар утсыг авахгүй /алга болгохгүй/ гэсэн баттай итгэл үнэмшилтэйгээр шүүгдэгч Д.Сд өгсөн, Хохирогч Э.Тын хувьд шүүгдэгч Д.Стой найз нөхдийн холбоотой тухайн гэмт хэрэг үйлдэгдэх өдөр хамтаа биллярд тоглоод явж байхдаа өөрийнхөн гар утсыг авч явахгүй /зугатаахгүй/ гэсэн баттай итгэл үнэмшилтэйгээр шүүгдэгч Д.Сд өгсөн нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлд үндэслэсэн хохирогч, шүүгдэгч нарын хооронд бий болсон сэтгэхүйн харилцаа юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт ийм сэтгэхүйн харилцаа бий болоогүй байдаг. Залилан авах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд шүүгдэгч Д.С нь хохирогч нарын гар утсыг авснаар энэ гэмт хэрэг төгссөн байна.

Иймд прокуроррос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн дээрх хоёр үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Тын “Д.Соос гар утсаа буцаан авсан. Надад учирсан хохирлыг барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй”, хохирогч Э.С “Миний гар утасны үнэ 145.000 төгрөгийг Сын аав нь надад төлж барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг арилгасан гэж дүгнэв.

III. Шүүгдэгч Д.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

2019 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Өгөөж төвийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Бг зодсон болох нь: Хохирогч Ц.Бгийн төрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр найз Аын хамт нэгдүгээр арван жилийн хөл бөмбөгийн талбай дээр 18 цагаас 21 цаг хүртэл хөл бөмбөг тоглоод дуусчихаад, найз А, Х хоёртой хамт явж байтал Хгийн найз гээд хоёр залуу ирсэн тэгээд бид тав машинтай тээврийн хороонд А шинэ нэрийг нь мэдэхгүй гэх бид нартай хамт явсан ахын гэрийн гадна нэг шил архи ах тавуулаа хувааж уучихаад байж байтал Хгийн аавын бие муудлаа гээд гэрт нь аваачиж буулгачихаад дахиад бид хэд 750 гр архи аваад өгөөж төвийн кароаке орж нэг цаг аваад дөрвүүлээ хувааж уугаад дуулж байтал А өрөөнөөсөө гарч орж гүйгээд байсан. Тэгээд би дуулж байгаад өөрөөнөөс гараад ноль орох гээд явж байтал манай доод талд төгссөн С гэх залуу надтай таарарлдаад юм ярьж байгаад А манай өрөөрүү орж гараад гүйгээд байна та битгий манай өрөө рүү ор гэж хэлээд өгөөч гэсэн би гарч тэд нарыг хайгаад гадна гартал А караоке-ны гадна Стой хамт явсан Г Өөр бас нэг гурван залуутай маргалдсан зогссон. Тэгээд би тэд нарлуу очиж явтал Г гэх залуу Атай маргалдаж байгаад гэнэт Аыг гараар нь хацарлуу нь алагдаж газар унагаагаад дээрээс нь хөлөөрөө толгойруу нь дэвсэх шиг болсон. Ад толгойгоо гараараа хаах шиг болсон. Тэгэхээр нь би тэд нарт хандаж залуучууд болилдоо, яахаараа та нар ах нараа зоддог юм гээд яваад очиж байтал урдаас С надруу гарч ирээд зүгээр байгаач Б ах нааш хүрээд ир гэж хэлээд миний цамцны энгэрээс баруун гараараа татах шиг болоод С намайг үүрээд дэлгүүрийн урд талын шатны өнцөгт цементэн дэээр шидэхэд би унахдаа зүүн гарын тохойгоороо тулж унаад босоод иртэл миний зүүн гарын бугалгын орчимоор яс нь хугарч тэгж байтал эрүүгийн хоёр цагдаа хүрээд ирээд нөгөө тавыг аваад явсан ба А бид хоёр эмнэлэгрүү явсан юм. С бид хоёрын хооронд өс хонзонгын асуудал байхгүй ямар учраас зодсоныг нь мэдээгүй. Сгоос өөр хүн надыг зодоогүй. Аыг Гээсээс өөр хүн зодоогүй байх. С намайг зодож байхад миний хажууд А, Стой хамт явсан Г мөн танихгүй 3 залуу, мөн өгөөж кароакейд ажилдаг А гээд охин хараад зогсож байсан. ...Надад гаргаж өгөх ямар нэгэн хохирлын баримт байхгүй. Сд гомдол тэмцэл байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Улаанбаатар хот явж эмчлүүлж ирсэн зардал аймгийн төвд эмчлүүлсэн зардал нийт 553.010 төгрөгний 24 ширхэг баримт байгаа. Түүн дээр энэ хугацаанд ажиллах байсан сар бүр авах 500.000 төгрөгний цалинг нэхэмжилж байна. Д.С нь надад учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй болно. Цаашид хугарсан гарыг эмчлуулэхтэй холбоотой гарах зардлыг бас нэхэмжилж байна" гэх мэдүүлэг / хх-ийн II хавтасны 13-17 тал, III хавтасны 8 тал/,

Гэрч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Би С, Б гэх хоёр хүнийг танина манай дээд талын төгсөлтийн ах нар юм. Би 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Улаангом сумын 12 дугаар багт байрлах Өгөөж караокед барменаар ажилд орсон. Тэгтэл 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр караокед ажиллаж байтал, орой 22 цаг өнгөрч байтал Г, Ж гэх миний танил 3 нь залуу хажуудаа миний танихгүй 2 залуутай манай Өгөөж караокед 2 цаг аваад 5 номерийн өрөөнд орсон юм. 20 орчим минутын дараа Б, А түүний хажууд миний танихгүй хоёр залуу дагуулчихсан 4-үүлээ орж ирээд 6 номерийн тэгж байтал А гэх залуу Сгийн өрөөнд ороод Сг дуудаад уулзмаар байна гэхэд цаан нь байсан Г гэх залуу бид нар дуулмаар байна хаалгаа хаачих пиздаа минь гэж хоорондоо маргалдаад, түүнээс болоод А, Г нар хоорондоо маргалдаад тэгж байтал 5 номерийн өрөөнд байсан 5 залуу Аыг дагуулаад гарсан. Тэгээд Б ах гарч ирээд А ахыг хайгаад гарсан. Би араас нь гартал нөгөө 5 номерийн 5 нь залуу А гэх залуу дээр томроод байж байсан ба Б ах Аыг нөгөө таваас салгах гэтэл гэнэт Аыг Г гэх залуу алгадаж газар дээр унагаачихсан тэгж байтал С Б ахтай юм ярьж байгаад дагуулаад захын тийш буюу манай камерны доод талд очоод Б ахыг өргөөд ч юмуу эсхүл үүрээд ч юм уу цемэнтэн дээр шидчих шиг болсон Б ахын толгойноос цус гараад гар нь хугарчихсан зүүн гар нь санжигнаад босоод ирсэн С Б ахын гарыг хугалчихдаа гээд орилоод байсан тэгж байгаад С нөгөө хамт явсан 4 найзтайгаа нэг машинд суугаад явсан ба би Б ах А нартай хамт 103 дээр очоод өвчин намдаах хийлгэж аваад үздэг эмч байхгүй учир маргааш үзүүлэхээр болоод Б, С ах нар яваад өгсөн юм. Б А нар С болон түүний найзуудыг зодсон зүйл байхгүй. Харин Б С нар хоорондоо нэг удаа үсдэлцээд авсанаас өөр юм болоогүй юм." гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 18-19 тал/,

Гэрч Г.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Би найз Б, Х нарын хамт 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хамт хөл бөмбөгийн талбай дээр бэлтгэл хийж байтал Хгийн найз нар нь бид нарыг ирж аваад тээврийн хороонд нэг шил Болор архийг Хгийн хоёр найзтай бид 5 хувааж уугаад тэгж байтал Х гэрлүүгээ хүргүүлсэн. Тэгж байтал Б бид 4 Өгөөж караокед 6 номерийн өрөөнд орсон юм. Тэгээд тэндээ С гэх манай доод талын төгсөлтийг залуутай тааралдаад уулзаж юм яримаар байна гэхээр нь би жаахан байж байгаад уулзъя гэсэн тэгээд би жаахан байж байгаад Сгийн өрөөрүү дуудахаар очтол Г гэх залуу хаалга онгойлж яваад байна гээд түүнээс болж маргалдаад үүдэн дээр гараад зогсож байтал гэнэт Г надыг алгадаж унагаагаад миний баруун гаран дээр нэг удаа хөлөөрөө дэвссэн тухайн үед Б гарч ирээд намайг өмөөрөөд юм хэлж байтал С Бг захын тийш дагуулаад явсан тэгж байгаад С Бг үүрээд шидтэл Б Өгөөж төвийн урд талын цементэн талбай дээр унахдаа гараа гэмтээгээд босож ирсэн тэгээд гар гар гээд орилоод байсан ба тухайн үед цагдаа нар ирээд С, Г нарыг аваад явсан. Харин Б бид хоёр Өгөөжийн баримен охинтой цуг эмнэлэг рүү явсан. Б Сгоор зодуулахаас өмнө гар нь бэртэж гэмтээгүй зүгээр байсан..." гэх мэдүүлэг/ххийн II хавтасны 20-21 тал/,

Гэрч А.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр миний төрсөн өдөр болоод би Улаангом суманд өөрийн эзэмшилийн Прадои загварын цагаан өнгийн машинтай орж ирсэн. Тэгээд өдөр зах дээр явж байтал манай найз С над руу залгаад бид хоёр захын ойролцоо уулзаад найз Жамсранг дуудаанд Өгөөж караокед орсон. С бас хоёр дүүгээ бас дуудсан бөгөөд түүний найз гэх А гэх залуу орж гарч гүйгээд уур амьсгал эвдээд байсан. А орж ирээд над дээр томроод байхаар нь би нэг алгадаад унагасан. Тэр үед Атай хамт явсан Б гэх залуу ирээд найзыг зодлоо гээд бид нар дээр ирээд хэрүүл хийсэн. Тэгтэл Б С нар маргалдаад эхэлсэн тэгээд маргалдаж байгаад барьцалдаад ноцолдож байгаад гэнэт С Бг үүрээд шидчихсэн. Тэгээд Б гар гээд орилоод босоод ирсэн ба Б унахдаа гар нь хугарчихсан байсан. С намайг өмөөрч Бтэй маргалдаж байгаад Бг үүрч шидээд гарыг нь хугалчихсан юм" гэх мэдүүлэг /ххийн II хавтасны 22-23 тал/,

Гэрч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бгийн хамарнаас цус гарсан, хувцас нь шороо, цус болсон байсан. Тэр хэлэхдээ С намайг үүрч шидээд миний гарыг хугалчихлаа гэсэн.”гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 24 тал /,

Гэрч О.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С А бид хоёрыг хараад цааш эргээд зугатаасан. Б хэлэхдээ С намайг үүрч шидээд миний гарыг хугалчихлаа гэсэн.”гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 25 тал /,

Шүүгдэгч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би энэ хэргийг үйлдсэн нь үнэн. Б ахтай уулзаад зогсож байгаад найзуудаа өмөөрч маргалдаад барьцалдаж байгаад Өгөөж төвийн урьд талын цементэн талбай дээр Б ахыг барьж аваад харцагадаж барьж аваад тэвэрч мордоод унагаахад Б ах босож ирэхдээ зүүн гар нь хугарчихсан босоод ирсэн юм" гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Хохирогч Ц.Бгийн биед зүүн гарын бугалга ясны зөрүүтэй хугарал, духны дээд хэсгийн хуйханд, зулгаралт зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Ц.Бгийн биед учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Бгийн биед үүссэн дээр х гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө” гэх 491 дугаартай дүгнэлт /хх-ийн II хавтасны 30 тал/-ээр хохирогч Ц.Бгийн биед учирсан гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.С энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж гар, нүүр орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.Бхүүгийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Б нь 3.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч хэрэгт 530.220 төгрөгийн хор уршиг учирсан талаарх нотлох баримтууд авагдсан байх бөгөөд шүүгдэгч Д.С 530.220 төгрөгийн хохирлыг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас завсарлага авч нөхөн төлсөн байна. Хохирогч Ц.Б нь цаашид эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болох нь түүний амбулаториор эмчлүүлэгчийн карт, өвчний түүхэээр тогтоогдож байгаа тул 2.469.780 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч 530.220 төгрөгөөс давсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

IV. Шүүгдэгч Д.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, зүүн тасганы 2 дугаар гудамжны 15 тоотод М.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодсон болох нь

Хохирогч М.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би найз охин Бгийн хамтаар Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Зүүн тасган 2-15 тоот нийтийн байрны 7 тоотод 1 сарын өмнөөс амьдарч эхэлсэн. 2019 оны 3 дугаар сарын 09- нээс 10-нд шилжих шөнө 03 цагийн үед хажуу өрөөний С манай гэр рүү орж ирсэн. Тэгэхээр нь би та нар ч гэсэн уудаг л биз дээ би та нарыг ууж идээд орилхоор чимээгүй л байдаг биз дээ гэж хэлсэн чинь шууд миний хацар руу гараараа алгадаад би газар унасан. Тэгээд эргээд босох гэтэл миний толгой хэсэг рүү хөлөөрөө 2-3 өшиглөөд дэвссэн. Тэгээд би босоод зогсож байсан чинь дахиад миний уруул хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон. Тэр үед миний дээд талын үүдэн 2 шүд хугарсан. Миний нүүр рүү алгадаад газар унасаны дараа толгой руу хөлөөрөө дэвссэн. Ингээд босоол ирсний дараа гараа атгаж байгаад миний уруул хэсэг рүү цохисон. 1 шүд унаж, 1 шүд хөдөлгөөнд орсон ба мөнгө төгрөгний боломжгүйгээс шүдээ хийлгэж, янзлуулж чадаагүй учраас Соос мөнгө авч шүдээ хийлгэх бодолтой байна. 1 шүд хийлгэх үнэ өртөгийг судлахад 1400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг гэж байсан Хөдөлсөн шүд маань унах гэж байгаа учир авхуулж хаяад шүд хийлгэнэ. Тиймээс би Соос 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 165-166 тал, III хавтасны 6-7 тал/,

Шүүгдэгч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө 2-3 цагийн орчимд гэртээ унтаж байтал хажуу талын өрөөнд Г согтуу орилж хашгираад байхаар нь Гын гэрт нь ороод болиочээ, хүн унтаж амармаар байна ш дээ гэсэн. Гэтэл тэр та нар ч гэсэн ингэдэг ш дээ гээд бид хоёр маргалдаж байгаад би Гын шанаа руу нь цохиход газар унасан ба унахаар нь шанаа орчим нь нүцгэн хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Тэгээд босч ирэхээр нь гараараа ам хэсэгт нь цохичихсон. Тухайн үед ямар ч байсан нэг шүд нь уначихсан юм. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг миний бие учруулсан нь үнэн. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “М.Г-н биед үүдэн зүүн дээд 1,2-р шүдний булгарал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хоёр шүдний булгарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх 3312 дугаартай дүгнэлт /хх-ийн I хавтасны 170-171 тал/-ээр хохирогч М.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Сын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл, М.Гын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч М.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 2.800.000 төгрөг нэхэмжилсэн боловч уг хор уршгийг нотолсон баримт авагдаагүй, цаашид 2 ширхэг шүд хийлгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал тогтоогдсон тул 2.800.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

II. Шүүгдэгч Д.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.С нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Сын хувийн зан байдал болон амьдралынх нь талаар гэрч Р.Оийн өгсөн: “С нь багаасаа зөөлөн дөлгөөн зантай, хүнд тусархуу, зан ааш сайтай залуу байсан. Гэтэл Улаангомд орж ирээд буруу хүн дагаад ааш зан нь эвдэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 26 тал/ хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Д.С нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэх тэмдэглэл /хх-ийн I хавтасны 179 тал/-ээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Сд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 2-т “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж болно”, 2.2-т “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нэмж нэгтгэнэ” гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус гэмт хэрэгт оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг хэмжээг тогтоов.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Сын нь энэ хэрэгт цагдан хоригдсон 114 /нэг зуун арван дөрөв/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг , 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Сд холбогдох 1935001260070 дугаартай эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Т овогт Дгийн Сыг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

-Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

3. Шүүгдэгч Д.Сд Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жил хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 50 хоног хорих, Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 40 хоног хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил сар ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Сд оногдуулсан 3 жил 3 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Сын энэ хэрэгт цагдан хоригдсон 114 /нэг зуун арван дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Д.С нь хохирогч Ц.Бд 530.220 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ц.Бгийн 2.469.780 төгрөгийн, хохирогч М.Гын 2.800.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Сд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.ГАНСҮХ