| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/04300/И |
| Дугаар | 638 |
| Огноо | 2018-02-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 638
| 2018 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 101/ШШ2018/00638 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, Ц.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК-ийн захирал ******* нь 2016 оны 07 дугаар сарын 01-нд өөрийн хувийн данснаас 6,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Тухайн мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн Голомт банк дахь ******* тоот дансанд 2016 оны 07 дугаар сарын 01-нд Хаан банкны дансаар дамжуулан төлсөн. Захирал ******* нь “Аудитын төлбөр 1,000,000 төгрөгийг хийчихээрэй би хийхлээр болохгүй байна” гэж ярьсан. Иймээс Б ХХК-ийн өмнөөс аудитын төлбөрийг тушаасан Хан-Уул дүүргийн шүүхээр тухайн 1,000,000 төгрөгийг хасуулах гэсэн боловч хасалгүйгээр шийдвэр гаргасан. Иймээс дээрх 1,000,000 төгрөгийг Б ХХК-иас шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ц.Гын нэхэмжлэлийн шаардлагтай холбоотой асуудал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 641 дугаартай шийдвэрээр шийдвэрлэгдсэн болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч Б ХХК-д холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Г, ******* ХХК-ийн Голомт банкин дахь ******* тоот дансанд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлснийг буцаан гаргуулна гэж хариуцагчаас шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 641 дугаартай шийдвэрээр энэ маргааныг шийдвэрлэсэн тухай тайлбар гаргасан ба тус шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй байна.
Тус 641 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч А.*******, хариуцагч Ц.Гаас 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй зээл 4,200,000 төгрөг нэхэмжилж шүүх Ц.Гаас 4,200,000 төгрөг гаргуулан А.*******д олгохоор шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Хариуцагч 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр 3,200,000 төгрөгийг, 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлж шүүхийн шийдвэрийг биелүүлжээ. /хэргийн 27, 34 дэх тал/
Нэхэмжлэгч, хариуцагчийн заавраар түүний нэрийн өмнөөс ******* ХХК-д 2016 онд 1,000,000 төгрөг төлснийг хариуцагч үгүйсгэж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа нотлоогүй, харин Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 641 дугаартай шийдвэрт нэхэмжлэгч тал уг 1,000,000 төгрөгийг Б ХХК-ийн нэрийн өмнөөс Ц.Г шилжүүлсэн болохыг үгүйсгээгүй байна.
******* ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тайлбарт Б ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг хүлээн авсан талаар тодорхойлсон ба, тус компанийн Голомт банк ХХК дахь ******* тоот дансны хуулгаар 1,000,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Б ХХК-иас аудитын төлбөр-ХААН банк” гэсэн бичилт хийгдсэнийг нэхэмжлэгч төлсөн гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шүийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар үнэн зөв, бодит байдалд нийцсэн гэж үзэж, нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч Бнарын хооронд үүрэг гүйцэтгэх үүрэг үүсээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Шүүх хариуцагчид 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, мөн 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгчээ. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч хүсэлтийн үндэслэлээ баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар товыг мэдсэн, шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б ХХК-иас 1,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Гад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б ХХК-иас 28,550 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Ц.Гад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ