Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 ä¿ãýýð зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эын Тд холбогдох 1935002670003 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Намир принт ХХК-д тогооч ажилтай, ам бүл 3, ээж дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 5-07 тоотод оршин суух, Б овогт Эын Т /РД:ЖЮ99120116.

                   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.Т нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Мишээл-1” нэртэй үсчин, гоо сайхны газар буюу үйл ажиллагаа явуулах орон байрны цонхоор 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 7 дугаар сарын 04-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар нэвтэрч, тус үсчинд ажилладаг иргэн М.Цийн 150.000 төгрөг, иргэн С.Мын 81.000 төгрөг, иргэн Д.Бгийн 25.000 төгрөгийн үнэлгээ бүхий даавуун цүнхийг тус тус хулгайлж, нийт 256.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Э.Т нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 7 дугаар 04-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Мишээл-1” нэртэй үсчин, гоо сайхны газрын цонхоор орж иргэн М.Цийн 150.000 төгрөг, иргэн 81.000 төгрөг, иргэн Д.Бгийн 25.000 төгрөгийн үнэлгээ бүхий даавуун цүнхийг тус тус авсан болох нь:

  1. Хохирогч М.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би өөрийнхөө мөнгө хийж хадгалдаг модон хайрцагт үлдсэн мөнгийг тоолж үзэхэд бэлэн 150.000 төгрөг байсан. Би хайрцагтай мөнгөө тавиур руу буцааж хийсэн. Энэ явдлыг С.М бид хоёроос гадна Д.Б, З, Э.Т нар хараад сууж байсан. Тэгээд би удалгүй үсчний газраас гараад гэр рүүгээ явсан. Намайг гарч явах үед манай үсчний газарт С.М, Д.Б, З, Э.Т нар хараад сууж байсан. Тэгээд би удалгүй үсчний газраас гараад гэр рүүгээ явсан. Тэр орой би дахиж ажил дээрээ очоогүй бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өглөө 08:00 цаг өнгөрч байх үед ажил дээрээ ирэхэд Ц.Х эгч ирчихсэн хүний үс засаад дуусч байсан. Намайг ирэхэд Ц.Х эгч Би гэртээ хариад цай уучихаад ирнэ гэж хэлээд надтай зөрөөд гараад явсан. Би Ц.Х эгчийг гарч явсны дараа өөрийнхөө мөнгө хийж хадгалдаг модон хайрцагийг гаргаж ирээд, нээж үзэхэд дотор нь байсан 150.000 төгрөг алга болсон байсан. Тэгээд би Ц.Х эгч болон, С.М руу утсаар ярьж хэлсэн. Удалгүй С.М ирээд өөрийнхөө мөнгө хийж хадгалдаг модон авдрыг үзчихээд Миний авдрын цоожийг бас эвдээд, дотор нь байсан 81.000 төгрөгийг хулгайлсан байна гэж хэлсэн. Мөн удалгүй Ц.Х эгч ирээд Би өчигдөр орой гарч явахдаа хаалгаа цоожлоод гарсан. Өглөө ирэхэд хаалганы цоож зүгээр байсан гэж хэлсэн. Бид нар хаагуур хулгай орсон юм бол гэж ярилцаж байгаад ар талын гоо сайхны өөрөө рүү ороход цонх нь онгорхой байсан. Тэгээд бид нар цонхоор хулгай орсон юм байна гэж бодоод цагдаагийн газарт дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирж шалгасан. Э.Т яах гэж ирснийг би сайн мэдэхгүй байна, заримдаа манай ажил дээр ирээд С.Мтай уулзаад явдаг. Миний ойлгосноор Э.Т, С.Мтай уулзах гэж ирсэн байх. С.Мын утсыг аваад хүнтэй утсаар ярьж байгаа харагдсан. Э.Т нь манай ажлын арын өрөө буюу гоо сайхны өрөө рүү огт ороогүй. Өмнө нь ирэхдээ ч тэр өрөө рүү орж байгаагүй. Надад гэмт хэргийн улмаас 150.000 төгрөгийн хохирол учирсан. Надад учирсан хохирлыг Э.Т нь бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх  мэдүүлэг /хх-ийн 31-32, 33-р талд/,

2. Хохирогч С.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 04-ний өглөө 09:00 цагийн орчимд би гэртээ байж байтал М.Ць над руу утсаар залгаж Миний хайрцагт байсан мөнгө алга болсон байна, чи хурдан ажил дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Би тэр дороо гэрээс гараад ажил дээрээ ирэхэд М.Ць Миний хайрцагт байсан 150.000 төгрөг алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө мөнгө хийдэг авдрыг шалгаж үзэхэд миний авдрын цоожийг эвдэж онгойлгосон байсан ба дотор нь байсан 81.000 төгрөг алдагдсан байсан.  Удалгүй Ц.Х эгч бас ирсэн бөгөөд Ц.Х эгч Би өчигдөр орой хаалгаа цоожлоод гарсан, өглөө ирэхэд хаалга цоожтой байсан гэж хэлсэн. Бид нар хаагуур хулгай орсон байх боломжтой юм бол гэж хайхад манай арын гоо сайхны өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж шалгасан. ...М.Ць миний модон авдар руу мөнгө хийж байхад Э.Т модон авдар руу ширтээд харж байсныг би анзаарч харж байсан. Надад учирсан хохирлыг Э.Т гэгч бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. Би мөнгө хадгалж байсан модон жижиг авдраа мөнгө алга болсон, хулгайн гар орсон учраас ашиглахгүй байгаа. Миний модон авдарт ямар нэг гэмтэл учраагүй, дахин ашиглах боломжтой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 37-р тал/, 

3. Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 04-ний өглөө 09:00 цагийн орчимд М.Ць надруу утсаар залгаж Миний хайрцагт байсан мөнгө алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр ирэхэд М.Ць Миний мөнгө хадгалдаг хайрцагт байсан 150.000 төгрөг хулгайлагдсан байна гэж хэлсэн. Мөн С.ММиний мөнгө хадгалдаг авдрын цоожийг эвдээд дотор нь байсан 81.000 төгрөгийг хулгайлсан байна гэж хэлж байсан. Гэтэл Ц.Х эгч Би өчигдөр орой 00:00 цаг болж байх үед хаалгаа түгжээд гарсан. Өглөө 07:00 цагт ирэхэд хаалга цоожтой байсан гэж хэлсэн. Бид нар хаагуур хулгай орсон байх боломжтой юм бол гэж хайхад манай арын гоо сайхны өрөөний цонх онгорхой байсан. Бид нар хоорондоо цонхоор хулгайч орсон юм байна гэж ярилцаад цагдаагийн газарт дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирж шалгаад явсан. Би цагдаа нарыг явсны дараа өөрийнхөө эд зүйлийг бүртгэж үзэхэд 2019 оны 5 дугаар сард Оросын Холбооны Улсын Тува улсаас 800 рубль буюу Монгол мөнгөөр 32.000 төгрөгөөр худалдаж авч байсан хар өнгөтэй, дээрээ Mary Key /Мери Кэй/ гэсэн бичигтэй цүнх алга болсон байсан. ...Надад учирсан хохирлыг Э.Т гэгч нь төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх  мэдүүлэг /хх-ийн 39-40, 41-р тал/, 

4. Гэрч Ц.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Цээгий буюу /М.Ць/Миний модон шүүгээн дотор байсан бэлэн 150.000 төгрөг алга болсон байна гэж хэлсэн. Харин  Зулаа /С.М/ Миний тавиур дээр байсан, жижиг модон авдрын цоожийг нь эвдээд дотор нь байсан 85.000 төгрөгийг хулгайлсан байна гэж хэлсэн. Бид нар өөр зүйл алдагдсан үгүйг шалгаж байтал ар талын гоо сайхны өрөөний цонхны салхивч онгорхой байсан. Тэгээд цонхны салхивчаар хулгай орсон байна гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/,

Шүүгдэгч Э.Тгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 7 дугаар сард цаг хугацааг нь би тодорхой сайн санахгүй байна. Би өөрийн таньдаг эгч С.Мын ажлын байр болох “Мишээл-1” үсчний газарт ойролцоогоор 17 цагийн үед очсон. Би үсчний газарт очиход С.М, маникюр хийдэг эгч, М.Ць нар байсан. Би С.Мтай юм яриад фэйсбүүк ороод сууж байгаад бид хоёр 19-20 цагийн үед “Мишээл-1” үсчний газраас хамт гарч явсан. Бид хоёрыг гарч явахад М.Ць гэгч нь ганцаараа үлдсэн байх. Бид хоёр “Мишээл-1” үсчний газраас гараад би С.М гэгчийг тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт Ахлах 4 дүгээр сургуулийн дээд талд гэрт нь хүргэж өгсөн. Түүний дараа намайг манай найзууд дуудахаар нь би тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Жетс” бааранд очоод найзуудтайгаа уулзсан ба тухайн үед цаг 21 цаг орчим болж байсан. Түүний дараа би өөрийн найз Дэчинпүрэв гэгчтэй маргалдсан бөгөөд найз нараасаа салаад С.Мын ажилладаг үсчний газрын урд талын хэсэгт байрлах цонхон дээр ганцаараа очоод вакум цонхийг түлхэхэд онгойчихсон. Тухайн үед сарны гэрэлтэй байсан байх, гэгээтэй байсан бөгөөд цонхоор ороод цааш үсчний өрөө рүү ороод модон хайрцаг дотроос мөнгө авсан, мөн өрөөний баруун талын хэсэгт байсан ямар материалаар хийснийг мэдэхгүй байна хайрцаг дотроос мөн мөнгө авсан. Би модон хайрцгийг онгойлгохдоо ширээн дээр байсан нэг төмөр зүйлээр хөшиж онгойлгосон. Би яг ямар эд зүйл байсныг мэдэхгүй байна. Тэгээд би мөнгө авчихаад буцаад “Мишээл-1” үсчний газрын урд талын вакум цонхоор гараад явчихсан. Би “Мишээл-1” үсчний газраас авсан мөнгийг тоолж үзээгүй. Түүний маргааш өглөө нь би 13 цагийн үед тус аймгийн Улаангом сумын нутгаас Улаанбаатар хот руу саарал өнгийн приус-20 загварын, улсын дугаарыг санахгүй байна, жолоочийг танихгүй автомашинаар явсан. Улаанбаатар хотод очоод найзынхаа гэрт 2-3 хоноод цаашаа Дорнод аймаг руу явсан. Би тухайн үед Дорнод аймаг руу эмээ, аавынхаа гэр рүү явах гээд мөнгө байхгүй, мөнгө хэрэгтэй байсан учраас би мөнгө хулгайлсан юмаа. Харин “Мишээл-1” үсчнийн газраас цүнх хулгайлаагүй. Би “Мишээл-1” үсчний газар руу ороод хайрцаг савнуудыг онгойлгож үзээд мөнгө байхаар нь аваад гарчихсан. Би түүнээс өмнө үсчний газарт мөнгө байсан эсэхийг мэдээгүй. Би тухайн үед мөнгө байгаа гэж бодоод орсон байх гэж бодож байна. Би С.М гэгчийг танина. Манай найз Идэрсайхан гэгчтэй хамт явж байгаад би танилцсан. Түүнээс хойш таньдаг болсон юмаа. Би “Мишээл-1” үсчний газрын хойд талын өрөөнд цонх байдаг талаар мэднэ. “Мишээл-1” үсчний газрын хойд талын өрөөнд урьд өмнө орж байсан. Мөнгө хулгайлах үед би ганцаараа байсан юмаа. Надтай хамт ямар нэг хүн яваагүй. Уг хулгайлсан мөнгийг би Увс аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу явах зардал, замын хоол авахад хэрэглэсэн. Би “Мишээл-1” үсчний газраас мөнгө хулгайлахдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Би хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч  Э.Т íü  2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 7 дугаар 04-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Мишээл-1” нэртэй үсчин, гоо сайхны газрын цонхоор орж хохирогч М.Цийн 150.000 төгрөг, иргэн С.Мын 81.000 төгрөг, иргэн Д.Бгийн 25.000 төгрөгийн үнэлгээ бүхий даавуун цүнхийг тус тус хулгайлж, нийт 256.000 төгрөг нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Хохирогч Д.Бгийн “Мэри Кэй” загварын даавуун материалаар хийсэн эмэгтэй хүний гар цүнх нь 25.000 төгрөгийн үнэтэй болох нь шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 295 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-р тал/-ээр тогтоогдсон, М.Цийн 150.000 төгрөг, С.Мын 81.000 төгрөг тус тус бэлнээр хулгайлсан тул энэ гэмт хэргийн улмаас нийт  256.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Прокуророос шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг “Хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн байна.

Үсчин, гоо сайхны газар нь үйлчилгээ эрхэлдэг хүний байнгын ажлын байр тул уг үйлчилгээ явуулдаг байрыг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэж үзэх бөгөөд Прокуророос “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” энэ гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3.“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж,

Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус зааснаар 300.000 төгрөг хүртэлх хохирол нь бага хэмжээний хохиролд хамаарна.

Энэ гэмт хэргийн улмаас 256.000 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээний хохиролд хамаарч байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт: -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.” гэж тодорхойлсны дагуу энэ үйлдэл нь гэмт хэрэг болно.

Иймд шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч М.Ць, С.М, Д.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Э.Тгээс гаргуулах хохирол төлбөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлгүүдийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Э.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Т нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Тгийн хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч С.Огийн ...Э.Т ихэвчлэн зааланд тоглодог, тэр үеэр уулздаг гадуур дотуур нэг их явдаггүй, их дотно Э.Тгийн нэр дээр ямар нэг хөрөнгө байдаг эсэх талаар би мэдэхгүй, тэр талаар надад хэлээгүй...одоогоор ямар нэг ажил хийхгүй байгаа, сарын орлого гэж байдаггүй, ээждээ тусалж байгаа байх. Э.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан, тамхи татдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 46, 47-р тал/, гэрч Г.Аийн ...Э.Т нь тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Урьд нь ял шийтгэл эдэлж байсан. Манай төрсөн хүү Э.Т бүжиглэдэг, гар бөмбөг тоглодог, спортоор хичээллэдэг авьяастай. Гар бөмбөгийн спортоор олон амжилт гаргаж байсан бөгөөд спортын шугамаар албан байгууллагуудаас санал тавьж Увс аймгийн Эрчим хүчний байгууллага, хуучин Дулааны станцын байгууллагуудад ажиллаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/, гэрч Э.Эгийн ...Э.Т ах их яриасаг, хамт байхад хөгжилтэй, тайван дөлгөөхөн зантай, амьдралын бодлоготой, алдаа гаргасан бол алдаагаа хурдан ухаардаг, ухамсарладаг, ажилсаг тусархуу, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, хурдан уурлаад хурдан тайвширдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 46, 47-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.

Иймд шүүгдэгчийн хулгайлж авсан 256.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,  3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч Э.Тгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 256.000 төгрөгийг хурааж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Тд хорих ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Эын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 256.000  төгрөгийг шүүгдэгч Э.Тгийн хувьд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ