Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Б ургийн овогт Д-ын Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2235000000063 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Д-ын Б, 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эх, хоёр ахын хамт Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: оо92112032.

Холбогдсон хэргийн талаар:

2022 оны 02 дугаар 28-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутагт шүүгдэгч Д.Б, хохирогч Д.С нар нь архидан согтуурах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар шүүгдэгч хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000063 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

- Д.С-ыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

- Д.С-оос хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 7-8, 11 дүгээр хуудас),

- Б.Д-гаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

- Т.Д-оос гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

- Ч.Т-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас),

- Ж.М-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас),

- Д.Сын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 106 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

- 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас),

- Д.Б-аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас),

- Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

- Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарыг (хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас),

Хохирогчийн өмгөөлөгч Д.Бунжаа: – Хохирогч Д.С эмчид үзүүлсэн талаар Тэс сумын Эрүүл мэндийн төвийн эмч Г.Эрдэнэбаярын үзлэг хийсэн тэмдэглэл, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын эмч Х.Сэлэнгийн үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас),

- Хохирогч Д.Сын уруул сэтэрснийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа: - Ч.Тунгалагаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас),

- Ж.Маас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас),

- Д.Баас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас),

- Д.Агаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

- Д.Дсүрэнгээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлаагүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэг өгөөгүй болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хохирогч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн нагац талын хамаатан болох Дын Б гэх залуутай хамт Улаанаа гэх айлын хаваржааны хашаа янзалсан. ...Жуужгай ах эхнэр Тунгаа, Д.Б бид дөрөв Жуужгайн гэрээс гарч явсан. Бид нар Д.Бын гэрийн гадна ирэхэд би “Д.Бтай хамт буугаад үлдэн” гэж хэлэхэд Д.Б надад хандаж “чи энд буухгүй, чиний мэддэг юм байхгүй, чамайг ална шүү” гэж хэлэхээр нь Д.Бт хандаж “чиний ална гэж юу байх вэ?” гэж хэлээд машинаас буусан. Д.Б бас бууж ирээд миний толгой хэсэг рүү гараараа цохиход би газар унасан. Намайг унасны дараа дарж аваад нэлээд хэдэн удаа нүүр, толгой хэсэгт цохисон. Тэр үед миний дээд уруул язарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас) болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Таван улиасны бригад орж ирээд ганц шил архи уучхаад Жамаа гэдэг айлд очсон. Жамаа хагас шил архи гаргаж өгөхөөр нь гурвуулаа хувааж уугаад шууд Жуужгай буюу Ж.М гэх айлд очсон. Тэнд очоод нэг их юм болоогүй ба бид хоёр явна гээд ах эгч хоёроор хүргүүлэхээр явсан. Замдаа би “энд буугаад хоцорчихъё, ах эгч хоёр явтан (яваарай), ардаа малтай хүмүүс” гэж хэлэхэд энэ дүү “чи юу мэддэг юм” гэж дайрсан. “Би юм мэдэж болдоггүй яачихсан хүн юм” гэхэд “ална шүү” гэсэн. Тэгэхээр нь “чиний алдаг юм гэж юу байдаг юм” гэж хэлэхэд автомашинаас буугаад цохиод эхэлсэн. Ах, эгч хоёр байж салгасан. Уруул сэт цохисон, маргааш нь эмнэлэгт очиж гурван оёдол тавиулсан. Бид хоёр чинь ах дүү хүмүүс тул дүүг ирээд уучлал гуйчих байх, хүний мууг үзээд юу хийхэв гэж бодоод хоёр гурван хоног хүлээсэн ч ирж уулзаагүй. Энэ хүн миний зөв гэж бодоод байгаа юм шиг санагдаад, тоохгүй болохоор нь цагдаад хандсан. Манай хоёр гэр ойрхон байдаг. Ирээд уучлалт гуйчихсан бол би хүний мууд дурлаж байгаа юм шиг цагдаад хандах шаардлага байгаагүй. Хэтэрхий биеэ тоосон байдал гаргаж байгаа учраас уур хүрсэн. Манай аав, ээж ч бас “чи эрүүл мэндээрээ хохирчхоод зүгээр байж болохгүй” гээд байхаар нь цагдаад өгсөн. Хэрэг болсноос хойш бараг хоёр сар болж байхад уучлал гуйж өөрөө ч ирээгүй, ах дүү нар нь ч ирээгүй. Миний хохирол гэж 800’000 төгрөг гарсан, төлсөн зүйл байхгүй.” гэх мэдүүлгүүд нь агуулгын зөрөөгүй байна.

Мөн хохирогчийн дээрх мэдүүлгүүд нь гэрч Б.Дн “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Д.С нь Д.Б, Улаанаа гэх залуучуудтай хамт Улаанаагийн хаваржааны хашаа засахаар гэрээс гарсан. ...Гэртээ буцаж ирэхдээ хүнд зодуулчихсан дээд уруул нь язарсан шархтай, “тархи толгой өвдөөд байна” гэж ирсэн тул хэн зодсон талаар асуухад Дын Б цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас)-ээр, гэрч Т.Дын “...Дээд уруул язарсан гэмтлийг Д.Б цохих үедээ учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас)-ээр, гэрч Ч.Тунгалагийн “...Д.Бын гэрийн гадна ирээд Д.Б, Д.С нар хоорондоо маргалдаж Д.Б автомашинаас буугаад Д.Сыг цохиж унагаагаад дээр нь сууж байгаад цохисон. Нөхөр Ж.М бид хоёр салгасан. Д.Сын дээд уруул язарчихсан цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас)-ээр, гэрч Ж.Мын “...Д.С, Д.Б нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Автомашинаас буугаад Д.Б Д.Сыг цохиж унагаагаад дээр нь сууж байгаад цохисон. Би өөрийн эхнэрийн хамт тэр хоёрыг салгахад Д.Сын дээд уруул язарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дүгээр хуудас)-ээр давхар нотлогдсон тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Дээр дурдсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутагт шүүгдэгч Д.Б, хохирогч Д.С нар нь архидан согтуурах явцдаа хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч хохирогчийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ.

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Хишигбаярын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Д.Сын биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийж 106 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас) үйлджээ. Уг дүгнэлтээр хохирогч Д.Сын дээд уруулд язарсан шарх гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байна. Мөн дээд уруулын язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааран гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Д.Б нь хохирогчтой маргалдах явцдаа түүний эсрэг хүч хэрэглэн, гэмтэл учруулахаар довтолгоо хийж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Б-ын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Д.С нь “...Д.Б миний дээд уруулыг язартал цохисноос болж би оёдол тавиулах, эмнэлгийн анхан шатны тусламж авах зэрэг ажлаар сумын төв, Улаангом сум орсон бензин тос, эм тарианы зардал болох 500’000 (таван зуун мянга) төгрөг, өмгөөлөгч авсан хөлс 300’000 (гурван зуун мянга) төгрөг зэрэг нийт 800’000 төгрөгийг Д.Баас нэхэмжилж байна.” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Д.Б хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн талаар баримтыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг зорилт нь зөрчигдсөн эрхийг сэргээх тул энэхүү зорилтыг хангах үүднээс хохирогчийг өөрт учирсан хохирол, хор уршгаа нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах нь зүйтэй байна. Иймд хохирогч Д.Сын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “...Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгч “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг тус тус гаргасан, хохирогч, шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Д.Агийн “...Д.Б нь найз нөхөд ихтэй, төлөв даруухан зантай, дуу цөөнтэй, хүний үгэнд ордог, ажилсаг, тусархуу, эелдэг, боловсон зан харилцаатай, ...цэргийн алба хаагаагүй, бие муутай хүн байгаа юм” гэх (хавтаст хэргийн 27 дугаар хуудас) мэдүүлэг, гэрч Д.Дсүрэнгийн “...Тэс сумын 11 дүгээр багийн нутагт найман ханатай монгол гэрт ээж Л.Нарантуяа, ах Д.Зулаа, Д.Жамсран нарын хамт хоёр зуу орчим бог мал, тавь орчим бод мал маллаж амьдардаг.” гэх (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас) мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь эх, ах нарын хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

Гэм буруугаа ойлгон ухамсарлах гэдэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг урьдчилсан нөхцөлгүйгээр хохирогчид нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлснийг хохирогч хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос уучлал гуйж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх талаар идэвхтэй үйлдэл хийсэн, өөрийн гэмт үйлдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарласан зэргийг хамааруулан ойлгоно. Гэтэл шүүгдэгч нь хохирогчоос уучлалт гуйгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөөр санаачилга гаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “их зодсон зүйл байхгүй, тасарсан зүйл байхгүй, маргалдаж байгаад тийм юм болсон” гэж мэдүүлсэн тул гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангуулахаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Улаангом тохижилт үйлчилгээ орон нутгийн үйлдвэрийн газарт эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Д-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг Улаангом тохижилт үйлчилгээ ОНҮГ-т 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

5. Хохирогч Д.С-ын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА