Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 348

 

 

 

 

 

 

 

 

 

П.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Байгалмаа,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Н.Нарантуяа, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Байгалмаагийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлээр П.Ад холбогдох 1811012520406 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц. овгийн П.ийн А, 1983 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, бетон, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн ....... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

П.А нь 2017 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-615 тоотод амь хохирогч Д.Хгийн толгойн тус газарт төмөр алхаар цохиж, гавал тархины хүнд гэмтэл учруулан, улмаар амь хохирогчийг ухаан алдсан байх үед нь гэмт хэргийн ул мөрөө далдлах зорилгоор Б.Батцэнгэлийн хамт амь хохирогчийг зөөвөрлөж жалганд хаясан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: П.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.Батцэнгэлийг /П.Атай бүлэглэж үйлдсэн гэж/ 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан боловч Б.Батцэнгэл нь зам тээврийн осолд орсны улмаас нас барсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /2хх 119, Зхх 154-155/,

Яллах дүгнэлтэд болон улсын яллагчаас П.А нь хохирогч Д.Хг хүнд гэмтлийн улмаас ухаан алдсан байх үед нь гэмт хэргийн ул мөрөө далдлах зорилгоор Б.Батцэнгэлийн хамт амь хохирогчийг зөөвөрлөж жалганд хаяснаас нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсан гэж дүгнэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. П.Аыг “Хүнийг алах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж шүүхээс дүгнэн зүйлчлэлийг зөвтгөж ирүүлэх нь зүйтэй гэж үзэн П.Ад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Байгалмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 85 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байна. Дээрх захирамжаас үзэхэд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэж дүгнэн яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Аливаа эрүүгийн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараалал, шүүхэд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шүүн таслах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулдаг. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч П.Ад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тус дүүргийн Прокурорын газарт хэргийг буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт талуудын гаргасан хүсэлт гомдол, эсхүл шүүгч өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж болох бөгөөд мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 33.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тохиолдолд хэргийг прокурорт буцаахаар зохицуулсан бөгөөд шүүх уг дарааллыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг тодруулан хуульчилсан байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй юм. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас П.Аыг 2017 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-615 тоотод Д.Хгийн толгойн тус газарт төмөр алхаар цохиж гавал тархины хүнд гэмтэл учруулан, улмаар амь хохирогчийг ухаан алдсан байх үед нь гэмт хэргийн ул мөрөө далдлах зорилгоор Б.Батцэнгэлийн хамт зөөвөрлөж жалганд хаясан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай шүүхийн тогтоолоор П.Аыг “Хүнийг алах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

 

Хэргийн материалыг судлахад, яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын /холбогдсон хэргийн агуулгыг/ талаар тодорхой биш, хэт ерөнхийлсөн, тухайлбал “...Д.Хгийн толгойн тус газарт төмөр алхаар цохиж гавал тархины хүнд гэмтэл учруулан, улмаар амь хохирогчийг ухаан алдсан байх үед нь гэмт хэргийн ул мөрөө далдлах зорилгоор Б.Батцэнгэлийн хамт зөөвөрлөж жалганд хаясан” гэж бичин гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд хэн, хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсны улмаас амь насаа алдсан талаар тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлөх болно.

 

Амь хохирогч хүнд гэмтлийн улмаас, эсхүл осголтын улмаас нас барсан эсэх талаар яллах дүгнэлтэд тодорхой заагаагүй байх тул энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, яллах дүгнэлт үйлдэх шаардлагатай.

 

Иймээс Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалмаагийн үйлдсэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 784 дугаартай яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэд “...Д.Хгийн толгойн тус газарт төмөр алхаар цохиж гавал тархины хүнд гэмтэл учруулан, улмаар амь хохирогчийг ухаан алдсан байх үед нь гэмт хэргийн ул мөрөө далдлах зорилгоор Б.Батцэнгэлийн хамт зөөвөрлөж жалганд хаясан...” гэж хэргийн үйл баримтын талаар тодорхойгүй бичиж, яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр /хэн нь хэдэн удаа, ямар арга хэлбэрээр хохирогчид гэмтэл учруулсан, хохирогчийн амь нас хохироход хэний ямар буруутай үйлдэл байсан гэх/ зэрэг хэргийн нөхцөл байдлын талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байхад анхан шатны шүүх “...П.Аыг “Хүнийг алах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж шүүхээс дүгнэн зүйлчлэх хуулийн зүйлчлэлийг зөвтгөж...” ирүүлэх гэж хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж байна.

 

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 980 дугаартай “...Талийгаач нь амь насанд аюултай гавал тархины хүнд гэмтэл авсны дараа нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсан байх боломжтой байна...” гэх дүгнэлт, яллагдагч П.Аы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Батцэнгэл бид хоёр талийгаачийг өргөж аваачаад жалганд хийсэн...” гэх мэдүүлгээс үзэхэд П.А, Б.Батцэнгэл нарын амь хохирогч Д.Хг жалганд хаясан үйлдэл, Д.Хгийн нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсантай шалтгаант холбоотой эсэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх шинж байгаа эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг гэм буруутай гэж үзэхийн тулд түүний хийсэн үйлдэл болон тухайн үйлдлийн улмаас гарсан үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой.

 

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн /2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хэргийг хүлээн авсан атлаа 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд шилжүүлсэн/ “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” 85 дугаар захирамжаар П.Аыг шүүхэд шилжүүлэхдээ “...хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтойн гадна хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй тул яллагдагчийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй...” гэж үзэж яллагдагчийг шүүхэд шилжүүлжээ. /3хх-172/

Гэтэл 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “...урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ...” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлийн хүрээнд хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Цаашид яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр зааж байх нь дээрх хуулийн заалтад нийцнэ.

 

Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасантай холбогдуулан шүүгдэгч П.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, П.Ад холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч П.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                              

                                    ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН