Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 100

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч А.Баясгалан,

Иргэдийн төлөөлөгч Т.Амгалан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос /0075/

Шүүгдэгч Ж.Батболор нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Жамбалцэрэнгийн Батболорт холбогдох 2014260001859 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 22-ын товчоо Задгайгийн 1-4 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,

1. Багануур дүүргийн шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

2. Багануур дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

3. Нийслэлийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар,

4. Багахангай Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

5. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Боржигон овогт Жамбалцэрэнгийн Батболор /РД:УЮ79060410/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Ж.Батболор нь 2014 оны 01 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэмтлийн эмнэлгийн автобусны буудлын орчим хамтран амьдрагч С.Цолмончимэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгой тус газарт нь троссон төмрөөр цохиж бие махбодид нь гэмтлийн гаралтай тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх архаг болон хурц цусан хураа бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Ганбатын эзэмшлийн аж ахуйн зориулалттай хашаанд байсан монгол гэрийн даруулгатай цоожийг нь гараараа татаж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж цэнхэр өнгийн усны сав, шуудай гурил, уг монгол гэрийн гадна талд байсан гэрийн цагаан бүрээс, мөн уг хашаанд байх үйлдвэрийн зориулалттай байрны гадна талын хамгаалалтын төмрийг мушгин, вакум цонхыг нь цааш түлхэн хууль бусаар нэвтрэн орж 74 м зэс голтой цахилгааны утас тус тус хулгайлж Д.Ганбатад нийт 442,800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагаас 17 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центрийн 40 тоот иргэн Д.Жавхлангийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж TCL маркийн 42 инчийн ЛСД зурагт, орны бүтээлгийг хулгайлан авч Д.Жавхланд 620,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Батболор мэдүүлэхдээ: “2013 онд Авдрантын хорих ангид ял эдэлж байхад эргэлтээр Цолмончимэг охины хамт ирсэн. Угаалгын газар ажиллаж байгаа гэж байсан. Удалгүй ялын хугацаа дуусч суллагдсан. Тэгтэл цэргийн ангид ажиллаж байснаа нуусан байсан. Тэгээд ангиар нь орж танилцаж байсан. 2014 оны 01 сард би архи их уудаг байсан. Тухайн үед би албадан саатуулагдаж 111-т 14 хоног саатуулагдаад гарч ирсэн. Тэр үед Цолмончимэг хээрийн гаралтанд гарсан байсан. Тэгээд удалгүй хэд хоноод ирээд шөнө унтаж байтал эрхтэн загтнаад байна гэхээр нь эмчид үзүүл гэж хэлсэн. Удалгүй миний эрхтэнд нөгөө юм нь гарсан. Тэгээд тэрнээс болж муудалцсан. Ээж дүү нарт энэ асуудлын талаар ярьсан. Халдвартад шинжилгээ өгсөн тэмбүү гэж гарсан. Түүнээс болоод уурандаа Цолмончимэгийн толгой руу нь нэг удаа цохьсон. Түүнээс хойш толгой өвдөөд байна гээд эмнэлэгээр явсан.

 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Ганбатын эзэмшлийн аж ахуйн зориулалттай хашаанд байсан монгол гэр даруулгатай цоожтой байхаар нь онгойлгон орж цэнхэр өнгийн усны сав, шуудай гурил, гэрийн цагаан бүрээс зэргийг аваад мөн уг хашаанд байх үйлдвэрийн зориулалттай байрны гадна талын хамгаалалтын төмрийг мушгин, вакум цонхыг нь цааш түлхэн хууль бусаар нэвтрэн орж 74 м зэс голтой цахилгааны утас хулгайлсан.

Бүрээсийг нь 20.000 төгрөгөөр явуулын хүмүүст зарсан. Буцаж оройн очоод зэс утсыг нь зарах гэж яваад цагдаад баригдсан.

 Дараа нь 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр үдийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж TCL маркийн 42 инчийн ЛСД зурагтыг ногоон өнгийн орны бүтээлгэнд нь боогоод такси бариад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр төвд явж байгаад цагдаагийн эрүүгийн төлөөлөгчид баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэдэн төгрөгтэй болох гэж байгаад баригдсан” гэв.

 

Хохирогч С.Цолмончимэг мэдүүлэхдээ: “...Би 2005 оноос хойш Батболор гэж хүнтэй танилцаад амьдарсаар өдийг хүрсэн. Энэ хугацаанд бид хоёр дундаасаа нэг охинтой болсон Батболор нь анх надтай нэг гэрт орохдоо л архи болон согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг байнга зодож цохьдог байсан. Тэгээд 2014 оны 01 дүгээр сард байхаа Батболортой хамт 22-ийн товчооны тэнд байрлах гэрлүү нь явж байтал Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ард байрлах автобусны буудал дээр автобус хүлээгээд байж байтал Батболор их согтолтгүй байсан ба юунаас болж хэрүүл маргаан хийснийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Маргаж байгаад намайг гартаа барьж байсан тороосоор миний тархи руу цохиод авсан. Тухайн үед халуу дүүгээд юм мэдэгдээгүй. Тэгээд бид хоёр хамт явж байгаад 22-ийн товчоо луу ч очоогүй. Энхжин худалдааны төвийн хавьцаа торооснуудаа зарчихаад буцаад Баянгол дүүргийн 9 дүгээр хороондоо ирсэн.

...2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Цэргийн госпитальд 20 гаруй хоног хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгэх явцад тархиндаа хагалгаа хийлгэсэн. Тэгээд үргэлжлүүлж эмчилгээ хийлгэж өдийг хүрсэн. ...Хамгийн сүүлд Батболортой 2014 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-ны өдрийн үеэр л Батболортой хамт байж байгаад ажилдаа явна гэж гараад түүнээс хойш уулзаагүй байгаа юм. Учир нь хамт байхаар байнга зоддог эмнэлэгээр явж үзүүлнэ, Багануур явчихаад ирсэн гэх сургийг дуулчихаад гэрээсээ ч гаргахаа больсон. Намайг хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдсэн байх. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэжээ. /1 хав 15 хуу/

 

Гэрч Б.Оюунчимэг мэдүүлэхдээ: “..Миний охин Цолмончимэг 2007 оноос хойш Батболор гэж залуутай танилцаад хамт амьдрах болсон юм. Тэгээд тэр хоёрын дундаас нэг охин гарсан ба 2009 оноос хойш манай охин үе үе нүүр ам нь хавдчихсан гар хөл нь хөхөрчихсөн байдаг байсан. Тэгээд Цолмончимэг надад хэлэхдээ юмруу цохьчихсон гэх мэтээр нуугаад хэлдэггүй байсан. Тэгээд муудалцсан зодолдсон эсэхийг нь хараагүй тусдаа хол амьдардаг болохоор мэддэггүй байсан юм. Тэр үеэс л эхлэн манай охиныг зоддог болсон байх гэж бодож байна. Мөн 2012 онд 22-ийн товчоонд байхад нь манай охин Цолмончимэгийг нөхөр нь болох Батболор зодож байхыг нь хажуу айлынх нь хүн харчихаад хүүхдийг чинь зодоод байна шдээ хүүхдээ ирж аваачээ гэж утасдсан. Тэгэхээр нь би Багануур дүүргээс ирээд Улаанбаатар хотод байдаг дүүгээ машинтай нь аваад очтол манай дүүгийн машиныг сүхээр цохиод салхины том шилийг хагалж сэв суулгасан. Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаад тэр талаар өргөдөл өгсөн. Энэ онд буюу 2014 оны 02 дугаар сард Цолмончимэг манайд ирэхдээ би дэр дэрлэж унтаж чадахаа больсон. Миний толгой сонин болоод өвдөөд байгаа гэж хэлж байсан. 2014 оны 02 дугаар сарын сүүлээр манай охин надад хэлэхдээ миний толгой руу машин чирдэг том тороосоор цохьсон гэж хэлж байсан. Тэгээд толгой өвдөөд байна бие муудаад байна гээд хүрч ирэхээр нь эмнэлэгт үзүүлж яаралтай тархины мэс заслын хагалгаанд орсон” гэжээ. /1 хав 17 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 6573 дугаартай дүгнэлтэд: “1.Цолмончимэгийн биед гэмтлийн гаралтай тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх архаг болон хурц цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заагдсанаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх гэмтлийн эдгэрэлт төгсгөлөөс хамаарна” гэж дүгнэжээ. /1 хав 19 хуу/

 

Шинжээч Н.Туяа мэдүүлэхдээ: “...хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой 2014 оны 4 дугаар сарын 18-аас өмнө 7 хоногийн өмнө үүссэн байхыг үгүйсгэхгүй.

Гэмтэл нь архаг шатандаа орсон байна гэж ойлгох ба хурц цусан хураа нь болоход дахин 1 судас хагарч үүсч байгааг хурц цусан хураа гэж ойлгоно. Уг гэмтлийг хохирогчийн биед учирсанаас хойш хохирогчийн биед ямар нэгэн өөрчлөлтүүд гарна. Жишээ нь хэл ам ээдэрнэ, тархи толгой эргэнэ гэх мэт гэхдээ амьд явах хугацааг тогтоох боломжгүй” гэжээ. /1 хав 138-139 хуу/

 

Шинжээч эмч Н.Туяаг дахин байцаасан тэмдэглэлд: “01 сард цохиулах үед үүссэн байх боломжтой гэмтэл бөгөөд энэ үедээ уг гэмтлийг биедээ аваад 4 сар хүртэл амьд явах боломжтой. Яагаад гэхээр тархинд үүссэн цусан хураа нь мэс засал хийгдэхэд ногоорсон хар хүрэн өнгөтэй байгаа нь архаг цусан хураа гэдэг нь тогтоогдож байна. Архаг цусан хураа нь 14-өөс дээш хоногт үүсдэг цусны хураа байгаа. Уг цусан хураа нь багаасаа их рүү томорч тархин дахь амьсгал зүрх судасны төв дарагдаж нас барах хугацаанд амьд байх боломжтой байдаг. Цолмончимэгийн амьсгал зүрх судасны төв дарагдаагүй тул нас бараагүй тодорхой хэмжээний үйлдэл хөдөлгөөн хийгээд яваад байх боломжтой учир 01 сараас 4 сар хүртэл амьд явах боломжтой” гэжээ. /1 хав 233 хуу/

 

Хохирогч Д.Ганбат мэдүүлэхдээ: “2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн зориулалттай хашаанд байдаг үйлдвэрийн зориулалттай байрны цонхны гадна талын хамгаалалт төмрийн хөшиж цонхыг нь онгойлгож уг байшинд байсан 4 жиль бүхий 74 м цахилгааны утас, хашаанд байсан юм хадгалдаг гэрийн хаалганы цоожийг эвдэж 4 ханатай гэрийн гадуур цагаан бүрээс, 80 литрийн усны сав, 20 кг гурил зэрэг зүйлс алдагдсан.

Тухайн өдрийн 18:40 цагийн орчим байх манай зэргэлдээ хашааны манаач Чулуунхүү /91224030/ утсаар яриад хүмүүс юм эвдээд байна, танай ажилчид мөн үү гэхээр нь би биш ээ та харж байгаарай гэж хэлээд цагдаад дуудлага өгч үйлдвэрийн байр луугаа цаг орчмын дараа очсон. Намайг очиход тэр хүмүүс байхгүй болчихсон үйлдвэрийн байрны цонх, мөн гэрийн хаалга эвдэгдсэн байсан ба дээрх эд зүйл хулгай хийсэн хүмүүсийг цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн түүхий эдийн цэг дээр хулгайлсан зүйлээ өгөх гэж байхад нь барьчихсан байсан. Тэгээд тухайн үед дээрх алдагдсан бүх зүйлсээ хүлээж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /1 хав 165 хуу/

 

Хохирогч Д.Жавхлан мэдүүлэхдээ: “Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Центрийн 40 тоотод одоогоор эхнэр Хонгорзулын хамт ам бүл 2 амьдарч байна. ....2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хэн манай гэрээс зурагт хулгайлсан талаар мэдэх зүйл алга байна. Цагдаа нар сүүлд нь өөрсдөө барьж тогтоосон гэж байсан. Надад бол сэжиглэж байгаа хүн байхгүй. Зурагтаа 2015 онд Нэкст гэдэг дэлгүүрээс 699,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Уг мөнгөөрөө үнэлж байгаа” гэжээ. /2 хав 27-28 хуу/

 

Гэрч М.Хонгорзул мэдүүлэхдээ: “Биднийг гэртээ эзгүй байх хооронд буюу 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр манай гэрт хулгайч орж гэрийн хойморт байсан 42 инчийн TCL маркийн өнгөт зурагт 1 ширхэг болон баруун талд орны бүтээлэг болох цагаан, ногоон өнгө бүхий орны бүтээлэг зэрэг зүйлс алдагдсан. Өөр алдагдсан эд зүйлс байгаагүй” гэжээ.  /2 хав 29 хуу/

 

Гэрч М.Хонгорзул мэдүүлэхдээ: Биднийг гэртээ эзгүй байх хооронд буюу 2016.4.08-ны өдөр манай гэрт хулгайч орж гэрийн хойморт байсан 42 инчийн TCL маркийн өнгөт зурагт 1 ширхэг болон баруун талд орны бүтээлэг болох цагаан, ногоон өнгө бүхий орны бүтээлэг зэрэг зүйлс алдагдсан. Өөр алдагдсан эд зүйлс байгаагүй” гэжээ.  /2 хав 29 хуу/

 

Гэрч Г.Болортуяа мэдүүлэхдээ: Би 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчим нөхөртэйгээ кино үзээд байж байтал хаалга цохихоор нь би очиж хаалганы завсраар харахад 2-3 хүн байсан би юу өгөх гэж байгаа юм гэхэд нэг нь зэс кабел гэхээр нь өөр юм байгаа юм уу гэхэд байхгүй гэсэн. Тэгэхээр нь би манайх кабел авахгүй ээ гэж хэлээд манайх хаачихсан байна гээд гэр лүүгээ орсон би хаалгаа тайлж өгөөгүй завсраар нь л харж тэр хүмүүстэй ярьсан. Тэгээд гэртээ ороод камерт харахад яваагүй үүдэнд зогсоод байхаар нь нөхөртөө яадаргаатай хүмүүс вэ явахгүй юм чи гараач гэж хэлсэн. Тэгээд л манай нөхөр гарч тэр хүмүүстэй уулзсан. Тэгээд камерт харахад тамхи татаж байсан тэгээд киногоо үзэж байгаад дахиад камер хартал цагдаагийн гэрэлтэй машин ирчихсэн байхаар нь би гараад очтол цагдаа ирчихсэн, та цаашаа байж бай гэсэн тэгээд манай нөхрийг тэр хүмүүстэй хамт аваад явсан. Нөгөө кабел өгөх гэж байсан хүмүүс 4-үүлээ байсан.

Тэр 4 хүнээс ах дүү хоёр гэдэг хоёр хүнийг нь зүс танина, тэр хоёр ээжтэйгээ манайд хуванцар сав, лааз, хаягдал төмөр авчирч өгдөг байсан. Нэг хэсэг ерөөсөө харагдахгүй болчихсон байсан, зунаас хойш харагдаагүй өчигдөр л юм өгөх гээд ирчихсэн байсан” гэжээ. /1 хав 166 хуу/

 

Гэрч Л.Дэмбэрэлсамбуу мэдүүлэхдээ: “Би 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хайрханы 1-249 тоотод байрладаг хоёрдогч түүхий эд авдаг цэг дээрээ эхнэр Болортуяагийн хамт кино үзээж байж байтал хаалга цохьсон. Тэгээд Болортуяа гадагшаа гарч хаалга тайлж өгсөн. Тэгээд хүнтэй юм ярьж байснаа хаалгаа хаагаад гэртээ ороод ирээд энэ хэдэн яадаргаатай юмнууд явахгүй юм чамд кабель өгнө гэж ярьсан юм уу хаашаа юм гэхээр нь би үгүй гэхэд чи гарч энэ хүмүүсийг явуулаач гэхээр нь би гадагшаа гарсан.

Тэгтэл 4 залуу кабель тавьчихсан зогсож байсан. Тэгээд тамхи татаад зогсож байтал нөгөө хэд шинэ кабель ш дээ авчихаач гээд гуйхаар нь авахгүй ээ, та нар хаанаас авсан юм гэхэд гэрээсээ авчирсан гэж хэлсэн. Та харж байгаа биз дээ шинэ кабель танд хэрэгтэй ш дээ, хямдхан өгчихье гэж хэлсэн. Тэгээд яриад зогсож байтал хажууд машин ирж зогсоод 2 цагдаа хүрч ирж тэр 4 залууг барьж авсан. Тэгээд надаас асуух юм байгаа гээд цагдаагийн хэлтэст авчирсан юм.

Би 2 хүнийг нь танина, ах дүү хоёр нь хааяа манай тэрүүгээр явж төмөр тушаадаг, нөгөө хамт явсан хоёр хүнийг нь танихгүй, би хэнийх нь ч нэрийг мэдэхгүй. Ах дүү хоёр нь түүсэн төмөр авчирч тушааж байсан. Сая өнгөрсөн зун л лав үзэгдээгүй байж байгаад хэд хоногийн өмнө ирж ээж нас барсан гэж хэлээд төмөр тушааж байсан, ээж нь уг нь манайхаар их ирдэг байсан юм аа. Хааяа ирж 20-30 кг орчим л төмөр тушааж байсан байх. Архи их уудаг байх, хааяа мөнгө нь хүрэхгүй болохоороо мөнгө өгчих гээд шаналгаад байдаг юм.

Хуруу хэрийн бүдүүнтэй хар өнгийн бүрээстэй зэс голтой кабел байсан, би кабел утас дангаар нь авдаггүй юм аа. Харанхуйд сайн харагдаагүй. Тэдгээр хүмүүсээс бүгдэнгээс нь архи үнэртэж байсан” гэжээ. /1хав 167 хуу/

 

Өвчний түүх /1 хав 21-43 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хав 45 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хав 46 хуу/

Таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар /1 хавтас, 49-51, 53-55, 57-59, 60-62, 67-70, 71-73 хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 152-153, 154-156 хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хав 190 хуу/

Эд зүйлийн үнэлгээ /1 хав 189 хуу, 2 хав 25 хуу/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтас 1, 2-3/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 хав 11 хуу/

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хав 16,17-18 хуу/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хав 19, 20-23 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 05/320 дугаартай дүгнэлтэд: 1. 2016 оны 04 дүгээр сарын 08- ны өдөр Хан-Уул дүүргийн 9-р хороо Центрийн 4 тоотод хулгай орсон гэх, хэргийн газраас бэхжүүлж авсан х\ч С.Баасансүрэнгийн №2 гэж дугаартай 1 ширхэг мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин №1 гэж дугаартай 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцэх хэргийн газраас  бэхжүүлж авсан 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн сангийн “Адис Папилон” системд “2016-186-ХУД” гэж  кодлон оруулж автомат харьцуулалт хийж шинжлэн үзэхэд урьд санд бүртгэлгүй байна. 3. Шинжилгээнд тэнцэх хэргийн газраас бэхжүүлж авсан 1 ширхэг гарын мөр нь “Адис Папилон” системийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна. /2хх 30-32/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Батболор нь 2014 оны 01 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэмтлийн эмнэлгийн автобусны буудлын орчим хамтран амьдрагч С.Цолмончимэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгой тус газарт нь троссон төмрөөр цохиж бие махбодид нь гэмтлийн гаралтай тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх архаг болон хурц цусан хураа бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Ганбатын эзэмшлийн аж ахуйн зориулалттай хашаанд байсан монгол гэрийн даруулгатай цоожийг нь гараараа татаж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж цэнхэр өнгийн усны сав, шуудай гурил, уг монгол гэрийн гадна талд байсан гэрийн цагаан бүрээс, мөн уг хашаанд байх үйлдвэрийн зориулалттай байрны гадна талын хамгаалалтын төмрийг мушгин, вакум цонхыг нь цааш түлхэн хууль бусаар нэвтрэн орж 74 м зэс голтой цахилгааны утас тус тус хулгайлж Д.Ганбатад нийт 442,800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагаас 17 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центрийн 40 тоот иргэн Д.Жавхлангийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж TCL маркийн 42 инчийн ЛСД зурагт, орны бүтээлгийг хулгайлан авч Д.Жавхланд 620,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Батболорын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Цолмончимэг /1 хав 15/, Д.Ганбат /1 хав 165/, Д.Жавхлан /2 хав 27-28/, гэрч Б.Оюунчимэг /1 хав 17/, М.Хонгорзул /2 хав 29/, М.Хонгорзул /2 хав 29/, Г.Болортуяа /1 хав 166/, Л.Дэмбэрэлсамбуу /1хав 167/ нарын мэдүүлэг, шинжээч Н.Туяагийн тайлбар /1 хав 138-139, 233/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 6573 дугаартай дүгнэлт /1 хав 19/, өвчний түүх /1 хав 21-43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хав 45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хав 46/, Таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар /1 хавтас, 49-51, 53-55, 57-59, 60-62, 67-70, 71-73/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 152-153, 154-156, 2 хавтас 1, 2-3/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хав 190/, эд зүйлийн үнэлгээ /1 хав 189, 2 хав 25/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 хав 11/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хав 16,17-18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хав 19, 20-23/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Ж.Батболорт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг шунахай сэдэлтээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Батболорт хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Дээрх хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал /1 хавтас, 49-51, 53-55, 57-59, 60-62, 67-70, 71-73/ зэргийг харгалзан түүнд оногдуулах эрүүгийн хуулийн өөр өөр зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялуудыг нэмж нэгтгэхээр шийдвэрлэлээ.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д шүүгдэгч Ж.Батболорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэг нь хамаарч байх тул түүнд шүүхээс оногдуулсан ялаас 2 жилийг хасах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Батболорын цагдан хоригдсон 290 хоногийг түүний эдэлсэн ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт ирээгүй зэргийг тус тус дурдлаа.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батболороос 190.000 төгрөгийг гаргуулан 75.000 төгрөгийг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 14 дүгээр байрны 57 тоотод суух хохирогч Д.Ганбатад, 115.000 төгрөгийг Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 42-175 тоотод суух хохирогч С.Цолмончимэгт тус тус олгох, хохирогч С.Цолмончимэг цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Жамбалцэрэнгийн Батболорыг давтан үйлдлээр шунахай сэдэлтээр бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Жамбалцэрэнгийн Батболороос эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Жамбалцэрэнгийн Батболорт 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батболорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг хассугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батболорт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэхь хэсэгт зааснаар оногдуулснаас үлдэх 3 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батболорт оногдуулсан 5 жил 9 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батболорын цагдан хоригдсон 290 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батболороос 190.000 төгрөгийг гаргуулан 75.000 төгрөгийг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 14 дүгээр байрны 57 тоотод суух хохирогч Д.Ганбатад, 115.000 төгрөгийг Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 42-175 тоотод суух хохирогч С.Цолмончимэгт тус тус олгож, хохирогч С.Цолмончимэг цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Батболорын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Батболорын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

               

                                    ШҮҮГЧИД                                                                Л.ОЮУН

 

                                                                                                                        Ц.ДАЙРИЙЖАВ