Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/887

 

 

 

 

 

                       

 

    2018          10           16                                887

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Ц.Ариунтуяа (томлолтоор),

шүүгдэгч Ч.А..........д, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Ч........цын А..........дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0352 80913 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Ч........цын А..........д, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Батцэнгэл суманд 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэлжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 14 дүгээр гудамжны 302 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар АА93090112.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ч.А..........д нь 2018 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 28 дугаар гудамжны 08 тоотод оршин суух иргэн С.Г......тын хүн байнга амьдрах зориулалттай сууцанд нэвтрэн орж, иргэн Т.А.........дын градустай хөрөө, цохилттой дрил, тасдагч, уртасгагч, зуурагч хошуу зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 502.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Ч.А..........д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Т.А.........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаанд Г......т гэх хүний байшингийн гадна, дотор талын засал чимэглэлийн ажил хийхээр болсон. Тэгээд туслахаараа А..........д гэх залууг ажиллуулахаар болоод дуудсан. А..........д нь өнгөрсөн жил надтай хамт нэг сар барилгын ажил хийж байсан.... Мөн өөрөө над руу залгаад “баяр ёслол болох гэж байна, мөнгө хэрэгтэй байна” гээд байхаар нь ажил хамт хийе гэж бодоод дуудсан юм. ...А..........д нь Г......тынд 2018 оны 7 дугаар сарын 7-10, 15-16-ны өдрүүдэд надтай хамт ажиллаж байсан. Би багажаа Г......тын засаж байгаа байшинд үлдээгэээд явдаг байсан. 2018 оны 7 дугаар сарын сарын 17-ны өдөр ажилаа хийхээр ирэхэд “KEN” маркийн градустай хөрөө, тасдагч, цохиллттой дрилл, 50 метрийн урттай уртасгагч, зуурагч хошуу зэрэг зүйлс алга болсон байсан. Тэгээд тэр өдрийнхөө өглөө А..........д руу...ярихад “би тэр багажнуудыг чинь аваад Нарантуул зах дээр аваачаад зарчихсан” гэж хэлсэн. Би 2018 онд “KEN” маркийн градустай хөрөөг 350.000 төгрөгөөр, цохиллтой дриллийг 135.000 төгрөгөөр, тасдагчийг 75.000 төгрөгөөр, 50 метрийн урттай уртасгагчийг 50.000 төгрөгөөр, зуурагч хошуу 1 ширхэгийг 5.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан...би өөрийн барилгын багажнуудаа А..........доос авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),

2. Гэрч С.Г......тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сард наадмын өмнө би А.........д гэх залуутай тохиролцоод Зээлийн 28-08 тоот хашаанд байдаг барьж дуусаагүй байшингийн гадна, дотор заслыг хийлгэсэн. ...Тэгтэл 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө манай барьж байсан байшингаас А.........дын цахилгаан багажнууд алдагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),

3. Гэрч Д.Маамхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын орчим гэртээ байж байтал хаалга нүдэхээр нь онгойлтол А..........д халамцуу байдалтай нэг том дугуй хөрөө, улаан өнгийн жижиг тасдагч барьсан орж ирээд “чамд таксины 16.000 төрөг байгаа юу, би таксинд цахилгаан дрилл үлдээсэн байгаа тэрийгээ авмаар байна” гэж хэлсэн. ...Тэгэхээр нь мөнгө байхгүй гэтэл А..........д за за такси ингэсгээд явчих байх гээд тэрээр эргэж гараагүй. Тэгтэл нөгөө такси нь хоёр удаа сигналдаад А..........дыг гараагүй учраас яваад өгсөн...Тэгээд маргааш нь өглөө 7 цагт А..........д намайг сэрээгээд нөгөө хөрөө, тасдагч хоёроо том шуудайнд хийгээд хоёулаа шууд Нарантуул зах руу явья гэхээр нь би хамт явсан. Тэгээд Нарантуул зах дээр очоод А..........д нэг залууд... хөрөөг 90.000 төгрөгөөр ...тасдагчаа нэг эгчид 25.000 төгрөгөөр зарсан... тэгээд гэртээ харьсан.  ...А..........д авчирсэн цахилгаан хөрөө, тасдагчийг хулгайн багаж гэж надад хэлээгүй би зүгээр л ажлаасаа авчирсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

4. Гэрч Ч.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А..........дыг хүний цахилгаан багаж хулгайлж аваад зарсан гэж мэдсэн. Тэгээд цагдаа дээр шалгагдаад байгаа гэдгээ манай дүү А..........д өөрөө надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

5. Иргэний нэхэмжлэгч Т.Өнөрсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Нарантуул худалдааны төв дээр 22, 24 дүгээр контейнэр дээр барилгын цахилгаан багаж зардаг лангуун дээр байж байтал...өглөөгүүр 25-30 орчим насны туранхай бор царайтай залуу ирээд “KEN” маркийн улаан өнгийн бариултай градустай хөрөө зарахаар ирэхээр нь хулгайн юм биш биз гэж зөндөө асууж лавлаж байгаад 90.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгтэл дараа нь хулгайн эд зүйл байсан гээд цагдаа дагуулаад ирсэн...би тэр хөрөөг худалдан авсан 90.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),

6. Иргэний хариуцагч Б.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар 17-ны өдөр өглөөгүүр 8-9 цагийн орчим би Нарантуул худалдааны төв дээр 18 дугаар лангуун дээрээ бараагаа гаргах гээд байж байтал...туранхай өндөр бор залуу ирээд улаан өнгийн “KEN” маркийн жижиг тасдагч авахуу гэхээр нь “хэдээр зарах гэж байгааа юм бэ гэтэл 25.000 төгрөгөөр өгнө...доошоо байхгүй гэсэн...тэгээд 25.000 төгрөгөөр 15 метр орчим урттай залгуур утастай тасдагчийг авсан. Би тэр залуугаас хулгайн янз бүрийн асуудал байгаа юу гэхэд мөнгөний хэрэг болоод би өөрийнхөө тасдагчийг зарж байна гээд байхаар нь итгээд авчихсан юм. Тэгээд би тэр өдрөө уг тасдагчийг 30.000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан. ...би 25.000 төгрөгөө надад тасдагч зарсан залуугаас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),

7. Шүүгдэгч Ч.А..........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр А.........д ахын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн 28 дугаар гудамжинд байрлах айлд барилгын туслахаар ажиллаж эхэлсэн. Би А.........д ахтай хамт барилгын ажил хийдэг байсан...2018 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө архи уумаар санагдаад 02 цагийн орчим Баруун салаанд барилгын засвар хийж байсан айлруу...такси бариад очсон. Тэгээд таксины жолоочийг гадаа үлдээгээд ахындаа орчихоод ирье гээд хашааны хаалгаар дотогшоо ороод барьж байсан байшин руу очисон...хаалганы хэсгийг хар панераар даруулж тавьсныг нь холдуулаад дотогшоо ороод том өрөөнд байх цахилгаан хөрөө, тасдагч уртасгагчтай нь хамт, цахилгаан дрилл, зуурагч хошуу зэргийг авч гараад таксинд хийгээд такситайгаа Гандангийн тэнд байдаг найз Маамхүүгийн гэрт очсон. Тэгээд таксинд цахилгаан дриллээ үлдээгээд Маамхүүгийн гэрт орсон, такси гадаа сигналдаж байгаад яваад өгсөн...тэгээд 8-9 цагийн орчим босоод найз Маамхүүг дагуулаад Нарантуул зах дээр очоод цахилгаан хөрөө, тасдагч зэргийг танихгүй хмүүст зарсан, цахилгаан хөрөөг 90.000 төгрөгөөр, тасдагчийг нь 25.000 төгрөгөөр зарсан. ...би цагдаад Нарантуул зах дээр зарсан цахилгаан хөрөөгөө олж өгсөн, бас тасдагч зарсан хүнийг цагдаад зааж өгсөн боловч тэр хүн нөгөө тасдагчийг бас өөр хүнд зарсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-62),

7. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ 502.000 төгрөг (хавтаст хэргийн 48-49),

8. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 5-6), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-8), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 9),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 69, 67), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 73-79)  хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 83-85) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.А..........дод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч: Шүүгдэгч Ч.А..........дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 502.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Ч.А..........д нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 28 дугаар гудамжны 08 тоотод, 2018 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шунхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, иргэн Т.А.........дын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 502.000 төгрөгний хохирол учруулсан болох нь;

- Хохирогч Т.А.........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаанд Г......т гэх хүний байшингийн гадна, дотор талын засал чимэглэлийн ажил хийхээр болсон. ...А..........д нь Г......тынд 2018 оны 7 дугаар сарын 7-10, 15-16-ны өдрүүдэд надтай хамт ажиллаж байсан. ...2018 оны 7 дугаар сарын сарын 17-ны өдөр ажилаа хийхээр ирэхэд “KEN” маркийн градустай хөрөө, тасдагч, цохиллттой дрилл, 50 метрийн урттай уртасгагч, зуурагч хошуу зэрэг зүйлс алга болсон байсан. Тэгээд тэр өдрийнхөө өглөө А..........д руу...ярихад “би тэр багажнуудыг чинь аваад Нарантуул зах дээр аваачаад зарчихсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),

- Гэрч Д.Маамхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын орчим...А..........д халамцуу байдалтай нэг том дугуй хөрөө, улаан өнгийн жижиг тасдагч барьсан орж ирээд “чамд таксины 16.000 төрөг байгаа юу, би таксинд цахилгаан дрилл үлдээсэн байгаа тэрийгээ авмаар байна” гэж хэлсэн. ...Тэгээд маргааш нь өглөө 7 цагт А..........д намайг сэрээгээд нөгөө хөрөө, тасдагч хоёроо том шуудайнд хийгээд хоёулаа шууд Нарантуул зах руу... яваад А..........д нэг залууд... хөрөөг 90.000 төгрөгөөр ...тасдагчаа нэг эгчид 25.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

- Гэрч Ч.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А..........дыг хүний цахилгаан багаж хулгайлж аваад зарсан гэж...манай дүү А..........д өөрөө надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

- Иргэний нэхэмжлэгч Т.Өнөрсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Нарантуул худалдааны төв дээр 22, 24 дүгээр контейнэр дээр барилгын цахилгаан багаж зардаг лангуун дээр байж байтал...өглөөгүүр 25-30 орчим насны туранхай бор царайтай залуу ирээд “KEN” маркийн улаан өнгийн бариултай градустай хөрөө зарахаар ирэхээр нь хулгайн юм биш биз гэж зөндөө асууж лавлаж байгаад 90.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),

- Иргэний хариуцагч Б.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар 17-ны өдөр өглөөгүүр 8-9 цагийн орчим би Нарантуул худалдааны төв дээр 18 дугаар лангуун дээрээ бараагаа гаргах гээд байж байтал...туранхай өндөр бор залуу ирээд улаан өнгийн “KEN” маркийн жижиг тасдагч авахуу гэхээр нь...25.000 төгрөгөөр 15 метр орчим урттай залгуур утастай тасдагчийг авсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),

- Эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 48-49),

- Шүүгдэгч Ч.А..........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө архи уумаар санагдаад 02 цагийн орчим Баруун салаанд барилгын засвар хийж байсан айлруу...такситай очоод...барьж байсан байшингийн хаалганы хэсгийг хар панераар даруулж тавьсныг нь холдуулаад дотогшоо орж том өрөөнд байх цахилгаан хөрөө, тасдагч уртасгагчтай нь хамт, цахилгаан дрилл, зуурагч хошуу зэргийг авсан. ...би тухайн үед согтуу байсан болохоор архи уумаар санагдаад тэр багажнуудыг хулгайлж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-62) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ч.А..........дод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Ч.А..........дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.А..........д нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.А..........дод эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь шүүгдэгч Ч.А..........д нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй, нөгөө талаар тэрээр 2018 оны 8 дугаар сарын 04-ны өдрөөс 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл, 2018 оны 9 дүгээр сарын  4-9 хүртэл, 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж мөрдөгчийн дуудан ирүүлэх, прокурор, шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудахад хүрэлцэн ирээгүй (хавтаст хэргийн 90-107, ....) зэрэг түүний хувийн байдлаас үзэхэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй гэж үзэв.  Тиймээс Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд үндэслэн Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж түүний дээрх хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ч.А..........дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулаж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

llI. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас Т.А.........дод 502.000 төгрөгний, иргэний нэхэмжлэгч Т.Өнөрсайханд 90.000 төгрөгний хохирол тус тус учируулсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байна. Түүнчлэн шүүгдэгч Ч.А..........д нь 304.000 төгрөгний үнэлгээ бүхий “KEN” маркийн градустай цахилгаан хөрөөг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн байх тул хохирогч Т.А.........дын хохиролоос дээрх хохиролыг хасч тооцох үндэслэлтэй. Иймд Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Ч.А..........доос нийт 288.000 төгрөгийг 6 сарын хугацаанд гаргуулж хохирогч Т.А.........дод 198.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Өнөрсайханд 90.000 төгрөг олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.А..........д нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс (хавтаст хэргийн 123-124) мөн оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 12 (арван хоёр хоног) цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна..

Эрүүгийн 1808 0352 80913 дугаар хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн болон, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ч........цын А..........дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.А..........дыг 6 (зургаа) сарын хугацаагар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.А..........дод оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А..........дын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 12 (арван хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ч.А..........доос 198.000 (зуун ерөн найм мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.А.........дод, 90.000 (ерөн мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Өнөрсайханд тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Ч.А..........дын эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9 Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ