Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Хохирогч: М.О,

Шүүгдэгч: Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Т овгийн Бямбацэрэнгийн Ат холбогдох эрүүгийн 201720000124 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын “Улаан үзүүр” багт оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЗ90022719, Т овгийн Бгийн А.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн нутаг дэвсгэрт иргэн М.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 1. Хохирогч М.Оийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “... 2017 оны 04 сарын 26-ны өдрийн орой нөхөр Б.А бид хоёр малаа хотлуулчихаад ойролцоогоор 21 цагийн орчимд унтахаар орондоо орж хэвтсэн. Орондоо хэвтэж байгаад нөхөр Б.А “Танай хамаатан садангууд гэж арчаагүй хүмүүс байх юм, танай дүү ч гэсэн авсан малаа эргүүлээд өгч чадахгүй, хэдэн арчаагүй юмнууд, чи дүүдээ ярьж, хэлэхэд яадаг юм бэ?” гэх зэргээр намайг болон манай хамаатан садны хүмүүсийг муулаад байхаар нь би “Манай дүү удахгүй авсан малаа буцаагаад өгчихнө гэсэн, чи юун сүртэй юм бэ?” гэж хэлэхэд нөхөр уурлаж “Танайхан Дгийн бөгсийг болохоор долоочих шахаад явдаг юм билээ?” гэх зэргээр надтай хэрүүл маргаан үүсгэсэн. Надтай хэрүүл маргаан хийж байхдаа Б.А миний толгой, цээж, баруун, зүүн гар луу гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Б.А нь тухайн үед миний биед олон удаа цохисон, яг хэдэн удаа тэр эрхтэнд төчнөөн удаа цохисон гэж тоог нь гаргаж хэлж чадахгүй байна. Б.А надтай хэрүүл хийж байхдаа намайг зодож байтал манай гэрийн ойролцоо мотоциклийн чимээ гарахад Б.А “Мотоцикль дуугараад хэн ирж байгаа юм бэ? чиний олон нууц амрагууд болох Б, У нар юм уу?, эсхүл чи ах руугаа намайг зодож байна гэж утсаар хэлсэн юм уу?” гэж хэлсэн. Тэгээд гэрийнхээ гэрлийг унтраагаад хаалгаа цоожилсон ба тэр хэсэг хугацаанд Б.А надтай хэрүүл маргаан хийгээгүй. Гэрийн гадна сонсогдож байсан мотоциклийн дуу намжих үеэр Б.А “Чи хэнийг дуудсан юм бэ?, би чамаас хэдэн асуулт асууя. Чи хоёр жилийн өмнө хаана, юу хийж байгаад ирсэн юм бэ?” гэх зэрэг зүйлсийг надад хэлэхээр нь би “ямар ч хүн дуудаагүй, 2 жилийн өмнө Улаанбаатар хот руу явж ажил хийж байгаад ирсэн шүү дээ” гэх зэргээр Б.Аын асуусан асуултуудад аль болох зөвөөр хариулж Б.Аыг унтуулах гэхэд “Чи надад буруу хариулт өгөөд байна. Би чамд өвдөлт мэдрүүлж зовоож байгаад ална” гэх зэрэг зүйлсийг надад хэлэхээр нь миний айдас хүрсэн ба тухайн үгийг сончихоод Б.Аыг аргадаж эхэлсэн. Удалгүй нөхөр Б.А унтаад өгсөн. Маргааш нь буюу 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 05 цагийн орчимд би сэрээд орноосоо босч малаа харж байх үеэр Б.А сэрсэн. Тэгээд бид хоёр ямаанаасаа ишгээ ялгаж дуусах үеэр манай нутгийн залуу Эрдээ манайд хүрч ирээд “Үхэр шаварт уначихлаа туслаач” гэж хэлэхэд нөхөр Б.А хүрз аваад явсан. Тэгээд Б.А ойролцоогоор 14 цагийн орчимд морь хатгуулах хүн гээд нэг хүний хамт гэрт ирээд өөрийнхөө морины хөлийг хатгуулсан. Морио хатгуулчихаад нөгөө хүнээ сумын төврүү хүргэж өгөхөөр буцаад явсан ба буцаж ирэхгүй нилээн удахаар нь би “Энэ яг архи уучихаад намайг алах гэж байгаа юм байна. Өчигдөр чамайг ална гэж хэлж байсан. Одоо яадаг бол” гэх зэрэг зүйлсийг дотроо бодоод маш их айсан. Цаг орой болохын хирээр нөхөр Б.Аыг эргэж ирэх үед гэртээ байх нь аюултай юм шиг санагдаад байхаар нь охиныхоо хамт Х ахын гэр лүү явсан. Тэдний гэрт очиход Х ах, Г эгч нар гэртээ байсан. Тэгэхээр би нь тэр хоёртой юм ярьж байгаад 2017 оны 04 сарын 26-ны шөнө болсон үйл явдлын талаар хэлэхэд Г эгч “Хүний хүүхдийг яаж харсаар байгаад зодуулах билээ , чи ямар ч байсан манайд байж бай” гэж хэлсэн. Тэгээд Г эгч бид хоёрыг юм яриад сууж байтал Б.А тэдний гэрт орж ирээд “Хоёулаа гэртээ харья” гэж хэлэхээр нь би “Чамаас айж байна. Өчигдөр юу юу гэж хэллээ” гэхэд А Х ахын гэрээс гараад явсан. Б.Аыг гарч явсны дараа би төрсөн ах Цын гар утасруу залгаж “Б.А намайг цохиод болохгүй байна. Та цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөч” гэж хэлэхэд Ц ах “За тэгье” гэж хэлээд гар утасныхаа дуудлагыг тасалсан. Удалгүй Б.А өөрийнхөө мотоцикльтой Х ахын гэрийн гадна дахин “Хоёулаа гэрлүүгээ явъя. Чи наанаа байх гэж байгаа юм уу?” гэж хэлэхэд нь би “Чамаас би айж байна. Өчигдөр чи намайг ална гэсэн шүү дээ?” гэж хэлэхэд Б.А Х ахын гэрлүү орж ирээд “Тэгвэл би охин Э авч явна” гэж хэлээд миний хажууд зогсож байсан охин Эыг авч тэврэхэд Г эгч “Хүүхэд айлгачихлаа” гэж хэлээд Б.Ааас манай хүүхдийг булааж авсан. Тухайн үед би Х ахын гэрээс гараад П ахын гэрлүү гүйж ороод хаалгыг нь цоожилсон. Удалгүй Б.А П ахын гэрийн гадаа мотоцикльтойгоо ирээд гэрийн хаалгыг татчихаад “Чи наад хаалгаа онгойлгоодох. Би чамайг ална” гэх зэрэг үгсийг хэлж орилж байгаад мотоциклоо асаагаад явчихсан. Намайг П ахын гэрт байж байх үеэр Наранбулаг сумын цагдаа ирээд нөхөр Б.Аыг авч явсан бөгөөд надад “Та маргаашаас сумын төв дээр хүрээд ирээч” гэж хэлээд явсан. Наранбулаг сумын цагдаа Б.Аыг сумын төв рүү авч явсны дараа би охин Эын хамт П ахын гэрээс гарч өөрийнхөө гэрлүү явсан. Гэртээ очоод өөрийнхөө малыг Х ахын малтай тууж нийлүүлчихээд нутгийн ах болох Огийн хамт мотоциклиор сумын төвд байх нагац ах Бы гэрлүү явсан. Б ахын гэрт оччихоод сумын цагдаа Билгүүний гар утас руу залгаж “Би сумын төвд ирчихсэн байна. Одоо цагдаагийн хэсэг дээр яваад очих уу?” хэлэхэд Билгүүн цагдаа “Манай хэсгийн төлөөлөгч аймгийн төв дээр сургалтанд сууж байгаа. Тийм болохоор та өөрийнхөө өргөдөл гомдлыг бичгээр гаргаад надад өгч болно. Эсхүл өөрийн биеэр аймгийн төв рүү явж болно” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагийн орчимд би аймгийн төврүү явах машинууд дээр очоод суух гэж байтал Б.А өөрийнхөө мотоциклийг хүнээр бариулчихсан ирээд охин Эыг надаас булааж аваад мотоцикльдоо суугаад явсан. Тэгэхээр нь би аймгийн төврүү үйлчилгээний машинтай орж ирсэн. Нөхөр Б.А яг ямар шалтгааны улмаас надтай хэрүүл маргаан үүсгэхээр шийдсэн болохыг би сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр Б.А ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б.А 2017 оны 04 сарын 26-ны өдөр намайг цохисны дараа миний цээжний хэсэг, баруун хацарны хэсэгт тус тус хавдаж хөхөрсөн байсан. Түүнээс өөрөөр миний биед ил харагдахаар гэмтэл шарх үүсээгүй. Бид 2 2010 оны 07 сард Увс аймгийн Наранбулаг суманд анх танилцаж байсан ба 2011 оны 08 сарын 17-ны өдөр хуримаа хийж хамт амьдарсан, 2011 оны 10 сарын 01-ний өдөр бидний гэрийн хөшиг тайлах ёслолыг гэр бүл хамаатан садан дотроо хийсэн ба маргааш нь буюу 2011 оны 10 сарын 02-ны өдөр намайг гэр дотроо юм янзлаад сууж байтал гаднаас Б.А орж ирээд “Ээж чамайг орж ирж цай уу гэж байна” гэж хэлэхээр нь би “За за, би удахгүй орлоо” гэж хэлэхэд Б.А гэрээсээ гараад явсан. Гэхдээ намайг хивсний байрлалыг янзалж дэлгэх хооронд гэрт хэд хэдэн удаа орж гараад “Ээж чамайг дуудаад байна, чи цай уумааргүй байвал тэрийгээ ээжид ороод хэлчихээч” гэж хэлэхээр нь би тоглоом болгоод “Чи өөрөө очоод тэгээд хэлчихээч” гэж хэлэхэд Б.А гэнэт уурлаад миний хацар луу нэг удаа алгадаж, цээж рүү хэд хэдэн удаа цохисон. Тухайн өдрөөс хойш хэсэг хугацаанд Б.А нь “Чи надтай суухаасаа өмнө Б гэх залуутай зүгээргүй байсан ш дээ” гэсэн үгээр надтай хэрүүл маргаан үүсгэж зарим тохиолдолд надад гар хүрдэг байсан. Би 2011 оны 10 сарын эхээр сумынхаа эмчид очиж үзүүлэхэд “Чи жирэмсэн болчихсон байна. Эмчийн хяналтанд ор” гэж хэлсэн. 2011 оны 11 сарын эхээр Б.Аын намайг хардах нь улам ихсэж өвлийн хүйтэнд гэрээс нүцгэн хөөж гаргах, мотоциклоор ална гэж араас хөөх, үсдэж чирэх зэрэг янз бүрийн ааш араншин гаргах нь ихсээд болохгүй болохоор нь би 2011 оны 11 сарын сүүлээр амиа хорлохоор шийдсэн. Тэгээд тухайн үедээ өөрийнхөө хэрэглэж байсан бөөрний эмнүүдийг бөөнөөр нь уусан боловч надад ямар нэгэн сөрөг нөлөө өгөөгүй. Тэгээд 2012 оны 02 сарын эхээр сумын төв рүү орж жирэмсний хяналтанд ороход сумын эмч “Чи аймгийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй ” гэж хэлэхээр нь би аймгийн төвд ирж үзүүлэхэд Нэгдсэн эмнэлэгийн эмч “Хэвлийд байгаа ураг чинь хөгжилгүй, зүрх нь цохилохгүй байна” гэж хэлээд аборт хийж авсан. Аймгийн төвд аборт хийлгэчихээд гэртээ буцаж очсоны дараа Б.А надтай хэрүүл хийхдээ “Чи миний хүүхдийг аллаа” гэдэг үгийг нэмж намайг доромжлох болсон. Тэгээд 2012 оны 05 сарын орчимд би сумын төв орж эмнэлэгт үзүүлэхэд 2 сартай жирэмсэн болсон байсан. Намайг хүүхдээ тээж төрүүлэх хугацаанд Б.А намайг мөн л хэл амаар доромжлох, гар хүрэх явдлууд нь тасрахгүй байсан. Б.А 2014 оны 07 сард надтай маргалдаж байгаад өөрийнхөө гараар болон мотоциклийнхоо гинжээр намайг цохихоор нь миний уур хүрээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед миний биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдож, Б.Ат холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Тэр үед би Б.Ааас салахаар шийдээд охиноо аваад Улаанбаатар хот руу явсан. Намайг Улаанбаатар хотод байхад Б.А миний гар утас руу байнга залгаж “Чи миний охиныг наашаа явуулахгүй бол энд байгаа ах, дүү нарын чинь нэгийг нь ална шүү” гэж заналхийлээд байсан тул би 2015 оны 04 сард охиноо аваад Увс аймагт ирж, Б.Атай уулзаж охиноо өгчихөөд буцаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд Улаанбаатар хотод ажил хийж байгаад 2016 оны 09 сарын 01-ний өдөр буцаж Увс аймагт ирсэн. Миний эргэж ирэх болсон шалтгаан нь намайг Улаанбаатар хотод байх үеэр Б.А “Охин чинь энд байхад чи хайчих гэж байгаа юм бэ” гэх зэргээр заримдаа аргадаж, зарим тохиолдолд “Чи эх хүн байж хүүхдээ хаяж явлаа” гэж утсаар хэрүүл маргаан үүсгэдэг байсан явдал юм. Би эргэж ирчихээд 2016 оны 10 сард нөхөр Б.Аай хамт амьдарч эхэлсэн. Б.А нэг хэсэгтээ надтай хэрүүл маргаан хийх нь бага байсан боловч 2017 он гараад хэрүүл маргаан хийх нь ихэссэн ба 2017 оны 01 сарын дундуур надтай маргалдаж байгаад “Чи намайг гар хүрэхээс өмнө гэрээс гарч зайл, эсхүл гар хүргүүлж байж гэрээс гарах юм уу” гэж хэлээд миний толгой, нүүрний хэсэгт нилээн хэд хэдэн удаа цохисон. Түүнээс хойш нэг хэсэгтээ гайгүй байж байгаад 2017 оны 04 сарын 26-ны өдөр намайг дахин цохисон. Б.А архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй бөгөөд хааяа хэрэглэсэн үедээ надтай нэг их маргаад байдаггүй. Б.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрцгий, догшин ааштай болдог. Мөн эрүүл байх үеүүддээ надтай хэрүүл маргаан үүсгэж, надад гар хүрдэг байсан. Б.А намайг зодож цохиж байхыг хадам ээж С, хадам ээжийн эгч Ж, Д ах зэрэг хүмүүс харж байсан. Мөн Б.А намайг бусадтай хардаж зодож цохиж байсныг манай ах, дүү нар бүгдээрээ мэднэ. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт гэхээр зүйл байхгүй. Надад нөхөр Б.Ааас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р тал/,

Хохирогч М.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : 2017 оны 4 сарын 26-ны өдөр нөхөр А намайг зодсон,тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Манай дүүг өгөх ёстой малаа өгөхгүй байна гэж уурлаж намайг зодсон. Нөхөр А нь манай ах эгч нараас уучлалт гуйж, дахиж намайг зодохгүй гэж хэлсэн, манайх гэрээ Улаангомд оруулж ирээд манай ахын хашаанд барьсан, бид 2 одоо гэртээ хамт амьдарч байгаа. Манай нөхөр өмнө нь намайг зодчихоод уучлалт гуйдаг байсан ч дахиад зоддог байсан, харин энэ удаад манай ах эгч нарт намайг зодож цохихгүй гэж амлалт өгсөн болохоор би итгэж байгаа. Надад нөхрөөсөө нэхэмжлэх зүйл, гомдол хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг ,

2. Гэрч Х.Ггийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Б.А, М.О нар нь манай нутаг усны хүмүүс тул бид нэг нэгнийгээ бага ахуй цагаасаа хойш таньж мэднэ. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн орчимд М.О охиноо дагуулчихсан манайд ирсэн. Тэгээд М.О цай ууж байгаад уйлж харагдахаар нь юу болсон талаар асуухад М.О “Өчигдөр шөнө Б.А намайг цохилоо” гэж хэлээд цамцаа сөхөөд далныхаа хэсгийг үзүүлэхэд зүүн далны хэсэг нь хар хөхөрчихсөн байсан. Тухайн үед М.О “Би утасгүй байна, та гар утсаараа яриулчихаач” гэж хэлэхээр нь би өөрийнхөө гар утсыг өгсөн. М.О миний утсаар өөрийнхөө ах болон сумын цагдаа руу хэд хэдэн удаа ярьсан. М.Оийг манайд байх үед гаднаас Б.А орж ирээд “Гэртээ харихгүй юм уу” гэж хэлэхэд М.О “Би гэрт харихгүй, чи намайг зодох гээд байгаа биз дээ” гэж хэлэхэд Б.А манайхаас гараад мотоциклоо унаад яваад өгсөн. Төд удалгүй Б.А дахин манайд орж ирээд юм хэлэлгүй байж байгаад явсан. Б.Аыг явсны дараа М.О бид хоёр гэрээс гараад гэрийн үүдэнд зогсож байтал Б.А дахин ирээд мотоциклоосоо буугаад “Чи гэртээ харихгүй юм уу” гэж асуухад М.О “Чи намайг зодох гээд байгаа биз дээ” гэхэд Б.А “Пизда минь чи яах гээд байгаа юм” гэж хэлээд гараа далайж М.Оийг зодох гэхээр нь би Б.Аын гарыг барьж болиулсан. Тэр үед М.О Пийн гэр лүү зугатаахад охин нь уйлж ээжийнхээ араас гүйхэд Б.А охиноо авах гэхээр нь би Б.Ааас охиныг нь булааж авсан. Б.А надтай охиноо булаацалдаж байгаад санамсаргүй охиныхоо хамарлуу цохичихсон. Тэр үед охиных нь хамраас цус гарахаар нь би Б.Ат “Чи одоо яаж байгаа юм, хүүхдийн хамраас цус гаргаад” гэж загнахад Б.А юм хэлэлгүйгээр мотоциклоо асаагаад гэрийнхээ зүг явсан. Тэгэхээр нь би тэдний охиныг тэврээд Пийн гэрлүү явж охиныг нь Пийн эхнэр Тэгшээд өгчихөөд гэрлүүгээ явчихсан. Намайг гэртээ байж байтал Б.Аын гэрийн гадаа сумын цагдаа Билгүүн ирээд Б.Аыг авч явсан. Түүний дараа М.О гэрлүүгээ явж харагдсан. Би М.Оээс “Б.А яагаад чамайг зодсон юм” гэж асуухад “Өчигдөр манай гэрийн хажуугаар мотоцикль явж зөрөхөд Б.А чи ямар хүн дуудсан юм гэж хэлээд зодсон” гэж хэлж байсан. Б.А нь эхнэр М.Оийг зодож цохиж байхыг айл хөрш байх хугацаандаа би нилээн олон удаа харж байсан. Тэр хоёрын зарим нэг зодооныг нь манай нөхөр Х салгаж байсан. Тэр хоёр яг юунаас болоод хоорондоо маргалдаж, ямар шалтгааны улмаас Б.А эхнэр М.Оийг зодож цохидог болохыг сайн мэдэхгүй байна. Миний мэдэхээр 2014 оны 07 дугаар сарын дундуур Б.А нь М.Оийг зодсоноос болоод тэр хоёр 2 жил тусдаа амьдарсан. Би Б.Аыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг харж байгаагүй. Гэхдээ хүмүүсийн амнаас сонсоход Б.А архи уусан үедээ хэрцгий, догшин авиртай болдог гэж байсан. Б.Аын аав Б гуай амьд байхдаа хэд хэдэн удаа манай гэрт ирж манай нөхөр Хг авч явж Б.Аыг М.Оээс салгаж байсан. Нэг удаа нөхөр Хг тэдний гэр лүү яваад ирсний дараа би нөхрөөсөө “Б.А эхнэрээ согтуу байхдаа зоддог уу, эрүүл байхдаа зоддог юм уу” гэж асуухад “Б.А эрүүл байна” гэж хэлж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

3. Гэрч Н.Тын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Манайх 2002 онд Наранбулаг суманд нүүж ирснээс хойш Б.А, М.О нарыг таньдаг болсон. Бидний дунд садан төрлийн холбоо байхгүй. Би 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн үед гэрийнхээ гадаа байж байтал “Амь авраарай” гээд хүн орилох чимээ сонсогдохоор нь Хгийн гэрийн зүг харахад М.О манайх руу гүйгээд ирж байсан. Тэгэхээр нь би М.Оийн замыг тосож гүйж очоод “Юу болсон бэ” гэж асуухад “Б.А намайг цохилоо” гэж хэлэхээр нь түүнийг гэр лүүгээ дагуулж орох үед Б.А Хгийн гэрийн гаднаас мотоциклоо унаад гэрийнхээ зүг явсан. М.О манай гэрлүү орчихоод миний гар утсыг аваад нэг хүн лүү залгаад “Одоо би яах юм бэ” гэж хэлэхэд нөгөө хүн нь “Ах нь унаагүй болохоор очиж чадахгүй. Чи аргалаад Наранбулаг сумын төв орчихооч” гэж хэлээд утсаа тасалсан. М.Оийг утсаар ярьж дууссаны дараа манай нөхөр П М.Оээс “Б.А чамайг яаж цохисон юм, хөлөөрөө дэвссэн юм уу” гэж асуухад М.О “Б.А намайг гараараа цохисон, хөлөөрөө дэвсэж зодоогүй” гэж хэлж байсан. Удалгүй Б.А, М.О нарын хүүхдийг Хгийн эхнэр Г тэвэрчихсэн манайд ирэхэд охины хамраас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би “Чи хүүхдийн хамрын цусыг угаачихад яадаг юм” гэж хэлэхэд Г “Би айгаад хүүхдийн хамраас гарсан цусыг угааж чадсангүй” гэж хэлэхээр нь би хамраас гарсан цусыг нь угааж цэвэрлэсэн. Тэр үед манай гэрийн гадаа мотоцикль ирж зогсохоор нь би хаалганы цонхоор харахад Б.А мотоциклоосоо буугаад манай гэрлүү ирж байсан. Тэгээд Б.А манай гэрийн хаалгыг ирж татаад “Эгчээ та хаалгаа онгойлгооч, би хүүхдээ авмаар байна, өөрөөр би яахчгүй” гэж хэлсэн. Тэгж байгаад мотоциклоо асаагаад яваад өгөхөөр нь би гэрээс гарч харахад Б.Аын гэрийн гадаа манай сумын цагдаа Билгүүн ирээд Б.Аыг аваад явж байсан. Билгүүн Б.Аыг аваад явсаны дараа М.О “Х ахаар сумын төв хүргүүлж авна” гэж хэлэхээр нь би М.Оийг охинтой нь хамт Хгийн гэрт хүргэж өгчихөөд гэрлүүгээ явсан. М.О Хгийн гэрээс манай гэрлүү гүйж ирэхдээ айж, сандарсан байсан тул би цай хийж өгөөд тайвшруулсан. М.О хэсэг сууж байгаад гайгүй тайвширсан. Би Ггаас “Хүүхдийн хамраас яагаад цус гарсан юм” гэж асуухад Г “Б.А хүүхдээ булаацалдаж байх үеэр хамар нь цохигдчих шиг боллоо” гэж хэлсэн. Би Б.А нь эхнэр М.Оээ зодож байсныг өөрийн нүдээр харж, хүмүүсийн амнаас сонсож байгаагүй. Манайх 2017 оны 03 дугаар сараас хойш Б.Аынхтай айл хөрш байх болсон. Би Б.Аыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг харж байгаагүй. Б.А манай хаалгыг ирж татах үедээ архи уугаагүй эрүүл байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй, миний ярьсан зүйл үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

4. Гэрч М.Сгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “ Миний хүү Б.А нь эхнэр М.Отэйгээ гэр бүл болсон цагаасаа өнөөг хүртэл хугацаанд маргалдаж, зарим тохиолдолд нь гар хүрч байсан. Гэхдээ миний хүү, бэр 2-ын хэн нь ч ямар шалтгааны улмаас хоорондоо маргалдсан, зодолдсон тухайгаа надад хэлдэггүй. Би хүү Б.А, бэр М.О нараас “Та нар яагаад, ямар шалтгааны улмаас хоорондоо маргалдаад, яагаад нэгнийгээ зодож цохиод байдаг юм бэ?” гэж асуухад хүү Б.А, бэр М.О нар “Таны бие тааруу, даралт өндөртэй болохоор болсон үйл явдал болгоноо хэлээд байхад хэцүү байна” гэж хэлсэн. Миний хүү Б.А нь 1990 онд манай ууган хүү болон мэндэлсэн. Хүү Б.А нь ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийг төгсөөд амьдралын шаардлагаар сургуулиасаа гарч мал маллах болсон. Б.А нь Ховд аймгийн Үенч суманд цэргийн алба хаасан. Хүү Б.Аын нэг сул тал нь гэвэл бага зэрэг түргэн ууртай хүн байгаа юм. Гэхдээ түргэн уурласан ч дорхноо уур нь гарчихдаг. Мөн ажилч хичээнгүй, дүүгийнхээ сайн ах, ээжийнхээ сайн хүүхэд нь байгаа юм. Б.А миний нүдэн дээр архи ууж байхыг би үзээгүй. Гэхдээ бэр М.О “А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байна” гэж надад хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

5. Гэрч Б.Нийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 цагийн орчимд гэртээ дүү Э, ээж С нарын хамт байж байтал ах Б.А миний гар утас руу залгаад “Ахын дүү одоо гэрээсээ гараад аймгийн төврүү явж байгаа үйлчилгээний машинд дүү Эыгаа өгөөд явуулчихаач. Ах нь эгч М.Оийг нь цохисон гээд цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байна. Ээжид битгий хэлээрэй” гэж надад хэлсэн. Тухайн үед л би Б.А ах эхнэр М.Оийгээ зодсон талаар мэдсэн. Б.А ах эхнэр М.Оийгээ зодсон гэж хүмүүсийн ярианаас сонсож байсан болохоос биш би өөрийн нүдээр Б.А ах бэр эгч М.Оийг зодож, цохиж байхыг харж байгаагүй. Тэр хоёр хоорондоо яг ямар шалтгааны улмаас маргалдаад байдгийг би мэдэхгүй байна. Миний ах Б.А нь бага ахуй цагаасаа малын захад өссөн болохоор малч эрдэм ухаанд сайн суралцсан, залуу хүн мөртлөө Наранбулаг сумынхаа алдарт, онцлох уяач цолтой, аливаа хүнтэй эвсэг, найрсаг харьцдаг, ажилч хичээнгүй, хүний үгийг сайн даадаг, дүүгийнхээ сайн ах, охиныхоо сайн аав гэх мэтчилэн магтаад байвал маш олон сайн зан чанартай хүн байгаа юм. Б.А ахыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхыг би лав харж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

6. Гэрч М.Цын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би Б.Аыг миний төрсөн дүү М.Отэй 2011 онд хуримаа хийж манай хүргэн болсон цагаас нь эхлэн таньж мэднэ. Миний дүү М.О нь нөхөр Б.Атаа зодууллаа гээд манай гэрт хэд хэдэн удаа ирж байсан. М.Оийг яг хэд хэдэн онуудад хүргэн Б.Ат зодууллаа гээд манай гэрт ирж байсныг би сайн хэлж мэдэхгүй байна. М.О хүргэн Б.Ат зодууллаа гээд ирэх үед нүүр, нүд болон биеийнхэ нь энд тэнд хавдаж хөхөрсөн байдалтай байдаг байсан. Энэ байдлыг нь хараад би “Б.А чамайг яагаад зодоод байдаг юм бэ?” гэж асуухад “Миний өмнөх найз залуутай холбоод уурладаг юм ” гэж хэлж байсан. Харин 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр М.О манай гэрт ирэхээр нь яагаад зодуулсан талаар асуухад “ гэрийн ажлыг хийхгүй байна, би чамайг ахаас чинь их өндөр үнээр авсан, чи тэр дайнд хүрч ажил хийх ёстой гэж хэлээд зодсон ” гэж надад хэлсэн. Би яг өөрийнхөө нүдээр хүргэн Б.А миний дүү М.Оийг зодож, цохиж байхыг хараагүй. Харин дүү М.О болон бусад хүмүүсийн ярианаас М.Оийг нөхөр Б.А нь зодож, цохисон талаар сонсож байсан. Мөн М.О “Нөхөр Б.Атаа зодууллаа” гэж миний гар утас руу залгаж ярихаар нь би цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа дуудлага өгч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,

7. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №218 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч М.Оийн биед гэмтэл учирсан байна. Цээжний хэсэгт хэд хэдэн хар хөхөрсөн, зүүн бугалга, баруун гарын шуунд дээрх хэмжээтэй хар хөхөрсөн, баруун хацарт эмзэглэлтэй зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/,

8. Шүүгдэгч Б.Аын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43-р тал/,

9. Шүүгдэгч Б.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р тал/,

10. Шүүгдэгч Б.А, хохирогч М.О нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56-р тал/,

11. Увс аймгийн Прокурорын газрын 2014.07.18-ны өдрийн 169 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 60-61-р тал/,

12. Шүүгдэгч Б.Аын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд эхнэр М.О бид хоёр унтахаар болж эхнэр М.О орондоо орсон. Тухайн үед би хувцсаа тайлах гэж байгаад “М.Оээ чи дүү рүүгээ залгаад миний авах ёстой хэдэн малыг ойр тойрныхоо айлуудаас бөөгнүүлээд аваад байж бай гээд хэлчихээч” гэж хэлэхэд М.О “Чи өөрөө яриач, чи машинтай яваад очвол миний дүү чиний тэр хэдэн малыг бөөгнүүлээд өгчих байх, чи үнэхээр муу санаатай юм. Миний дүү чамаас авсан хэдэн малаа буцаагаад өгчихнө шүү дээ” гэж хэлснээс болоод М.О бид хоёр хоорондоо маргалдсан. Би М.Отэй маргалдаж байгаад уурласандаа М.Оийн цээж, гар, хавирганы хэсэг рүү нилээн хэд хэдэн удаа цохисон. М.О бид хоёрын хооронд үүссэн хэрүүл намжихаар нь би унтсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 27 өдрийн 06 цагийн орчим босоод Наранбулаг сумын төврүү явсан. Сумын төвөөс морины хөл хатгуулахаар нэг хүнийг гэрлүүгээ дагуулж очоод мориныхоо хөлийг хатгуулчихаад уг хүнээ буцаад Наранбулаг сумын төврүү хүргэж өгчихөөд гэртээ эргэж очиход эхнэр М.О гэртээ байгаагүй ба хөрш Хгийн гэрт байсан. Тэгэхээр нь би “Хоёулаа гэрлүүгээ явъя” гэж хэлэхэд М.О “Би гэртээ харихгүй, чи гэртээ хариад намайг зодох гэж байна” гэж хэлэхээр нь би “Чи гэртээ харихгүй юм бол би охиноо аваад гэрлүүгээ явлаа” гэж хэлээд Хгийн гэрийн өмнө зогсож байсан охин Эыгаа авах гэтэл Хгийн эхнэр надаас миний хүүхдийг булааж авсан. Тухайн үед М.О Хгийн гэрийн гаднаас зугатаад Пийн гэр лүү явсан бөгөөд Хгийн эхнэр миний охин Эыг надад өгөхгүй болохоор нь би гэрлүүгээ явчихсан. Гэртээ очоод хэсэг байж байгаад би Пийн гэрлүү очиход гэрийнх нь хаалгыг дотор талаас нь цоожилчихсон байхаар нь би “Хаалгаа тайлчих, би гэрл үү ороод зодоон, цохион хийхгүй, охиноо авч явмаар байна” гэж хэлсэн боловч Пийн эхнэр гэрийнхээ хаалгыг тайлж өгөөгүй. Тэгэхээр нь би гэрлүүгээ буцаад явж байтал сумын цагдаа Билгүүн хүрч ирээд “Амрыг эрье. Хоёулаа одоо сумын төв орно, төвөөс дуудлага ирсэн” гэж хэлэхээр нь би Билгүүнийг дагаад Наранбулаг сумын төв рүү явсан. Түүнээс хойш эхнэр М.О бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эхнэр М.О бид хоёр хоорондоо юм ярьж байгаад хадам дүү Отгонбаярын надад өгөх малнаас болж маргалдсан. Маргалдаж байгаад би М.Оийг нилээн олон удаа гараараа цохисон. Би хүнтэй хэрэлдээд ууралсан тохиолдолд биеэ барьж чадалгүй хүнд гар хүрчихээд байдаг. Энэ удаад мөн тэр зангаараа эхнэр М.Отээ гар хүрсэн. Түүнээс биш дандаа М.Оийг зодож цохиод байя гэсэн бодол байдаггүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул надад хөнгөн ял шийтгэж өгнө үү. Би дахиж ийм зүйл хийхгүй байж чадна. Манайх одоо Улаангомд нүүж ирсэн байгаа, хөдөө мал дээр хүн бүл муутай байгаа” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Б.А нь 2017 оны 04 дүгээр сарын 26- ны өдрийн орой Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн нутаг дэвсгэрт байх гэртээ өөрийн эхнэр М.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.О, гэрч Х.Г, Н.Т, М.Ц нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №218 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр М.Оийг зодсон нь нотлогдож байх боловч түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож яллагдагчаар татсан нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь : Б.А нь хохирогч М.Оийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зодсон 1 удаагийн үйлдэлд яллагдаж байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201дүгээр зүйлийн 1201 .1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан” зэрэг шинжийг агуулаагүй байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.А нь энэ гэмт хэргийг үйлдэхээс өмнө нь буюу 2017 оны 1-р сард, 2014, 2011 онуудад эхнэр М.Оийг удаа дараа зодож байсан талаар хохирогч, гэрчүүд мэдүүлсэн нь хэрэгт авагдсан , түүнчлэн 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр М.Оийг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүү хэрэг үүсгэн шалгагдаж гэм буруутай нь тогтоогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Прокурорын 2014-07-18-ны өдрийн 169 дүгээр тогтоол хэрэгт авагдсан байна. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан “Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хууль”-аар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201дүгээр зүйл буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шинээр нэмж тусгасан ба энэ зүйл хэсэг нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн тул энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх үйлдлүүдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Б.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Оийн бие махбодид цээжний хэсэгт хар хөхөрсөн, зүүн бугалга, баруун гарын шуунд хар хөхөрсөн, баруун хацарт эмзэглэлтэй зөөлөн эдийн гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн байх ба тэрээр гэм буруугаа чин санаанаасаа гэмшиж хохирогчоос уучлалт гуйсан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал: хохирогч М.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт “..Манай нөхөр өмнө нь намайг зодчихоод уучлалт гуйдаг байсан ч дахиад зоддог байсан, харин энэ удаад манай ах эгч нарт намайг зодож цохихгүй гэж амлалт өгсөн болохоор би итгэж байгаа, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байгаа ч энэ нь түүний чин санааны илэрхийлэл гэж үзэхэд эргэлзээтэй, хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байна гэж үзэх үндэслэлтэй .

Учир нь хохирогч гэртээ байнгын айдас түгшүүртэй байдаг, нөхрөөсөө айдаг болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлгээс харагдаж байна.

Тухайлбал : 2014 онд хохирогч нөхөртөө зодуулсны дараа тусдаа амьдрахаар Улаанбаатар хот уруу явсан боловч шүүгдэгчийн байнгын дарамт, шахалтын улмаас аргагүйн эрхэнд буцаж ирээд нөхөртэйгээ хамт амьдарсан талаараа хохирогч мэдүүлсэн байна. Түүнчлэн шүүгдэгч Б.А нь эхнэрээсээ уучлалт гуйсан, чин санаанаасаа гэмшсэн, гэм буруугаа ухамсарлаж гэмшсэнээ илэрхийлсэн, харуулсан байдал гаргасан нь нотлогдохгүй байна. Иймд Б.Ат холбогдох эрүүгийн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч М.О нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Ааас нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Бгийн Аыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Б.Ат 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 1 сар баривчлах ялыг ганцаарчилсан дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.А энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Б.Ат өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Л.АЛТАН