Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0808

 

 

 

 

2020          12           22                                     128/ШШ2020/0808      

      

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ПР” ХХК /РД:.../

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч  Т.Э Ц.Ц... нар.

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч  Т.Э, Ц.Ц нарын гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-07-092/131 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах[1]

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Д.ЭЭ, хариуцагч Ц.Ц, Т.Э, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч  Т.Э, Ц.Ц нарын гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Т.ЭЦ.Ц нар нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр “Б” ХХК-ийн захирал Д.Б-ын гомдлоор манай компани дээр үзлэг, шалгалт хийж, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-07-092/131 дугаар хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан шаардлагыг гаргасан. Гэтэл уг албан шаардлага нь дараах холбогдох хуулиудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Нэгдүгээрт,  Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч нарын гаргасан 02-07-092/131 дугаар бүхий албан шаардлагын оршил хэсэгт “..., дэд даргын баталсан 02-03/138 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу..,” гэсэн байх боловч үзлэг, шалгалт хийхээр ирэхдээ удирдамжгүй, удирдамж байхгүй гэж байсан ч огт үзэж танилцуулаагүй, хэзээ батлагдсан нь тодорхойгүй удирдамжийн талаар албан шаардлагад дурдагдсан байсан, энэ талаар шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж хянуулахад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасныг хэрэгжүүлж ажиллаагүй болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг боловч тухайн албан тушаалтнуудад “анхааруулах хуудас” өгсөн нэрийдлээр асуудлыг бүрэн шийдвэрлэж өгөөгүй болно. Иймд  энэхүү үйлдэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2, 5.6, 5.7 дах заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл нь бодитоор нотлогдож байна.

Хоёрдугаарт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1.-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж заасан байх ба бид хэнд ч ямар ч хор хохирол учруулаагүй байхад шууд Төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулсан нь дээрх хуулийн 52.5 “Энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Манай байгууллага бусдад ямар хор хохирол учруулсан болохыг тогтоосон акт, дүгнэлт, шүүхийн шийдвэр, нэхэмжлэл, нотлох баримт гэх зүйлийг бидэнд огт танилцуулаагүй.

Гуравдугаарт, Аливаа захиргааны байгууллагын гаргасан шийдвэр нь биелэгдэх боломжтой байх суурь зарчмыг баримтлах ёстой. Гэтэл энэхүү албан шаардлагад заасан хугацаанд албан шаардлагын 1, 2 дугаар заалтын биелэлтийг хангах боломжгүй юм. Учир нь манай компанийн хэрэгжүүлсэн төсөл “Б” ХХК болон түүний захирал Д.Бмэтийн зарим ажлын хариуцлагагүй, чанарын шаардлага хангахгүй ажил гүйцэтгэгч нараас шалтгаалан хэрэгжиж дуусах ёстой хугацаандаа дуусаж чадаагүй. Нөгөө талаар гадна тохижилт, гэрэлтүүлэг, зам талбай, хүүхдийн тоглоомын талбай зэрэг гарцаагүй хийгдсэн байх ёстой ажлууд бүрэн хийгдэж дуусаагүй, мэдээж санхүүгийн хүндрэлээс ч бас шалтгаалж байгаа тул бидэнд 201, 202 дугаар байруудыг ашиглалтад өгөх нөхцөл бүрдүүлэх, ашиглалтад өгөх талаар Улсын комисст хүсэлт хүргүүлэх боломж бүрдээгүй байгаа юм.

Гарцаагүй захиалагч нарын шаардлага, хүсэлтээр тэдний олон сар, жилээр айлд амьдарч байгаа, өндөр түрээстэй байр сууц түрээсэлж байгаа, өр зээлтэй, мөн хугацааны алдангид орсон зэргээс гадна дэлхий даяар түгшиж буй онц аюултай нөхцөл байдлын улмаас иргэн бүрийн амь нас аюултай эрсдэлтэй байгаа, эдийн засгийн хямрал нүүрлэсэн эдгээр гарцаагүй нөхцөл байдлыг харгалзан захиалагч нартаа бид бэлэн болсон байрны түлхүүрүүдийг нь гардуулж өгсөн. Энэ нь эсрэгээрээ олон нийтэд тустай эдийн засгийн хувьд ч, эрүүл мэндийн тал дээр ч тэр тэдгээр захиалагч нарт учирч болзошгүй маш олон эрсдэлүүдээс хамгаалсан, тус дэм үзүүлсэн хүнд хэцүү цаг үед хэрэгжүүлэхээс өөр аргагүй зөв үйлдэл болсон гэж үзэж байгаа юм.

Манай компани 201, 202 дугаар байруудыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй, улсын комисс ажиллуулаагүй байж оршин суугч, айл өрхүүдэд түлхүүр өгсөн зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаагаа Мэргэжлийн хяналтын байцаагч нарт илэрхийлсээр  ирсэн.  Бид гаргасан зөрчилдөө Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэж ойлгож байсан.

Гэтэл Мэргэжлийн  хяналтын  байцаагч  нар нь зөрчилд тохирсон хариуцлага  тооцох  эрх  хэмжээ олгогдсон байхад, мөн гомдол гаргагчийн гаргасан гомдлын хүрээнд асуудлыг шийдвэрлэх байтал албан шаардлагын 3 дугаар заалтаар цахилгаан, дулаан, халуун хүйтэн усаар хангагч гуравдагч байгууллагын эрх хэмжээнд асуудлыг хөндөж, оршин суугч, олон айл өрхийн эрх ашгийг хөндсөн арга хэмжээ авна хэмээн биелэгдэх боломжгүй албан шаардлага гаргасан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийг тус тус үндэслэн урьдчилан шийдвэрлүүлэхээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга  гомдол гаргасан боловч уг албан шаардлагыг “Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Мэргэжлийн хяналтын байгууллагын стандартын нормативын дагуу үйлдэгдсэн байна...” гэж 2020 оны 5 дугаар сарын 14-ний 02-01/1970 дугаар албан бичгээр хариу өгсөн байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдийг хянаж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  “Б” ХХК нь 2 дугаар сард Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргахад Иргэний хэргийн шүүхэд маргаан явж байгаа учир шалгахгүй гэдэг хариу өгч эхний ажиллагаа дуусгавар болсон. Ингэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын байцаагч нар ирээд албан ёсоор 02 дугаар сарын 27-ны өдрийн удирдамжийг үзүүлж, өргөдөл гомдол байгаа гэдгийг танилцуулаад шүүх дээр маргаантай гэдгийг сонсоод материалыг аваад явсан. Хоёр дахь удаагаа “Б” ХХК Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өргөдөл гаргасан байхад 2 дахь удаа шалгалт хийсэн. Хяналт шалгалтыг тухай бүр тус тусдаа удирдамжтай хийж явдаг. Эхний хяналт шалгалтын удирдамжийг хоёр дахь удаа хяналт шалгалт хийхдээ удирдамж өгснөөр тайлбарладаг. Бид хоёр дахь шалгалт хийхэд удирдамж хараагүй. Эхний шалгалт хийхэд удирдамж танилцуулдаг гэдгийг мэдсэн. Дараа нь 4 дүгээр сард ирэхдээ удирдамж үзүүлээгүй учир бид удирдамжгүй хийгдэж гэж ойлгоод гомдол гаргасан. Мэргэжлийн хяналтын дотоод хяналтад гомдол гаргахдаа байцаагч нартай биечлэн уулзаж, та нар андуурч байна. Удирдамжаа үзүүлэхгүй шалгасан гэдгийг тодорхой тайлбарласан. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхийн тулд хэн нэгэн этгээдэд хохирол учирсан байх ёстой.  Гэтэл  бид хэнд ч хохирол учруулаагүй байхад манайд хяналт шалгалт ирсэнд гомдолтой байна” гэжээ.

Хариуцагч нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Э миний бие тус хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цтэй хамтран “Б” ХХК-аас ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3-1/311 дугаартай албан бичиг, Дэд даргын баталсан 02-03/138 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Хан-уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “П.И” ХХК-ийн захиалгаар баригдсан 4 блок, үйлчилгээний төвтэй барилгын ашиглалтын төлөв байдалд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үзлэг шалгалтыг явуулсан.  

Үзлэг шалгалтын үед “П.И” ХХК-ийн дэд захирал Д.ЭЭ нь өөрийнхөө албан тушаалыг танилцуулж, гүйцэтгэх захирал Ц.Хонгормааг ирээгүй байгаа талаар тайлбарласан. Шалгалт хийх нөхцөл байдлыг танилцуулж, улсын ахлах байцаагчийн үнэмлэх үзүүлэхэд хоёрдугаар давхарт байрлалтай хамгаалалтын албаны жижүүрийн өрөөнд оруулсан.

Ингээд тус өрөөнд орж улсын байцаагч Ц.Ц, дэд захирал Д.ЭЭ нар болон миний бие 02-03/138 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамж, түүний ард үдэгдсэн “Б” ХХК-иас ирүүлсэн албан бичгийг танилцуулсан. Уг албан бичгийг дэд захирал Д.ЭЭ гар утас дээр хуулбарлан авсан. Д.ЭЭ захирал утсаар холбогдон хэн нэгэн хүнд ямар асуудлаар үзлэг шалгалт хийх талаар тайлбарлаж хэлж байсан.

Түүнчлэн Дэд захирал Д.ЭЭ нь улсын ахлах байцаагч Ц.Ц, миний бие Т.Э нарт 4 блок бүхий орон сууцны 201, 202, 203, 204 дугаар байр, мөн 2 давхар үйлчилгээний төвийн барилгын талаар танилцуулж, товч мэдээлэл хийж, ашиглалтын төлөв байдалд хамт үзлэг шалгалтыг явуулсан.

Орон сууцны 203, 204 дүгээр байр, үйлчилгээний төвийн барилгуудад улсын комисс ажиллаж, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт”-ээр ашиглалтад хүлээн авсан байна.

Дээрх нөхцөл байдал нь 02-03/138 дугаартай удирдамжийн хүрээнд хийгдсэн бөгөөд Монгол Улсын Төрийн хяналт  шалгалтын  тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.6, 5.7 дах заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Төрийн хяналт  шалгалтын  тухай  хуулийн 5  дугаар  зүйлийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана” гэж заасны дагуу Дэд даргын баталсан 02-01/138 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэсний дагуу хамгаалалтын албаны хамгаалагч нарт улсын ахлах байцаагчийн үнэмлэхийг үзүүлсэн боловч дээшээ гаргаагүй. Иймээс 1 дүгээр давхарт хүлээсэн, улмаар дэд захирал Д.ЭЭ дээд давхраас бууж ирэхэд  дэд  захиралд улсын ахлах байцаагчийн  үнэмлэхийг үзүүлж танилцуулсан.

Хуулийн 5.7 дахь заалтын тухайд, Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ. Дэд даргын баталсан удирдамжийн дагуу “Б” ХХК-иас ирүүлсэн албан бичгийн дагуу орон сууцны 201, 202 дугаар байруудад улсын комиссын бүрэлдэхүүн ажиллаагүй байхад оршин суугч нарыг оруулсан гэх асуудлын хүрээнд явуулсан. Улсын комисс ажиллаагүй барилгад 5.1.1, 5.2.1 кодтой хяналтын хуудсыг ашиглах боломжгүй. Харин өмнө тухайн барилгыг хариуцан ажиллаж байсан улсын /ахлах/ байцаагч нар 5.1.1 кодтой хяналтын хуудсаар шалгасан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр,.../ заалтын дагуу гүйцэтгэсэн. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн  52.5-д “Энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй бөгөөд ямар нэгэн бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гүйцэтгээгүй болно. Зөвхөн хуулийн хүрээнд Аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн албан бичиг, хүсэлтийн дагуу гүйцэтгэсэн болно.

Үзлэг шалгалт хийсэн талаар 0062730 дугаартай “Шалгалт хийсэн тухай тэмдэглэл” хөтөлж, дэд захирал Д.ЭЭ танилцуулж, 0062730 дугаартай тэмдэглэлд гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Орон сууцны 201, 202 дугаар байруудыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй, улсын комиссын бүрэлдэхүүн ажиллаагүй байхад оршин суугч, айл өрхүүдийг оруулж, сууцны зориулалтаар ашигласан байсан.

Дээрх нөхцөл байдлыг хуулиар хориглосон байтал үзлэг шалгалтаар Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл “Захиалагчийн чиг үүрэг”, 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно”, 48 дугаар зүйлийн 48.3-д “Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” заалт зөрчигдсөн үзлэг шалгалтаар тогтоогдсон.

“Б” ХХК-иас ирүүлсэн албан бичгийн дагуу улсын комисс ажилласан, ашиглалтад оруулсан зэрэг Барилгын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалгуулахаар хүсэлт гаргасны дагуу үзлэг шалгалт явуулсан. Харин үзлэг шалгалт хийхээс өмнө нь захирал Г.Цтой миний бие утсаар холбогдож, “Б” ХХК-иас ирүүлсэн албан бичгийн талаар мэдэгдэж, хүсэлт гаргагч болон холбогдогч нарыг байлцуулан үзлэг шалгалтыг явуулах талаар мэдэгдсэн боловч “Б” ХХК-ийн Д.Б-ыг оруулахгүй, чи нэг талыг барьж ажиллаж байна. Өмнө нь танай байгууллагаас улсын байцаагч нар ирж шалгаж байсан гэж мэдэгдсэн...

Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл  37.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтын хэрэгжилтийг хангуулахаар улсын ахлах байцаагч нарын хамтарсан хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн.

Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд буюу Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.6, 48 дугаар зүйлийн 48.3-д тодорхой заасан бөгөөд Монгол Улсын хууль тогтоомж аж ахуй нэгж байгууллага, иргэдэд тэгш үйлчлэх ёстой гэж үзэж байна. Иймд “П.И” ХХК-иас гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдалд улсын ахлах байцаагчийн хамтарсан 02-07-092/131 дугаартай “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн. Улсын ахлах байцаагчийн эрх зүйн актыг “П.И” ХХК-ийн дэд захирал Д.ЭЭ өөрийн биеэр ирж, танилцаж гарын үсгээр баталгаажуулан хүлээн авсан” гэжээ.

Хариуцагч Т.Эий шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “П.И” ХХК-иас гаргасан гомдол хүсэлт нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтэст Дэд бүтцийн хяналтын хэлтсийг хариуцан ажилладаг Дотоод хяналтын улсын ахлах байцаагч Б.Сдээр шалгагдсан бөгөөд тухайн асуудалтай холбоотой хяналт шалгалтын хийсэн талаарх улсын ахлах байцаагч нараас гаргасан удирдамж, хяналт шалгалтын тэмдэглэл, мөн эрх зүйн баримт материалууд, Аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн албан бичиг, өмнө нь манайд хандаж байсан, мөн манай байгууллагаас хүргүүлсэн албан бичиг зэрэг шаардлагатай материал тайлбаруудыг татаж, шалгасан.

Дотоод хяналтын улсын ахлах байцаагч Б.Снь өөрийн ажлын чиг үүргийн дагуу шалгаж, хариуг албан бичгээр боловсруулан хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Ддаргад хянуулан Газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02-01/1970 дугаартай “Гомдлын хариу” албан бичгээр “П.И” ХХК-д хүргүүлсэн.

Тус албан бичигт “Хяналт шалгалтаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8. дахь заалтыг үндэслэн илэрсэн зөрчлийг арилгуулахаар 02-07-092/131 дугаартай албан шаардлага хүргүүлсэн байна. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Мэргэжлийн хяналтын байгууллагын стандартын нормативын дагуу үйлдэгдсэн гэж үзэж байна. Харин улсын ахлах байцаагч Т.ЭЦ.Ц нарыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэж Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу “Анхааруулах хуудас" хүргүүллээ” гэж дурджээ.

 

Анхааруулах хуудас авах талаар Тамгын газраас байгууллагын дотоод албан бичиг улсын ахлах байцаагч Ц.Ц, Т.Энарт ирээгүй болохыг мэдэгдэж байна.

... Шалгалтын явцад гомдол гаргагч “П.И” ХХК-ийн төлөөлөл болон эрх бүхий албан тушаалтантай уулзах талаар Дотоод хяналт шалгалт мониторингийн хэлтэст удаа дараа хандаж байсан боловч тухайн нөхцөл байдлыг судалж танилцаагүй байж, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу “Анхааруулах хуудас” хүргүүлсэн гэж шалгалтын талаар дүгнэжээ.

Уг албан бичигт тусгагдсан асуудлаар өмнө нь танилцуулаагүй байж, ямар үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг “П.И” ХХК-д танилцуулаагүй гэдгийг нотолж, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн болгож хариу хүргүүлсэн нь ойлгомжгүй байна.

   ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх “П.И” ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.ЭЦ.Ц нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч  Т.ЭЦ.Ц нарын гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-07-092/131 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах[2]” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[3].

            Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч  Т.ЭЦ.Ц нар нь “Б” ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3-1/311 дүгээр албан бичгээр ирүүлсэн гомдлын гомдлын[4] дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд  даргын  баталсан  2020  оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 02-03/138 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжтайгаар[5] 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт  “П.И” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа 4 блок үйлчилгээний төвтэй барилгын ашиглалтын төлөв байдалд үзлэг, шалгалтыг хийж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 02-07-092/131 дугаар бүхий  хуулийн  хэрэгжилтийг  хангуулах  тухай  албан  шаардлагыг[6] бичжээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ; “Хариуцагч нар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх нөхцөл, шаардлага бий болоогүй байхад хяналт шалгалтыг явуулсан мөн маргаан бүхий хяналт шалгалтыг явуулах талаар удирдамжаа танилцуулалгүйгээр хяналт шалгалтыг явуулсан нь үндэслэлгүй бөгөөд төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрсөн үйлдэл болсон. Иймд дээрх шалгалтыг үндэслэн гарсан улсын байцаагчийн албан шаардлага нь хүчингүй болох үндэслэлтэй.” гэж тайлбарлажээ.

            Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ; “Маргаан бүхий төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг “Б” ХХК-иас ирүүлсэн гомдлын үндсэн дээр буюу Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан иргэн, аж ахуй нэгж байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтыг хийхдээ шалгалтын удирдамжийн талаар тус компанийн удирдлагууд болох н.Цолмон, Д.ЭЭ нарт утсаар болон хяналт шалгалтыг хийхээр очихдоо танилцуулсан. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн  шаардлага нь үндэслэлгүй  тул хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

            I. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх нөхцөл, шаардлага бий болоогүй байхад хяналт шалгалтыг явуулсан гэх үндэслэлийн тухайд;

            Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл “Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам”, 5.1-д “Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна.”, 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:”, 5.2.1-д “он, сар, өдөр, удирдамжийн нэгдсэн дугаар”,  5.2.2-д “шалгалтын зорилго, үндэслэл”, 5.2.3-д “шалгалтын төрөл, арга, хэлбэр”,  5.2.4-д “шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэ;”, 5.2.5-д “шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч”, 5.2.6-д “шалгалт эхлэх болон дуусах хугацаа”, 5.2.7-д “өмнө хийсэн шалгалтын талаархи мэдээлэл”, 52 дугаар зүйл. “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт”, 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрх заалтуудын агуулгаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг үндэслэн эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийж гүйцэтгэхээр байна.

            Маргаан бүхий тохиолдолд, “Б” ХХК-иас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 02-03/138 дугаартай удирдамжтайгаар хариуцагч нар нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр маргаан бүхий хяналт шалгалтыг хийсэн нь хуулийн дээрх заалтуудын агуулгатай нийцжээ.

            Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчин болгох үндэслэлгүй байна гэж үзэв.   

            Нэхэмжлэгчийн “иргэн, аж, ахуй нэгж байгууллагад шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан” гэх нөхцөл байдал бий болоогүй байхад хяналт шалгалтыг явуулсан нь үндэслэлгүй гэх тайлбарын тухайд;

            Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1-д төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх үндэслэлүүдийг хуульчилсан байх бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэл бүрдсэн тохиолдолд хяналт шалгалтыг хийхээр байна.

            Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл хяналт шалгалтыг хийх тохиолдол бүрийг хуульчилж өгсөн байх бөгөөд “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл”, “түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан” гэх үндэслэлүүд нь хяналт шалгалтыг хийх тус тусдаа үндэслэл байх бөгөөд хуулийн дээрх заалтаар дээрх хоёр үндэслэлийг хамтдаа бий болсон байхыг шаардаагүй байна.

            Иймд нэхэмжлэгчийн “иргэн, аж, ахуй нэгж байгууллагад шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан” гэх нөхцөл байдал бий болоогүй байхад хяналт шалгалтыг явуулсан нь үндэслэлгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

            II. “Хяналт шалгалтыг хийхдээ удирдамжаа танилцуулалгүйгээр хяналт шалгалтыг хийсэн” гэх үндэслэлийн тухайд;

            Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл. “Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам”, 5.6-д “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэж заажээ.

            Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл улсын байцаагч нар нь хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгуулах гэж байгаа этгээдийн эрх бүхий албан тушаалтнуудад шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгч, албаны үнэмлэхээ үзүүлэн хяналт шалгалтыг хийхээр байна.

            Хариуцагч Ц.Ц шүүх хуралдаануудад гаргасан тайлбартаа: “... Бид 2020 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр очихдоо батлуулсан удирдамжаа үзүүлж, шалгалтыг хийсэн., ... компанийн дэд захирал Д.Энх-Эрдэнийг дуудуулж, доод талын өрөөнд нь уулзаж, бид шалгалтаар явж байна гээд удирдамжаа үзүүлсэн.” гэжээ.

            Хариуцагч Т.Эшүүх хуралдаануудад гаргасан тайлбартаа: “ ... Хяналт шалгалт хийхээс өмнө бид н.Цолмонгэрэл захирал руу утсаар ярьсан., ... тухай үед байгаагүй учир Д.ЭЭ захирал ирж танилцаад объектуудаа танилцуулсан., ... Хяналт шалгалт хийхдээ захирал н.Цолмон гуайтай утсаар ярьсан. Бид “Б” ХХК-ийн хүсэлтийн дагуу танайд төлөвлөгөөт бус шалгалт хийхээр болсон гэж удирдамжаа утсаар танилцуулсан.  Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар утсаар  удирдамжийг  танилцуулах  эрх нь байгаа. Дараа нь очихдоо Д.ЭЭ захирлыг барилгын 3, 4 давхрын аль нэгээс нь дуудаж уулзсан. Өөрөө бид нарыг дагуулаад 2 давхрын эсрэг өрөөнд хамгааллын өрөөнд бид ярилцаад “Ийм удирдамжийн дагуу дараах компаниас ирсэн гомдлын дагуу хянан шалгалт хийхээр ирж байна” гэж тайлбарласан. ... Тэр үед удирдамж, албан бичгийг гаргаад албан бичгийн зургийг авсан.” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ЭЭ шүүх хуралдаануудад гаргасан тайлбартаа: “ ... Хариуцагч нар манай байгууллага дээр ирээд хяналт шалгалт хийсэн. Мэргэжлийн хяналт улсын байцаагч нар үнэмлэхээ үзүүлээд “би танай байгууллагад гомдлын дагуу шалгах гэж байна” гэхэд би та  нарыг  оруулахгүй гэж нэхэх нь зохимжгүй ба юу шалгах ёстой вэ гэхэд “Бесон” ХХК-ийн хүсэлт, цохогдсон албан бичиг зэргийг үзүүлсэн., ... Шалгалтын удирдамж албан ёсоор танилцуулаагүй.” гэжээ.

            Хэргийн оролцогч нарын шүүх хуралдаан дээр гаргасан дээрх тайлбаруудаас үзвэл маргаан бүхий хяналт шалгалтыг хариуцагч нар нь шалгалттай холбоотой баримтыг танилцуулан албаны үнэмлэхээ үзүүлэн хийсэн нь болох нь тогтоогдож байна гэж үзэв.

            Иймд нэхэмжлэгчийн хариуцагч нар нь маргаан бүхий хяналт шалгалтыг хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.6-д заасан журмыг зөрчсөн гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

            Дээрх үндэслэлүүдээр “П.И” ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.ЭЦ.Ц нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч  Т.Э, Ц.Ц нарын гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-07-092/131 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.6, 52 дугаар зүйлийн 52.1-д заасныг тус тус баримтлан “П.И” ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Э, Ц.Ц нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Э, Ц.Ц нарын гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар бүхий хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан шаардлагыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ

 

 

              

 


[1] Хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 45 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас

[6] Хавтаст хрэгийн 27-28 дугаар хуудас