Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/268

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ц.Ариунтуяа /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт С.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010532 дугаар эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, уншиж бичиж чадахгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Мон-Лаагийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, М овогт С-ийн Э /РД:******/.

С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт-Од” төвийн 1 давхарт үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Ц.Згийн гар утас, компьютер засвар үйлчилгээний газрын цонхны хамгаалалтын төмрийг эвдэн, цонхыг хагалан нэвтрэн орж компьютерийн дэлгэц 3 ширхэг, компьютерийн процессор 1 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг, компьютерийн сэлбэг хэрэгсэл, гар утас, засварын багаж хэрэгслүүд, гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 3595000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Амьдралыг минь харгалзан үзэж тэнсэж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 201726010532 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Ц.Згийн: Би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, “Гэрэлт-Од” төвийн 1 давхарт гар утас, компьютер засварын ажил хувиараа явуулдаг. Өөрийн компьютероо ажилдаа зориулаад жирийн компьютероос хэд дахин хүчтэй болгох гээд өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж суулган тоноглосон байсан. ...2017 оны 02 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчим лангуугаа хаачихаад явсан. Маргааш өглөө 10 цагийн үед лангуугаа нээх гээд ирсэн чинь цонхыг хагалаад хулгай орсон байсан. 10 гаруй нэр төрлийн эд зүйлээ хулгайд алдсан. 1. Bestech маркийн компьютерийн процессор 1 ширхэг /Asus z87 Board-тай, 3 ширхэг DVD Room суулгасан, 16 GB рамтай, 1000 ваттай E-Vega маркийн тэжээлийн блоктой, Seagate маркийн 4000 GB хард дисктэй, Seagate маркийн 8000 GB хард дисктэй, 120 GB SSD хардтай, Core i5 CPU-тэй болгон тоноглосон. Мөн дотор нь  CD бичлэг, DVD тоглоом, кино дууны санг бүрдүүлсэн. 2. Уг процессорын дэлгэц нь 19 инчийн Top Sync марктай, 2016 онд 140.000 төгрөгөөр, 3. 2016 онд Dell i3 маркийн зөөврийн компьютер 1 ширхгийг 500.000 төгрөгөөр, 4. 2017 онд авсан Athena маркийн 14 инчийн хар өнгийн компьютерийн дэлгэц нэг ширхэг 70.000 төгрөгөөр, 5. 2016 онд авсан C Tara маркийн хар өнгийн компьютерийн дэлгэц 1 ширхэг 70.000 төгрөгөөр, 6. 2016 онд авсан Edifier маркийн өсгөгчийг 50.000 төгрөгөөр, 7. компьютерийн гар 2 ширхэг, компьютерийн хулгана 1 ширхэг, USB олшруулагч 1 ширхэг, компьютерийн холбогч утаснууд зэргийг бүгдийг 30.000 төгрөгөөр, 8. 2016 онд авсан компьютерийн рам 3 ширхэг, зөөврийн CD room 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нийлүүлээд 80.000 төгрөгөөр, 9. 2016 онд авсан гар утас завсарын ком багаж /гагнуурын алх, аппарат 2 ширхэг, тог хэмжигч 2 ширхэг, жижиг бахь, томруулагч шил, жижиг отверка/ зэрэг эд зүйлсийг нийлүүлээд 180.000 төгрөгөөр, 10. Сэлбэгийн Samsung гэсэн бичигтэй хар өнгийн 1 ширхэг гар утсыг 20.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Өөр алдагдсан зүйл байхгүй. ...Манайх үйл ажиллагаа эрхлээд 3 жил болж байна. Уг алдагдсан зүйлс бүгд минийх. Алдагдсан зүйлсээ олж авмаар байна. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-29/,

...Миний алдсан зүйлийг бүрэн хүлээлгэж өгсөн. Би эд зүйлээ бүрэн хүлээж авсан, нэг ч зүйл дутаагүй бүрэн байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-30/,

Гэрч Б.Б-гийн: “2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад С.Э нь цагаан өнгийн будгаар будсан компьютерийн процессор авч явахад нь шалгаж цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн. Эаас тухайн үед ямар учиртай эд зүйл болохыг асуухад “миний өөрийн компьютер, янзлуулах гээд засварын газар руу явж байна” гэж хэлсэн. Өөр ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-31/,

Гэрч С.Б-ын: “...2017 оны 02, 03 дугаар сарын орчимд байх би цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед би байшинд даараад байхаар нь дүүгийнхээ гэрт очиж хэд хоносон. Тэгээд нэг өдөр ирэхэд Э гэрт компьютер тавьчихсан байхаар нь “энэ юун компьютер юм бэ” гэхэд Э “хүнийх” гэж хэлэхээр нь найзынх нь л юм байх гэж бодсон. Тэгээд дүүгийндээ ирэн очин байдаг болохоор буцаад дүүгийнхээ гэр рүү явсан. Бусад зүйлсийг нь хараагүй, урд гэрт хийчихсэн гэх сураг л байсан” гэх мэдүүлэг /хх-32-33/,

Гэрч С.Э-ийн: “...Хашаанд байх гэрт хүн амьдардаггүй, ойр зуурын эд зүйлсээ хийдэг. 2017 оны 02 дугаар сарын 20-ны орчим би ээжийн гэрт ороход байшинд компьютер байхаар нь Эаас асуухад “хүнээс түр авсан, буцаагаад өгнө” гэхээр нь би тоогоогүй өнгөрсөн. Тэгээд удаагүй байж байтал цагдаа хураагаад аваад явахад л хулгайн эд зүйл болохыг мэдсэн. ...Өмнө нь ажил хийж байхдаа хулгай хийгээд ял шийтгүүлж байсан. Би тэр талаар нь сайн мэдэхгүй. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-34-35/,

Гэрч С.Б-ын: “2016 оны 7 дугаар сараас эхлэн  “Гэрэлт-Од” төвд манаачаар ажиллаж байгаа. 2017 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 00 цагийн орчим намайг ирэхэд баар ажиллаж байсан, хүнсний лангууд хаагаад явчихсан байсан. Мөн камер ажиллахгүй байхаар нь энэ талаар захиралд хэлсэн. Ингээд шөнө 04 цагийн орчим баар хаасан. Хөдөлгөөн багасаад 05 цаг өнгөрч байхад жаахан дуг хийгээд өглөө 06 цаг хүртэл унтаад сэрсэн. Өглөө нь ямар нэг юм мэдэгдээгүй байж байтал лангууны эзэн нь ирээд “хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэрнээс биш хулгай орсон талаар би мэдээгүй. Би хааяадаа гарч урд хэсгээ харж байсан. Би ер нь ажилд ороод уг төвийг ар талдаа цонхтой талаар мэдээгүй байсан. Ар талыг эргэж тойрч байгаагүй. Тэр л буруу боллоо. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-36/,

Гэрч Ц.О-ийн: “Би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт-Од” төвийн захирлаар ажилладаг. Манай төвд байдаг гар утас засварын газарт хулгай орсон байсан. Хулгайн талаар мэдэх зүйлгүй. Манайх түрээслэгчтэйгээ гэрээ байгуулсан учраас цонхоо янзалсан. Одоо миний зүгээс хагалсан цонх, хамгаалалтын төмрийг нэхэмжлэхгүй. Түрээслэгч нь эд зүйлсээ олж авсан бол боллоо. Нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-87/,

Шүүгдэгч С.Эын сэжигтнээр өгсөн: Би сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй. ...2017 оны 02 дугаар сарын нэлээн сүүлээр би ганцаараа “Гэрэлт-Од” төвийн бааранд 23 цагийн орчимд орж 1 шил пиво уугаад уг баарнаас гарсан. Ингээд гадаа гараад дэлгүүр орж 100 граммтай “Ерөөл” архи нэг шилийг аваад Баянхошууны орчимд ганцаараа гадаа зогсож байгаад уусан. Тэгээд жаахан халамцуу болоод хулгай хиймээр санагдаад өмнө нь орж кино авч байсан газар санаанд ороод тэндээс компьютер авахаар шөнийн 01, 02 цагийн орчим очсон. Ингээд уг “Гэрэлт-Од” төвийг тойроод зүүн талд нь байх цонхны гадаа нь ирээд тэр хавьд байсан төмрөөр цонхны хамгаалалтыг хөшиж онгойлгоод цонхыг нь хагалаад гар утас засвар, компьютерийн үйлчилгээний газарт орсон. Тэгээд процессор, 1 дэлгэц, зөөврийн компьютер зэргийг аваад шар өнгийн шуудайд хийгээд гэр рүүгээ очоод хашаанд байдаг хүн амьдардаггүй илүү гэрт оруулж тавьчихаад буцаад нөгөө газраа очоод компьютерийн дэлгэц 2 ширхэг, гар утас засварын багаж, мөн жижиг ойр зуурын компьютерийн хэрэгсэл аваад нөгөө шуудайдаа хийгээд илүү гэртээ оруулж тавьсан. ...Архи ууснаас болоод хулгай хийсэн. Намайг хулгай хийсэн талаар мэдэх хүн байхгүй. Манай ээж “энэ юун эд зүйл вэ” гэхээр нь би “хүнээс түр авсан” гэж хэлсэн. Бусадтай би бүлэглээгүй, ганцаараа хулгай хийсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-50/,

С.Эын яллагдагчаар өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 25-ны орой би “Гэрэлт-Од” төвийн бааранд 23 цагийн орчимд ганцаараа орж 1 шил пиво авч уусан. ...Баянхошууны тойргийн орчимд хийх ажилгүй гиюүрээд хэсэг алхаж байгаад дэлгүүр орж 100 грамттай “Ерөөл” архи нэг шилийг аваад гадаа зогсож байгаад ганцаараа уусан. ...хулгай хийж компьютер авахаар шөнийн 01, 02 цагийн орчимд очоод төмрөөр цонхны хамгаалалтыг хөшиж онгойлгоод цонхыг нь хагалдаад гар утас засвар, компьютерийн үйлчилгээний газарт орсон. Тэгээд дотроос хураалгасан эд зүйлсийг 2 удаа гэр рүүгээ зөөсөн. Би уг нь хулгай хийе гэж бодоогүй, зүгээр л ганц нэг шил пиво уух гээд л явж байтал архи  уучихсан чинь хулгай хиймээр санагдаад хулгай хийсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-52/,

Хураан авах тогтоол /хх-21-24/, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-25-27, эд зүйлийн үнэлгээ /хх-17-18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-53-56/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт /хх-57, 61/, үрчилсний бүртгэлийн лавлагааны хуулбар, төрсний гэрчилгээний лавлагааны хуулбар /хх-62/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.  

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.Э нь согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Гэрэлт-Од” төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Гар утас, компьютерийн засвар, үйлчилгээний газрын цонхны хамгаалалтын төмрийг эвдэн, цонхыг хагалан нэвтрэн орж компьютерийн дэлгэц 3 ширхэг, процессор 1 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг, компьютерийн сэлбэг хэрэгсэл, гар утас засварын багаж хэрэгслүүд, 1 ши гар утсыг хулгайлан авч иргэн Ц.Зд 3595000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг /хх-28-30/, гэрч Б.Батцэрэнгийн мэдүүлэг /хх-31/, гэрч С.Б-ын мэдүүлэг /хх-3-33/, гэрч С.Эрдэнэсүхийн мэдүүлэг /хх-34-35/, шүүгдэгч С.Эын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Эыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. .   

Шүүгдэгч С.Э нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-60/-аар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул С.Эыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүх шүүгдэгч С.Эт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо биет байдлаар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал болон уг хэргийн хохирогч Ц.З “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгч, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг бүрэн нөхөн төлснийг харгалзан С.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Э урьдчилан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М овогт С-ийн Э-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.Эыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Э бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч С.Эт оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Эт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Эт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР