| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0352/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/261 |
| Огноо | 2017-06-27 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | А.Ганзориг, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦТ/261
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт О холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010390 дүгээр эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой гэх, сантехник, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 9, эх, эгч, хүргэн ах, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ш овогт Б-ын О/РД:***/.
Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Евро” караокены орчим бусдыг илтэд үл хүндэтгэн “...намайг доромжиллоо...” гэх ялимгүй зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин иргэн Х.Х-т хүч хэрэглэн татаж унагаан хэвлий, толгойн тус газар нь цохиж бие махбодид нь “...баруун, зүүн хацар, эрүүний зүүн буланд зулгаралт, зүүн гарын алганд өнгөц шарх...” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр найзуудтайгаа баарнаас гарч яваад 2 эгч, 1 ахтай таарсан. Би халтирч газар унахдаа “яанаа” гэсэн чинь 1 эгч нь “яанаа гэнэ үү яанхан чинь” гээд дайрахаар нь харилцан зодолдсон. Надтай явсан залуус намайг салгасан. Таксинд суугаад явж байхад цүнхээ ав гээд өгөхөөр нь миний цүнх биш байна гэж хэлсэн. Тэгтэл зодооноос болж хүний цүнх завшлаа гээд бид хоорондоо маргалдсан. Уучлаарай, би дахин хэрэг хийхгүй” гэв.
Эрүүгийн 201726010390 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Х.Хийн: “Би 2017 оны 02 сарын 09-ний орой 19 цагаас ажлаа тараад хамт наймаа хийдэг Б, Г нартай Сонгинохайрхан дүүргийн хороо, 33 дугаар байрны хажууд байдаг “Е” зочид буудлын доод талын пабад орсон. Бид гурав 0.5 литрийн шилтэй архи хоёрыг авч уугаад 20 цаг өнгөрч байхад гарсан. Гарч явахдаа гадаа үүдэнд бид давхардаж унаад, Г босохгүй бид гурав тэнд нилээн удсан. Би явах гээд түрүүлээд буудлын зүүн талаар тойроод Гэрэлмаа Бат-Эрдэнэ хоёрыг хүлээгээд зогссон. Тэгээд хаанаас, хичнээн хүмүүс яаж гарч ирснийг анзаараагүй, намайг өшиглөхөөр нь харсан чинь 2 эрэгтэй, 1 эмэгтэй байсан. Тэр эмэгтэй намайг үсдээд дээр гарчихаад зодоод байсан. Тэгээд 2 эрэгтэй нь эмэгтэйгээ салгаад цааш явсан. Би үүрсэн байсан цүнхээ үзтэл цүнх байхгүй болохоор нь тэд нарын араас гүйгээд “миний цүнхийг өгөөч” гэж хэлэхэд 1 эрэгтэй нь намайг түлхэж унагаачихаад явсан. Нөгөө эрэгтэй нь эмэгтэйгээ дагуулаад явж байсан. Араас Г, Б хоёр ирэхээр нь “миний цүнхийг аваад явчихлаа” гэхэд “өө тийм үү” гээд араас нь яваагүй зогсоод салцгааж гэр гэртээ харьсан. Би болсон хэргийг тодорхой сайн санахгүй байна. Санаж байгаа үйл явдал гэвэл буудлаас гараад үүдэн дээр унаад хэсэг байж байснаа санаж байна. ...Намайг эмэгтэй хүн өшиглөөд унагаад газраар өнхрөөд дээр гараад зодож байсан. Зодоон дуусаад салгаад аваад явахад би араас нь “цүнхээ авъя” гээд очиход нэг залуу нь түлхээд унагаасан. Санахгүй байгаа нь гэвэл тэд нартай яаж уулзаж, тэд нарыг хаанаас гарч ирснийг, цүнхийг яаж байгаад авсныг санахгүй мэдэхгүй байна. Би согтуу, гадаа харанхуй, зодуулаад дор нь орсон байсан болохоор тэд нарыг хараад танихгүй. Нэг эрэгтэй нь гэзэгтэй үстэй байсан. Миний цүнхэнд гоо сайханы эд зүйлс зэрэг байсан. Би толгойгоо бариулсан, 1 бариулахдаа 5000 төгрөгөөр бариулсан.
...Би зодуулж байсан хэсэг болох миний дээр гарчихсан үсдэж дараад зодож байгаа болоод араас нь явж байгаа хэсгийг санаж байна. Бусад үйл явдлыг санахгүй байна. Хохиролд 350000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-33-34, 35, 36/,
Гэрч Э.Б: “...2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр ...баарнаас 20 цаг өнгөрөөгөөд гарсан. Би эхлээд гараад нөгөө 2 эмэгтэйг хүлээж зогссон. Нөгөө 2 гарч ирээд нэг нэгнээ түлхээд миний хөлийг тээглүүлээд гурвуулаа унаад, босох гэж согтуурхаад нэлээд удсан. Тэгээд Гэрэлмааг арай гэж нэг юм босгож аваад хойшоо зам руу чиглээд алхаад тэр баарны хашаанаас гараагүй байхад нэг мэдэхэд хажууд 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн ирчихсэн байсан. Би нэлээд согтуу байсан болохоор 1 нь намайг түлхээд хойшоо унагаасан. Босоод ирэхэд Хосцэцэг бас нөгөө эмэгтэйтэй зодолдоод байгаа бололтой байсан. Би очиж салгах гэхэд хажууд нь байсан танихгүй 1 залуу нь түлхээд ер ойртуулахгүй байсан. Тэр 3 хүн далимдуулаад Х-ийн цүнхийг дээрэмдэж аваад зугтаасан байсан. Би тухайн үед Хосцэцэгийг дээрэмдсэнийг нь ч мэдээгүй. Ямар ч байсан “миний цүнх аваад явчихлаа шүү дээ” гэж хэлж байсныг санаж байна. Миний ухаан санаа орж гараад л байсан. ...Маргааш нь Хосцэцэгээс асуухад зодуулж гэмтээд эд зүйлээ алдаад бөөн л юм болсон байсан. Би тэр 3 хүнийг танихгүй. Тэд 20 гаруй насны залуучууд байх шиг байсан. Надад гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-37/,
Гэрч М.Г-ийн: “...Тэгээд харих гээд караокеноос гараад би согтоод болсон явдлыг нарийн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд миний урд Х-ийг хэн нэгэн хүн зодоод байх шиг байсан. Би тийшээ очиж туслах санаатай дөхөөд очиход 1 эмэгтэй нь миний цээж рүү түлхээд Б-ийг бас 1 эрэгтэй нь түлхээд миний урд унагаасан. Тэгээд би Хосцэцэг рүү дахиад яваад очиход 1 эрэгтэй миний өөдөөс түлхээд ойртуулахгүй байсан. Ямар ч байсан 3 хүн байснаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан. Дараа нь Хосцэцэг “намайг зодоод цүнх аваад зугатаачихлаа” гэж хэлж байсныг санаж байна. ...Би маргааш өглөө ажилдаа явахдаа Хосцэцэгээс юу болсон талаар асуухад “дээрэмдүүлээд цүнхээ алдчихсан шүү дээ. Би цагдаад хандах гээд явж байна” гэж хэлсэн. Х бор цоохор өнгийн “LV” гэсэн бичигтэй цүнх үүрч явсан. Би тэдгээр хүмүүсийг танихгүй. Надад гэмтэл учраагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-38/,
Б.М-ын сэжигтнээр өгсөн: “...Буудлын үүдэнд 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн согтсон байдалтай зогсож байсан. Бид нар хойд талын зам дээр зогсоосон такси уруу явж байхад 1 эмэгтэй нь алцагнасан гичий гэлүү тиймэрхүү юм хэлсэн. Тэрнээс болоод Отэр эмэгтэйтэй зодолдож эхэлсэн. Нүүр нүү 1 удаа цохиод татаж унагаахад нь би Одонтунгалагийг хойшоо татсан. Хамт явсан эрэгтэй нь ирээд надтай уулзаад юм ярих хооронд Онөгөө эмэгтэйн хөл рүү өшиглөөд дахиад унагаагаад үсдэлцээд Оүсдээд дарж аваад тавихгүй болохоор би салгасан. Сүүлд нь таксинд суугаад явж байхдаа Энхзолбоо тэр эмэгтэйн цүнхийг аваад ирсэн байсан. Цүнхэнд байсан эд зүйсийг хэрэглэсэн” гэх мэдүүлэг /хх-88-89/,
Э.Э-ийн сэжигтнээр өгсөн: “...О-гийг салгаад цаашаа зугатаад цаана зогсож байсан таксинд суусан. Би О-тай зодолдож байсан эмэгтэйн цүнхийг О-ийг цүнх гэж бодоод аваад таксинд суугаад Одонтунгалагт өгөхөд “миний цүнх биш” гэж хэлсэн. Тэр үед Ё урд суудлаас “О-ийн цүнх энэ байна” гээд надад үзүүлсэн. “Тэгвэл чамтай зодолдсон хүний цүнх байлгүй, хөгшин амьтан байна лээ, цүнхийг нь өгье” гэхэд М “хэрэггүй” гэж хэлж аваад нөгөө цүнхийг ухаж үзсэн. ...Тэр хүний цүнхнээс гоо сайхны зүйлсийг нь Оаваад, мөнгөөр нь дэлгүүрээс пиво, гоймон аваад буудалд орсон” гэх мэдүүлэг /хх-105-106/,
Б.О-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд “Р” бааранд ороод 4 эрэгтэй хүнтэй танилцаад сууж байгаад үүрээр 05 цагийн үед “Евро” нэртэй зочид буудалд ороод хэсэг унтаад гараад буудалдаа дахиад байрлахаар болоод Мягмаржав, Энхзолбоо нартай такси бариад буцаад ирсэн. Бид хоёрыг буудалд оруулахгүй гээд байхаар нь гараад ирэхэд согтуу 2 эмэгтэй, 1 ахтай хамт үүдэнд байсан. Тэдний 1 эмэгтэй нь уначихсан байсан. Тэр буудлаас нэг их холдоогүй хойшоо эргээд алхах замдаа би мөсөн дээр хальтраад “яанаа” гэхэд урд явж байсан 3 хүний нэг эмэгтэй нь “яаана гэнэ үү, янхан чинь” гэхээр нь би “юу гэнээ” гээд уурлаад тэр эмэгтэйн үснээс зулгаагаад, гэдэс хавьд өшиглөөд унагаасан. Дараа нь үснээс нь бариад авахад тэр эмэгтэй миний үснээс зөрүүлээд бариад авахаар нь би тэр эмэгтэйн дээрээс гараараа 2-3 удаа цохисон. М, Э хоёр намайг салгаад “одоо явъя” гээд татаад Э намайг сугадаад цаашаа гүйгээд, цаана зогсож байсан таксинд зугтаагаад суусан. Надад зодуулсан эгч бидний араас хашгираад гүйж байгаад үлдсэн. Э таксинд суугаад “май цүнхээ ав” гээд надад зодуулсан эмэгтэйн цүнхийг өгсөн. Би “миний цүнх биш шүү дээ” гэхэд “за яадаг юм бэ, дүүрсэн хэрэг” гээд тэр хүний цүнхнээс бор өнгийн сормуусны будаг, 40,000 төгрөгтэй түрийвч гарсан. Эхлээд Энхзолбоо цүнхийг ухаад “40000 төгрөг байна” гээд таксинд 5000 төгрөг төлөөд дараа нь М цүнхэн доторх зүйлийг нь гаргаад надад нүүрний будаг, сормуусны будаг, хар сормуусны будаг, түрийвч зэргийг өгсөн. ...Цүнхэнд нь ямар нэгэн эд зүйл үлдсэнийг мэдэхгүй. Мөнгийг М, Э хоёр идэж уух зүйл аваад буудлын мөнгө, таксины мөнгөнд төлөөд дууссан. Буудалд ороод Э “М гурвуулаа гар нийлэх юм биш үү” гэж хэлж байсан. Харин Мягмаржав “арай ч дээ, хүний мөнгөөр пиво уугаад сууж байх ч гэж дээ” гэхэд бидний дунд жаахан маргаан үүсээд тэгсхийгээд өнгөрсөн.
...Бид нар ярилцаж байгаад хохирлоо заавал барагдуулна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-96-97, 99-100, 103/,
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.02.13-ны өдрийн 2732 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Х.Хийн биед баруун, зүүн хацар, эрүүний зүүн буланд зулгаралт, зүүн гарын алганд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-50/,
Шинжээч Т.Сэлэнгийн “...Х.Хийн биед үүссэн гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн буюу 1 бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-57/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-11-14/, эд зүйлийг түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-15-16/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19/, шүүгдэгчийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-29/, эд зүйлийн үнэлгээ /хх-46-47/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-119/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-117-118/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-120/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-121-125/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /хх-186-187/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Онь согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “Е” караокены орчим бусдыг илтэд үл хүндэтгэн “намайг доромжиллоо” гэх ялимгүй зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин иргэн Х.Хт хүч хэрэглэн татаж унагаан хэвлий, толгойн тус газар нь цохиж бие махбодид нь “баруун, зүүн хацар, эрүүний зүүн буланд зулгаралт, зүүн гарын алганд өнгөц шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б. О-ийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Хийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн 350000 төгрөг төлөгдсөн /хх-155-158/ болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч О бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал болон уг хэргийн хохирогч Х.Х “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-159/ гэснийг тус тус харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.О-ийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 14 хоног, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 27 хоног, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 4 хоног, нийт урьдчилсан хоригдсон 45 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий СД 1 ширхгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогтой Б-ын О-йг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч О3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар Б.О урьдчилсан 45 /дөчин тав/ хоног хоригдсон болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.О бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Б.О оногдуулсан 3 жил, 01 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Одонтунгалагт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР