Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/398

 

 

 


 

 

 

       2018        05           08                                        398

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Л.М......................а, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Цогнууд овогт Л......................арын  М.................ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0070 50258 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цогнууд овогт Л......................арын М......................а, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1996 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “......................г, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг, ............................... түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .................

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Л.М......................а нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны эцсийн автобусны буудлын орчим иргэн Г.М......................рын “Samsung J-7” маркийн гар утас, хоёр ширхэг сим карт, гар утасны гэр зэрэг эд зүйлүүдийг худалдаж авна гэж үзэж байгаад авч зугтаан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хуул бусаар авсан буюу дээрэмдэн, бусдад 735.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт Л.М......................а мэдүүлэхдээ  “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Г.М......................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн “Samsung J-7” маркийн гар утсаа зарна гэж зар тавьсан. Зар тавьсны дагуу миний “facebook”-н хаяг руу ЭМ......................л гэх хаягнаас чат бичээд “гар утсыг чинь үзье, авъя” гэсэн. Ингээд 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дээрх хаяган дээр байсан 8856...95 гэх дугаараас нэг эмэгтэй хүн залгаад “гар утсыг чинь үзмээр байна” гэхээр нь уулзах газраа товлоод тухайн өдрийн 19 цагийн орчим Баруун салааны эцсийн буудал дээр эгч Н.....................маагийн хамтаар очиход 170см орчим өндөртэй, цайвар царайтай, сартгар хамартай, хар өнгийн куртиктэй, бараан өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай, хар ноосон малгайтай, 20 орчим насны залуу ирж уулзаад миний гар утсыг шалгаад үзээд байсан. Тэгээд тэр залуу “би маргааш хөдөө явах гэж байгаа” гээд байсан мөртлөө хэдэн төгрөгөөр авахаа хэлэхгүй байсан. Тэгж байснаа гэнэт .............. улсын дугаартай саарал өнгийн “Toyota Prius-20” маркийн машин руу явж орсноо шууд машинаа асаагаад зугтаагаад яваад өгсөн. Тэр залуу машинд суухдаа Nokia маркийн товчлууртай хар өнгийн гар утсаа газар унагаачихсан байхаар автал утас руу нь дуудлага ирсэн. Дуудлагыг нь автал тэр хүний аав нь гэх хүн байна гэхээр нь болсон асуудлын талаар хэлсэн...Би гар утсаа 2018 оны 01 дүгээр сард 750.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

“...Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би Л.М......................аас гар утсаа буцааж авсан. Мөн гар утасны сим карт, гэрний мөнгө 75.000 төгрөгийг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),

2. Гэрч Г.Н.....................маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай дүү өөрийн  “Samsung J-7” маркийн гар утсаа зарах гээд хүнд үзүүлэх гэж байна гэхээр нь би хамт 19 цагийн орчим Баруун салааны эцсийн буудал дээр очиход 20 орчим насны 170см орчим өндөртэй цайвар царайтай залуу манай дүүгийн гар утсыг үзээд “бэлэн мөнгө байгаа, гар утсыг чинь авъя” гэж байснаа гэнэт гүйгээд саарал өнгийн .............. улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн машинд суугаад хөдлөөд яваад өгсөн. Тэр залуу зугтахдаа гар утсаа газар унагаасан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

3. Гэрч ББ.................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр манай найз ЭМ......................л бид хоёр ломбарданд барьцаанд тавьсан байсан гар утсаа зараад дээр нь мөнгө нэмж утас авахаар ярилцсан. Тэгээд “facebook”-р зар хараад “Samsung J-7” маркийн гар утас зарна гэсэн зарын дагуу холбогдсон. Тэгээд байж байтал 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр...хамт тэмцээнд оролцдог байсан...Билгүүнээ буюу Л.М......................а залгаад хамт биллярд тоглоё гэхээр нь бид хоёр уулзаад, тоглож байтал Л.М......................а гар утас худалдаж авмаар байна гэсэн. Тэгэхээр нь бид хоёр нөгөө гар утас зарна гэсэн “facebook”-р харсан зарын талаар хэлтэл Л.М......................а “би тэр утсыг чинь үзмээр байна та хоёрын машинтай хамт явж үзье” гэхээр нь би тэр зарын утас руу яриад Баруун салааны эцсийн буудал дээр очиж үзэхээр тохиролцоод тэнд нь бид гурав яваад очсон. Тэгтэл Л.М......................а миний гар утсыг бариад нөгөө гар утас зарна гэсэн хүмүүстэй уулзана гээд буугаад явсан. Тэнд Л.М......................а хоёр эмэгтэй хүнтэй уулзаад байж байснаа гэнэт гүйж машинд орж ирснээ яваарай хөдлөөрэй гэхээр нь ЭМ......................л бид хоёр хөдлөөд явсан. Би машинд явж байхдаа Л.М......................аас гар утсаа нэхтэл...гүйж байхдаа газар унагаачихсан юу ч гэсэн явж бай гээд яагаад тэр хүмүүсээс зугтааснаа хэлэхгүй байсан. Тэгээд бид гурав Хархорин захын арын байрны дунд очоод зогстол манай аав ЭМ......................лийн гар утас руу залгаад надад “чи ямар хүмүүстэй яваад байгаа юм бэ? чи хүний гар утас авсан юм уу” гээд байсан. Тэр үед Л.М......................а яриа сонсож байгаад тамхи авчихаад ирье гээд машинаас буугаад явахдаа машины арын сандал дээр нөгөө хүнээс авсан “Samsung J-7” маркийн гар утсыг үлдээсэн байхаар нь би ааваасаа нөгөө гар утасны эзний дугаарыг асууж байгаад Баянхошууны цагдаагийн хэлтэс дээр утсыг нь эзэнд нь аваачиж өгсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25),

4. Гэрч ЭМ......................лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн орчим...гар утас үзэхээр болоод миний машинаар...Баруун салааны эцсийн буудал дээр очсон. Тэгтэл ББ.................р нөгөө хүнтэй утсаар ярьж байтал Л.М......................а манай найз охины гар утсыг авч буугаад нөгөө хүнтэй уулзана гээд гарсан. Тэгээд ББ.................р бид хоёр машиндаа байж байтал Л.М......................а гүйж орж ирээд гялс яваарай гэхээр нь би яасан талаар асуулгүй шууд хөдлөөд явсан. Хөдлөөд бид нар Хархорин захын хойд талд очоод зогстол Л.М......................а би утсаа авчихлаа, харин ББ.................рын гар утсыг машинд суухаасаа өмнө унагаачихсан гэж хэлсэн тэгээд тамхи аваад ирнэ гээд гараад явсан. Энэ үед ББ.................рын аав нь яриад “чи хүний гар утас аваад явсан байна үнэнээ хэл” гэсэн тэгээд ааваас нь нөгөө эгчийн утасны дугаарыг аваад Баянхошууны цагдаагийн хэлтэс дээр ирээд нөгөө “Samsung J-7” маркийн гар утсыг хүлээлгэж өгөөд өөрсдийн гар утсаа авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

5. Хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 36-37, 40-41),

6. Шүүгдэгч Л.М.................нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн орчим найз ББ.................р руу биллярд тоглох зорилгоор залгаад уулзахаар болсон. Би ББ.................р түүний найз ЭМ......................л нартай 3, 4 хороололд уулзаад биллярд тоглоод байж байхдаа тэр хоёрт гар утас авах гэж байгаа талаараа ярихад тэр хоёр “facebook дээр “Samsung J-7” маркийн гайгүй утас зарна гэсэн байна лээ, чи үзэхгүй юм уу” гэхээр нь хамт яваад үзье гэсэн. Тэгээд бид нар Баруун салаанд нөгөө хүнтэйгээ уулзахаар болоод 19 цагийн орчим...яваад очсон. Би тэр үед гар утас байхгүй байсан ББ.................рын гар утсыг авч буугаад нөгөө хоёр охинтой уулзсан. Тэгээд тэр хоёрын саарал өнгийн “Samsung J-7” маркийн утсыг авч үзэж байгаад гэнэт л утсыг нь аваад зугтаах боломжтой юм шиг санагдахаар нь шууд авч зугтаагаад ЭМ......................лийн машинд ирж суугаад сандраад хурдан яваарай гэж хэлсэн. Тэр хоёр ч сандраад машинаа хөдөлгөсөн. Тэгээд явах замд ББ.................р надаас юу болсон талаар асуугаад байхаар нь би “зүгээрээ хурдан яв” гээд болсон зүйлийн талаар тэр хоёрт хэлээгүй. ...Би явах замдаа гар утасны хоёр ширхэг сим гадна гэрийг нь машины цонхоор гаргаж хаясан. Тэгээд Хархорин захын арын байрны дунд очоод зогстол ББ.................рын аав намайг гар утас авсныг мэдсэн болохоор би тамхи аваад ирье гэж тэр хоёрт хэлээд гар утсаа машины арын суудал дээр үлдээгээд буугаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-50),

7. Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5), Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7), таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 8-10), гэрч Г.Сугар, И.Баттөр нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27, 30-31)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56), хувийн байдлын талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 54) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.М......................ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Л.М......................а нь “facebook”-ээс “Samsung J-7” гар утас зарна гэснийг зарын дагуу иргэн Г.М......................ртай холбогдож, түүнтэй Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны эцсийн буудлын орчим, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр уулзахаар тохиролцож, тус газар ЭМ......................лийн тээврийн хэрэгслтэй ББ.................р нарын хамт очсон байна.  Улмаар Л.М......................а нь тээврийн хэрэгслээс бууж Г.М......................р, Г.Н.....................маа нар дээр очиж худалдах гар утсыг худалдаж авна гэж үзэж байгаад авч зугтааж ЭМ......................лийн тээврийн хэрэгслээр тухайн газраас явсны улмаас иргэн Г.М......................рт 735.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Үүнд

- Хохирогч Г.М......................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дээрх хаяган дээр байсан 8856...95 гэх дугаараас нэг эмэгтэй хүн залгаад “гар утсыг чинь үзмээр байна” гэхээр нь уулзах газраа товлоод тухайн өдрийн 19 цагийн орчим Баруун салааны эцсийн буудал дээр эгч Н.....................маагийн хамтаар очиход 170см орчим өндөртэй, цайвар царайтай, сартгар хамартай, хар өнгийн куртиктэй, бараан өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай, хар ноосон малгайтай, 20 орчим насны залуу ирж уулзаад миний гар утсыг шалгаад үзээд байсан. Тэгээд тэр залуу “би маргааш хөдөө явах гэж байгаа” гээд байсан мөртлөө хэдэн төгрөгөөр авахаа хэлэхгүй байсан. Тэгж байснаа гэнэт .............. улсын дугаартай саарал өнгийн “Toyota Prius-20” маркийн машин руу явж орсноо шууд машинаа асаагаад зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

- Гэрч Г.Н.....................маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай дүү өөрийн  “Samsung J-7” маркийн гар утсаа зарах гээд хүнд үзүүлэх гэж байна гэхээр нь би хамт 19 цагийн орчим Баруун салааны эцсийн буудал дээр очиход 20 орчим насны 170см орчим өндөртэй цайвар царайтай залуу манай дүүгийн гар утсыг үзээд “бэлэн мөнгө байгаа, гар утсыг чинь авъя” гэж байснаа гэнэт гүйгээд саарал өнгийн .............. улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн машинд суугаад хөдлөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

- Гэрч ББ.................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр...хамт тэмцээнд оролцдог байсан...Билгүүнээ буюу Л.М......................ад... “facebook”-р харсан зарын талаар хэлтэл Л.М......................а “би тэр утсыг чинь үзмээр байна та хоёрын машинтай хамт явж үзье” гэхээр нь би тэр зарын утас руу яриад Баруун салааны эцсийн буудал дээр очиж үзэхээр тохиролцоод тэнд нь бид гурав яваад очсон. ...Л.М......................а хоёр эмэгтэй хүнтэй уулзаад байж байснаа гэнэт гүйж машинд орж ирснээ яваарай хөдлөөрэй гэхээр нь ЭМ......................л бид хоёр хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25),

- Гэрч ЭМ......................лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн орчим...гар утас үзэхээр болоод миний машинаар...Баруун салааны эцсийн буудал дээр очсон. ...Л.М......................а манай найз охины гар утсыг авч буугаад нөгөө хүнтэй уулзана гээд гарсан. Тэгээд ББ.................р бид хоёр машиндаа байж байтал Л.М......................а гүйж орж ирээд гялс яваарай гэхээр нь би яасан талаар асуулгүй шууд хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

- Хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 36-37, 40-41),

- Шүүгдэгч Л.М.................нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ББ.................р түүний найз ЭМ......................л нартай 3, 4 хороололд уулзаад...тэр хоёрт гар утас авах гэж байгаа талаараа ярихад тэр хоёр “facebook дээр “Samsung J-7” маркийн гайгүй утас зарна гэсэн байна лээ, чи үзэхгүй юм уу” гэхээр нь хамт яваад үзье гэсэн. Тэгээд бид нар Баруун салаанд нөгөө хүнтэйгээ уулзахаар болоод 19 цагийн орчим...яваад очоод...хоёр охинтой уулзсан. Тэгээд тэр хоёрын саарал өнгийн “Samsung J-7” маркийн утсыг авч үзэж байгаад гэнэт л утсыг нь аваад зугтаах боломжтой юм шиг санагдахаар нь шууд авч зугтаагаад ЭМ......................лийн машинд ирж суугаад сандраад хурдан яваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-50) зэрэг нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Л.М......................а нь хууль зүйн хувьд шунхайн сэдэлтээр, хялбар аргаар утастай болох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж, Г.М......................рын “Samsung J-7” маркийн гар утсыг үзэж байгаад илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.М......................рт учруулсан хохирлыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан (хавтаст хэргийн 5, 15) байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Л.М.................ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Л.М.................ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч Л.М......................а нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирлоо нөхөн төлсөн байгаа тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс Л.М......................ад гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Л.М......................а нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Л.М......................ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу хохирогчид учруулсан хохирлын төлж барагдуулсан, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, мөн түүнчлэн оюутан зэргийг нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр  тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан түүнд Эрүүгийн хуульд заасны дагуу “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх хязгаарлалтыг тэнсэж хянан харгалзсан хугацаагаар авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийг тэнсэж хянан харгалзсантай холбогдуулан түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0070 50258 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цогнууд овогт Л......................арын М.................ныг дээрэмдэх гэмт хэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М......................ад хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Л.М......................ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх хязгаарлалтыг түүнийг тэнссэн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.М......................а нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.

5. 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М......................ад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч, нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ