| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0042/И |
| Дугаар | 44 |
| Огноо | 2018-02-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 44
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт байрлах “М корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух, Б овогт Х.Э-д холбогдох
“Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 528,092 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэжлэгч “М корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган тоот гэрээ байгуулан дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Ниаwei Ү3-2 /GOLD/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт нийт 528,092 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...“М корпораци” ХХК-ийн гаргасан нэхэмжилж байгаа 528,092 төгрөгийг төлөхийн хүлээн зөвшөөрч байна. Х.Э миний бие нь одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа тул 528,092 төгрөгийг 4 сарын дотор гүйцээж хувааж төлөхийг мэдэгдэж байна. 2018.03.01-нээс 2018.06.01-нд төлж барагдуулна. 4 сарын дотор 4 хувааж сар болгоны 10-нд 132,100 төгрөгийг төлөх болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М корпораци” ХХК нь хариуцагч Х.Э-т холбогдуулан дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 528,092 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Х.Э нь 528,092 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч “М корпораци” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,493 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 528,092 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж, 8,246.5 төгрөгийг, төрийн сангаас 8,246.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 528,092 төгрөгийг хариуцагч Х.Э нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,493 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 8,246.5 төгрөг, хариуцагч Х.Э-с 8,246.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М корпораци” ХХК-нд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н