Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/928

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч М.Сансарсайха,  

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:  

Cонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б*т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.             

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, ****** оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт төрсөн, *****настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** дугаар байрны *** тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлийн хувьд : Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэргийг ЭБШ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг эвлэрснээр хэрэгсэхгүй болгосон, овогт Б-ийн П /РД:*****/.    

            Холбогдсон хэргийн талаар:    

Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн хажууд байсан Петровис шатахуун түгээгүүрийн орчимд шилжих шөнө иргэн Б.М-н эзэмшлийн Волво маркийн **** БНА улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.180.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь :  

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

            Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн хажууд байсан Петровис шатахуун түгээгүүрийн орчимд иргэн Б.М-н эзэмшлийн *** БНА улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.180.000 төгрөгийн хохирол учруулан болох нь :           

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...СХД-ийн 20 дугаар хороо Оргил худалдааны төвийн баруун талын Петровис ШТС-ийн талбайд том тэрэгний дугуй алдсан...тэмдэглэл /хх-03/, 

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-04/,

- хэргийн газар нөхөн үзлэг хийсэн: ...хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Оргил худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун зүгт нэг километр зайд зам дагуу буюу замын хойд талд “Wellmart” худалдааны чанх урд зогсоол дээр ертөнцийн зүгээр баруун тийш харсан *** БНА улсын дугаартай VOLVO маркийн том оврын ачааны тээврийн хэрэгсэл байх ба...хойд дугуйнаас 10 см зайд запас дугуй тогтоох тавцан төмөр байх ба уг төмөр дээр хоёр ширхэг дугуйг троссоор даруулж тавьсан байсан гэснийг шинжээч уг газарт №6 гэж тэмдэглэн гэрэл зургийн агаар бэхжүүлж авав....гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-05, 06/,

- хохирогч Б.М*н... хотод ирээд буцаад барилгын материал тээвэрлэхээр өөрийн эзэмшлийн **** БНА улсын дугаартай VOLVO маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ачаагаа ачаад мөн машиндаа нэг бүрийн үнэ 590.000 төгрөгөөр 4 ширхэг дугуй худалдаж аваад хоёрыг нь дээр ачаан дээр бэхэлж, хоёрыг нь доор запас дугуйны суурин дээр суурилуулж бэхэлж  боогоод 2021 оны 05 дугаар сарын 02-ны 19 цагийн орчим СХД-ийн 20-р хороо Оргил худалдааны төвийн баруун талын Петровис ШТС-ийн талбай дээр байрлуулаад машин дотроо хоносон...Миний шинжилгээний хариу 2021 оны 05 дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчим гарсан ба шууд хөдлөөд Wellmart зогсоол дээр бензин  хийлгэхээр зогсоход доор байрлуулсан хоёр ширхэг дугуй алдагдсан байсныг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-09-10, 29-30/,

- Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан...Volvo маркийн автомашины обудгүй, 12x22.5 хэмжээтэй шинэ 2 ширхэг дугуй тус бүрийн үнэ 590.000 төгрөг, нийт 1.180.000 төгрөгийн хохирол учирсан тогтоогдож байна.../хх-38-39/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-18/,

- шүүгдэгч Б.Б-ын...Би эхнэр, хоёр охины хамтаар Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо *** тоотод амьдардаг, гэртээ нойр хүрэхгүй болохоор нь гараад, “Оргил” худалдааны төвийн зүг ажил хайж явсан. Шөнө болохоор “Оргил” худалдааны төвийн баруун талд төмөр авдаг цэг дээр төмөр воганд ачих, эсвэл машинаас төмөр буулгадаг ажил шөнө олддог. Гэтэл тухайн үед хөл хориотой байсан болохоор “Оргил” худалдааны төвийн ойр орчмоор ажил олдоогүй. Би харих гээд шөнийн 02:00 цагийн үед “Петровис” шатахуун түгээх станцын хажууд явж байтал “Петровис” колонкийн ертөнцийн зүгээр зүүн талд урт ачааны автомашин зам дээр зогсож байсан. Би уг автомашины хажуугаар өнгөртөл автомашины запас дугуй хийдэг саванд 2 ширхэг автомашины дугуй байхлаар нь татаж аваад, воганы замаар гараад гэр лүүгээ авч яваад, байрныхаа шатны доод хонгилд хадгалсан. Тэгээд гэртээ орж хоноод, маргааш нь уг хоёр дугуйг хартал шинэ дугуй байсан ба зараагүй хадгалж байсан....гэх мэдүүлэг /хх-14, 16, 54/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.    

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.  

Иймд шүүгдэгч Б.Б-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.             

Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан /хх-18, 86/ байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.      

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:        

Шүүгдэгч урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /х-59/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол буюу дугуйг буцаан өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.      

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлогогүй зэрэг түүний ар гэрийн амьдрал, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдаж  /хх-61-70, 71-84/, судлагдсан байна.          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

            1. Шүүгдэгч Б.Б-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй

5. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.        

            6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГАНБААТАР