Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул, хохирогч С.Д, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э ургийн овогт Ч-ын Б, Ш ургийн овогт О-ийн О нарт холбогдох эрүүгийн 2035000000080 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт О-ийн О, 1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, дөрвөн хүүхдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын нэгдүгээр баг, Таримал дэнж 4 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн (2002 оны) 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гурван сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар:..........

Монгол Улсын иргэн, Э ургийн овогт Ч-ын Б, 1969 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хорооны Тамирчны 6а гудамжны 37б тоотод оршин суух хаягтай, урьд Булган аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 207 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн (1986 оны) 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: .............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.О, Ч.Б нар бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Шинэ-Улаангом зах дотор хохирогч С.Д-д 71 грамм металлыг алт гэж хууран өгч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж 7’100’000 (долоон сая нэг зуун мянга) төгрөгийг залилж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2035000000080 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - С.Д-ээс Увс аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг (1 дэх хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 28-2 дүгээр хуудас),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

- Эд баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 45 дугаар хуудас),

- С.Д-ээс хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 47-48, 49 дүгээр хуудас),

- Н.А-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас),

- Д.Н-гээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),

- Ё.О-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 56 дугаар хуудас),

- Б.Б-оос гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

- Д.Б-ээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас),

- Т.О-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 62-63 хуудас),

- Ж.Д-оос гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),

- Т.Ц-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

- Б.Б-ээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),

- Шинжээчийн 99 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 74 дүгээр хуудас),

- 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2332 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас),

- 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4811 дугаартай дүгнэлтийг (2 дахь хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

- Шинжээч Б.Д-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

- Д.Ц-гаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

- Шүүгдэгч О.Оын өмгөөлөгч: - 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2332 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбарыг (2 дахь хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

- Шинжээч Б.Даас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч улсын яллагч шинжлэн судалсан гэх үндэслэлээр нотлох баримт шинжлэн судлаагүй. Мөн хохирогч, шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б “2020 оны 4 дүгээр сарын эхээр О.О манайд ирсэн. О.О “ийм алт олсон юм, энийг Увс оруулаад өгье, та хүргээд өгөөч нэг сая төгрөг өгье” гэсэн би Улаанбаатараас Увсад хүргэж өгсөн. Увсад ирээд маргааш нь нөгөө алтаа өгөхөөр болсон. О.О “С.Д гэдэг хүнд өмнө нь хайгчаа тавьчхаад авч чадаагүй орхичихсон тул өөрөө оруулж өгч болохгүй, та оруулаад өгчхөөч” гэхээр нь би “наадахыг чинь оруулж өгч чадахгүй, алт сайн мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд нэг хүнтэй оруулж өгөхөөр явсан. Очоод С.Дийг хүлээгээд байж байсан чинь нөгөө хүн маань “нэгж аваад ирье” гээд зах руу орсон. Тэр хооронд С.Д нэг хүнтэй ирсэн. Би дагаж өрөөнд нь ороод алтаа өгсөн. Жижиг хил гаргаж ирээд жинлэхэд 71 грамм байсан ба 7’100’000 төгрөг боллоо гэсэн. Өгчхөөд гарч ирэхэд нөгөө хүүхэн нэгжээ аваад гарч ирээд “яасан” гэхээр нь “өгчлөө, долоон сая төгрөг боллоо, мөнгийг нь аваарай” гэхэд нөгөө хүүхэн мөнгийг нь тоолж аваад явсан. Гараад ирэхэд пробокстой хоёр залуу байсан. Тэр хоёр залуу бид хоёрын араас дагаад, хүүхэн бид гурав шатахуун түгээх станцын тийшээ гараад, тэнд тэр гурав нэг шил архи уугаад, хүүхэн пробоксын бариад нөгөө хоёр залуутай буцаж, бид хоёр Улаанбаатар луу явсан.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.О “Би Заамараас тэр алтыг олсон. Энд нэг хүнтэй уулздаг байсан тул тэрэнтэйгээ уулзангаа энд авч ирээд өгчье, тэнд өгчихөөр бас өр ширтэй хүмүүс энэ тэр гээд нааш цааш болчих болов уу гэж бодоод наашаа ирсэн. Би өөрөө тоондоо муу болохоор садан болох Ч.Б ахыг “та оруулаад өгчхөөч ах” гэж хэлээд оруулж өгсөн. Би уг нь гурваас дөрвөн метрийн нүхэн дотроос олсон тул алт биш гэж хэлэхэд надад хэцүү байна. Гурван метрийн доороос нягтаршсан шороон дотроос олсон болохоор эргэлзээтэй байна” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Д “2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ч.Б надад алт гээд хуруун чинээ нарийхан алт өгөхөөр нь алт гэж бодоод авсан. Дараа нь Улаанбаатар хотод тушаахад хуурамч болох нь тогтоогдсон тул цагдаад мэдэгдсэн. Эд нарын араас хөөцөлдөж есөн хоног явсан. Улаангомоос Улаанбаатар яваад Ч.Быг олж уулзаад анх алт өгсөн хүн гэдгийг таньсан. Мөрдөн байцаагчид энэ нөхөр “бэлэн байна” гэж хэлсэн боловч О.О оргуулж аваад Булган аймгийн Сэлэнгэ сум руу зугтчихсан. Тэрний араас Булган аймгийн Сэлэнгэ сум хүртэл хөөцөлдөж явсан. Мөрдөн байцаалтын ажиллагаанд асар их хүндрэл учруулсан. Есөн хоногт Улаангомоос Улаанбаатар, Улаанбаатараас Булган аймгийн Сэлэнгэ сум, хот дотор гээд нийтдээ таван мянган километр явсан хохирлыг нэхэмжилж байна. Зуун километрт долоон литр бензин зарцуулдаг гэж тооцоод 350 литр бензин, түүний үнэ 1’000’000 төгрөгийг, одоо алтаа металлаас ялгаж авахын тулд эхлээд алт мөнгөний дарханд өгч дэвтрийн цаас шиг нимгэн болгоод химийн хүрээлэнд өгөх зардал 300’000 төгрөгийг, би өөрөө авч Улаанбаатар явах учраас нэг талдаа автобусны билет 85’000 төгрөг байдаг тул 170’000 төгрөгийг нийт 1’470’000 төгрөгийг энэ хоёроос нэхэмжилж байгаа. Мөн 7’100’000 төгрөг, таван сая төгрөгийн алт байгаа, арван хоёр сая төгрөгийг хоёр жилийн турш ашиглаж чадаагүй. Би хувь хүн болон банкны зээлтэй, 1,25 хувийн хүү төлж байгаа. Зөвхөн сард би арван хоёр сая төгрөгийн хүү болох нэг зуун тавин мянган төгрөг төлж байгаа. Энэний хорин дөрвөн сарын хүүд 3’600’000 төгрөг төлсөн байгаа тул үүнийг энэ хүмүүсээс нэхэмжилж авах хүсэлтэй байгаа. Мөн алтаа буцааж авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг тус тус өгсөн байна.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

- Эд мөрийн баримт хураан авсан “...С.Дээс шар өнгөтэй 104 грамм жинтэй, 3,6 см урт, 2,5 см өргөн, 1,5 см өндөр, тэгш өнцөгт гурвалжин хэлбэртэй металл нэг ширхэг, тухайн металлыг боловсруулах үед ялгарсан хар саарал өнгийн хатуу шинж чанартай гялгар уутанд хийсэн 6,2 грамм жинтэй шаарыг хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

- Хохирогч С.Дийн “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 10 цаг 45 минутад миний 91454545 дугаарын утсанд 95607994 дугаарын утаснаас эрэгтэй хүн залгаад “алт өгөх гэсэн юм та ажлын байрандаа хүрээд ирээч” гэхээр нь би гэрээсээ ганцаараа гарч Шинэ Улаангом зах руу алхаж байтал Н.А гэх танил маань таараад бид хоёр миний ажлын байранд очсон. Тэгэхэд ажлын байрны гадна улаан цоохор өнгийн малгайтай, 50 орчим насны эрэгтэй хүн хүлээгээд зогсож байсан. Бид гурав ажлын байр луу ороход нөгөө эрэгтэй халааснаасаа алт гэсэн зүйл гаргаж ирээд надад харуулаад “зарах гэсэн юм” гэж хэлсэн. Би тухайн алт гэсэн зүйлийг харахад байгалийн алт шиг шар өнгийн шороо наалдсан байсан ба би тухайн залуугаас “хаанаас авсан юм бэ?” гэхэд “Тариалан сумын Мээрэн гэх газраас авсан” гэж хэлсэн. Би тухайн алт гэсэн зүйлийг гаднаас нь хараад алт байна гэж бодоод дэнсэлж үзэхэд 71 грамм байсан. Би тухайн үедээ 1 граммыг нь 100’000 төгрөгөөр авна гэж хэлээд хоорондоо тохиролцоод Шинэ Улаангом захын үүдэнд байх Хаан банкны АТМ-ээс өөрийн 5819180055 дугаарын данснаас 4’000’000 төгрөгөөр, 3’100’000 төгрөгөөр хоёр удаа гаргаж өгөхөд хажууд нь байсан саарал өнгийн куртиктэй эмэгтэй өөрийн гараар АТМ-ээс авч цүнх рүүгээ хийгээд хоёулаа гараад явсан. ...Тухайн үед надтай Н.А хамт байсан. Би тухайн алт гэх зүйлийг худалдаж аваад өмнө нь цуглуулсан байсан 35 грамм алттай нийлүүлээд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн автобусаар Д.Н гэх жолоочид өгөөд Улаанбаатар хот руу явуулсан. Би өөрийн охин Д.Бт “106 грамм алт явууллаа аваад Урт цагаан дээр байдаг алт авдаг хүнд өгөөрэй” гэж хэлсэн. ...2020 оны 4 дүгээр сарын 11-ний 15 цагт Увсаас гарсан автобус Улаанбаатар хотод очиход охин Д.Б Д.Н гэх жолоочоос тухайн алтаа аваад шууд Урт цагаан дээр алт авдаг хүнд хүргэж өгөөд хайлуулж үзэхэд ...71 грамм алтнаас цагаан өнгийн утаа гараад нөгөө хүн нь “энэ алт биш байна” гэж манай охинд хэлсэн байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),

- Гэрч Н.Аийн “...С.Д ахын ажлын байран дээр очиход улаан цоохор өнгийн малгайтай, хагас түрийтэй гуталтай, хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн оймсны лангууны хажууд зогсож байсан. Бид хоёр С.Д ахын ажлын байр руу орох гэж байхад нөгөө залуу ирээд мэнд мэдээд бид гурав өрөө рүү орсон. Нөгөө залуу халааснаасаа алт гаргаж ирээд С.Д ахад өгч байх шиг байсан. ...С.Д ах нөгөө алтыг нь хараад залуугаас “хаанахын алт вэ” гэж асуухад “Тариалангийн Мээрэнгийн алт” гэж хэлж байсан. С.Д ах алтаа авч дэнсэлж үзээд “71 грамм байна” гэж хэлээд граммыг нь 100’000 төгрөгөөр худалдаж авахаар болоод өрөөнөөс гарсан. ...Маргааш нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 10-ны 11 цагийн үед С.Д ах залгаад бид хоёр уулзаж түүний ажлын байр руу явж очоод худалдан авсан алтнуудаа хуванцар саванд хийж “106” гэж хаяг тавиад, хар гялгар уутаар битүүлж скочдоод 15 цагийн автобусанд өгч явуулсан. ...Тухайн 71 грамм алт ерөөсөө бүхэлдээ нэг ширхэг байсан. Харин тухайн алттай хамт хийсэн 35 грамм алт нь нунтаг байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас),

- Гэрч Д.Нн “...С.Д гэх хүн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 14 цаг 30 минутын үед миний явах гэж байсан автобусны хажууд ирээд “юм дайх гэсэн юм” гээд дөрвөн хуруу өндөртэй, жижигхэн бөөрөнхий, хар гялгар уутаар битүүлээд скочидчихсон 90544545 гэх дугаар дээр нь наачихсан зүйл надад өгсөн. ...Би тухайн зүйлийг аваад өөрийнхөө паскны дотор халаасанд хийгээд биеэсээ огт салгаагүй. ...2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед Улаанбаатар хот руу ороход тухайн алтыг нэг эмэгтэй хүн авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),

- Гэрч Ё.Очирбатын “Би 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажил дээр байж байтал өмнө нь ганц хоёр удаа алт авч ирж өгч байсан зүс таних охин ганцаараа орж ирсэн. “Манай аавын Увсад худалдаж авсан алт ирсэн юм тушаамаар байна” гэж хэлээд савтай алт гаргаж ирээд дэнсэн дээрх газны сав руу нөгөө охин хийсэн. Тухайн алт 106 грамм байсан ба тэндээс аваад би хайлах зуух руу хийгээд 5 минут орчим хайлж байхад зуухнаас цагаан дөл гарч байсан. Би өмнө нь хоёр жил орчим алт хайлсан болохоор алтнаас цагаан дөл гардаггүй гэж нөгөө охинд хэлээд “алт биш байна, аав чинь хулхидуулчхаж дээ” гэж хэлсэн. Тэгээд цутгаж гаргаж ирээд үзэхэд нөгөө хайлсан алт гээд байсан зүйлийн хэмжээ түүнтэй ойролцоо хэмжээтэй цэвэр алтнаас илүү том хэмжээтэй байсан. Сорьц тогтоохоор бодож үзэхэд алтны сорьц гарахгүй байсан. ...Нөгөө алтыг хайлуулаад дэнсэлж үзэхэд 104 грамм болсон байсан. ...Тэгээд нөгөө охинд хайлсан алт гээд байгаа зүйл, тэндээс гарсан шаарыг хамтад нь өгөөд явуулсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56 дугаар хуудас),

- Гэрч Д.Бийн “...2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн үед Увсаас алт дайсан автобус Улаанбаатар хотод орж ирсэн гэхээр нь би найз залуу Д.Балжиннямын хамт очиж авсан. Тэндээсээ Найман шарга валют арилжааны төв рүү явж урьд нь алт өгч байсан Очко гэх ахад үзүүлээд алтаа өгөхөөр хуванцар савнаас гаргаж дэнсэн дээр байсан лаазанд хийх үед 106,1 грамм байсан. Очко ах лаазтай нь хайлуулах зуухны хажууд байсан хэв рүү хийгээд хайлуулах зууханд хийсэн. Хайлуулах үед “бүхэл алтнаас цагаан утаа гарч байна” гэж Очко ах хэлсэн. Тухайн үед Очко ах “энэ лав алт биш байна, танай аав хулхидуулж дээ, яаралтай цагдаа дээр яваад очоорой” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас),

- Гэрч Т.Цгийн “...хөгшин настай хүн нь “ахын дүү хоёулаа зах руу ороод ирье, би энд ирж байгаагүй болохоор захыг чинь сайн мэдэхгүй байна” гэхээр нь зөвшөөрч, тэр хүнтэй цуг ороход зах дээр байрлах валют арилжааны оффис руу яваад орсон. Би зах руу ороод утсандаа нэгж хийгээд буцаад ирэхэд тэр хүн үүдэнд ирчихсэн “ахын дүү чиний цүнх рүү мөнгө хийгээд авчихъя, би энэ хүнээс мөнгө авах гэж байгаа юм” гэхээр нь зөвшөөрсөн. АТМ дээр очоод эхлээд 4’000’000 төгрөг, хоёр дахь удаагаа 3’100’000 төгрөг, нийт 7’100’000 төгрөг аваад миний цүнх рүү хийсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

- Гэрч Б.Батсүхийн “Би 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 11 цагийн үед Шинэ Улаангом зах руу ороод рубль солиулах гээд С.Дийн байр луу ороход С.Д “ийм том том алт ирж байна” гээд надад авсан алт гэх зүйлээ сонирхуулсан. Би түүнийг үзээд “энэ чинь алт мөн юм уу” гэж асуусан. Учир нь тэр байгаль дээр байдаг алтнаас арай өөр шороо тоостой, хайлуулчихсан ч юм шиг зүйл байхаар нь тэгж асуусан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),

- Гэрч Б.Бын “...Ч.Б ах залгаад “автомашин чинь хэр бензинтэй байгаа вэ, хэр иддэг вэ?” гэж асуусан. ...Ч.Б ах өөрөө над дээр ирээд миний 7571 УНР улсын дугаартай цагаан өнгийн Ниссан санни (Nissan Sunny) загварын тээврийн хэрэгслийг авч явсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

- Гэрч Ж.Дийн “...2020 оны 4 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн үед над руу залгаад “Увс аймагт ирчихлээ, хонох газар  байна уу? Буудал олоод өгөөч” гэхээр нь би “надад мөнгө, төгрөг байхгүй байна, би маргааш тантай уулзъя” гээд тасалсан. Маргааш өглөө нь ярьж байгаад 10-аас 11 цагийн үед Увс плаза, Нарлаг төв хоёрын дундах автомашины зогсоол дээр Ниссан санни загварын автомашинтай байхаар нь очоод мэнд мэдээд зогсож байтал миний найз Улаанаа буюу Т.Отгонжаргал ирсэн. О.Оаас “одоо ямар ажил төрөл байна” гэхэд “зах дээр нэг хүнтэй уулзчихаад явна, би хүнтэй уулзах чухал ажилтай ирсэн” гэсэн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),

- 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2332 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь зэс-/Cu-5669%/, алт-/Au-24.2%/, цайр-/Zn-18.8%/ зэрэг элементүүдийн агууламжтай байна.” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.О, Ч.Б нар нь гэрч Б.Бын Ниссан санни (Nissan Sunny) загварын 7571 УНР улсын дугаартай автомашинаар 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом суманд ирсэн. Улмаар 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шүүгдэгч Ч.Б нь 71 грамм металл цутгамлыг хохирогч С.Дд алт хэмээн итгүүлж 7’100’000 төгрөгөөр зарж, уг мөнгөнөөс Ч.Б 2’300’000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөгийг, шүүгдэгч О.О 4’800’000 (дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийг тус тус авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б хохирогчид өгсөн 71 металлыг алт биш эсэхийг мэдээгүй гэж, шүүгдэгч О.О нь уг металлыг алт гэж маргаж байгаа боловч хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тэдгээрийн мэдүүлэг няцаан үгүйсгэгдсэн, бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүй байна.

Шүүгдэгч Ч.Б, О.О нарын хохирогч С.Дд өгсөн 71 грамм металл нь алт биш болох нь “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь зэс-/Cu-5669%/, алт-/Au-24.2%/, цайр-/Zn-18.8%/ зэрэг элементүүдийн агууламжтай байна.” гэх 2332 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас)-ээр, гэрч Б.Батсүхийн “Би 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 11 цагийн үед Шинэ Улаангом зах руу ороод рубль солиулах гээд С.Дийн байр луу ороход С.Д “ийм том том алт ирж байна” гээд надад авсан алт гэх зүйлээ сонирхуулсан. Би түүнийг үзээд “энэ чинь алт мөн юм уу” гэж асуусан. Учир нь тэр байгаль дээр байдаг алтнаас арай өөр шороо тоостой, хайлуулчихсан ч юм шиг зүйл байхаар нь тэгж асуусан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас)-ээр, гэрч Ё.Очирбатын “...Тухайн алт 106 грамм байсан ба тэндээс аваад би хайлах зуух руу хийгээд 5 минут орчим хайлж байхад зуухнаас цагаан дөл гарч байсан. Би өмнө нь хоёр жил орчим алт хайлсан болохоор алтнаас цагаан дөл гардаггүй гэж нөгөө охинд хэлээд “алт биш байна, аав чинь хулхидуулчхаж дээ” гэж хэлсэн. Тэгээд цутгаж гаргаж ирээд үзэхэд нөгөө хайлсан алт гээд байсан зүйлийн хэмжээ түүнтэй ойролцоо хэмжээтэй цэвэр алтнаас илүү том хэмжээтэй байсан. Сорьц тогтоохоор бодож үзэхэд алтны сорьц гарахгүй байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56 дугаар хуудас)-ээр, гэрч Д.Бийн “...Очко гэх ахад үзүүлээд алтаа өгөхөөр хуванцар савнаас гаргаж дэнсэн дээр байсан лаазанд хийх үед 106,1 грамм байсан. Очко ах лаазтай нь хайлуулах зуухны хажууд байсан хэв рүү хийгээд хайлуулах зууханд хийсэн. Хайлуулах үед “бүхэл алтнаас цагаан утаа гарч байна” гэж Очко ах хэлсэн. Тухайн үед Очко ах “энэ лав алт биш байна, танай аав хулхидуулж дээ, яаралтай цагдаа дээр яваад очоорой” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас)-ээр тус тус тогтоогджээ.

Шүүгдэгч Ч.Б нь шүүгдэгч О.Оын олж авсан гэх 71 грамм металлыг Увс аймгийн Улаангом суманд авч ирж зарахаар Улаанбаатар хотоос гэрч Б.Бын Ниссан санни (Nissan Sunny) загварын 7571 УНР улсын дугаартай автомашинаар ирэх зардлыг урьдчилан төлсөн, мөн уг металлыг Увс аймгийн Тариалан сумын Мээрэн гэх газраас олсон алт гэж хохирогч С.Дд зарсан, улмаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос 2’300’000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөгийг авсан байх тул уг үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, санаатай нэгдэж үйлдсэн гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан тул шүүгдэгч Ч.Б, О.О нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нарын 71 грамм металл цутгамлыг Увс аймгийн Тариалан сумын Мээрэн гэх газраас олсон алт гэж хохирогчид зарж 7’100’000 төгрөг авсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан” гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Б, О.О нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгөд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан тул хохирогч С.Дд 7’100’000 (долоон сая нэг зуун мянга) төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай ... үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 497.3 дахь хэсэгт “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хувааж авсан хувь хэмжээгээр шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Тодруулбал гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос шүүгдэгч Ч.Б 2’300’000 төгрөг авсан, шүүгдэгч О.О 4’800’000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн, энэ талаар талууд маргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Баас 2’300’000 төгрөгийг, шүүгдэгч О.Оаас 4’800’000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч С.Дд олгох үндэслэлтэй.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах ажиллагааны явцад мөрдөгч шүүгдэгч Ч.Б, О.О нарыг саатуулан Увс аймгийн Улаангом суманд авчрахад хохирогч С.Д хамт явсан, уг ажиллагааны зардлыг төлсөн болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна. Энэхүү зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал”-д хамаарч байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлын хэмжээг хүн нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтооно” гэж заажээ. Хохирогчийн “350 литр бензиний үнэ болох 1’000’000 төгрөгийн” нэхэмжлэлээс 121’774 төгрөгийн зардал НӨАТ-ын баримтаар нотлогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Баас 60’887 (жаран мянга найман зуун наян долоо) төгрөгийг, шүүгдэгч О.Оаас 60’887 (жаран мянга найман зуун наян долоо) төгрөгийг тус тус гаргуулж хохирогч С.Дд олгож, баримтаар нотлогдоогүй 878’226 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар 103,9 грамм шаргал өнгийн металл цутгамал, металлуудыг хайлуулах явцад гарсан 6.2 грамм металлын шаар ирсэн ба энэ нь шүүгдэгч нарын хохирогчид алт гэж зарсан 71 грамм металл, мөн хохирогчийн 35 грамм алтыг нийлүүлж хайлуулан гаргасан цутгамал байна. Энэхүү 103,9 грамм шаргал өнгийн металл цутгамлаас хохирогчийн 35 грамм алтыг ялган авах боломжтой болох нь гэрч Д.Цэвэлмаагийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 44 дүгээр хуудас)-ээр нотлогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Д гаргасан 35 грамм алтыг ялгаж авах болон Улаанбаатар хот руу автобусаар очиж, ирэх зардал болох 470’000 (дөрвөн зуун далан мянга) төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ. Хохирогч уг гэмт хэргийн улмаас гарцаагүй байдалд орж зээл авч, бусдын өмнөөс үүрэг гүйцэтгэсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн зээл авсан үйлдэл болон гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул хохирогч С.Дийн зээлийн хүүд нэхэмжилсэн 3’600’000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ч.Б, О.О нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “...шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах” гэх санал, шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч М.Мөнхөө “...Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх санал, шүүгдэгч О.Оын өмгөөлөгч Ө.Нарантуяа “...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэх санал тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч Ч.Бын хувийн байдлын талаар гэрч Г.Одонтунгалагийн “...Ч.Б нь зан байдлын хувьд үг дуу цөөн, хүнтэй эвтэйхэн харьцчихдаг, гэрээсээ хол яваад байдаггүй, амьдрахын төлөө зүтгэлтэй, хүний үгнээс гардаггүй хүн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас), Булган аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 207 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 108-112 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 106 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд Булган аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 207 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн (1986 оны) 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Оын хувийн байдлын талаар гэрч Б.Баяраагийн “...О.О дөрвөн хүүхэдтэй бөгөөд эхнэрээсээ салсан. Хоёр хүүхэд нь хадам аав Оийн гэрт амьдардаг. Харин хоёр хүүхэд нь салсан эхнэртэй нь амьдардаг.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 114 дүгээр хуудас), Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 117-123 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч О.О нь гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн (2002 оны) 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гурван сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүгдэгч нарын гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрөөгүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.От 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Өршөөл үзүүлэх тухай (2021 оны) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж,

мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

Шүүгдэгч Ч.Б, О.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Шүүгдэгч Ч.Б, О.О нар нь Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй, шүүгдэгч Ч.Б  Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хорооны Тамирчны 6а гудамжны 37б тоотод оршин суух хаягтай, шүүгдэгч О.О Булган аймгийн Сэлэнгэ сумын нэгдүгээр баг, Таримал дэнж 4 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, шүүгдэгч нар шүүхээс тогтоосон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд заасан шаардлагуудыг хангасан гэж үзнэ.

Өршөөл үзүүлэх тухай хуульд ял дүйцүүлэн солих аргачлалыг тодорхойлоогүй ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ...дүйцүүлэн хасна” гэж ял дүйцүүлэн хасах аргачлалыг тодорхойлсон байна. Иймд энэхүү аргачлалаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож дүйцүүлэн солих нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бт оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч О.От оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солих нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ЦХШЗ/04 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч О.От цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба өнөөдрийг хүртэл нийт 40 (дөч) хоног цагдан хоригдсон. Мөн тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЗ/124 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ч.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба өнөөдрийн байдлаар 26 (хорин зургаа) хоног цагдан хоригдсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорихоос өөр төрлийн ял оногдуулсан ...бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана” гэж заасан тул шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хоёр ширхэг сиди диск нь хэргийн ул мөрийг бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалж, 103,9 грамм шаргал өнгийн металл цутгамал, 6.2 грамм металлын шаарыг хохирогч С.Дд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгох үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э ургийн овогт Ч-ын Б, Ш ургийн овогт О-ийн О нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Оыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О.О-т оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч О.О-т оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс гарахыг, шүүгдэгч Ч.Б-ыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, О.О нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.О-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 40 (дөч) хоногийг, шүүгдэгч Ч.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 26 (хорин зургаа) хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Б-аас 2’300’000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөгийг, шүүгдэгч О.О-аас 4’800’000 (дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийг тус тус гаргуулан хохирогч С.Д-д олгож,

- Хохирогч С.Д-ийн иргэний нэхэмжлэлээс 4’478’226 (дөрвөн сая дөрвөн зуун далан найман мянга хоёр зуун хорин зургаа) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Хохирогч С.Дийн 470’000 (дөрвөн зуун далан мянга) төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хоёр ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалж, 103,9 грамм шаргал өнгийн металл цутгамал, 6.2 грамм металлын шаарыг хохирогч С.Д-д шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Б-аас 60’887 (жаран мянга найман зуун наян долоо) төгрөгийг, шүүгдэгч О.Оаас 60’887 (жаран мянга найман зуун наян долоо) төгрөгийг тус тус гаргуулан хохирогч С.Д-д олгосугай.

11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА