Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/412

 

 

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Ц.Сайнзаяа, 

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт М-ын Бт холбогдох эрүүгийн ***************тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

**************************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 20-р байрны 5-р орцны 50 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хохирогч Д.Ундрамтай маргалдан, улмаар түүнийг зодож, биед нь баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, хүзүү баруун шуу, хэвлийд цус хуралт, хуйх, эрүү, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,

2. Хохирогч Д.У-ын:

“...2022 оны 02 дугаар сарын 13-ны орой ажлаа тарчхаад 21 цагийн үед Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нөхрийн найз болох О, Э нарын гэрт очсон. ...нөхөр маань өдөржин архи уусан учраас сүүлдээ бүүр тасраад сонин сонин юм ярьж байгаад шөнө 03 цагийн үед коридорт миний баруун шанаа, хамар зэрэг рүү хавсарч нэг удаа зүүн гараа атгаж байгаад цохисон. Тэгэхэд миний хамраас цус гараад эхэлтэл шууд үсдэж дараад, гэдэс, хүзүү, гар, эрүү зэрэг газар руу гараараа маш олон удаа үргэлжилсэн байдлаар цохисон. Тэгж байгаад өөрөө хэсэг хугацааны дараа больсон. Ингээд би шууд төрсөн ах Б-ийг утсаар дуудаж ирүүлээд нөхрийгөө үлдээгээд гэр рүүгээ харьсан. ...Удалгүй араас нөхөр маань хүрээд ирэхээр нь би өмнө болсон зүйлтэй нь холбож бага зэрэг загнатал аав айгаад цагдаад дуудлага өгчихсөн байсан. Харин нөхөр маань өөдөөс ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр надаас уучлалт гуйсан учраас бид 2 эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-25 дахь тал/,

3. Хохирогч Д.У-ын дахин өгсөн:

“...Би нөхөр М.Б-тай 2010 оны сүүлээр танилцаж, үерхэж байгаад 2011 оны хавраас нэг гэрт орж хамт амьдарцгаасан. Гэрлэлтийн баталгаагүй бөгөөд бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Том нь 10 настай эрэгтэй, бага нь 6 настай эмэгтэй, манай хоёр хүүхэд манай нөхөр Баар овоглож явдаг. 2015 онд манай охиныг 1 настай байх үед манай нөхөр М.Б болон бид хоёрын хооронд гэр бүлийн маргаанаас болоод хадам ээж, нөхөр бид гурвын дунд маргаан болж байсан бөгөөд намайг яв гээд байхаар нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэхээр гадна нь оччихоод буцчихсан юм. Тэрнээс биш цагдаагийн байгууллагад гомдол, санал гаргаж байгаагүй. ...Анх удаагаа миний биед халдсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

4. Иргэний нэхэмжлэгч Н.М-ийн:

“...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй, төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа тул эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. ...хохирогч Д.У нь 2022 оны 02 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 150.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч М.Баас гаргуулж, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Төрийн сан дахь 100200590003 дугаарын дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 69-71 дэх тал/,

5. Гэрч О.Э-ы:

“...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөр ёсыг дагаж намайг гуйх ёслолын өдөр тохиосон юм. Тэр үеэр нөхөр маань найз Быгаа оролцуулсан. Ингээд өдөржин гадуур явж байгаад үдээс хойш Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байх 20-р байрны 5-р орцны 50 тоотод гэртээ ирцгээсэн. ...орой 21 цагийн үед У ажлаа тараад манай гэрт ирсэн. ...хүмүүс явцгааж Б, У, О бид 4 үлдэж ойр зуурын зүйл ярилцаж архи ууцгаасан. Гэтэл тэр үеэр Б өмнө нь өөр хүүхэнтэй эхнэрийгээ хуурч байсан талаараа ярьж эхэлсэн. Тэгээд удалгүй тэр 2 хэрэлдээд сүүлдээ коридорт зодолдож эхэлсэн... Дундуур нь би салгах гэж оролдсон боловч дийлэхгүй байхаар нь хаячихсан... Ямар ч байсан эхлээд Б У-ыг цохиод явсан. Тэгсэн Ундрамын хамраас цус гараад эхэлсэн. Тэгээд ноцолдоод зууралдацгаагаад байсан. Яг үргэлжилсэн өрнөлийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Манай нөхөр байхын хувьд байсан. Гэхдээ өдөржин архиар шахуулсан учраас сүүлдээ бүүр тасраад унтчихсан байсан болохоор юу болж байгааг мэдээгүй байх...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-33 дахь тал/,

6. Гэрч Г.Д-гийн:

“...М.Б нь манай бага охин Д.У-ын нөхөр нь байгаа юм. ...орой нь буюу 13-наас 14-нд шилжих шөнө гаднаас хоорондоо маргалдаж муудалцсан байдалтай орж ирсэн. Тэгээд манай охин Ундрам нь надад хандаж “Би Бт зодуулчихлаа” гэж хэлэх үед нь хүүхдүүд нь уйлалдаад, Б нь бас халамцуу байсан болохоор миний хэлсэн үгийг авахгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Б болохоор У-д загнуулаад л, цохиулаад л байсан... хоорондоо маргалдаад үг авахгүй болохоор нь цагдаа дуудсан. Гэр дотор бол М.Б нь Ундрамын биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

7. М.Б, Д.У нарын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

8. Нийслэлийн Баянгол дүүргийн 2-р хорооны засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 39 дэх тал/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2483 дугаартай:

 “...Д.У-ын биед баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, хүзүү баруун шуу, хэвлийд цус хуралт, хуйх, эрүү, баруун шууны зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

10. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 22- ны өдрийн 04/1719 дугаартай:

“...Д.У-ын Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан зардлын төлбөрийн мэдээлэл...” албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

11. М.Б-ын Баянгол дүүргийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 100200590003 дугаарын дансанд 150.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 68-дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч М.Б нь хохирогч Д.У-ыг зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч М.Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М.Б нь:

2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 20-р байрны 5-р орцны 50 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хохирогч Д.У-тай маргалдан, улмаар түүнийг зодож, биед нь баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, хүзүү баруун шуу, хэвлийд цус хуралт, хуйх, эрүү, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байна.  Иймд шүүгдэгч М.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч М.Б-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч М.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 134 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч М.Бын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч М.Бын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ***************дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М”ын Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ДАЛАЙХҮҮ