Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2497

 

Д.О нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02749 дүгээр шийдвэртэй,

 

           Нэхэмжлэгч: Д.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УБТЗ-д холбогдох

 

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-I-259 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “У” ХХН-ийн Тээврийн дээд сургуулийн биеийн тамир спорт хорооны даргаар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр томилогдон, үр бүтээлтэй ажиллаж байгаад Замын даргын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-259 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь  2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Б-158 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар татан буугдсан гэж 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэх хуудас ирсэн. Миний бие замын даргын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б-203 тоот тушаалаар тээврийн сургуулиас биеийн тамир, спортын хорооны даргаар Захиргаа удирдлагын албанд шилжин харьяалагдан ажиллаж байсан. Энэ орон тоо нь Замын даргын 2017 оны А-158 тоот тушаалаар Захиргаа удирдлагын албаны Биеийн тамир спорт хороо нь Замчин спорт хороо болж өөрчлөгдсөн. Тээврийн дээд сургуульд харьяалуулж, бүх орон тоо, цалин хөлсийг шилжүүлж өгсөн. Ингээд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж ажлаас буруу халсан тул “У” ХНН-ийн даргын Б-259 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, Замчин спорт хорооны дарга, эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

     Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “У” ХНН-ийн ерөнхий хорооны 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дүгээр протоколын 10.6-д зааснаар “У” ХНН-ийн даргад тухайн байгууллагын бүтэц орон тоо, зохион байгуулалтыг боловсруулж батлах эрх нь олгогдсон байдаг. 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А-158 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Уг өөрчлөлтөөр Биеийн тамир спортын хороог татан буулгасан. Ингээд хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийн нэхэмжлэгчид гардуулсан. 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-259 тоот тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарч, хоёр сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 2 560 136 төгрөгийг олгосон. Ийм учраас Б-259 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм. Нэхэмжлэгчийн томилогдохыг хүссэн Замчин спорт хорооны эрхлэгч гэсэн албан тушаал олон харьяалах байгууллага нь өөрчлөгдсөн учир Замчин спорт хорооны эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах шаардлага  үндэслэлгүй юм. Мөн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа мөртлөө яг хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

             Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.О УБТЗ нийгэмлэгийн Тээврийн дээд сургууулийн Замчин спорт хорооны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 617 252 /холбоглох суутгалыг хийх/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол Оросын Хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх УБТЗ-ын даргын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-I-259 тоот тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 100 509 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нотлох баримтыг бүх талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлага хангаагүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан гэдэгт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан 5 үндэслэлийг хамруулж ойлгодог. Биеийн тамир спортын хороог Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татан буулгасан болох нь тогтоогдохгүй байна" гэжээ. Иргэний хуулийн 32 дугаар зүйл нь хуулийн этгээдийг татан буулгах тухай ойлголтод хамаарна. Хавтаст хэрэгт авагдсан баримтад Биеийн тамир, спортын хороог буулгасан тухай эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэг ямар ч баримт, тайлбар байхгүй байхад шүүх санаачлагаараа "УБТЗ" ХНН-ийн нэг нэгж болох Биеийн тамир, спортын хороог хуулийн этгээд гэж дүгнээд, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Түүнчлэн хэрэгт авагдсан бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тушаалуудаас харахад аж ахуйн нэгжийн салбарыг татан буулгах шийдвэр биш, харьяалах нэгжийг өөрчилсөн шийдвэр байхбөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэсэн заалтад хамаарч байна” гэж дүгнэжээ. Хэрэгт авагдсан баримтад "УБТЗ" ХНН-ийн өмчлөгч солигдсон, харьяалал өөрчлөгдсөн тухай баримт байхгүй байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас УБТЗ-ын даргын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-I-259 тоот тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүх Б-I-259 тоот тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.О-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байх тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож буй нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. УБТЗ-ын дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд зохион байгуулалтын өөрчлөлт хийж, УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэг нэгж Биеийн тамир спортын хороог татан буулгаж, татан буугдсаны улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тус хорооны дарга Д.О-д 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэх хуудас гардуулж, УБТЗ-ын даргын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-I-259 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заалтыг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс Д.О-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хууль болон УБТЗ-ын хамтын гэрээнд заасны дагуу 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх буюу 2 560 136 төгрөгийн ажлаас халагдсаны тэтгэмж олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д "аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан ..." гэж заасны дагуу Улаанбаатар төмөр замын Захиргаа удирдлагын албаны харьяанд байсан нэгж болох Биеийн тамир спортын хороо нь татан буугдсан тул тухайн нэгжийн даргаар ажиллаж байсан Д.О-д хуулийн дагуу мэдэгдэл өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02749 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч УБТЗ-д холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-I-259 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч Д.О нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Тээврийн дээд сургуулийн Биеийн тамир, спорт хорооны даргаар томилогдон ажилласан ба улмаар 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-239 дугаар тушаалаар Захиргаа удирдлагын албанд шилжин ажиллаж байгаад хариуцагч байгууллагын даргын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-I-259 дүгээр тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, УБТЗ-ын даргын 2017 оны А-158 тоот тушаалыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-ийн 17, 18, 20 дугаар тал/

 

УБТЗ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А-158 дугаар тушаалаар Биеийн тамир, спорт хороог татан буулгаж, Замчин спорт хороог байгуулан Тээврийн дээд сургуульд харьяалуулж, уг өөрчлөлтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь /хх-ийн 32 дугаар тал/ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцээгүй, аж ахуйн нэгжийг татан буулгахтай холбоотойгоор нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй болсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Хэдийгээр А-158 дугаар тушаалд “Захиргаа удирдлагын албаны Биеийн тамир, спорт хороог татан буулгаж” гэсэн боловч мөн тушаалын 2 дахь хэсэгт Замчин спорт хороог байгуулан Тээврийн сургуульд харьяалуулсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлд хамаарахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-I-259 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзэхээр байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй болно.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.О-ийг УБТЗ-ын Тээврийн дээд сургуулийн Замчин спорт хорооны дарга, эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 617 252 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

             

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02749 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... даалгаж, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-I-259 тоот тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “даалгасугай” гэж, 2 дахь заалтын “100 509 төгрөг” гэснийг “104 826 төгрөг” гэж тус тус өөрчлөн,

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 509 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                             Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                 Г.ДАВААДОРЖ