Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул, хохирогчийн өмгөөлөгч Ц.Туяа, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуулаас Б ургийн овогт С-ын Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2235000000059 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт С-ын Г 1997 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын есдүгээр багийн 29-13 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ...........

Холбогдсон хэргийн талаар:

Увс аймгийн Улаангом сумын есдүгээр багийн нутагт 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч С.Г, хохирогч Д.Б нар нь архидан согтуурах явцдаа шүүгдэгч үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000059 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

- Д.Б-г хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

- Д.Б-гөөс хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 6-7, 9 дүгээр хуудас),

- М.Э-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

- Б.Наас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 295 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 94-98 дугаар хуудас),

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 110 дугаар хуудас),

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас),

- Хохирлын тооцоо гаргасан мөрдөгчийн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 175 дугаар хуудас),

Хохирогчийн өмгөөлөгч: - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 295 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 94-98 дугаар хуудас),

- Хохирлын тооцоо гаргасан мөрдөгчийн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 175 дугаар хуудас),

- Эд зүйл үнэлсэн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 111 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 115 дугаар хуудас),

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Хохирлын тооцоо гаргасан мөрдөгчийн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 175 дугаар хуудас),

- Г.М-ээс гэрчээр дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

- С.Г-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г “2022 оны 02 дугаар сарын 23-нд байх Д.Б, Б.Н хоёр нэг шил архи барьчихсан “чамтай ууна” гээд манайд ирсэн. Тэр архийг уугаад Б.Н манайд унтаад, Д.Б гараад явсан. Өглөө нь Д.Б согтуу орж ирээд “нэг юм уумаар байна, ахдаа нэг шил юм аваад өгөөч” гэж хэлэхээр нь би дэлгүүр дагуулж ороод нэг шил архи авч ирээд Б.Н бид гурав манайд хувааж уусан. Тэгж байтал М.Э гэх залуу орж ирсэн. Д.Б гараад дахин нэг шил архи, нэг пиво авч ирснийг уучхаад би зах гараад гадуур явж байгаад ирсэн. Гэрт ирэхэд М.Э, Б.Н тэр гурав нэг пиво уусан байсан. Д.Б “би автомашинтай байгаа, та нарыг Буцалдагийн рашаан руу авч явмаар байна” гэж хэлэхээр нь “одоо согтуу байж автомашин барьж болохгүй, маргааш нөгөөдрөөс болъё” гэж хэлээд Б.Н бид хоёр тамхи татахаар гарсан. Гадаа бид хоёр тамхи татаад зогсож байтал Д.Б гарч ирэхээр нь “яах гэж байгаа юм” гэж асуухад “би яваад автомашинаа аваад ирье, Буцалдаг явъя” гэхээр нь “хэрэггүй ах, согтуу байж автомашины хэрэг байхгүй, одоо орж унтаж амар” гээд оруулаад орон дээр суулгасан. Хажууд суусан М.Э гэх залуу “наадах чинь уг нь чиний нугасанд хутга шаана гээд гарсан ш дээ, чи яагаад өргөж оруулж ирж байгаа юм” гэж хэлсэн. Тэр асуудлаас болоод анх маргаан үүссэн. Би “та яахаараа миний нугасанд хутга шаадаг юм бэ” гэж асуухад “би угаасаа чамайг шаадаг л” гэж хэлсэн. Тэрнээс болоод би маргалдаад цохисон. Зодсон нь миний буруу” гэх мэдүүлэг өгчээ.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хохирогч Д.Бн мөрдөн байцаалтын шатанд “2022 оны 02 дугаар сарын 22-ны орой Улаангом сумын 10 дугаар багт байдаг С.Г гэх айлд 0.75 литрийн хэмжээтэй нэг шил Ерөөл гэх архи авч очоод С.Г, Б.Н бид гурав уусан. ...2022 оны 02 дугаар сарын 23-ны 11:00 цагт С.Гынд очоод С.Г, Б.Н бид гурав тэднийхээс гарч дэлгүүрээс 0.5 литрийн архи, 2 литрийн Нийслэл гэх пиво авчхаад буцаж тэднийд ороод шараа тайлахаар уусан. Тэгж байтал М.Э гэх зүс таних залуу ирээд бид дөрөв архи, пиво уусан. ...Би нэлээд согтсон учир явах гээд гартал С.Г намайг гаднаас тэвэрч оруулж ирээд орон дээр суулгаад зодсон. Дахиад С.Г намайг зуухны төмөр /халуун/ тагаар баруун нүдний доод хэсэгт нэг удаа цохисон. Гараараа миний биеийн толгой, хүзүү цээж хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас) өгчээ.

Хохирогчийн дээрх мэдүүлэг нь гэрч М.Эын “...Бид дөрөв пиво, архиа ууж дуусгаад байж байтал С.Г, Д.Б хоёр хоорондоо маргалдаад зодолдсон. ...С.Г, Д.Б хоёр гадаа гараад “одоо эвлэрье, зодолдохоо больё” гэж ярилцаж тамхи татаж байгаад гэрт орж ирээд Д.Б “чи яагаад намайг зодоод байна” гэж хэлээд дахиад маргалдаж зодолдсон. Д.Б нь нэг найзын хамт гэрээс гарч яваад ойролцоогоор 20 орчим минутын дараа ганцаараа орж ирсэн. Баруун талын орон дээр сууж байгаад С.Гтай дахин маргалдсан. С.Г гэрийнхээ зуухны доод талд сууж байгаад Д.Б рүү галынхаа пийшингийн таг авч шидсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас)-ээр, гэрч Б.Нын “...Бид дөрөв архиа ууж дуусгаад байж байтал С.Г гэрээс гарчхаад буцаж орж ирээд Д.Б-тэй маргалдаж зодолдсон. ...С.Г нь Д.Бн толгой, цээж орчимд гараараа цохиод байсан. Хэдэн удаа цохисныг нь анзаарч хараагүй, мэдэхгүй байна. ...Маргааш нь Д.Б фейсбүүк мессенжерээр чат бичээд “намайг С.Г гэгч нь зодоод нүд хөхрүүлээд хаячихсан байна” гэж хэлсэн. ...Намайг Д.Бг С.Гын гэрээс аваад гарч байхад С.Гын гэрийн баруун талын орон дээр цус дуссан байдалтай байсан. Д.Б-н биеэс гарч байсан санагдаж байна. Яг хаанаас гарч байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас)-ээр тус тус нотлогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын есдүгээр багийн нутагт шүүгдэгч С.Г, хохирогч Д.Б нар архидан согтуурах явцдаа шүүгдэгч хохирогчийг “миний нугас руу хутга шаана” гэж хэллээ гэж шалтаглан зодсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 295 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 94-98 дугаар хуудас)-ээр хохирогч Д.Бн биед баруун нүдний нулимсны сувгийн тасрал, доод зовхинд няцарсан шарх, ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, алимын салстад цус харвалт, тархи доргилт, дээд уруулд язарсан шарх, хүзүү, цээжинд зулгаралт, доод зүүн 01 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдсон байна. Мөн дээрх гэмтлүүдийг мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой гэж тодорхойлжээ.

Тодруулбал хохирогчийн биед учирсан баруун нүдний нулимсны сувгийн тасрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба дээрх гэмтлүүдийг шүүгдэгч учруулсан байна.

Шүүгдэгч С.Г нь хохирогч Д.Бн эсрэг удаа дараа хүч хэрэглэсэн, гэмтэл учруулах зорилготтой довтолгоо хийж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.  

Шүүгдэгч С.Г-ын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэндэд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 295 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Бн биед учирсан баруун нүдний нулимсны сувгийн тасрал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын ...эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай ... үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй  адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч хохирогчийг зодох явцдаа пийшингийн таг (халуун) шидэж, хохирогчийн өмсөж байсан цэнхэр өнгийн куртикний баруун энгэрт 5х2 см, хормой хэсэгт 13х4 см хэмжээтэй түлсэн, мөн баруун ханцуйнаас хормой хүртэл 49 см, зүүн ханцуй хэсэгт 23 см хэмжээтэй урж дахин ашиглах боломжгүй болгосон нь мөрдөгчийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас)-ээр нотлогдож байна. 2022 оны 3 дугаар 29-ний өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 115 дугаар хуудас)-ээр уг куртикийг 150’000 төгрөгөөр үнэлжээ. Тодруулбал уг гэмт хэргийн улмаас хохирогчийн куртик түлэгдэж, урагдаж, дахин ашиглах боломжгүй болсон тул 150’000 төгрөгийн хор уршиг учирсан гэж үзнэ.

Хохирогч Д.Б 3’358’270 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба баримтаар 2’681’700 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох нь нотлогдож байна. Үүнээс шүүгдэгч С.Г 1’190’250 төгрөгийг нөхөн төлсөн, 1’491’450 төгрөгийг төлөөгүй байна. Харин хохирогчийн нэхэмжлэлээс 676’570 төгрөгийн хохирол хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдоогүй болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Гас 1’491’450 (нэг сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд олгож, нэхэмжлэлээс 676’570 (зургаан зуун далан зургаан мянга таван зуун дал) төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “...Шүүгдэгч С.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй, 50 тооны малтай нөхцөл байдал тогтоогдож байгаа тул түүний хувийн байдлыг харгалзан үзээд торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Г.Мийн “...С.Г нь зан араншингийн хувьд үг дуу цөөтэй, төлөв зантай, ажилсаг, хөдөлмөрч, ямар ч ажлыг хойш нь тавиад байдаггүй, хар бор ажил голоод байдаггүй, ажил олдож л байвал хийж явдаг хүн. Гэр бүлийнхээ хүмүүст янз бүрийн ааш гаргаад байдаггүй, хүнтэй эв зүйтэй харилцдаг, гэр бүлдээ халамжтай. Архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглээд байдаггүй, найз нөхдөөрөө нийлэхээрээ хэрэглэдэг.” гэх (хавтаст хэргийн 25 дугаар хуудас) мэдүүлэг, С.Гын яллагдагчаар өгсөн “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, буруу зүйл хийснээ ойлгож байна” гэх (хавтаст хэргийн 139-140 дүгээр хуудас) мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 159 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа ойлгон ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг удаа дараа зодож хохирогчийн биед баруун нүдний нулимсны сувгийн тасрал, доод зовхинд няцарсан шарх, ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, алимын салстад цус харвалт, тархи доргилт, дээд уруулд язарсан шарх, хүзүү, цээжинд зулгаралт, доод зүүн 01 дүгээр шүдний сулрал зэрэг олон тооны гэмтэл учруулж уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Урьд ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч С.Гд улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн нэг ширхэг пийшингийн төмөр тагийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт С-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ыг Улаангом тохижилт үйлчилгээ ОНҮГ-т 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Гас 1’491’450 (нэг сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д олгож, нэхэмжлэлээс 676’570 (зургаан зуун далан зургаан мянга таван зуун дал) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг цаашид эмчлүүлсэн тохиолдолд зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн нэг ширхэг пийшингийн тагийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА