Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш ургийн овогт Н-гийн Ч-д холбогдох эрүүгийн 2235000000058 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Н-гийн Ч, 1994 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, суурь боловсролтой, хуваариа автомашины кузов засварын ажил эрхэлдэг, ам бүл тав, эхнэр, хоёр хүүхэд, эхийн хамт Увс аймгийн Улаангом сум, 9 дүгээр багийн 4-01 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 320 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар: ............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ч нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Увс аймаг дахь Цагдаагийн газрын 108 тоот өрөөнд тус цагдаагийн газрын багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.М-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан биед нь халдаж, өмсөж байсан албаны дүрэмт хувцасны мөрдөсний бүч, бүчний товчийг тастаж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000058 дугаартай хэрэг цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

- Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалын хуулбарыг (хавтаст хэргийн 8-23 дугаар хуудас),

- Н.М-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас),

- Н.М-ын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас),

- Н.М-ын албаны үнэмлэхийн хуулбарыг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

- 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллах томилгооны хуулбарыг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

- Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/34 дугаар тушаалын хуулбарыг (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),

- Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуй албаны хангалт үйлчилгээний төвийн даргын 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 6г/54 дугаартай албан бичгийн хуулбарыг (хавтаст хэргийн 60 дугаар хуудас),

- Н.М-ыг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),

- Н.М-аас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас),

- М.Э-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас),

- Г.Ч-ээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас),

- 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 95 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг (хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас),

- Шинжээчийн 94 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 106 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүгдэгч Н.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн үед Их наяд баарнаас цагдаагийн алба хаагч биднийг цагдаагийн газарт авч очсон. Би очихдоо нэлээд согтолттой байсан. Би саравчтай малгайтай явсан ба саравчийг хажуу тийш харуулаад өмсчихсөн байснаа анзааралгүй өрөө рүү нь яваад орсон. Би ороод “ах бид нарыг явуулчхаач, сая хоорондоо бид жаахан маргачихлаа, одоо ингээд асуудалгүй байгаа юм чинь явуулчхаач” гэхэд “чи мэддэг юм уу пизда минь, малгай толгойгоо яаж тавиад байгаа юм чи” гээд ирээд өшиглөсөн. Би тэгэхээр нь бухимдаад “иргэн хүнтэй цагдаагийн алба хаагч ингэж харьцдаг юм уу” гээд маргаан үүсээд ийм зүйл болсон. Намайг үнэхээр уучлаарай. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг өгчээ.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Хохирогч Н.М-ын “Би 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 2022 оны 02 дугаар сарын 24-ний 08:00 цаг хүртэлх хугацаанд Увс аймаг дахь Цагдаагийн газрын зөрчлийн хэрэг бүртгэгчээр томилгоот үүрэг гүйцэтгэж байсан. ...Би Н.Ч-ын гаргасан үйлдлийг материалжуулан шалгах гэхэд буюу албан үүргээ гүйцэтгэж байхад эсэргүүцэж, өөрийн нэр, хаяг, ар гэрийн холбоо барих хүнийг хэлэхгүй, мөн согтуурал шалгуулахаас татгалзаж эхэлсэн. Намайг зүгээр сууж байтал гэнэт босч ирээд цохисон. Н.Ч нь баруун гараараа миний хоолой хэсэгт нэг удаа цохисон, мөн миний албаны хувцас болох хээрийн кителийн зүүн талын мөрдсийг урж тасалж хаясан юм. Өөрөөр бол Н.Ч нь намайг цохиогүй, нэг л удаа цохисон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас),

Гэрч М.Э-ы “...Н.Ч гэнэт босч ирээд зөрчлийн хэрэг бүртгэгч Н.М-ыг “пизда минь алнаа чамайг” гэж хэлээд хувцаснаас нь барьж аваад нүүр орчимд нь гараараа нэг удаа хүчтэй цохиод, өмсөж байсан хар өнгийн хээрийн кителийн зүүн талын мөрдсийг бүчний хамт татаад тасалж, урсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас),

Гэрч М.М-гийн “...Н.Ч нь гэнэт Н.Мын нүүр хэсэгт нэг удаа цохиод хоолойг нь боож, түүний албаны хээрийн хувцасны зүүн талын мөрдсийг урж газарт хаясан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

Криминалистикийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цагдаагийн албаны хээрийн хувцасны зүүн мөрний дээд талд мөрдөс тогтоох бүч байсан зүү ханцуйны оёдол хэсэгт 4,5 см хэмжээтэй, мөн зүүн мөрний дээд тал, мөрдөсний бүч тогтоох товч байсан хэсэг тус тус ханзарсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 23-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Увс аймаг дахь Цагдаагийн газрын байрны 108 тоот өрөөнд шүүгдэгч Н.Ч гараараа хохирогч Н.Мын хүзүүнд нэг удаа цохиж, хохирогчийн цагдаагийн албаны дүрэмт хувцасны зүүн талын бүч, бүчний товчийг тастсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Мөн Н.М-ын биед үзлэг хийсэн “...Н.Мыг хагас нүцгэлж биед нь үзлэг хийхэд ...түүний хүзүүний голоос баруун тал руу чиглэсэн 6 см урттай, нарийн үзүүр нь 0,4 см, бүдүүн үзүүр нь 1 см хэмжээтэй үргэлжилсэн налуу байрлалтай арьсны өнгөц зулгаралт гэмтэл шинээр үүсэн байдалтай байх бөгөөд тухайн хэсгийн арьс нь улайлт өгч, зулгаралт нь тодорсон байдалтай байлаа” гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас), Н.М-ын хувцсанд үзлэг хийсэн “...хүрмийн зүүн талын мөрдөсний бүч оёдлоороо тасарсан, мөн бүчний товч тасарсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас), 2022 оны 02 дугаар сарын 24-ний 95 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Н.Мын хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч Н.Батчулуун хохирогч Н.Мт хүч хэрэглэж халдсаны улмаас хохирогчийн биед болон хувцсанд гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/34 дугаартай “...цагдаагийн ахлах ахлагч Н.Мыг багийн цагдаагаар ...шилжүүлэн томилсугай” гэх тушаалын хуулбар (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), Н.М-ын албаны үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 33 дугаар хуудас) зэргээр хохирогч Н.М нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч цолтой болох нь тогтоогдож байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсноор хохирогч Н.Мыг хууль сахиулагч гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Ч нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэгт холбогдсоны улмаас Увс аймаг дахь Цагдаагийн газрын 108 тоот өрөөнд ирсэн болох нь зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалын хуулбар (хавтаст хэргийн 8-23 дугаар хуудас), гэрч Г.Ч-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас) зэргээр тогтоогджээ. Хохирогч Н.М нь тухайн зөрчлийг шалган шийдвэрлэхээр ажиллаж байсан буюу албан үүргээ гүйцэтгэж байсан нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллах томилгооны хуулбар (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), гэрч М.Мгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас), гэрч М.Энхсайханы мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас) зэргээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Ч-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэх шинжийг хангаж байх тул түүнийг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөрдөгч хохирогчийн хувцсанд учирсан хохирлын үнэлгээг гаргуулахаар “цагдаагийн албаны хээрийн хувцас ямар үнэ өртөгтэй вэ?, тухайн хувцасны урагдал гэмтлийг засварлаж хэвийн байдалд нь оруулахад ямар үнэ өртөг гарах вэ?” гэх асуултуудыг шинжээчид тавьсан байна. Шинжээч 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаартай “Цагдаагийн албаны хээрийн хүрэм 110’110 төгрөг, оёх зардал 5’000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 106 дугаар хуудас) гаргажээ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан ба хохирогчийн албаны хувцасны мөрдөсний бүч, бүчний товч зэргийг оёх боломжтой тул оёх зардлыг хохиролд тооцно. Иймд хохирогчид 5’000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч Н.М “...Н овогтой Ч нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо нэхэмжлэх төлбөр, хохирол байхгүй, Н.Чад гомдол, санал байхгүй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 106 дугаар хуудас) гаргасан байх тул шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “...Шүүгдэгч Н.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суугаа нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоох” санал гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч М.Т-ын “...Н.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ олонд тустай, бусадтай нийтэч явдаг хүн юм. Н.Ч нь ер нь тэгж их уурлаад байдаггүй даруу төлөв хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас), гэрч Б.Т-гийн “Үг дуу цөөтэй, даруухан, бусдад тусархуу, найзын хүрээлэл ихтэй, настай хүмүүст их тусалдаг, бусадтай хэрүүл маргаан хэл ам хийгээд байдаггүй, чөлөөт цагаа гэр бүл, хүүхдүүддээ зориулдаг хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 134 дүгээр хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 137-143 дугаар хуудас), Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 146 дугаар хуудас), шүүгдэгч Н.Чын яллагдагчаар өгсөн “...би тухайн үед согтуу байсан бөгөөд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй, мөн хохирол учруулсан цагдаагийн алба хаагчийн хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Батчулуун нь эх, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, урьд мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн (2002 оны) 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан төрийн алба хаагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдэж Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор 320 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Би ороод “ах бид нарыг явуулчхаач, сая хоорондоо бид жаахан маргачихлаа, одоо ингээд асуудалгүй байгаа юм чинь явуулчхаач” гэхэд “чи мэддэг юм уу пизда минь, малгай толгойгоо яаж тавиад байгаа юм чи” гээд ирээд өшиглөсөн. Би тэгэхээр нь бухимдаад “иргэн хүнтэй цагдаагийн алба хаагч ингэж харьцдаг юм уу” гээд маргаан үүсээд ийм зүйл болсон.” гэж мэдүүлсэн ба хохирогчийн буюу цагдаагийн алба хаагчийн зүй бус харьцаа уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзлээ. Мөн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдээс хөнгөн төрлийн ял болох торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах торгох ялын хэмжээг тогтоохдоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 5’000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5’000’000 (таван сая) төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Н-гийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-д 5’000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5’000’000 (таван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.Ч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХЗАЯА