| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0602/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/552 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2017/ШЦТ/552
2017 12 15 552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,
улсын яллагч Р.Энх-Оюун,
иргэдийн төлөөлөгч А.Болор,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э.........маа,
шүүгдэгч О.М.............л, түүний өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1824) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Өөлд овогт О............вийн М.............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 0158 60126 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өөлд овогт О............вийн М.............л, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот Партизаны сангийн аж ахуйд 1980 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын задгай тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн дугаар ЧГ80051479,
Урьд:
-Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2564 дугаар тогтоолоор 2009 оны “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.М.............лын эдлээгүй үлдсэн 4 жил 9 сар 22 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасч 1 жил 9 сар 22 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 2 сар 27 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн сулалсан.
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 375 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 170 дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.М.............лын эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 20 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч 1 жил 3 сар 20 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 6 сар 10 хоногийн хорих ялыг тэнсэж сулласан.
- Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 364 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 10 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж, бүгд эдлэх хорих ялыг 9 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/56 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн ялаас чөлөөлөгдсөн.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч О.М.............л нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 163 дугаар цэцэрлэгийн орчимд иргэн Б.Д.........мааг “чи ганц шил архи авчихаач” гэж хэлсний төлөө маргалдан, улмаар цементэн довжоон дээр ар дагзаараа савж унатал нүүрэн тус газар нь алгадаж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч О.М.............л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 09 сарын 18-ны өдөр би гэртээ байж байхад 12 цаг өнгөрөөгөөд Д.........маа над руу утасдаад хаана байна гэхээр нь гэртээ байна гэхэд хүрээд ир дайланг хүн үзье гэж байна гээд Баянхошууны эцэс дээр дуудсан. Тэгээд би Баянхошууны эцэс дээр очиход Д.........маа байгаагүй учраас утасдахад гэртээ байна гэсэн. Гандангийн үүдэнд зогсож бай гээд Гандангийн үүдэнд байж байхад гудмаар Д.........маа өгсөөд ирсэн. Яасан бэ гэхэд 100 граммын Ерөөл нэртэй архи өгөөд би уугаад даалин авна гэсэн хүн хаана байна гэхэд байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Зүүн салаа явлаа гэхэд Д.........маа эцэс орлоо гэсэн. Би Зүүн салаанд найзындаа очоод 1 шил архи уугаад өдрийн 3 цаг өнгөрч байхад Д.........маа утасдаад Баянхошууны эцэс дээр хүрээд ир гэхээр нь очиход тамхи зардаг ТҮЦ-ний ард таараад яасан гэхэд автобусны мөнгө байна уу гэхэд нь би байхгүй гээд өөрт байсан Нокиа 2100 маркийн утас байсныгаа 5.000 төгрөгөөр зарсан. Утсаа зараад нарийн гудмаар гарах гэхэд Д.........маа нэг юм авчих гээд байсан. Би үгүй гээд түрүүлээд явсан. Араас Д.........маа ганц юм авчих гээд миний гарнаас зуураад яваад байсан. Би гэр хол унааны мөнгө хэрэгтэй архи авахгүй гэж хэлж байсан. Явсаар байгаад дэлгүүрийн үүдэнд ирээд эргэж хараад юу гээд балайраад байгаа юм гээд алгадахад Д.........маа саваад оочсон. Тэгээд би босгоход ухаан алдсан амнаас нь хөөс гараад байхаар нь цээжнээс нь сэгсрэхэд сэрэхгүй байхаар нь тэврээд цэцэрлэгийн зүлгэн дээр оруулж тавиад эмнэлэг орж манаачаас эмч асуухад байхгүй гэсэн. Би буцаад Д.........маа дээр ирэхэд Д.........маа хэвтэж байсан. Урагшаа гүйгээд Сутай эмээгийнхээс ус аваад толгой цээжийг нь савшсан. Тэгээд Д.........маагийн утсыг аваад эгч рүү нь залгасан. Эгч нь хүн хүүхэд харж байна болохгүй бол цагдаа дууд гэсэн. Тэгээд би өөр нэг эгч рүү нь залгахад цагдаа түргэн аль нэгийг дуудаад өг гэхээр нь 103 дуудаад 103-н эмч ирэхээр нь би очоод зам заагаад Д.........маа дээр аваачсан. Тэгээд түргэний машин эмнэлэг рүү аваад явсан. Би ахынх руугаа очоод Д.........мааг ухаан алдсан гээд болсон явдлыг хэлэхэд хоол хий гээд хоол бэлдээд байж байхад утас дугарахад 88-тай утаснаас эмэгтэй хүн яриад чи хаана байна гэхээр нь гэртээ байна гэхэд би гэртээ байна гэж тэр эмэгтэй хэлсэн. Би чамруу явах гээд хоол хийлгэж байна гэхэд би гэртээ ирсэн байна яах юм бэ гэхээр нь би гэртээ ирсэн гэж бодсон. Д.........маагийн эгч дахиад залгахаар нь гэртээ харьсан байна гэхэд за за өнөө шөнөдөө ирэх юм байна гэсэн. Тэгээд би утсаа тасдаад гэртээ ороод унтаад маргааш өглөө цагдаа ирсэн” гэв.
Хохирогч Б.Э.........маа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг болдог өдрийн 13:00 цагт орж ирээд гарахдаа манай дүү эрүүл байсан. 16:30 цагт хүүхэд цэцэрлэгээс аваад явж байхад манай дүү 00-н хажууд 2 залуу 1 хүүхэнтэй зогсож байсан. Тэгэхэд архи уугаагүй байсан. Удалгүй үдээс хойш 19 цаг болоогүй байхад надруу “эгчээ та нэг гар утас аваач 5-6 мянгаар гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэсэн. Удалгүй танихгүй дугаараас нэг залуу залгаад танай дүүгийн амнаас цагаан хөөс гараад байна гэхээр нь яагаад тэгдэг юм би хүүхэд харж байна түргэн дууд гэсэн. Тэгээд удалгүй залгаад гэмтлийн эмнэлэг явсан гэсэн. Тэгээд юу яриад байгаа юм бэ гэхэд утсаа тасалсан. Удалгүй эргэж залгаад эгчээ дүү чинь эмнэлгээс гарсан байна харих байх гэсэн. Тэр хооронд би гэмтэл рүү 2-3 залгаж дүүгээ асуухад ийм нэртэй хүн ирээгүй байна гэсэн. Тэгээд удалгүй энэ залуу залгаад дүү чинь гэртээ харих юм байна гэсэн. Ярьж дуусаад 10 минутын дараа хэсгийн 2 байцаагч орж ирээд болсон явдлыг хэлээд ухаангүй гэмтэлд байна гэсэн. Би гэмтэл рүү ярьсан шүү дээ гэхэд нэр усыг нь мэдэхгүй байна гэсэн. Би гэмтэл дээр очиход 11 цаг өнгөрч байсан. Тэгэхэд дүү хагалгаанд орсон 12.20 болж байхад хагалгаанаас гарсан. Тэрнээс хойш 7 хоног сахисан. Ухаан оролгүй байж байгаад өнгөрсөн. Гомдолтой байна. Цаана нь өнчин 3 хүүхэд хоцорсон. 4.5 сая төгрөг нэхэмжилж байгаа. Баримтаар 1,3 сая бусад нь баримтгүй газраас авсан зардлууд байгаа. Манай дүү манай гэрийн 5 дахь хүүхэд болж төрөөд 8-р анги төгссөн, тэрнээс хойш ээрмэлийн үйлдвэрт 5 жил ажиллаж байгаад бага хүүхдээ гаргаад дахин ажил хийгээгүй, одоо бага нь 15 настай. Тэрнээс хойш хүүхэд нь 2 настай байхад нөхөр нь нас барсан. Тэрнээс хойш архи ууна, уухдаа агсам согтуу тавьдаг байсан. Хүүхдээ зоддоггүй, бид нараас архины мөнгө нэхэж байгаагүй, тэжээгчээ алдсаны 140.000 төгрөгөөр уудаг байсан. 3 хүүхдийн том нь 22 настай, дунд нь 18 настай, бага нь 15 настай. Би 3 хүүхдийнх нь харгалзан дэмжигчээр тогтоогдсон” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э.........маагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэр рүүгээ явж байгаад 16-17 цагийн орчим дүү Д.........мааг Баянхошууны эцэст байдаг ТҮЦ-ний ойролцоо 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүмүүстэй хамт зогсож байхыг нь харсан. Тухайн үед харсан хүмүүсийг одоо би сайн хэлж мэдэхгүй байна. Би хүүхдээ аваад явж байсан болохоор Д.........мааг бага зэрэг зайнаас хараад л өнгөрсөн, түүнтэй уулзаагүй. ...намайг хамгийн сүүлд Д.........мааг харахад архи уугаагүй бололтой байсан ба хүнд зодуулж цохиулсан ямар нэгэн шинж тэмдэг харагдаагүй. Түүнээс хойш хэдэн цагийн дараа буюу 19 цаг 17 минутанд дүү Д.........маагийн 80893260 дугаараас танихгүй эрэгтэй хүн яриад “танай дүү чинь татаж унаад амнаас нь хөөс сахраад байна” гэхээр нь би “архины хордлого юм болов уу” гэж бодоод тэр хүнд “тийм бол 103 дуудаад өгөө” гэж хэлсэн. Би тэр хүнийг ярьсны дараа удаагүй буцаагаад Д.........маагийн дугаар руу залгахад өмнө нь ярьсан хүн утсыг нь дахин аваад “103 дуудаад өгчихлөө, гэмтэл рүү явсан” гэж хэлсэн. Тухайн үед би тэр хүнээс “наад хүн чинь яасан юм бэ, харваж барьсан юм биш биз” гэхэд тэр хүн “яагаач үгүй ээ зүгээр зүгээр” гэж хэлээд утсаа тасалчихсан. Би буцаагаад дүүгийнхээ утас руу залгахаар утсаа авахгүй байсан ба хэсэг хугацааны дараа мөн л нөгөө залуу утас аваад “Д.........маа гэмтлийн эмнэлгээс гарсан гэж байна” гэж хэлээд утсаа тасалчихсан... Тэгэхээр нь тайвшраад сууж байхад цагдаа нар гэрт орж ирээд... Д.........мааг гэмтэлд ухаангүй байгааг мэдсэн. ...Манай дүү...нөхрөө нас барснаас хойш л архи дарсанд орсон. Сүүлдээ гэр орондоо ч байхаа болиод гадуур архи уугаад яваад байдаг байсан. Дүү маань ихэвчлэн Баянхошууны эцэс орчмоор л архи уугаад яваад байдаг. ...Д.........маа нь хэдий архи уудаг байсан ч ийм байдлаар нас барсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40, 41 дэх тал),
“...Д.........мааг гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байхад болон нас барснаас хойш буяны ажлын зардалд нийтдээ 4.500.000 төгрөг нэхэмжилж байна. Надад зардал мөнгөний зарим баримт болох 1.300.000 төгрөгийн баримт байгаа. Бусад баримтуудыг нь би аваагүй... Д.........маа гурван хүүхэдтэй бөгөөд том хүү Мөнх-Эрдэнэ 22 настай, ...дунд хүү Мөнхбат 18 настай, ...бага хүү болох Б.Бат-Эрдэнэ 15 настай би өөрийн асрамжиндаа авахаар болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),
2. Гэрч Т.Хашболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянхошууны эцэс дээр 16 цагийн орчим...явж байхад Д.........маа...хамт яваад байдаг Мөөгий гэх залуутай явж байсан ба тэр хоёр бага зэрэг халамцуу байдалтай “цэнхэр өнгийн “Nokia” маркийн товчлууртай гар утсыг 10.000 төгрөгөөр” зарна авчихаач гээд явж байсан. ...Тэгэхэд Д.........маа зүгээр л явж байсан цохиулсан зодуулсан зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),
3. Гэрч Б.Л.........аагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М.............л өмнө нь буюу 1990 оноос хойш бараг 20 орчим жил манайхтай айл, хөрш байж байгаад нүүгээд явсан. ...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үдээс хойш, ямар ч байсан харанхуй болоогүй байхад...намайг гэртээ байхад М.............л ганцаараа гэрт орж ирээд “эмээ ус байна уу, ус авья” гэхээр нь би түүнд “яах гэсэн юм бэ, архи уучихаад л ус уух гэж байна уу” гэхэд М.............л “үгүй ээ, харин хэрэг болоод” гэж байсан. Ингээд ундааны саванд ус хийж аваад л гараад явсан. Дахин орж ирээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),
4. Гэрч Н.Наранцэцэгийн (шүүгдэгчийн төрсөн эх) мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр би гэртээ хүү М.............л, нөхөр О............в нарын хамт байсан бөгөөд өглөө 9-10 цагийн орчим О............в бид хоёр гэрээсээ гараад явахад М.............л “гэртээ байна, гэрээсээ гарахгүй” гээд үлдсэн. Тэгээд өдөр 13 цагийн орчим гэхэд М.............л гэрт байгаагүй, гараад явсан байсан. Тухайн үед манай урд байдаг О............вийн дүү Очирбат М.............лыг Д.........маа дуудаад явсан гэж хэлж байсан. Тэр өдрийн орой 20-21 цагийн орчим байх М.............л бага зэрэг халамцуу байдалтай гэртээ ирээд “өнөөдөр Д.........маа намайг дуудаад бид хоёр Баянхошууны эцэст уулзсан, тэгээд Д.........маа надад 100 граммын шилтэй архи өгсөн. Би Д.........маагаас түр салаад буцаад Баянхошууны эцэс дээр уулзаад байж байхад Д.........маа надад байсан мөнгөөр архи ууя гээд байхаар нь би түүнийг гурван удаа алгадсан чинь Д.........маа хойшоо цементэн дээр саваад унасан. Тэгээд Д.........маа ухаан алдаад сэрэхгүй байхаар нь би түүнийг цэцэрлэгийн хашаанд оруулаад түргэн дуудсан, эгч рүү нь ярьсан. Л.........аа эгчийнхээс ус авч толгойг нь угаасан” гэсэн зүйл яриад байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал),
5. Гэрч Ц.Эрхэмбаярын (түргэний эмч) мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр түргэний эмчийн үүрэг гүйцэтгэж байхад буюу 19 цаг 08 минутанд “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны 2 давхар цэцэрлэгийн хажууд ухаангүй согтуу хүн байна” гэх дуудлага ирсний дагуу уг дуудлагаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг цэцэрлэгийн зүүн хаалган дээр ирсэн. Тэр үед дуудлага өгсөн 80893260 дугаарын утсаар ярьж байгаад өндөр биетэй, бор царайтай 30 гаруй насны, халамцуу байдалтай залуу намайг тосож аваад цэцэрлэгийн арын хаалгаар орж зүлгэн дээр хэвтэж байгаа 30-40 насны бололтой эмэгтэй хүнийг зааж өгсөн. Тэр эмэгтэй нь орчинтойгоо харьцах чадваргүй, ухаангүй, биеийн ерөнхий байдал хүнд байсан тул эмэгтэйг ГССҮТ-д яаралтай хүргэсэн...би тэр хүнийг одоо хараад танина. Зурган дээрх хүн дуудлага өгсөн хүн мөн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),
6. Гэрч Ө.Бямбаренчингийн (ГССҮТ-ийн ЭЭТ-н эмчлэгч эмч) мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Б.Д.........маа нь тархины хүнд гэмтэлтэй, огт ухаангүй байдалтай, биеийн байдал маш хүнд хүргэгдэн ирсэн. Эмнэлэг болон эмчийн зүгээс шаардлагатай, яаралтай эмчилгээ оношилгоог хийсэн. Д.........маагийн тархины хатуу хальсан доор цус хурсан, тархи дарагдсан байсныг мэс заслын аргаар тархи дарагдлыг чөлөөлөх ажиллагаа хийсэн. Тэгсэн боловч өвчтөн ухаан оролгүй байсаар нас барсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1897 дугаар дүгнэлтэд:
“...Болсон хэргийн товч: Д.........маа 41 настай эмэгтэй ГССҮТ-д эмчлэгдэж байгаад нас барсан гэжээ. ГССҮТ-ийн өвчний түүх №10803-д Хэвтсэн 2017.09.18. Нас барсан 2017.09.24. ...Зовиур: Ухаангүй. Биеийн байдал маш хүнд, ухаангүй. 2017.09.18-ны толгойн хагалгааны бичлэгт:...баруун чамархайн зулайд тах хэлбэрийн зүслэг хийж...хатуу хальсыг нээхэд хар хүрэн өнгийн цусан бүлэн их хэмжээгээр гарсныг зөөлөн аргаар угааж авахад тархины өнгө улбагар лугшилтгүй байлаа. Төгсгөлийн онош: Хүнд зэргийн тархины няцралт. Баруун тал бөмбөлгийн тархмал хатуу хальс доорхи цус хуралт. САК. Тархины хаван. Комын байдал. ...Тархи амьсгал зүрх судасны дутагдал. Хатуу хальс доорхи цусан хурааг авах хагалгаа.
Цогцосны гадна үзлэгт:...Баруун зулайд тах хэлбэртэй хагалгааны том шархтай...байв.
Дотор эрхтнүүдийн шинжилгээ: Хуйхыг нээж эргүүлэхэд баруун зулайд тархмал улаан цус хуралттай. Баруун зулайд 6см голчтой хагалгааны цооног гаргасан. Хатуу хальсанд тах хэлбэрийн зүслэгтэй, нээхэд нимгэн, наалдсан хар хүрэн өнгийн ялтаслаг цус хураатай. ...Баруун зулай чамархайд тархмал аалзан бүрхүүл доор цустай, угаахад арилахгүй...Шүүх эмнэлгийн цогцос шинжилгээний онош
- Толгойн гэмтэл: Баруун зулайн хатуу хальс доорхи аалзан бүрхүүлийн доорхи цус хуралт. Баруун зулайн хуйхны цус хуралт.
- Тархины хаван. Тархи шахагдал....ДҮГНЭЛТ
1. Талийгаачид баруун зулайн хатуу хальсан доорхи ба аалзан бүрхүүлийн доорхи цус хуралт, баруун зулайн хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлийн улмаас тархи хавагнаж үхэлд хүргэжээ....
5. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62-63 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хавтаст хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжилгээний 1123 дугаар дүгнэлт
“...ДҮГНЭЛТ
1. Талийгаачид тогтоогдсон баруун зулайн хатуу хальс доорхи аалзан бүрхүүлийн доорхи цус хуралт, баруун зулайн хуйхны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
2. Дээрх гэмтэл нь баруун зулай хэсгээрээ унах үед үүсэх нь илүү боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76-78 дахь тал),
8. Шүүгдэгч О.М.............лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын задгай тоотод байрлах гэртээ байж байсан чинь миний 89213524 дугаарын утас руу талийгаач Д.........маа залгаад “чи нөгөө өөрийнхөө хийсэн дайланг аваад ир, хүн авмаар байна гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан хийдийн хажууд уулзсан. Д.........маа надад 100 гр архи авчирч өгсөн...өөрөө их хэмжээний согтолттой байсан. Би Д.........маагийн өгсөн 100 гр архийг уучихаад зүс таних найзынхаа автомашинд суугаад Зүүн салаанд очиж Стандарт нэртэй 0.5 литрийн нэг шил архи хувааж уусан. Намайг зүс таних найзынхаа гэрт архи уугаад сууж байсан чинь Д.........маа миний гар утас руу залгаад “Би Баянхошууны шинэ эцэс дээр байна, хурдан хүрээд ир” гэж хэлсэн...буудал дээр ирсэн чинь Д.........маа их хэмжээний согтолттой “ганц шил архи уумаар байна, яаж архи уух уу” гээд байж байсан. Д.........маа намайг “чи гар утсаа зарчих, тэгээд ганц шил архи ууя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би жимс зарж байсан хүнд 5.000 төгрөгөөр зараад гэртээ харих гээд нарийн гудамжаар ороод явсан чинь араас Д.........маа ирээд гар татаад “чи мөнгөөрөө ганц шил архи авчихаач” гээд байсан. Тэгэхээр нь би уурандаа арагшаа эргэж хараад нүүрэн тус газар руу нь 3 удаа алгадсан чинь Д.........маа газар толгойгоороо саваад унасан...дахиж босч ирээгүй ухаан алдаад унасан. Би Д.........мааг ойролцоо байрлах цэцэрлэгийн хашаанд оруулаад ус цацаад сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан. ...Д.........маа бид хоёр хамт амьдарч байсан. Талийгаач Д.........маагийн унасан газар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүрийн урд талд хатуу шороон гадаргуутай газар толгой хэсгээрээ унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90, 96-98 дахь тал),
9. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт
“...Болсон хэргийн талаар (өөрийн үгээр): 2017.09.18-нд би...Д.........маад юугаа балайраад солиороод байгаа юм гээд баруун гараараа хацарт нь 3 удаа алгадсан. Тэгээд Д.........маа хойшоо саваад унасан гэнэ. Ухаан алдаад ойчихоор нь сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан. Тэгээд бүсэлхийгээр нь тэврээд зүлгэн дээр хэвтүүлсэн гэнэ. ...Л.........аа эмээгээс ус авчраад толгой цээжийг нь норгосон чинь сэрэхгүй байсан. ...Тэгээд 103 дуудаад 103 ирээд гэмтэл авч явсан....Сэтгэцийн онош: Эрүүл. ДҮГНЭЛТ
1. О.М.............л нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
...3. О.М.............л нь мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. О.М.............л нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.
5. О.М.............л нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 74-75),
10. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-22)
11. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 38, 24),
12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-9), Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-15), Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Өвчний 10803 дугаар түүх (хавтаст хэргийн 124-142), Түргэн тусламжийн дуудлагын MCII13295117 дугаар хуудас (хавтаст хэргийн 143),
- Хохирлын талаарх баримт (хавтаст хэргийн 161-166), амь хохирогчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоосон засаг даргын захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 170, 171)%
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 106), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 122), шийтгэх тогтоол, захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 145-159), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 111-115, 123) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.М.............лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч О.М.............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс О.М.............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан, гэмт үйлдэл, амь хохирогчийн үхлийн шалтгаан хоёр хоорондоо шууд шалтгаантай байх шинжийг агуулдаг.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл амь хохирогч нь шүүгдэгч О.М.............лын 3 удаагийн цохилтын улмаас “баруун зулайн хатуу хальсан доорхи ба аалзан бүрхүүлийн доорхи цус хуралт, баруун зулайн хуйхны цус хуралт бүхий шууд үхэлд хүргэсэн гэмтлийг авсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгч нь амь хохирогчийг согтуурсан байсныг мэдсээр байж, түүнийг цохиход цохилтын улмаас хохирол, хор уршиг учрах нь зайлшгүй болон боломжтойг мэдсэн атлаа хүсэж шууд санаатай уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч О.М.............лын үйлдлийн улмаас хүний амь хохирсон, амь хохирогчийн үхлийн шалтгаан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна.
Иймд шүүхээс шүүгдэгч О.М.............лын үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзсэн ба харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт нь дээрх үндэслэлүүдээр няцаагдаж байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барах гэмт хэргийн шинж нь амь хохирогч гэмтлийг авсан даруйдаа орчиндоо чөлөөтэй харилцах эсхүл эмнэлгийн анхан шатны тусламж авч тодорхой хэмжээгээр үйлдэл хөдөлгөөн хийж байгаад тодорхой хугацааны дараа амь өнгөрсөн байхыг шаардана. Харин шүүгдэгч О.М.............лын үйлдлийн улмаас хохирогч нь эмнэлгийн анхан шатны тусламж авсан хэдий ч ухаан орохгүй, өөрөө бие дааж тодорхой үйлдэл хийх чадваргүй байсаар нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч О.М.............л нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баруун Баян-Уулын 6 дугаар гудамжинд, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны орой, амь хохирогч Б.Д.........маагийн нүүрэн тус газар нь цохиж, хувийн таарамжгүй сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шууд санаатай үйлдлээр, хүнийг санаатай алсан болох нь;
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э.........маагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны ...19 цаг 17 минутанд дүү Д.........маагийн 80893260 дугаараас танихгүй эрэгтэй хүн яриад “танай дүү чинь татаж унаад амнаас нь хөөс сахраад байна” гэхээр нь би “архины хордлого юм болов уу” гэж бодоод тэр хүнд “тийм бол 103 дуудаад өгөө” гэж хэлсэн. ...Цагдаа нар гэрт орж ирээд... Д.........мааг гэмтэлд ухаангүй байгааг мэдсэн. ...Д.........маа нь хэдий архи уудаг байсан ч ийм байдлаар нас барсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40, 41 дэх тал),
- Гэрч Н.Наранцэцэгийн (шүүгдэгчийн төрсөн эх) мөрдөн байцаалтад өгсөн: “...орой 20-21 цагийн орчим байх М.............л бага зэрэг халамцуу байдалтай гэртээ ирээд “...Баянхошууны эцэс дээр уулзаад байж байхад Д.........маа надад байсан мөнгөөр архи ууя гээд байхаар нь би түүнийг гурван удаа алгадсан чинь Д.........маа хойшоо цементэн дээр саваад унасан...” гэсэн зүйл яриад байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал),
- Гэрч Ц.Эрхэмбаярын (түргэний эмч) мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр түргэний эмчийн үүрэг гүйцэтгэж байхад буюу 19 цаг 08 минутанд “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны 2 давхар цэцэрлэгийн хажууд ухаангүй согтуу хүн байна” гэх дуудлага ирсний дагуу ...очиход өндөр биетэй, бор царайтай 30 гаруй насны, халамцуу байдалтай залуу намайг тосож аваад цэцэрлэгийн арын хаалгаар орж зүлгэн дээр хэвтэж байгаа 30-40 насны бололтой эмэгтэй хүнийг зааж өгсөн. Тэр эмэгтэй нь орчинтойгоо харьцах чадваргүй, ухаангүй, биеийн ерөнхий байдал хүнд байсан тул эмэгтэйг ГССҮТ-д яаралтай хүргэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),
- Гэрч Ө.Бямбаренчингийн (ГССҮТ-ийн ЭЭТ-н эмчлэгч эмч) мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Б.Д.........маа нь тархины хүнд гэмтэлтэй, огт ухаангүй байдалтай, биеийн байдал маш хүнд хүргэгдэн ирсэн. Эмнэлэг болон эмчийн зүгээс шаардлагатай, яаралтай эмчилгээ оношилгоог хийсэн. ...Тэгсэн боловч өвчтөн ухаан оролгүй байсаар нас барсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1897 дугаар дүгнэлтэд: (хавтаст хэргийн 62-63 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хавтаст хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжилгээний 1123 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 76-78 дахь тал),
- Шүүгдэгч О.М.............лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр... Д.........маа намайг “чи гар утсаа зарчих, тэгээд ганц шил архи ууя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би жимс зарж байсан хүнд 5.000 төгрөгөөр зараад гэртээ харих гээд нарийн гудамжаар ороод явсан чинь араас Д.........маа ирээд гар татаад “чи мөнгөөрөө ганц шил архи авчихаач” гээд байсан. Тэгэхээр нь би уурандаа арагшаа эргэж хараад нүүрэн тус газар руу нь 3 удаа алгадсан чинь Д.........маа газар толгойгоороо саваад унасан...дахиж босч ирээгүй ухаан алдаад унасан. Би Д.........мааг ойролцоо байрлах цэцэрлэгийн хашаанд оруулаад ус цацаад сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан. ...Талийгаач Д.........маагийн унасан газар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүрийн урд талд хатуу шороон гадаргуутай газар толгой хэсгээрээ унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90, 96-98 дахь тал)-ээр буюу хэрэг цугларсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.М.............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч О.М.............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алсан гэмт үйлдэлд нь 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, шүүгдэгчийн энэ хэрэгт 79 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг “СD”-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, шүүгдэгчийн хэрэглэж байсан нэг хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс О.М.............л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн”, мөн зүйлийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан хуульд заасан хамгийн доод эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.М.............л нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг шүүхээс хөнгөрүүлж шүүгдэгчид 8 (найм) жилийн хугацаатай хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв. Түүнчлэн О.М.............лын хувийн байдал буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэдийгээр хувийн байдлын хувьд шүүгдэгч О.М.............л нь урьд 3 удаа ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байх боловч 2002 оны Эрүүгийн хуульд заасан ялтай байдлыг 2015 оны Эрүүгийн хуульд хуульчлаагүй, мөн шүүгдэгч нь гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол, хор уршигт 4.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт 1.300.000 (хавтаст хэргийн 161-166) төгрөгийн баримт цугларсан байна. Иймд О.М.............лаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу баримттай хохирол болох 1.300.000 төгрөгийг, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн үнийн дүнгийн үлдэх 3.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах болон 3.200.000 төгрөгийн баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болно.
Шүүгдэгч О.М.............л нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс (хавтаст хэргийн 85) мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 79 (далан ес) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу О.М.............лын эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн 1708 0158 60126 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон “163 дугаар цэцэрлэгийн гадна талын дүрс бичлэг бүхий “ANGTE” нэртэй цэнхэр, цагаан өнгө хосолсон 700МВ/80MIN гэсэн бичиглэлтэй CD-R”-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгчийн хүсэлтээр түүний хэрэглэж байсан хагас түрийтэй бор өнгийн нэг хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өөлд овогт О............вийн М.............лыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М.............лыг 8 (найман) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.М.............лд оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М.............лын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 79 (далан ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М.............лаас 1.300.000 (нэг сая гурван зуун мянган) төгргийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э.........маад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э.........маа нь цаашид гарах хор уршигийн баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг “CD”-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, шүүгдэгчийн бор өнгийн хагас түрийтэй нэг хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц О.М.............лд буцаан олгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.М.............лын иргэний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.М.............лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.М.............лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Г.АЛТАНЦЭЦЭГ
Л.БААТАР