Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2495

 

 

Д.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02531 дүгээр шийдвэртэй,

 

           Нэхэмжлэгч: Д.Л-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ө-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 23 500 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.М,

Хариуцагч: Д.Ө,

Хариуцагчийн өмгөөлөгч: П.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ө-той 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр 14 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлдэгч Д.Өх нь зээлийн хүүнд 2015 оны 7 дугаар сарын 11-нээс 2016 оны 02 дугаар сарын 11-нийг хүртэл нийт 8 сарын хүүнд 5 600 000 төгрөгийг төлсөн. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хүүний үлдэгдэл 2 800 000 төгрөгийг төлөөгүй. 2016 оны 6 дугаар сарын 23-наас хойш 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сарын хүүг 700 000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсоны дагуу 4 200 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 23-наас хойш 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд 500 000 төгрөгөөр сарын хүүгээ төлөхөөр тус тус тохиролцсоны дагуу тооцоход 2 500 000 төгрөг, нийт 9 500 000 төгрөгийн хүүг төлөх ёстой. Иймд зээлийн үндсэн төлбөр 14 000 000 төгрөг, хүү 9 500 000 төгрөг, нийт 23 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээл 14 000 000 төгрөг, хүүнд 11 200 000 төгрөг, нийт 25 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг нь хэрэгт авагдсан баримтаар тооцоход 23 500 000 төгрөг авах тооцоолол гарч байх тул анхны нэхэмжлэлийн шаардлагаас 1 700 000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хасаж тооцуулахыг хүсэж байна гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Л-гээс энэхүү 14 000 000 төгрөгийг зээлж аваагүй. Надтай хамт ажилладаг Д.Л-гийн хамаатан болох П.О нь өөрөө зээлтэй байсан учир миний нэрээр уг мөнгийг миний дансанд хийлгэж зээлж авсан. Би 14 000 000 төгрөгийг нь данснаасаа П.О-д авч өгсөн. П.О авсан зээлийнхээ хүүг өөрөө, миний нэрээр төлдөг байсан. Хаяа надад мөнгөө өгөхөөр нь би төлдөг байсан. Би уг мөнгийг авч хэрэглээгүй тул Д.Л-гийн надаас нэхэмжилж байгаа мөнгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг хийсэн гэж үзвэл хүчин төгөлдөр хэлцэл хийсэн байх ёстой. Миний данс руу 14 000 000 төгрөгийг ороогүй гэж маргаагүй, ямар учраас дансанд мөнгө орж ирээд, яаж гарсаныг тодорхойлох ёстой. Нэхэмжлэгч талын гэрээ гэж яриад байгаа хэрэгт авагдсан баримтад гэрээний талууд болох Д.Ө-ын нэр байхгүй, уг мөнгийг П.О-г авсан гэдгийг Д.Л нь мэдсэн атлаа П.О-гийн бичсэн бичгийг шүүхэд нотлох баримт болгож өгсөн байна. Энэ хэрэгт авагдсан хамгийн гол баримтыг нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь ахан дүүсээрээ нийлж залилангийн хэрэг үйлдэж байгаа мэт хүн чанаргүй байдал гаргаж байна. Талуудын тайлбараар П.О нь хоршоонд өртэй байсан учир Д.Ө-ын нэрээр Д.Л-гээс мөнгө зээлээд уг өрөө төлсөн нь тодорхойлогдож байна. Иймд талуудын хооронд хуульд заасны дагуу гэрээ хийгдээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

             Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ө-оос үндсэн зээл 14 000 000 төгрөг, зээлийн хүүнд 9 500 000 төгрөг, нийт 23 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх
хэсэг 1 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 950 төгрөгийг төсвийн орлого болгож, хариуцагч Д.Ө-оос 275 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би П.О-тай 10 жил хамт ажилласан бөгөөд миний дансыг цээжээр мэддэг байсан. Миний бие иргэн Д.Л-гээс зээлийн гэрээ хийж мөнгө зээлж авсан асуудал байхгүй. Болсон үйл явдал нь гэвэл П.О нь Д.Л-тэй хамаатан бөгөөд өөрөө Д.Л-гээс мөнгө зээлэхдээ Д.Ө мөнгө зээлээч гэж байна гэж хэлээд миний дансыг өгсөн байсан ба П.О нь над дээр ирээд “... чиний нэрийг бариад Д.Л-гээс 14 000 000 төгрөг зээлэхээр болсон шүү, чиний дансыг өгсөн мөнгө ороод ирэхээр надад данснаасаа аваад өгчихөөрэй” гэсэн. Энэ үйл явдал 2015 оны 6 сарын 10-ны өдөр болсон. Уг өдөр 1 000 000 төгрөг миний дансруу орж ирж үүнийг тэр дор нь авч П.О-д өгсөн. 2015 оны 6 дугаар сарын 11-нд 13 000 000 төгрөг миний дансруу орж ирсэн бөгөөд үүнийг надаас П.О нь цувуулж авсан.  Миний бие мөнгө зээлэх асуудлаар Д.Л-тэй огт уулзаж, ярьж ямар нэгэн харилцаа тогтоогоогүй бөгөөд хүсэл зоригоо илэрхийлсэн асуудал байхгүй. Үүнийг Д.Л болоод П.О мэдэж байгаа болно. Өөрөөр хэлбэл Д.Л бид хоёрын хооронд хүчин төгөлдөр хэлцэл хийгдээгүй. Хэлцэл хүсэл зоригоо илэрхийлсэн, хууль зүйн дагуу, иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн байх ёстой. Гэвч бидний дунд хүчин төгөлдөр хэлцлийн шинжийг агуулсан харилцаа үүсээгүй. П.О нь 8 сарын хүү гэж надаар дамжуулан болон Ө-гөөс гэж өөрөө нийт 5 600 000 төгрөг Д.Л-гийн дансруу хийсэн. Хүүгээ төлөхгүй болсон үеэс эхлэн Д.Л мөнгөө надаас нэхэх болсон учир Д.Л, П.О бид гурав уулзаж П.О нь мөнгө зээлж авснаа хүлээн зөвшөөрч хоёр удаа тодорхойлолт бичиж Д.Л болон надад өгсөн. П.О-гийн мөнгө авсан тухай тодорхойлолт байсаар байхад анхан шатны шүүх нь Д.Ө-ийг зээлийн гэрээг бичгээр хийсэн гэж дүгнэн шийдвэрлэсэн нь нэг талыг барьж шийдвэрээ гаргасан гэж үзэж байгаа. Дээрх хоёр баримттай холбогдуулан П.О-г энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэрч хэмээн үзэж гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй. 2015 оны 6 дугаар сарын 10-нд Д.Л бидний хооронд зээлийн гэрээг бичгээр хийсэн асуудал огт байхгүй. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр П.О бид хоёрын үйлдсэн бичгийг анхнаасаа зээлийн гэрээг бичгээр хийсэн байна гэж үзсэн нь нэг талыг барьж шийдвэр гаргасан нь илэрхий байна. Хүү бодож шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн ярьсныг буруугаар тайлбарласан байгааг мөн дурдмаар байна. Мөнгө авсан хоёр тодорхойлолтын нэгэн дээр Д.Л нь “та заавал хамт авсан гарын үсэг зурчих таны дансруу би хийсэн” гээд гуйгаад байхаар нь мөн П.О “хэл амны нэмэр хамт гарын үсэгээ зурчих” гээд байсан тул миний бие гэрээ хийсэн гээд гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тооцсон гэрээг бичгээр хийнэ гэж заасан байна. Миний хувьд ойлгохдоо зээлийн гэрээний зүйлийг шилжүүлэхдээ хүүгээ тохирч бичгээр үйлдэх ёстой гэж ойлгож байгаа. Мөн шүүх гар гараа дагах ёстой үүрэг гүйцэтгүүлэгч нь хэнээр үүрэг гүйцэтгүүлэх нь түүний эрх гэж шууд дүгнэж болохгүй. П.О-г мөнгө зээлж авсныг Д.Л нь мэдсээр байж хамаатан саднаа шүүхэд өгөхгүй гэсэн байр суурьнаас хариуцагчаа буруу тодорхойлсон. Иймд миний бие зээлийн гэрээ хийж Д.Л-гээс нэг ч төгрөг аваагүй учир дээрх байдлуудыг харгалзан үзэж иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Д.Ө-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 23 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч Д.Ө нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 14 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүү төлөхөөр нэхэмжлэгч Д.Л-гээс авсан ба 2017 оны 1 дугаар сарын 23-ны өдөр үндсэн зээл 14 000 000 төгрөгийг, хүүгийн зөрүү 4 200 000 төгрөгийн хамт нийт 18 200 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 8 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээг байгуулах хэлбэрийн шаардлагыг тухайлан хуулиар заагаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг аман хэлцлийн хүрээнд байгуулах боломжтой. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

            Хариуцагч тайлбартаа “зээлийн гэрээний үүргийг П.О хариуцах ёстой” гэж маргаж байгаа боловч хариуцагч Д.Ө нь “Хаан” банкны дансаар 14 000 000 төгрөг хүлээн авсан нь орлогын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нь мөнгийг буцаан төлөх үүрэгтэй гэж үзнэ. /хх-ийн 5-7 дугаар тал/

 

Хэргийн 8 дугаар талд авагдсан баримтаар Д.Ө, П.О нар хамтран үүрэг гүйцэтгэх талаар гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч нь хариуцагч Д.Ө-оос зээлийн үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцсэн ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч энэ нь зээлийн гэрээний үүрэг шаардах эрхэд шууд үндэслэл болохгүй тул тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй юм.

 

Харин дээрх баримтаар талууд зээлийн үүрэгт нийт 18 000 000 төгрөг төлөхөөр тохирсон байхад анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр 23 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Хариуцагч зээлийн төлбөрт 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд нийт 5 600 000 төгрөг төлсөн талаар зохигчид тайлбарласан тул хариуцагч үндсэн зээл 14 000 000 төгрөг, гэрээгээр тохиролцсон хүү 4 200 000 төгрөг буюу нийт 18 200 000 төгрөгийг гэрээний үүргээс төлөгдсөн 5 600 000 төгрөгийг хасч үлдэх 12 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв. /хх-ийн 1, 22-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02531 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

            1 дэх заалтын “... 242 дугаар зүйлийн 242.3 ...” гэснийг хасч, “23 500 000 төгрөг” гэснийг “12 600 000 төгрөг” гэж, “... 1 700 000 төгрөгийг ...” гэснийг “10 900 000 төгрөгт холбогдох хэсгийг” гэж,

 

2 дахь заалтын “... 275 450 төгрөг ...” гэснийг “216 550 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.Ө-хоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                             Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                  Г.ДАВААДОРЖ