Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2015/0246

 

 

2015 оны 6 сарын 11 өдөр

 

Дугаар 221/МА2015/0246

 

Улаанбаатар хот

 

 

 

 

Т  ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Т  ХХК-ийн захирал Б.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э, гуравдагч этгээд Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т  ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т  ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...НЗД-ын 2011 оны 396 дугаартай захирамжаар 400 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт 17 дугаар цэцэрлэгийн хойд талд эзэмшүүлэх эрх олгосон байна. Эрх олгосон газрын доогуур цэвэр бохир ус, дулаан, цахилгаан, холбооны шугам, хөрсний ус зайлуулах хоолой зэрэг инженерийн зориулалт бүхий олон шугам сүлжээнүүд явж байгаа бөгөөд энэ газар дээр барилга баривал доор нь байгаа шугам сүлжээнүүд эвдэрч гэмтэх, ойр орчим нь үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хохирол учирч болзошгүй байна.

 

Манай компанийн барьж байгуулсан зам талбайг эвдэх, орж гардаг гарцыг хаах, цэвэр бохир ус болон холбооны шугам сүлжээнүүдэд хохирол учруулах аюул тулгарч байна. Б.Б-аас өмнө дээрх газрыг О.Б эзэмшиж байсан. Б.Б-ын газар эзэмших эрхтэй холбоотой гомдлыг НЗД-д гаргасан боловч гомдлыг Өмчийн харилцааны газарт шилжүүлсэн бөгөөд Өмчийн харилцааны газраас 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5/5657 дугаар тоотоор хариу өгсөн.

 

Иймд, НЗД-ын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 396 дугаар захирамжийн иргэн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар цэцэрлэгийн хойд талд 400 м.кв газрыг НЗД-ын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 396 дугаар захирамжаар иргэн Б.Б-д орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

 

Уг газрыг анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 375 дугаар захирамжаар иргэн н.Х-д эзэмшүүлсэнийг НЗД-ын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар захирамжаар иргэн О.Б-д шилжүүлсэн байна. Иргэн Б.Б, О.Б нар нь Нийслэлийн Газрын албанд 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу НЗД-ын 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 396 дугаар захирамжаар иргэн Б.Б-д орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

 

НЗД-ын 2011 оны 396 дугаар захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлж 0349016 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосноос хойш эзэмшсэн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бөгөөд маргаан бүхий уг газар нь доороо инженерийн шугам сүлжээтэй байгаа нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Иймд, нэхэмжлэгч Т  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой байна гэжээ.

 

 

 

Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2013 оны 04 дүгээр сард Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт өргөдөл гарган, өөрийн эзэмшил газар дээр орон сууцны барилга барих зөвшөөрөл хүссэн. Ерөнхий төлөвлөгөөний газраас миний хүсэлтийг судалж үзээд та өөрийнхөө эзэмшил газар дээр Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу сендвич хийцийн үйлчилгээний байгууллага барих боломжтой гэсэн хариу өгсөн.

 

Миний бие 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр НЗД-ын 396 дугаар захирамж бүхий газрын эзэмшигч болсноос хойш 5 жилийн турш газрын төлбөр болон дуудлага худалдааны анхны үнийг төлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ирлээ. Гэтэл миний газрыг төлбөртэй авто зогсоол, барилгын материал хадгалдаг газар болгон 4 жил хууль бус мөнгө олон, надад ямар ч ажил хийх боломж олгоогүй Т  ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус гэж үзэж байна... гэжээ.

 

            Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4-д тус тус заасныг баримтлан Т  ХХК-ийн ...НЗД-ын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 396 дугаар захирамжийн иргэн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Т  ХХК нь НЗД-ын 2011оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 396 дугаар захирамжийн иргэн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд маргаан бүхий газарт анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 375 дугаар захирамжаар иргэн н.Хонгорзулд 400 м.кв газар эзэмшүүлсэн, иргэн н.Хонгорзулаас иргэн О.Б НЗД-ын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар захирамжаар, иргэн О.Б-өөс иргэн Б.Б нь НЗД-ын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 396 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг тус тус шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна.

 

Тухайн газар нь нэхэмжлэгчийн газартай ямар нэгэн давхцалгүй бөгөөд иргэн О.Б-өөс иргэн Б.Б-д газар эзэмших эрхийг шилжүүлж, Нийслэлийн Засаг дарга 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 396 тоот захирамжийг гаргасан нь нэхэмжлэгч Т  ХХК-ийн компанийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй юм.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 34.6.2, 34.6.4 заалтуудыг зөрчсөн байхад олгосон гэж дурдсан үндэслэл тус бүрт дүгнэлт хийвэл:

 

1.    Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж заасан бөгөөд энэхүү хуулийн заалт нь шинээр газар эзэмшихээр хүсэлт гаргаж буй этгээдэд хамааралтай. Б.Б нь О.Б-өөс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэн авч байгаа тул энэ заалтад хамаарахгүй юм.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан фото зураг, шүүхээс хийсэн үзлэг зэргээр иргэн Б.Б болон Т  ХХК-ийн эзэмшил газрууд нь ямар нэгэн давхцалгүй болох нь бүрэн тогтоогдсон байна.

 

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.2-т газар эзэмших зориулалт, мөн зүйлийн 34.6.4-д газрын төлөв байдал, чанарын үзүүлэлт гэж заасан байх бөгөөд энэ нь газар эзэмшүүлэх гэрээнд тусгавал зохих зүйлийг нэрлэсэн заалт байна.

 

Иргэн Б.Б-тай байгуулсан газар эзэмшүүлсэн гэрээний талаар ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нөгөө талаар газар эзэмших гэрээ байгуулахад гаргасан дутагдал нь анхны захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Иргэн Б.Батын тухайд тухайн газрын гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн газрыг эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй тул түүнийг газрын төлөв байдлыг дордуулсан гэж хийсвэрээр дүгнэх боломжгүй.

 

2.    Давж заалдах гомдлын 2 дахь хэсэгт Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн Хот, тосгон, бусад суурины газарт хот, тосгон, бусад суурины барилга, байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр болон нийтийн эдэлбэрийн газар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газар хамаарна гэж заасныг зөрчсөн гэжээ.

Дээрх заалт нь Хот, тосгон, бусад суурины газарт ямар газар хамаарах талаар тоочсон заалт бөгөөд хуулийн энэ заалтыг баримталж давж заалдах гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

3.    Давж заалдах гомдлын 3 дахь хэсэгт иргэн Б.Б нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэжээ.

Иргэн Б.Б нь гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн газраа ашиглаж чадаагүй болох нь тогтоогдсон байх бөгөөд гуравдагч этгээд хууль бусаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулаад, энэхүү саад учруулсан хууль бус үйл ажиллагаагаа үр дүнгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байх тул хүлээн авах боломжгүй.

 

4.    Гуравдагч этгээд давж заалдах гомдлынхоо 4 дэх хэсэгт нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 56 дугаар зүйлийн 56.7-д Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол тэдгээртэй адилтгах байгууламжийн төлөвлөлт, барилгажилтын норм, дүрмийг барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална, мөн зүйлийн 56.9-д Орчны газарт байрлаж байгаа инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлж байгаа мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн гэжээ.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж заасныг иргэн Б.Б зөрчөөгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Т  ХХК-ийн газраа эзэмших, ашиглах үйл ажиллагаанд гуравдагч этгээд нь саад учруулсан, зөрчсөн байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч манай орц гарцыг хаасан, зам хаасан гэж нэхэмжлэл болон давж заалдах дурдаж байгаа боловч шүүхээс хийсэн үзлэг болон кадастрын байршлын зураг зэргээр нэхэмжлэгчийн орц гарц чөлөөтэй, зорчиж болохуйц байгаа нь тогтоогджээ.

 

Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэг нь барилга байгууламжийн төлөвлөлт, барилгажилтын норм дүрмийг батлах субьектийг нэрлэн заасан байх бөгөөд хуулийн энэ заалт нь иргэн Б.Б-д ямар нэгэн эрх олгож, үүрэг хүлээлгээгүй байна.

 

Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсэгт Орчны газарт байрлаж байгаа инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлж байгаа мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар иргэн Б.Б нь засвар үйлчилгээ эрхэлдэг ямар байгууллагын үйл ажиллагаанд, хэрхэн саад учруулсан болох нь тогтоогдохгүй байхаас гадна ийм зөрчил гаргасан талаар ямар нэгэн мэргэжлийн байгууллагаас гомдол гаргасан зүйл байхгүй байна.

 

Маргаан бүхий захирамж нь зөвхөн газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж бөгөөд энэхүү захирамжийн улмаас нэхэмжлэлд дурдсанчилан ойр орчмын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хохирол учруулж болзошгүй гэж таамгаар дүгнэх боломжгүй юм. Тухайн газарт барилга байгууламж барихын тулд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг авах шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчийн дурдаж байгаа үндэслэлүүд тогтоогдвол зөвшөөрөл олгогдохгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах боломжтой.

 

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан

 

ТОГТООХ нь:

 

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

 

            ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

 

            ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР