| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2013/0082/И/Т |
| Дугаар | 70 |
| Огноо | 2018-01-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 70
| 2018 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 101/ШШ2018/00270 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух Д.Нн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн *******,******* тоотод оршин суух М.Цд холбогдох,
Хамтран ажилласан болохыг тогтоолгож, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон 1,595,639,592 төгрөгийн ашгийн 50 хувь болох 797,819,796 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1997 оноос Говь-Алтай аймгийн зах дээр өлөн авч Улаанбаатар хотын Буянт эх гэдэг газарт өгдөг, өлөнгийн Н гэж өөрийн байр суурьтай байсан. Тэр үед Ц нь хүн аваад ажиллуулах боломжгүй байсан, бид 2000 оноос хамтарч эхэлсэн. Манай хүүг 1 дүгээр ангид орж байхад ирээд надтай уулзаж түүхий эд нийлүүлье, хамт ажиллая гэхэд нь за гэж хэлээгүй. Гэтэл Ц согтуу хөлчүү захын шороон дээр өнхөрч Н надтай хамтарч ажиллахгүй гээд байна гэхээр нь хамтарч ажилласан. Ц миний өвөрт унтаад миний ам бүл шиг манайхаар байдаг байсан.
2001 оны зуднаар мал турсан, хөрс муутай байсан тул шатаад мөнгөгүй болсон. Би Хятадуудаас түүхий эд ноолуур авъя гэсэн тул мөнгө олж ахаас 15 сая төгрөг авч түүхий эд авч чиргүүлтэй гучаар оруулж ирж байсан. Би Улаанбаатарын цайз зах шиг түүхий эдийн склад барихаар санаа гаргаж, тэгээд барихаар болоод аав хутгадаг трактор олж өгч 2002 онд түүхий эдийн склад барьж өөрсдийн ажлын байртай болсон. гэж ах нь газрын бичиг хөөцөлдсөн тул гэж хүний нэр дээр гэрчилгээ нь гарсан гэж байсан. Тэр үед намайг хуурсан байсан. 2003 оноос эхлээд ачаагаа өөрөө авчраад энд зараад нэхийг чинь авч өгье, ноолуур авч өгье гэж шилжүүлж байсан мөнгө дансны хуулгаас харагдана. Тэгээд Говь-Алтайн хаан банкинд харилцах данс Цд нээгээд Ц руу түүхий эдийн мөнгө хийдэг болсон. 2002 онд зуд болоод 2002 оны намраас ахаас 10 сая төгрөг авч түүхий эд авч эхлээд өөсрдийн 10-20 сая төгрөг болоод өвлийн түүхий эд авч дууссан. 2005 онд Ц нь элэгний цироз гэж өвчтэй байсан тул би 2005 онд Бээжингийн цэргийн эмнэлэг рүү 2 удаа явуулж бие нь гайгүй болж байсан. Бээжин явахад Ц нь манай ах түүхий эдийн складад зогсоод арьс нэхий аваад зогсож байг, хаалттай байж байхаар тэр нь дээр гэсэн тул би зөвшөөрөөд Цг аваад Бээжин рүү аваад ахад нь складаа үлдээгээд явж байсан. 2005 онд дансандаа ахыгаа хамтран эзэмшигч болгосон байсан. Надад тэр талаар худлаа хэлсэн байсан. бол энэ бизнест нэг ч төгрөг оруулаагүй, гурил зараад, хөзөр тоглоод сууж байдаг байсан.
Миний эгч 2003 оны 11 сарын 21-нд 15 сая, 7 сая төгрөг, 11 сая төгрөг Цгийн дансанд орж байсан. Энэ мөнгө орсон нь хамтарч ажиллаж байсан байдлыг илтгэж байна. 2003 оны дансны хуулгыг харахад 138,000 төгрөг анх хийсэн байсан бол 2004 онд 3 сая, 2005 онд 6 сая, тэгээд нэг тэр бум гэж өсөж байгаа нь энэ бизнес яаж хэрхэн өсөж байсан талаар харагдана. 2003 оны дансны хуулгыг харахад энэ бизнес харагдах ба Нгээс 7 сая, 7 сая, Д. 7 сая, 7 сая гэж харагдана. 2002 оны 8 сард 10 сая төгрөг ахаас аваад ахын мөнгийг Цд өгөөд эгчээсээ нэмж 24 сая төгрөг аваад 10-15 сая төгрөгийн түүхий эдийн бизнес хийж байсан. 2003 онд Ц өөрөө нэг 60-аад оны байшинд амьдарч байсан.
Би зүгээр нэг Цгийн хөлсний ажилчин байгаагүй, намайг яаж зовоож цуг ажиллаж байсан талаар өөрөө мэдэж байгаа. Ээж аав нь өвдөнө би дагуулаад явна, өөрөө өвдөнө би дагуулаад явна, хүүхдэд нь машин авч өгөхөд архи уугаад байдаг байсан тул бас л би уулгахгүйн тулд дагаад явж л байсан. Тэгээд надад байраа өгөөд айлын гэр бариад гарч байсан. Манай аавын найз жолооч ах байраа зарна гэхээр нь би асууж сураглаж байгаад тэр байрыг авч өгсөн. Цгийн ээж нь нас бараад аав нь гэрт амьдардаг байсан. Тэгээд ганц бие эрэгтэй хүнийг үнснээс нь салгамаар гэхэд Н гэж хүн байр зарах гэж байхаар нь тэр байрыг авч өгч байсан. Тэгээд Цгийн ах т бас 2005 оны 05 дугаар сарын 06-нд байр авч өгсөн.
Би Хятадуудтай танил байсан тул 2003 оноос хойш нэг ч удаа шатаж байгаагүй. Тэр үед л 3000 төгрөгөөр аваад Хятадуудад 7000-аар өгч 2007 он хүртэл яваад овоо мөнгө төгрөгтэй болсон. Ц энэ бизнест мөнгө төгрөг оруулаагүй ба түүхий эд ав гээд мөнгө явуулж байсан тул Ц тооцоо барьж, би энд ачаа бараагаа борлуулдаг байсан. 2003, 2004 онд мөнгө тэд болсон гэж ярилцдаг байсан. 2005 оноос ыг түүхий эдийн агуулахад сард 500,000 төгрөгийг цалин өгөхөөр болоод ажилд авч байсан. Тэгээд би Цд нэмэртэй байх гэж бодож байтал сүүлдээ би энэ хүмүүсийн хөлсний ажилтан байсан гэж хэлсэн. Би Говь-Алтайд очиход Ц элэгний цирозтай байсан тул би ингээд байнаа, тэгээд байна гээд байдаг байсан тул би мээгийнд байдаг байсан. Ц хүү маань тусдаа гаргаад өг гээд байна, эцэг өөр гээд хүүхдээ алаг үзээд байна уу гэж хамаатнууд хэлээд байна гэсэн тул 2005 онд 3 өрөө байр авч өгсөн. Дараа нь охин нь анагаахын сургуульд ороод хотод ирсэн. Тэгээд ер нь бол Улаанбаатарт байр авъя хүүхдүүд ирсэн тул хэцүү байна гээд Улаанбаатарт байр аваад бүгд тэнд амьдардаг байсан. Манай хүү бас анагаахад оюутан болж ирсэн байсан. Мөн өмнө нь манай ах Цгийн охиныг хэл амнаас хол гээд байлгаж байтал дүү нь мөн Дарханд ахынд байхаар ирсэн. Алтангэрэлийн хүн ам тоолуулсан тооллогод байдаг. Тэр үед охиноос нь намайг очихоор албаар тэгдэг байсан юм уу та нар намайг Дарханд аваачиж хаялаа гэж мессеж ирдэг байсан тул Цгийн данснаас дүүгийн нь мөн адил өрх тусгаарлаж гэр оронтой болгож байсан. Тэгээд мөн Цг унах унаатай болгох гэж 2005 онд Цд Ниссан санни гэж машин авч өгсөн. Тэгээд анх Цгийн аавынд очиж зураг авахуулсан.
2009 онооос түүхий эд их орж ирдэг болсон тул 7 хоногт 3 удаа авдаг болсон.Тиймээс би 2007 оноос эхлээд Жуковын тэнд байр аваад, түүхий эдийн мөнгийг явуулдаг болж эхэлсэн. Тэгээд 2007 онд түүхий эдийн мөнгөнөөс 77 сая төгрөгөөр ланд 105 машин авсан. Цгийн охинд Кристал таунд байр авч, 2010 онд 27 сая төгрөгөөр Ниссан дуалис гэсэн машин авч өгсөн. Ингээд түүхий эдийн мөнгөнөөс ийм зүйлийг авч өгсөн. Тэр үедээ ийм зүйл болно гэж бодоогүй.
2013 онд түүхий эдийн Өгөөж төвд дахиад өөр түүхий эдийн газар барих гэж байхаар нь 5 сая төгрөгөөр худалдаж аваад гэсэн зах барьсан. Тэгээд намайг хотод байхад мөн ахтайгаа нийлээд хамтран гэрчилгээ гаргуулсан байсан. 6 дугаар сарын 23-нд тэр газрыг 5 сая төгрөгөөр авсан. нь газарт таньдаг хүнтэй гэж хөөцөлдөж байгаад тус газарт үйлчилгээний газар барих чиглэлээр авсан тул үйлчилгээний газар барихгүй бол хураагдах гээд байна гэсэн тул 2013 оны 04 сард үйлчилгээний барилга барьсан.
2010 онд “Кашмер холдинг” ХХК-д ноолуур зараад тэр мөнгөнөөс 2010 онд Кристал таунд 4 өрөө байрыг шилжүүлж авсан байдаг. Мөн л миний хийсэн мөнгөнөөс авсан байдаг. 2010 онд энд түүхий эдийн агуулахтай больё гээд эмээлтэд агуулах авах яриа болж эхэлсэн. Тэгээд би аваад 46,800,000 төгрөг хийгээд миний нэр дээр шилжүүлэх гэхэд байгууллагын үл хөдлөхийн хурлын протокол байхгүй тул танд шилжүүлж болохгүй гэсэн. Та яаралтай авмаар байгаа юм уу гэхэд он дуусахаас өмнө авмаар байна гэсэн. Тэр хүмүүст нь буцааж өгөөд маргааш гарахаар нь шилжүүлэхээр болж байсан. 2013 оны 08 дугаар сарын 26-нд шүүх дээр явж байх хооронд Ц надтай тус агуулахыг булаацалдаад надтай муудалцаж намайг цохиж гэмтэл учруулсан тул цагдаад өгсөн. Тэгээд Ц ирж гуйсан тул эрүүгийн гомдлоо буцааж авсан. Тэгээд буцааж аваад хамтарч ажиллах хэвээрээ гэж бодож байтал нэг хятад надруу залгаад нэхий зарсан байна, хэдээр зарсан бэ 1200 нэхий авсан байна гэсэн. Би нэхий зараагүй гэхэд зарсан гэж байна танай найзаас чинь хүн авсан байсан гэсэн. Тэгээд тэрнээс болоод түүхий эдийн мөнгийг өгөхгүй бол шүүх цагдаагаар явна гээд шүүх цагдаагаар явж эхэлсэн. Тэгээд 2013 оны 08 дугаар 26-ны өдөр Ц онгоцоор ирээд тэгээд бөөн зодоон болоод шүүх цагдаагаар явж эхэлсэн.
Ц анхнаасаа намайг хуураад л яваад байсан байна лээ. Эмээлтэд ойрхон 5 шард байр зарах гэж байна гээд авахаар болоод засвар хийж байтал хэрүүл зодоон болонгуут дүүгээ оруулаад луйвардаад авсан. Одоо дүү нь байгаа. Энэ талаар хавтаст хэрэгт байгаа дансны хуулгаас харагдах ба миний 10 хэдэн жилийн залуу нас, эрч хүч харагдана. өмгөөлөгч намайг өнөөдрийг хүртэл нэхэмжлэлээ нотолж чаддаггүй гэдэг. Дансны хуулгаас бүх зүйл харагдана. Тус нотлох баримт дансны хуулгаар түүхий эдийн бизнес яаж эхэлсэн, эх үүсвэрийг хэрхэн олж, яаж эхэлсэн талаар нотлоно гэж бодож байна. Би Цд өөрийн нэртэй дугаарыг 10 гаруй жил бариулаад, сольж барьж байсан тухай өнөөдөр өгсөн шүүхийн шийдвэр энэ талаар гэрчилж байгаа. Тэгээд нотлохын тулд аймгийн ченжээс гэрчийн мэдүүлэг авуулсан. Эхлээд өлөн арьс хоёр тусдаа байсан ба сүүлдээ 2005 оноос өлөн, нэхий цуг авч эхэлсэн. Тэгээд би өлөн авдаг байсан ба надаас ямааны өлөн авдаг байсан. 2000 оноос хоёргүй сэтгэлээр даарахдаа даарч, ачаатайгааа аваарт орж ирж 10 гаруй жил явахад хөлсний ажилчин гэж байна. Тэгээгүй байсан бол цагдаа шүүх болоод явж байхгүй байсан. Тэгээд намайг өнөөдөр ингэж гудманд хаячихаад өнөөдрөөс 5 жил шүүхээр явж байна. 2003 оны Цгийн дансны хуулгаас анх ямар байсан талаар харагдана. Говь-Алтай аймгаас мах аваад, оруулж ирж зарж мах зарсан ашиг энд ороогүй байгаа. Сүүлдээ Цгийн дансанд хийлгээд байсан. Н гэдэг хүнээс 2013 он хүртэл хэдэн төгрөг шилжсэн талаар
Монгол банкны шинжээчээр дүгнэлт гаргуулахад 4,222,000,000 гэж байсан. 2003 онд Цгийн гэж харилцах дансыг анх нээсэн, тэгж байтал 2005 онд тус гэж хугацаагүй хадгаламжийн данс болгосон. Учир нь энэ нь орсон гарсан мөнгөнөөс хүү ордог гэж байсан. Ц анх 5 ажилчин авах хүн байгаагүй, нөхөртэйгээ гурил зараад зогсож байдаг байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 797,819,796 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1993 оноос бизнест хөл тавьж, 1993-1995 онд ганзагийн наймаанд явж байгаад 1995 оноос гурилын наймаанд ахтайгаа хоёулаа орж байсан. Хүний юм зарж байгаагүй, бид нар өөрсдөө татаж оруулж ирж зардаг байсан.
Би 1998 оны 12 сард Нтэй танилцаж байсан. Миний бүл эгчийн нөхрийн тал байсан ба эднийх олон охидуудтай байсан ба яг Н гэж тэр гэж таньдаг байгаагүй. 1995 оны дундаас түүхий эд авч эхэлдэг байсан. Нэг өдөр зах дээр зогсож байтал Н над дээр ирж танилцаж байсан. Би тэр үед хүний худалдагч хийх нь ч юу юм, гэхдээ тийм баян тарган байгаагүй. Гэхдээ манай ах Хятадаас гурил будаа татан оруулж 500, 700 төгрөг нэмж зарж, ашиг олж байсан. Манай нөхөр гурил будаа зарж байсан тул би өлөн гэдэс авч Хятадуудад, ХХК-нд өлөн гэдэс зөөдөг байсан.Тэр үед наймаачид 4, 5 уулаа нийлээд нэг машинд ачаад явдаг байсан үе юм. Тэгээд Н над дээр ирж уулзахад манай дүү хотод өлөн гэдэс авах гэж хааяа надруу мөнгө явуулдаг. Ойрд мөнгө явуулаагүй байна. Чи надад 1 сая төгрөг өгөөч тэгвэл би дүүрүүгээ өлөн аваад явуулмаар байна тэгээд би 100,000 төгрөгийн ашиг олох гэсэн юм гэсэн. Тэр үед нь би шууд өгөөгүй, маргааш нь Нд 1 сая төгрөг өгч 1 сая төгрөгийн өлөнг 2 өдрийн дотор миний нүдэн дээр авсан. Тэр бол 1998 оны 12 сар байсан. Тэгээд дараа нь би нэмээд 2 сая төгрөг өгөөд нийт 3 сая төгрөг өгч Н өлөнг аваад Улаанбаатарт тушаахаар болсон.
Тэгээд би цуг явж Улаанбаатар хотод ирээд “Буян тэч” ХХК-нд авчирч өгсөн. Тэгэхэд 1,500,000 төгрөгийн ашиг олсон байсан ба тэрийг би авахгүй Н чи ав, 3 хүүхдэддээ хувцас ав гэж хэлсэн. Яагаад гэвэл өвлийн хүйтэнд зуны малгайтай богино курткатэй байсанг нь хараад би өрөвдсөн. Ингээд буцаад Говь-Алтай аймаг буцсан. Тэгэхэд Н тэр мөнгийг зах ороод бүгдийг нь бараг үгүй хийсэн. Тэгээд удаагүй куртка зэргийг нь захынхан өрөндөө суутгаж аваад буцаагаад зарж байсан. гэж миний ажилчин байсан. Тэр хүн бол Нгээс хойш бараг 2 сарын дараа л ажилчнаар орсон.
Тэгээд түүнээс хойш хамтраагүй байж байтал Н 1999 онд гэнэт дахиж ирээд өлөнгийн ажилчин авах уу гэхэд ажиллаж байсан. Эхлээд Нг түүхий эд өгч явуулахгүй, би дандаа цуг явдаг байсан. Эмээлтэд хүний бэлтгэсэн ачааг буулгахыг мэдэхээс яаж бэлтгэх, яаж мөнгө болгодог талаар Н юу ч мэдэхгүй. Ингээд 1993 оноос хойш ганзгын наймайг хийж, нөхөр чиргүүлтэй гучаа зараад, гэр оронгоо зараад 1998 онд амьдрал дээшилж байсан. Н бол түүхий эд хэдэн төгрөгөөр авдаг, хэрхэн бэлдэж ачуулдаг, талаар огт мэдэхгүй, одоо ч түүхий эд хэрхэн авдаг талаар мэдэхгүй. Тэгээд намайг түүхий эд өгөх гээд явахад хамт явья гээд дагаад явдаг байсан. Хятадууд анх данс гэж байхгүй бүх мөнгөө бэлэн өгдөг байсан. Тэр түүхий эдийн мөнгийг нэг хоёр хоногтоо өгөхгүй байх тул Алтангэрэл гэж ахад нь та аваад шилжүүлчээрэй гэж захиж үлдээж байсан. Тухайн үед миний мөнгийг араас шилжүүлж явуулж байсан.
Н надад цалингийн талаар 2 удаа ярьж байсан. Би тэрийг харин ч дэмжиж байсан. Харин чи мөнгөө хүргэж чадах юм уу гэхэд за за чадахгүй байх гээд больж байсан. Тэгэхэд Бээжинд очиж элэгний ц вирустай гэсэн тул эмчилгээ хийлгэнгээ 10 сая төгрөг цуг сайхан мөнгө үрсэн байх. Би өнөөдрийг хүртэл мөнгө өгөөд ингэж явахад болж байна уу гэж 2 ч удаа асууж байхад Н энэнээс илүү яахав дээ найз минь гэж хэлж байсан. 2002 онд надад данс нээж өгсөн ч гэх шиг. Би тийм арчаагүй наймаачин биш. Саяхан би чиний утсан хүүхэлдэй болчиж гэж хэлж л байсан. Би Нн 3 хүүхдэд багаас нь хамт байсан тул хайртай, маш их хүмүүжилтэй хүүхдүүд байдаг. Би Нд чиний 3 хүүхдийг сургуульд сургаж хоолонд нь хүргэж өгнө гэж хэлдэг байсан. Хэлснээрээ ч том охиныг нь анагаахад сургаж байсан. Би байрандаа Нг 1999 оны намар оруулж байсан боловч бичиг баримт нь сүүлд нь нэр шилжсэн. Учир нь Нн аав нь энэ байр чинь чиний байр юм уу, Цгийн байр юм уу гэж асууж байсан. Тэр үед нь би хөгшин хүн санаа нь амраг гэж бодоод нэр шилжүүлж байсан. Мөн тэр складыг Н бариулаагүй. Бас байр авч өгсөн л гэх юм, тийм юм бол надад биш өөрийн ах, эгч нарт авч өгөхгүй яасан юм. 5 шард байр авсан гэж байна. Манай дүү байр аваад бид хамтдаа Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөхөөр цуг явж байсан биздээ. Намайг Кристал таунд байр авахад мөн л дагаад явж байсан. Чиний мөнгө юм бол чи яахаараа дуугүй дагаад, миний нэр дээр гаргаад яваад байсан юм.
Би нэг өдөр складын үүдээ шүүрдээд байж байхад гэж хүн анх ирээд уулзаж байсан. Тэр хүн бол 2003 оноос 2008 оныг хүртэл, гэж хүн 2003 оноос 2011 оныг хүртэл ноолуур аваад миний дансанд тэр үеэс тэрбумаар мөнгө эргэлдэж байсан. Энэ хүнийг Н надад олж өгөөгүй. 2002 оноос 15 удаагийн 1 тэрбум гаруй зээлийг Хаан банкнаас би авч 64 сая төгрөгийг хүүнд төлсөн. Энэ хүүнээс Н нэг ч төгрөг төлж байгаагүй. Энэ мөнгөнд Нгийн хөрөнгө гэж нэг ч төгрөг байхгүй. Ашиг л яриад байна зарлага бас гардаг. Хаан банкны тэрбум төгрөг 11 жил эргэлдсэн. , нарын мөнгө эргэлдэж би хөл дээрээ босож мөнгө олсон.
Хятадууд л гэхийн. Хятадууд хэзээ ч зээлээр мөнгө өгөхгүй, урьдчилгаа л гэж өгдөг. Эмээлт даяараа мэднэ Н дандаа юм асуухаар дарга мэднэ гэж бүх юмыг надаас асуудаг байсан. Яахаараа өөрийнхөө юмыг хийж байж надаас асуугаад байдаг юм. Хятадууд ч гэсэн танай ажилчин гэдэг байсан. Би энэ бизнесийн бүх юмыг зохицуулж бүх зүйлийг заадаг байсан. Нд би маш их итгэдэг байсан ба огт мөнгөнд шунадаггүй итгэж хайрлаж явсан. 2008 онд сүүлийн 30 сая төгрөг дутахад Н надад нийлүүлэгч нэг хужааг мөнгөө өгөөгүй гэсэн. Гэтэл дараа нь агуулахын харуул надруу ярьж нөгөө Хятад чинь энд явж байна гэхээр нь уулзахад би түүхий эдээ аваад тэр дор нь мөнгөө өгсөн гэж хэлж байсан.
2009 онд Бигэр суманд алт гарсан. Тэр үед манай ах 4 кг алт худалдаж авсан ба Нд гэж хүнээр өгөөд явуулсан. Тус алтыг зараад 272,375,000 төгрөг болж алт зарсан мөнгөнөөс 150,000,000 төгрөг шилжүүлээд үлдсэн мөнгийг нь маргааш шилжүүлнэ гэсэн. Маргааш орой эгч нь надруу нөгөө Н чинь тэр мөнгийг дээрэмдүүлсэн гэж байна гэж утсаар ярьсан. Тэгээд 148.4-өөр эрүү үүсч байсан. Говь-Алтайгаас би ирээд энэ хүн өрөнд орсон талаар судалж надад хэлээгүй байна. Энэ хүнийг би өрнөөс нь салгаж өгнө гэж цагдаагаас гаргаж авсан. Тэгээд Нн Улаанбаатар хотод тавьсан бүх өрийг 2009 онд цайруулж, 125 саяийг ч мөн цайруулсан.Тэр үед юу болсон бэ гэхээр дээрэмдүүлсэн гэж өргөдөл өгөхөд Монголд ийм юм гарч байгаагүй та үнэнээ хэл гэж гэрт цагдаа нар очиход би өр тавьсан байсан тул өрөндөө өгсөн гэж мэдүүлж 21 сая төгрөгийг хурааж авсан байсан. Тэгээд би тэр 21 сая төгрөгийг олж авсан. 2008 2009 онд надад 130 сая төгрөг худлаа хэлж авч эхэлсэн. Үүнээс хойш олон өр төлсөн.
Сүүлдээ эмээлтийн агуулах руу орсон, 46,800,000 төгрөг Нн хадгаламж банкинд хийгээд 550,000 төгрөг тэмдэгтийн хурааж гэж шилжүүлсэн. Тэгээд шүүхдэхээр боллоо чи надад итгэмжлэл хийгээд өг гэсэн тул би шүүх хуралд оролцох итгэмжлэл хийлгэж авсан. Би өөрийн жанхуугаа өөрөө зохицуулна гэж л хэлж байсан. Тэгсэн миний итгэмжлэлийг хойш нь тавиад өөрийн юм гээд хөөцөлдсөн байсан. Тэгээд би шүүхэд гуравдагч этгээдээр оролцсон. Одоо энэ гэрчээр оролцуулах гээд байгаа хүн нийлээд хуйвалдсан байсан.
Нн 3 хүүхэд хүмүүжилтэй. Би маш их хайртай байдаг. Бага банди нь надруу мессеж бичсэн ээж явуулдаггүй гэж байсан.
Би Говь-Алтайд гарнаас цус шүүртэл, хөлийн өсгий хагартал ажилладаг байсан. Тэгэхэд энэ хүн сард 3 удаа ачаа орж ирэхэд очиж авдаг, өлөн ирэхэд тоолно, ноолуур ирвэл хиллэдэг байсан. Би энэ хүний хамаг мөнгийг нь аваад үрээд яваад байсан юм бол 10 жил ягаад дуугүй явдаг юм. Би тийм тэрбумаар нь ашиг олж ч үзээгүй. Би Говь-Алтайд байхад эмээлтийн агуулахын хүн надруу залгаж Н сая ноолуур ачаад аваад явсан д битий хэлээрэй гээд явчлаа гэж ярьсан. Тэгээд би Нтэй ярихад гэх хужаад зарсан мөнгө орж ирээгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд нэг өдөр Шоогуу ирсэн байна ноолуурын мөнгө ав гэхэд би уулзахад Нд мөнгийг нь өгсөн гэж хэлсэн. Хэрвээ Нн мөнгө юм бол яахаараа Цд битий хэл гээд яваад байдаг юм. Ийм учраас Нн хүний хөдөлмөрийн хөлсийг мөлжөөд, мөнгийг авч идээд 10 гаруй жил явсан юм нэг ч байхгүй. Н 2014 оноос эхлээд миний ахын бүх юмыг Н би авч өгсөн гээд цагдаагаар явуулсан, миний дүү мөнгө шилжүүлж байсан хуулгыг өгч бас цагдаагаар баахан явуулсан. Миний мөнгийг бол яах вэ гэхэд ах дүү нарыг оролцуулж байгаад үнэхээр гомдож байна.
Миний дансны хуулганд хэдэн зуун өөр хүний мөнгө төгрөг банкны мөнгө орж гарсан байхад тэр мөнгийн орлого, ашиг гээд тал нь минийх гэж хэлж байна. Миний дүүгээс хүртэл эгчдээ битий хэлээрэй гээд мөнгө авчихаад тэрийг бас хэрэгт оруулдаг. Намайг байж байгаад нэг Улаанбаатарт ирэхэд Нн бөөн өр л угтдаг байсан. Н бол ямааны мах, адууны мах идэж ч үзээгүй, дэлгүүрийн үнэ ч асуухгүй захаас юм худалдаж авдаг байсан. Би Нг тэгж л амьдруулж байсан. Н надад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй, барьцаанд юм тавьж үзээгүй, татвар, цалин хөлсийг төлж үзээгүй, юу ч өгч үзээгүй байж одоо надаас юу нэхээд байгаа юм. Тиймээс би энэ нэхээд байгаа мөнгийг огт хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
*******,*******д холбогдуулан хамтран ажилласан болохыг тогтоолгож, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон 1,595,639,592 төгрөгийн ашгийн 50 хувь болох 797,819,796 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байгаагүй гэж татгалзжээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 7,091,796 төгрөгөөр ихэсгэж хариуцагчаас 797,819,796 төгрөг гаргуулах, хариуцагчтай 2003 оноос 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд малын түүхий эдийн бизнест хамтран ажиллаж 1,595,639,592 төгрөгийн орлого ашиг олсон, энэ ашгийн тавин хувь болох 797,819,796 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Зохигч 1998-1999 онд танилцсан, Говь-Алтай аймгаас малын өлөн гэдэс, арьс, шир, ноос, ноолуур худалдан авч Улаанбаатар хотод авчирч худалддаг байсан, 2013 оны 08 дугаар сарыг дуустал хамт ажиллаж байсан талаар маргаагүй бөгөөд, зохигч энэхүү тайлбараа шүүх хуралдаанд гаргажээ.
Нэхэмжлэгч дээрх хугацаандаа ашиг олох зорилгоор хариуцагчтай хамтран ажиллаж, бид өөрсдийн болон миний төрөл садангийн өгсөн мөнгийг эргэлдүүлэн мөнгөтэй болсон. Би Улаанбаатар хот дахь малын түүхий эдийн борлуулалтын ажлыг хариуцан Говь-Алтай аймгаас хариуцагчийн ачуулсан түүхий эдийг Улаанбаатар хотод хүлээн авч худалдан борлуулж орлогыг буцаан шилжүүлэх замаар мөнгөө эргэлдүүлж ашиг олон хамтран ажилладаг байсан тухай тайлбарлаж, хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Д.Нн ХААН банк ХХК дахь хугацаагүй хадгаламжийн тоот,*******гийн ХААН банк ХХК дахь хугацаагүй хадгаламжийн , тоот харилцах дансаар орсон, гарсан гүйлгээний дүнгээр хамтран ажиллаж байсан үеийн мөнгөн хөрөнгийн урсгал, ашиг нотлогдоно гэжээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байгаагүй, нэхэмжлэгч энэ бизнест надтай хамтарч хөрөнгө оруулаагүй, миний ажилтан байсан. Д.Н нь өөрөө бие дааж шийдвэр гаргадаггүй, Говь-Алтай аймгаас миний ачуулсан түүхий эдийг Улаанбаатар хотод хүлээн авч миний ярилцаж тохиролцсон хятад ченжүүд болон бусад газруудад миний заавар, хэлсэн үнээр түүхий эдийг худалдан борлуулах ажил хийдэг байсан гэжээ.
Шүүх, зохигчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, мэтгэлцээн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан үнэлж дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нотлогдоогүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч шаардлага, татгалзлаа өөрөө нотлох, үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хуульд заасан энэхүү үүрэг нь нэхэмжлэгчийн хариуцагчтай хамтран ажиллаж байсныг тогтоолгох шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар ийнхүү хамтран ажиллаж байснаа нотлох үүрэг юуны өмнө нэхэмжлэгчид хуваарилагдана.
Талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллаж болохыг Иргэний хуулиар зөвшөөрсөн ба зохигчийн хувьд 2003-2013 оны хооронд хамтдаа ажиллаж байсан нь иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний хүрээн дэх хамтын үйл ажиллагаанд хамаарах эсэх, хуульд заасан хамтран ажиллах урьдчилсан нөхцөл хангагдсан эсэх, үйл ажиллагаа нь хамтынх байсан эсэх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэс болно.
Зохигч хамтран ажиллаж байсныг тогтоохын тулд юуны урьд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар талууд хураамж, хувь нийлүүлсэн байх, харилцан хураамж буюу хөрөнгө нийлүүлсэн бол тэдгээр нь талуудын дундын өмчлөлийн хөрөнгө болсон буюу бодитой байх шаардлагатай.
Нэхэмжлэгч өөрийн төрсөн ах Д. 2003 онд 10,000,000 төгрөг, 2004 онд 5,000,000 төгрөг болон БНХАУ-ын иргэнээс 2003 онд 10,000,000 төгрөг тус тус авч хариуцагчтай хувь нийлүүлэн хамтын үйл ажиллагаан дахь мөнгөний эргэлтээ өсгөсөн тухай тайлбарлаж дансны хуулга, хувийн тэмдэглэлийн дэвтрээр нотлогдоно гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргасан “2002-2005” гэсэн гарчигтэй цэнхэр өнгийн сурагч дэвтрийн 7 дахь хуудсанд “11/18 – 10,000,000 ” гэсэн тэмдэглэгээг хариуцагчид мөнгө шилжүүлсэн баталгаа, хамтын үйл ажиллагааны хураамж гэж нотлох үндэслэл болохгүй, мөн өдөр хариуцагчийн ХААН банк ХХК дахь тоот дансруу нэхэмжлэгч 10,000,000 төгрөгийн орлогыг бэлнээр шилжүүлсэн, 2004 оны 08 дугаар сарын 11-ны өдөр иргэн Д.Алтангэрэл хариуцагчийн дээрх дансанд 5,000,000 төгрөгийн орлогыг тус тус шилжүүлсэн нь нэхэмжлэгч Д.Нн хамтын үйл ажиллагааны хураамж болохыг шууд нотлохгүй, нэхэмжлэгчээс хариуцагчруу шилжүүлсэн бусад мөнгөн гуйвуулга, шилжүүлгээс ялгагдахгүй байна. /2-р хавтаст хэргийн 40, 42 дахь тал/
Нэхэмжлэгчийн дурдсан мөнгийг хариуцагч тус БНХАУ-ын иргэнээс малын түүхий эд бэлтгэх зорилгоор урьдчилан авч арьс, шир бэлтгэн буцаан төлсөн гэж тайлбарлан, бусад хятад иргэдээс ч гэсэн мөн адил мөнгө авч түүхий эд нийлүүлэн ашиг олдог байсан гэж хариуцагч өөрийн ХААН банк ХХК дахь тоот дансны /Чинбенээс 2004.09.29-10,000,000, 10.02-6,000,000, 10.04-10,000,000, 10.11-10,000,000, 11.28-30,000,000/ хуулгаас иш татжээ. /2-р хавтаст хэргийн 43-45 дахь тал/
Мөн хариуцагч, нэхэмжлэгчийн ажлын хөлс, урамшуулалд 446,352,500 төгрөгийн эд хөрөнгө, мөнгө өгсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч хамтын үйл ажиллагааны ашиг байсан гэж тайлбарлажээ.
Хуульд зааснаар хамтран ажиллах гэрээний талууд /гэрээ заавал бичгээр байхыг шаардахгүй/ хамтын үйл ажиллагаандаа тодорхой хувь нийлүүлсэн байх нь хуулийн үндсэн шаардлагын нэг бөгөөд хураамжийн хэлбэрийг мөнгөн, эд хөрөнгийн, ажил үйлчилгээний хэлбэрээр харилцан тодорхойлох замаар тохиролцож болох ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд ийнхүү тохиролцсон аман болон бичгийн хэлцэл хийгдсэн нь байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл зохигч хамтын үйл ажиллагаандаа оруулсан хураамжийн хэмжээний талаар бус нэхэмжлэгч, хариуцагчтай түүхий эдийн бизнесийг хамтран эрхлэхээр хамтын үйл ажиллагаандаа зориулж хураамж төлсөн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
Хариуцагч М.Цгийн Говь-Алтай аймгийн төвд түүхий эд худалдан авах үйлчилгээний /М. өмчлөлд бүртгэлтэй гэв/ төв, агуулах болон орон сууцнууд, Улаанбаатар хот дахь /Сонгинохайрхан дүүргийн 5 шар, Кристал таун/ орон сууцнууд, Эмээлтийн агуулах, Дархан-Уул аймаг дахь орон сууц, суудлын автомашинууд зэрэг нь хамтран ажиллаж бий болгосон түүхий эдийн бизнесийн мөнгөөр авсан гэж нэхэмжлэгч тайлбарласан ба Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 477.4-т зааснаар дурдсан эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч хамтран өмчилдөггүй, нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлгүй талаар зохигч маргаагүй.
Харин нэхэмжлэгч Д.Н,*******тай 2003-2013 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа нэгтгэн хамтран ажиллаж байсан гэж тайлбарлаж байгаа ч дээр дурдсан, 2 дугаар хавтаст хэргийн 89, 91, 97-108, 110, 114-115 дахь талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2002-2013 оны 08 дугаар сарын хооронд буюу зохигчийг хамтран ажиллаж байх хугацаанд бий болсон нь нэхэмжлэгч уг эд хөрөнгүүдийг хамтран ажиллах гэрээний үр шим гэж үзсэн тохиолдолд дундын өмчлөлд бүртгэхийг, өөрийн нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй явдал нь нэхэмжлэгчийг, хариуцагчтай хувь, хураамжаа нэгтгэж ашиг олох зорилгоор хамтран ажилласан гэж үзэх үндэслэлийг үгүйсгэж байна. /2 дугаар хавтаст хэргийн 89, 91, 97-108, 110, 114-115 дахь тал/
Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээний талууд ашиг олох, тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдэж байгаа аливаа хэлцэл, үйл ажиллагаа нь гэрээний талуудын харилцан зөвшилцөл, зөвшөөрөлд үндэслэн хийгдсэн байх ёстойгоос гадна байгуулсан гэрээндээ өөрөөр заагаагүй бол хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн хувьд хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагчийн Говь-Алтай аймгаас ачуулсан түүхий эдийг Улаанбаатар хотод хүлээн авах, хадгалах, худалдах, борлуулалтын орлогыг буцаан шилжүүлэх болон хөрөнгө, мөнгө босгох зэрэг ажлыг хариуцдаг байсан гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох нэхэмжлэгчийн тоот данснаас бэлэн болон бэлэн бусаар хариуцагчийн , тоот дансруу нэхэмжлэгч байнга мөнгө шилжүүлж байсан нь тус дансны хуулгуудаар нотлогдож байх боловч хариуцагч түүхий эдийн борлуулалтын орлогыг хүлээн авч байсныг маргахгүй, харин хамтран ажиллах гэрээний дагуу биш нэхэмжлэгч ажилтны үүргээ биелүүлсэн гэж татгалзжээ.
Талууд харилцан мөнгө шилжүүлж байсан, нэхэмжлэгч өөрийн дансаар болон бэлнээр хариуцагчид байнга мөнгө шилжүүлдэг байсан явдал нь зохигчийг хамтран ажиллаж байсныг шууд илэрхийлэх нотлох баримт болохгүй юм. Холбогдох газруудаас шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд ХААН банк ХХК дахь нэхэмжлэгч Д.Нн тоот,*******гийн , тоот дансуудыг зохигчийн хэн аль нь хамтран эзэмшдэггүй, тус дансууд дахь мөнгөн гүйлгээ, орлого, зарлагыг харилцан хяналттай зарцуулж байсан гэх үйл баримт тогтоогдохгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн тоот дансанд хариуцагч 2005.05-2011.03 дугаар сарын хооронд 5 удаагийн гүйлгээгээр 30,300,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагчийн , тоот дансуудад нэхэмжлэгч 2005-2013.08 дугаар сарын хооронд тогтмол мөнгө шилжүүлсэн, зохигч тус тусын дансны мөнгөн гүйлгээг харилцан хамааралгүй зарлагын гүйлгээ хийж байжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 13, 26, 49, 50, 96, 2 дугаар хавтаст хэргийн 1-49 дэх тал/
Нэхэмжлэгч, хариуцагчтай хамтран ажиллаж байснаа нотлон бичиж байсан тухай баримтыг гаргажээ. Тус баримт нь ямар агуулгыг илэрхийлсэн, юунд зориулагдсан нь тодорхойгүй, хэдэн онд бичигдсэнийг нотлох боломжгүй байна. Харин 2013.10.31 гэсэн гар бичмэл хэнд зориулагдсан, ямар зорилгоор үйлдсэн нь тухайн баримтын нотолгооны ач холбогдлыг илэрхийлэх бөгөөд уг баримтыг хариуцагч, нэхэмжлэгчид гомдолгүй буюу нэхэмжлэгч Д.Н,*******гаас шилжүүлсэн алтыг дээрэмдүүлсэн тухай гомдлыг цагдаагийн байгууллага шалгах явцад гаргасан нь зохигчийн хамтран ажиллаж байсныг хариуцагч хожим зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл, ашиг тохирсныг илтгэх баримт гэж үзэх үндэслэлгүй байна. /6 дугаар хавтаст хэргийн 172-173, 7 дугаар хавтаст хэргийн 190 дахь тал/
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр гэрч асуусан ба зохигчийн хувийн байдал, хамтран ажиллаж байсан эсэх, талууд хамтын ажиллагааны орлогоор Говь-Алтай аймгийн төвд үл хөдлөх эд хөрөнгө хамтран барьсныг шүүхэд гэрчилсэн гэрчүүд зохигчийн хувийн болон бизнесийн үйл ажиллагааны талаархи өөр өөрсдийн ойлголтыг таамагласан байдлаар мэдүүлсэн, мэдүүлгүүд тодорхой бус гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хэрэгт ач холбогдол бүхий хэн ч гэрч байж болох боловч гэрч нарын мэдүүлгээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хамтын үйл ажиллагаа нь Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний агуулгаар үйл ажиллагаа явуулж байсан эсэх, эсхүл өөр бусад гэрээ /хөдөлмөрийн, хөлсөөр ажиллах, харилцан туслах г.м/, тохиролцооны үндсэн дээр хамтран үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг тодорхой илэрхийлээгүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар гэрч нарын мэдүүлэг давхар нотлогдохгүй тул гэрч нарын мэдүүлгийг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг гэрчилсэн, тодорхой мэдүүлэг гэж үзэх боломжгүй.
Иргэний хуулиар хамтран ажиллах гэрээг амаар тохиролцон байгуулах замаар талууд хамтран ажиллаж болохыг зөвшөөрсөн. Зохигчийн мэтгэлцээн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Д.Нн*******тай 2003 оноос 2013 оны 08 дугаар сарын хооронд хамтран ажиллаж байсныг тогтоолгох, хамтын үйл ажиллагааны ашгаас 797,819,796 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргах үүрэгтэй.
Энэхүү үүргийнхээ дагуу нэхэмжлэгчийн хариуцагчтай хамтран ажиллах гэрээний агуулгаар малын түүхий эдийн бизнесийг адил эрх, үүрэгтэйгээр хамтран эрхэлж байсныг нотлох хувь хөрөнгө, хураамж нийлүүлж, үйл ажиллагаагаа нэгтгэн зохион байгуулж ажиллахаар тохирсон /анхны/ тохиролцоо, хамтын ажиллагааны зарчим, талуудыг 2003-2013 оны хооронд хамтран ажиллаж байсныг тодорхойлох хамтын үйл ажиллагааны ашгаар бий болсон бодитой хамтын хөрөнгө зэрэг хэрэгт ач холбогдол бүхий байдлыг нэхэмжлэгч нотлоогүй байна.
Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримт, тайлбарууд нэхэмжлэгч, хариуцагч нар 2003-2013 оны 08 дугаар сарын хооронд зохигч хамт ажиллаж байсныг нотолсон баримтууд ба хариуцагч үүнийг эсэргүүцээгүй, энэхүү хамтын ажиллагаа нь хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээний харилцаанаас өөр, хуульд заасан хамтран ажилах гэрээний шинжтэйгээр хамтын үйл ажиллагааг 10 жил явуулж байснаа нэхэмжлэгч нотлоогүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12324 дугаартай, мөн шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 4220 дугаартай захирамжаар тус тус Монгол банкны хяналт шалгалтын хэлтсийг шинжээчээр томилжээ. 3-р хавтаст хэргийн 233-235, 4-р хавтаст хэргийн 34, 35 дахь тал/
Шинжээч хоёр удаагийн дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн ба шинжээчийн нийт ажлын хөлс 320,000 төгрөг болсныг холбогдох санхүүгийн баримтын хамт шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгч шинжээчийн ажлын хөлсийг төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлсийг зохигчоор нөхөн төлүүлэхээр хуульчилсан, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шинжээчийн ажлын хөлс 320,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Нгээр нөхөн төлүүлэх нь зүйтэй. /4-р хавтаст хэргийн 73, 74дахь тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Нн*******тай хамтран ажилласан болохыг тогтоолгож, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон 1,595,639,592 төгрөгийн ашгийн 50 хувь 797,819,796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 320,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Нгээс нөхөн гаргуулж шинжээч Монголбанкинд олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,139,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 128,418 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч Д.Нгээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ