Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/256

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч П.Болормаа,

хохирогч М.Д,

шүүгдэгч Н.Цнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт Н.Ц-ийг холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201726011055 дугаар эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хадам эмэг эхийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Н-ын Ц/РД:****/.

 

Н.Цнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 5 дугаар сарын 25-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд М.Д-гийн Хаан банкны виза картыг Н.Б-г согтуу биеэ авч явах чадваргүй байдлыг нь далимдуулан халааснаас нь авч картнаас 551000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирлоо авсан, ямар нэг санал гомдолгүй. Шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” гэв.        

Эрүүгийн 201726011055 дугаар хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Хохирогч М.Д-гийн: “2017 оны 5 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед хүү Б найзын эхнэр нь төрсөн, би очиж эргэмээр байна гэж хэлээд миний Хаан банкны картыг аваад гарсан. Миний дансанд нийт 3 сая 45 мянган төгрөг байсан. Тэгээд хүү Б гараад 100000 төгрөг картнаас авсан мессеж утсанд ирсэн. Тэрнээс хойш ер мөнгө аваагүй байж байгаад өглөөний 06 цаг 35 минутанд 50500 төгрөг, 06 цаг 49 минутанд 500500 төгрөг данснаас гарсан мессеж ирэхээр нь би гайхаад хүү ингэж авах ёсгүйдээ гэж бодоод Хаан банк руу залгаж картаа хаалгасан. Тэгээд хүүгээ хүлээж байсан чинь 08 цаг 33 минутанд ирэхээр нь чи яагаад данснаас тийм их мөнгө авч байгаа юмгэж хэлсэн чинь ээжээ би тэгж их мөнгө аваагүй шүү дээ гээд хүү миний картыг халаасандаа үзэхэд байхгүй байхаар нь бид хоёр Хаан банк орчихоод Цагдаагийн байгууллагад хандсан. Манай хүү өглөө ирэхдээ хөл нүцгэн, согтуурч, мансуурсан юм шиг сонин нүд нь улайчихсан ирсэн. Мөнгө алдсан талаар хэлсэн чинь замд таарсан нэг эмэгтэй гарцаагүй авлаа гэсэн. Замд нэг эмэгтэй тааралдсан, архи уух уу гэхээр нь хамт архи уусан гэсэн. ...551000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /хх-16/,

Н.Цолмончимэгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Саппоро дээр байж байтал нэг залуу ирээд надаас хүүхэн байна уу гэхээр нь тийм юмаар яах юм бэ, хэрэггүй гэж хэлсэн чинь тэр залуу надтай хань болоод ганц юм уучихаач, энд зардаг газар байдаг юм уу гэхээр нь хойшоо яваад Өнөр” төвийн шаттай руу очоод ганц шил архи аваад байрны голд очиж хоёулаа уусан. Тэгээд тэр залуу дахиж юм авч ууна, мөнгө авна гээд АТМ ороод мөнгө авсан. Тэр залуу кодоо надад хэлж өгч байсан. Хэдэн төгрөг авснаа сайн мэдэхгүй байна. Тэгээд салаад явсан. Тэр залуу надад мөнгө аваад ир гээд виза картаа өөрөө өгсөн байсныг нь би аваад явсан. Тэгээд картнаас нь би 500000 төгрөг авсан. Би халааснаас нь мөнгө аваагүй, тэр залуу өөрөө виза картаа хугалах гээд базаад байсан, би өмсч явсан пүүзийг нь анзаарч аваагүй. Би аль АТМ-ээс авснаа санахгүй байна. Би их согтсон байсан. Бн хохирлыг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг /хх-22-23, 27-28/,

эд зүйлийн үнэлгээ /хх-11/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-30/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, Цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-32/, хялбаршуулсан журмаар шийдүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт /хх-35, 36/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-39/ зэрэг нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Хохирогчийн хүүхэд Э.Бг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан “Гэрч, хохирогч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлан өгөх бөгөөд энэ эрхээ эдлэхгүй гэмэл мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэснийг зөрчсөн байх тул шүүх уг гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, шийтгэх тогтоолын үндэслэл болгоогүй болно.   

Шүүгдэгч Н.Цнь согтуурсан үедээ буюу 2017 оны 5 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр гудамжинд иргэн Н.Бн согтуу, биеэ авч явах чадваргүй байдлыг нь далимдуулан халааснаас нь иргэн М.Дгийн эзэмшлийн “Хаан” банкны виза картыг хулгайлан авч 551000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Ц-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Уг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг хохирогчид нөхөн төлсөн болох нь хохирогч М.Дгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохиролд 551000 төгрөгийг авсан, одоо гомдол саналгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул Н.Ц-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Түүнчлэн хохирогч “гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” тухайгаа илэрхийлж хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн тул хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байна гэж дүгнэн Н.Ц-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Цбусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.     

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-ын Ц-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт Н.Ц-ийг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Н.Ц-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Н.Ц бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Ц авсан бусдын батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ц-т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                    Л.БААТАР