Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/942

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Иргэдийн төлөөлөгч Н.Мөнхтуяа,

Улсын яллагч Х.Анхцэцэг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С овогт Г Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708020080095 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **оны ** дүгээр сарын **ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-*, тодорхой оршин суух хаяггүй, урьд 2010 оны 10 дугаар 31-ний өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 252 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, С овогт Г Эр, РД: *********

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Эн- цээжний зүүн хэсэгт хутгалж зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

- хохирогч Б.Э мөрдөн байцаалтад өгсөн :...2017.10.13-ний өдөр би Нэргүйтэй гар бариад мэнд мэдчихээд зогсож байтал Эрдэнэбат гэх залуу над руу дөхөж ирээд "чи яагаад манай

 

найзыг дээрэлхээд байгаа юм бэ" гэсэн. Би ямар учраас надад тэгж хандсаныг мэдэхгүй. Би Эрдэнэбат гэх залууд хандан би чамтай яриагүй Нэргүйтэй ярьж байна гэсэн. Бид 2 хэсэг хугацаанд маргалдсан. Бие биенээ зуурч заамдсан. Тэгтэл Эрдэнэбат доошоо тонгойх шиг болсон гэнэт миний цээжин тус газар час гээд өвдсөн. Тэгсэн цээж нойтон оргиод байхаар нь хартал цээжний зүүн хэсгээс цус гарч байсан. Эрдэнэбат өөрөөр намайг цохиж зодсон асуудал байхгүй. Нэг удаа цээжин тус газар хутгалсан. Эрдэнэбатын гарт нь жижиг цагаан цайвар өнгийн хутга байсан. Эрдэнэбат намайг хутгалсны дараа Нэргүй Эрдэнэбатаас хутгийг нь булаагаад авсан. Дээрх гэмтлүүдийг Эрдэнэбат учруулсан. Цээжний зүүн талд цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн зүрхний үнхэлцэг хальс гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлт гэх гэмтлийг Эрдэнэбат хутгаар хутгалж гэмтээсэн. Зүүн нүдны зовхинд цус хуралт гэмтлийг маргалдаж муудалцаад зууралдаж байхад гараараа цохиж учруулсан. Эрдэнэбат нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад эмнэлгийн төлбөр болох 330.000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Мөн 100.000 төгрөгийн гуурс худалдан авч өгсөн. Нийт 430.000 төгрөг өгсөн. Мөн эмнэлгээс гараад гэртээ эмчилгээ хийлгэж байхад нэг гулууз хонины мах авчирч өгсөн. Миний бие одоо гэрээр эмчилгээ хийлгэж байгаа, цаашид эм тариа авах шаардлагатай байгаа. Гэхдээ яг хэдэн төгрөг хэрэг болохыг мэдэхгүй. Эрдэнэбат надад өөрийн боломжоороо эм тарианы мөнгө өгөх юм бол надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-15-20/

  • гэрч С.Нэргүйгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Эрдэнэбат цаад хүнтэй барьцалдаж аваад бие биенээ цохиж аваад дуусаад, бид нар дээр буцаад ирсэн. Эрдэнэбат гараа зүссэн байсан, гар хуруугаа би юунд зүссэн юм гээд гутлын алчуур хийж байсан даавуугаар гарыг нь боож өгсөн...Эрдэнэбат ганцаараа тэр хүнтэй зодолдсон, Эрдэнэбат тэр өдөр хутгатай байсан юм билээ. Зодолдсоны дараа гар хуруугаа зүсчихээд ирэхдээ хүрэн өнгийн эвхдэг хутга барьсан байсан.../х-21-22/...Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Эрдэнэ-Очир гэх миний таньдаг хүнийг 2017 оны 10 дугаар сард хутгалсан гэдгийг мэдэж байна. Эрдэнэбат тухайн үед Булгантамир гэж эмэгтэй хүнийг өмөөрч маргалдаад Эрдэнэ-Очирыг хутгалсан, би тухайн үед хажууд нь байсан. Би очиж салгасан. Жижиг хүрэн өнгийн хутга байхаар нь аваад урагшаа шидсэн...гэх мэдүүлэг /хх-82/
  • гэрч Г.Булганы мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Батцэнгэлтэй 1 шил архи Хангай зах дээр уусан. Би харилаа гээд явсан ба Батцэнгэл Хангай зах руу явсан. Сонгинохайрхан дүүргийн буудал дээр Эрдэнэ-Очиртой таарсан ба халамцуу явж байсан, хоёулаа цагаар буудал орох уу гэхээр нь би үгүй гээд явсан. Тэгсэн миний араас дагаад байсан. Би Хангай зах руу ороод Батцэнгэлтэй гарч ирэхэд Эрдэнэ-Очир "Цогшил" дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Мөн тэнд Эрдэнэбат, Нэргүй, Мандах, Нямсүрэн нар байсан. Эрдэнэ-Очир цаанаас дахиад намайг дуудсан ба Эрдэнэбат ах "энэ хүн яах гэж байгаа юм" гэхэд нь буудалд оръё гээд байгаа юм гэсэн. Тэгсэн Эрдэнэбат ах Эрдэнэ-Очир дээр очоод шууд заамдаж аваад чи яахаараа хүүхэдтэй буудалд ордог юм гээд 2-3 удаа алгадсан. Тэгэхэд Эрдэнэ-Очир ах за за уучлаарай, намайг одоо явуулчих гэж хэлсэн, Эрдэнэбат ах заамдаж авчаад явуулаагүй. Мандах ах очоод салгаж байх үед Эрдэнэбат ах биенээсээ тонгорог гаргаад ирсэн. Та яах гээд байгаа юм гээд би очсон чинь над руу далайхаар нь би айгаад яваад өгсөн. Батцэнгэл бид 2 дүүргийн буудал дээр очоод сандал дээр сууж байсан чинь Эрдэнэ-Очир ах хүрч ирээд цамцаа дээш нь сөхсөн чинь гэдэс орчмоос нь цус урсаж байсан...гэх мэдүүлэг /хх-24-25/,
  • гэрч С.Сайнбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр 19 цагийн үед хэргийн газарт очиход цээжиндээ хутгалуулсан гэх хүнийг 103 ирээд, үзээд байж байсан. Тухайн үед хутгалсан хүнийг эрүүгийн төлөөлөгч нар аваад явсан. Хутгалсан гэх хүнийг харахад биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-115-116/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13158 дугаартай:... Б.Эрдэнэ-Очирийн биед цээжний зүүн талд цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн зүрхний үнхэлцэг хальс гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлт зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-31/,
 
  • гэрч Н.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:... Миний нөхрийн дүү Г.Эыг одоо хаана байгааг сайн мэдэхгүй, тогтсон оршин суух хаяг байхгүй, миний санаж байгаагаар 2008 оноос хойш тогтсон оршин суух хаяггүй гадуур дэмий тэнэж амьдраад байгаа. Ах дүү нарынхаа үгэнд ороод байдаггүй, хааяа ирэхээрээ удахгүй гараад явчихдаг, холбоо барих утас байхгүй. Г.Э нь гэр бүл зохиож байгаагүй ганц бие залуу. Одоо хаана байгааг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-60-61/
  • мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-94-96/
  • шүүгдэгч, Эн мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүрэнхий болж байх үед Нямдэлгэр, Нэргүй, Мандах, Булган, Цээгий гэх хүмүүстэй Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Хангай захын хажууд авто угаалгын баруун талд бүгдээрээ архи ууж байсан. Тэгээд Булган хүнтэй уулзчихаад ирье гээд явсан бөгөөд удалгүй "намайг хүн хүчиндэх гээд байна" гэхээр нь тэр Эрдэнэ-Очир дээр очсон. Би заамдаж аваад "чи яахаараа хүүхэд хүчиндэх гэдэг юм" гэхэд намайг өөдөөс боогоод байсан. Тэгэхээр нь би нүүр лүү нь 1 удаа цохиод тавихгүй болохоор нь тухайн үед өмсөж явсан хар өнгийн жинсэн өмдний зүүн талын халааснаасаа эвхэгддэг жижгэвтэр голдоо хүрэн өнгийн оруулгатай никл тунгалаг цагаан өнгийн хутга гаргаж ирээд баруун гартаа дэлгэж бариад тэр хүний цээжний зүүн талд буюу зүрхэн тус газар нь 1 удаа хутгалсан. Тэгсэн Нэргүй хүрч ирээд хутгыг булааж авсан. Эрдэнэ-Очир зам хөндлөн гараад цаашаа гүйгээд явсан. Хутгыг мод руу шидсэн. Тэрнээс хойш Эрдэнэ-Очиртой 2 удаа эмнэлэгт очиж уулзсан. Би тухайн үед нилээн согтолттой ухаан орж гараад л байсан. Би уг хутгаар хөрөөнүүдийн агаар шүүгч энэ тэрийг цэвэрлэдэг байсан учир биедээ авч явсан. Би Эрдэнэ-Очирт эмчилгээний төлбөрт 400.000 төгрөг цувуулаад өгсөн...гэх мэдүүлэг /хх-87-90/
  • шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... намайг нэлээд халамцуу байхад Булгантамир ирээд "намайг хүчиндэх гэж байна” гэж хэлсэн. Түүнээс болж маргалдсан, маргалдаад хутга шөвгөндөө тулсан. Би хохирогчид 500,000 гаруй төгрөг өгсөн, тэгээд хохирол авсан баримт бичээд өгчих гэхэд урдаас 2 шил архи нэхээд бичиж өгөхгүй байна. Эм тариаг нь авч өгсөн. Цувуулж өгсөн, яг хэзээ өгсөн гэдгийг санахгүй байна. Би баримтыг хэрэгт өгсөн. Хэрэг гарсан өдрийг сайн санахгүй байна. Би нэлээд согтсон байсан, хохирогчийг таньдаггүй байсан. Булгаа бид хоёрын дунд хов зөөгөөд гүйгээд байсан, түүнээс болоод ийм асуудал боллоо. Нэргүй бид хоёр Эрдэнэ-Очир дээр очсон. Очоод "Чи яасан их хүүхэд дээрэлхдэг юм бэ? Чи яасан их хүчинддэг юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр барилцаж авсан, тэгтэл намайг боогоод унагаасан, би доороос нь унаж явахдаа хутгалсан гэв... зэрэг болно.

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Эрдэнэ-Очирийн цээжний зүүн хэсэгт хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

  • хохирогч Б.Эрдэнэ-Очирийн мөрдөн байцаалтад өгсөн:...тэр өдөр би Нэргүйтэй гар бариад мэндлээд зогсож байтал Эрдэнэбат гэх залуу над руу дөхөж ирээд "чи яагаад манай найзыг дээрэлхээд байгаа юм бэ" гээд бид 2 хэсэг хугацаанд маргалдсан, заамдалцсан...гэтэл Эрдэнэбат миний цээжин тус газар хутгалсан...гэх мэдүүлэг /хх-15-20/
  • гэрч С.Нэргүйгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Эрдэнэбат тухайн үед Эрдэнэ-Очирыг хутгалсан, би очиж салгасан...Жижиг хүрэн өнгийн хутга байхаар нь аваад урагшаа шидсэн...гэх мэдүүлэг /хх-82/,
  • гэрч Г.Булганы мөрдөн байцаалтад өгсөн:... Эрдэнэбат ах Эрдэнэ-Очир дээр очоод шууд заамдаж аваад чи яахаараа хүүхэдтэй буудалд ордог юм гээд 2-3 удаа алгадсан, заамдсан...Эрдэнэбат ах биенээсээ тонгорог гаргаад ирсэн...би айгаад яваад өгсөн...дараа нь Эрдэнэ-Очир ах хүрч ирээд цамцаа дээш нь сөхсөн чинь гэдэс орчмоос нь цус урсаж байсан...гэх мэдүүлэг /хх-24-25/,
  • шинжээчийн дүгнэлт :...Б.Эрдэнэ-Очирийн биед цээжний зүүн талд цээжний хөндий рүү хатгагдаж, нэвтэрсэн зүрхний үнхэлцэг хальс гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн...амь биед аюултай хүнд зэрэгт хамаарна...зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх дүгнэлт /хх-31/,
 

- шүүгдэгч, Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн...би нүүр лүү нь 1 удаа цохиод тавихгүй болохоор нь өмдний халааснаасаа жижиг хутга гаргаж ирээд тэр хүний цээжний зүүн талд буюу зүрхэн тус газар нь 1 удаа хутгалсан...гэх мэдүүлэг /хх-87-90/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр буюу хүч чадлаа дайчилсан хүсэл зориг, идэвхтэй үйлдэл ба хор уршгийн хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Харин яллах дүгнэлтэд "зэвсэг ба тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл"-ийг нэгэн зэрэг буюу хамтад бичсэнийг буруу гэж үзнэ. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т "зэвсэг ба тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл"-ийг "цэг" хэрэглэж буюу ялгаа заагтайгаар хуульчилсан.

Тодруулбал, хутга бол хүйтэн зэвсэг мөн тул "зэвсэг" гэдэгт "тусгайлан бэлтгэсэн зүйл" буюу тус хуулийн аутентик тайлбар шууд хамааралгүй бөгөөд харин бүтэц, иж бүрдлийн хувьд "зэвсэг"-ийн шинжийг бодитой хангаагүй, зөвхөн харагдах байдлын хувьд зэвсэгтэй төсөөтэйгөөр засч тохируулсан буюу хэлбэрийн төдий дуурайлган хийсэн тухайн тохиолдолд зэвсэг биш "тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл"-д тооцох үндэслэл бүхий болно.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 629.500 төгрөг /хх-10-14/ нэхэмжилснээс шүүгдэгч нь 430.000 төгрөг төлсөн /хх-20/, үлдэх 199.500 төгрөгийг төлж барагдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч урьд гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.

Хохирогч нь шүүгдэгчийн танил эмэгтэйг буудалд цагаар хамт орох асуудал ярьсан нь тус хэрэг үйлдэгдэх шалтгааны нэг болсон байх тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудал

Уг хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгч Г.Э нь 2018.10.29-ний өдрөөс /хх-159/ 2018.11.02-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Э хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Эыг 06 жил хорих ял шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Эд оногдуулсан 06 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Эын цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 199.500 төгрөгийг хохирогч Н.Э олгосугай.
  5. Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч Г.Э-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                            Т.АЛТАНТУЯА