Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүү Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч М.Н түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуул; тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М Н холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***оны ** дүгээр сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян уулын 2-12а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт М Н, РД: ЙС******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Н нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 06 дугаар гудамжны 101 тоотод оршин суух иргэн Б.Хулангийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр түүний өмчлөлийн 40 инчийн Тошиба маркийн зурагтыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 600.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохиролыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч М.Н нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 06 дугаар гудамжны 101 тоотод оршин суух иргэн Б.Х эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр түүний өмчлөлийн 40 инчийн Тошиба маркийн зурагтыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 600.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохиролыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-7/,

 
  • хохирогч Б.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 08 дугаар сарын 15-наас 2018 оны 08 дугаар сарын 22-ны хооронд 50 мянгатад ээжийнхээ гэрт байж байгаад 22-ны 16 цагийн орчим гэртээ ирээд шууд хаалгаа түлхүүрээр нь онгойлгоод гэртээ орсон. Тэгтэл манай зурагт байхгүй байсныг би мэдсэн. Тэгээд хаагуур хулгайч орчихов гэж бодоод хартал манай голын цонхны доод талын салхивчийг дотогшоо эвдээд газар унагаасан, цонхоор хулгайч орсон байсан. Ингээд би цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-14-15/,
  • гэрч М.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн:..2018 оны 08 дугаар сарын 17-ны орой 21-22 цагийн орчим би гэртээ байж байтал гаднаас Нямдаваа 40 инчийн Тошиба маркийн зурагт байгаа юм, охины өрөөнд тавихаар томдоод байна, танай зурагт арай жижиг юм байна, хоёулаа сольчихъё. Харин чи зөрүүд нь надад нь 50.000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь би юм бодоогүй зурагтыг нь аваад үлдсэн. Тэгээд өнөөдөр гэртээ байхад цагдаа нар орж ирээд хулгайн зурагт гэж хэлээд Нямдаваагийн авч ирсэн зурагтыг хурааж авсан...гэх мэдүүлэг /хх-25/,
  • гэрч Б.Цэцэгдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Нямдаваатай 2011 оноос хойш гэр бүл болон амьдарч байгаа бид хоёр энэ хугацаанд дундаасаа 3-6 насны хоёр хүүхэдтэй болсон. Манай нөхөр өмнө нь ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй, шүүхээр ял шийтгүүлж байсан асуудал байхгүй. Манай нөхөр уг нь их хөгжилтэй ухаалаг, гэр бүлдээ халамжтай, хүүхдүүддээ хайртай ажилсаг сайн хүн байгаа юмаа. Манай нөхөр их уран бүтээлч гарын дүүтэй ямар ч юмыг хийчихдэг авъяастай, архи дарсыг хааяа л нэг найз нөхөдтэйгээ нийлээд уучихдаг юм, түүнээс архийг ихээр уугаад байдаггүй юм, архи уухаараа элдэв муухай ааш зан байдаггүй. Одоо манай нөхөр ажилгүй, хоёр хүүхдээ хараад гэрээ байгаа. Би ажил хийдэг. Миний нөхөр ийм хэрэг хийхээр хүн биш яагаад ийм хэрэг хийснийг ерөөсөө ойлгохгүй байна...гэх мэдүүлэг /хх-23-24/,
  • эд зүйлийн үнэлгээ- 600.000 төгрөг /хх-39/,
  • шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 5097 дугаартай:.. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 2 ширхэг гарын мөр М.Нгийн баруун гарын дунд, баруун гарын ядам хуруугаар үүсгэгдсэн байна...гэсэн дүгнэлт /хх-27/,

- шүүгдэгч М.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчим би гадуур архи ууж байгаад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 6-101 тоотод байдаг танил эгч Хулангийн гэрт очиход хашааны хаалга нь онгорхой байсан. Тэгээд эгчийн гэрт орж унтъя гэж бодсон. Тэгтэл Хулан эгчийн цонх нь гэрэлгүй хаалга нь түгжээтэй байсан. Би хаалганы баруун талын цонхыг очоод тогштол цонхны салхивч цаашаа салаад унахаар нь дотогшоо ортол ямарч хүн байгаагүй тэгэхээр нь газар хивсэн дээр нь хэсэг унтсан. Тэгээд хүн ирээгүй болохоор гарах гэтэл том өрөөний тавиур дээр Тошиба маркийн 40 инчийн зурагт байхаар нь архи уух шунахайн сэдэл төрөөд нөгөө зурагтыг нь аваад нөгөө орсон цонхоороо авч гарсан. Тэгээд Цогтбаатар гэдэг танил айлдаа аваачаад нөгөө зурагтаа манай зурагт байгаа юм, танай зурагтаар сольчихъё зөрүүнд нь надад 50.000 төгрөг өгөөрэй гэж хэлээд гараад явсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 22-ны шөнө цагдаа нар гэрт хүрээд ирэхээр нь би хийсэн хэргээ шууд хүлээсэн. Надад цагдаа нарын зүгээс ямар нэгэн шахалт үзүүлээгүй...гэх мэдүүлэг /хх-49/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Нг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй

 

байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль з дүгнэлт:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлийг хүлээлгэж өгсөн, хохирогч "гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн /хх-80/ байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Нг 01 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт М Н хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Нг 01 жил 10 хоног хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Нг эдлэх 01 жил 10 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шүүгдэгч М.Нг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
 
  1. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  2. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигд тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР