Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/274

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

иргэдийн төлөөлөгч Б.Жигжидсүрэн,

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Отгонбаяр, Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан гэмт хэрэгт Б.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010709 дүгээр 1 хавтас хэргийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “М” ХХК-д сахиулаар ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамж, 398 тоотод оршин суух, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 161 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Хүрээ зуу овогт Бат-Очирын О /РД:ХМ63121670/.

Б.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “М” ХХК-ийн байранд өөрийн хүргэн болох Ц.Гтэй “хөзөр тоглолоо, больцгоо” гэж маргалдаж, улмаар архины шилний хагархайгаар хүзүүн тус газар нь хатгаж гэмтээсний улмаас Ц.Г нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан буюу Б.О нь Ц.Гийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан,

мөн 2017 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, “М” ХХК-ийн байранд иргэн Д.Жг өөрөөс нь “болсон явдлын талаар асуулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар нэг удаа цохиж бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр илүү цагаар ажилласан. Хоол идэхээр гал тогоо уруу орсон. Манай хэд нэг шил шар Чингис уугаад, хөзөр тоглоод сууж байсан. Би 2 хундага уусан. Би өмнө нь архи уусан байсан болохоор согтсон байсан. Тэгээд манаачийн байрандаа байж байгаад нөгөөдүүл унтаагүй болохоор нь орж ирээд “унтацгаа” гэхэд талийгаач “танд ямар хамаатай юм” гээд намайг цохисон. Цохихдоо “танай сохор охин, дагавар хүүг алсан ч яахав” гэсэн. Би гарснаа санаж байна, түүнээс хойшхийг санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бага ял оногдуулж өгнө үү” гэв.      

 

Эрүүгийн 201726010709 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Ц.Бын: “Гомдол санал гэхээр зүйл байхгүй. Гомдолгүй. Б.Отай нүүр тулж уулзаж байсан асуудал байхгүй болохоор ямар зан авиртай хүн болох талаар мэдэх зүйл байхгүй. Талийгаач маань их дуугүй хүн байгаа юм. Ц.Г хадам эцэг, эх, хүмүүстэй хэрэлдэж маргасан талаар ямар нэгэн зүйл хэлж байгаагүй.

...Манай ах дүү нар ярилцсан. Тэгээд нэгийг нь алдчихаад нөгөөг нь хэцүү газарт хийчихнэ гэхээр үлдэж байгаа хүмүүстээ шаналалтай гэж бодож байгаа юм. Талийгаачийнхаа хадам аавд ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Талийгаачийн ажил явдалд 7000000 төгрөгийн оршуулгын зардал гарсан. Гэхдээ энэхүү зардлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-33, 34, 35/,

Хохирогч Д.Жгийн: “...Миний бие гэрчээр өгсөн мэдүүлэгт үнэн зөвөөр мэдүүлсэн. Миний хувьд Б.Оад зодуулсан гэх асуудалдаа ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хохирогч болмооргүй байна. О намайг цохих үед Б ах харсан байх. Б ах илүү ойрхон байсан. Нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-79/,

Гэрч Д.Жгийн: “...Намайг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө үүрээр 04 цагийн үед өрөөндөө унтаж байхад хамт ажилладаг Б ах хаалга нүдэж сэрээгээд доор хүн үхчихлээ гэж хэлсэн. Доошоо буугаад очтол нэг давхрын хувцас сольдог өрөөнд талийгаач Г ах шалан дээр хэвтчихсэн, хажууд нь Ган ах хүзүүн дээр нь дараад сууж байсан. О ах үүдний хаалганы дэргэд зогсоод өрнөж буй үйл явдлыг хараад зогсож байсан. Би О ах дээр очоод ”юу болсон юм бэ, Отгоо ахаа” гэж асуутал О ах миний баруун шанаа руу нэг удаа гараараа цохиод ална шүү пизда минь, чамд ямар хамаатай юм бэ?” гэж хэлээд дахин намайг цохих гээд давшлахад нь би 2 гарыг нь бариад хойшоо болж, дээшээ гарч өрөө рүүгээ орсон. Би дээшээ гарч хувцсаа өмсөөд буцаад буугаад иртэл О ах байхгүй болсон байсан. ...Б ах, захирал Ц бид гурвыг харуулын байранд очиход О ах ямар ч ухаангүй унтаж байсан. О ахыг Ц захирал сэрээх гэсэн боловч сэрээгүй. ...10 минутын дараа гэж санаж байна, эмнэлэг, цагдаагийн автомашинууд ирээд О ахыг 2 цагдаа ирж дамжилж авч гарч автомашиндаа суулгасан. Эмч Г ахыг үзэж байгаад машиндаа аваад явсан. ...О ах яагаад намайг цохисныг хэлж мэдэхгүй байна. Талийгаачийн хажууд цусан дунд жижиг хагархай шил байсныг санаж байна, өөр хагархай шил байгаагүй. Талийгаач хадам ээжтэйгээ таарамжгүй харилцаатай юм шиг санагддаг. Нэг удаа “яагаад ийм таарамжгүй харилцаатай юм бэ гэж асуухад Г ахнүүрэн дээрээ нэг юм ярьчихаад, ардуур муулаад байдаг гэж ярьж байсан. О, Г ах нар өөр хоорондоо юм яриад байдаггүй, хэрэлдэж маргалдаж байсныг нь мэдэхгүй. О ахыг манай ажлын хүмүүс их түргэн, цочир ууртай гэж ярьдаг юм байна лээ. Эхнэр Ц нь нэг удаа бас манай нөхөр цочир, түргэн ууртай гэж ярьж байсан. ...Би О ахад зодуулсан асуудлаараа шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний хувьд гомдол, санал байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-77/,

Гэрч С.Бгийн: “...2017 оны 4 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед гэж санаж байна. ...Мах буулгаж дуусахад 2017 оны 4 дүгээр сарын 13-ны 00 цаг өнгөрч байсан. Тухайн үед О ах манааны ажилтай байсан. Махаа буулгаж дуусаад бид нар тэндээ хонохоор болсон. Учир нь маргааш нь тог тасраад амрах юм чинь гэж бодоод бүгд хоносон. Тэгээд бид нар ажил дууссан юм чинь ганц шил архи хувааж уухаар болж Ган дэлгүүр лүү явж 1 литрийн хэмжээтэй алтан Чингис архи нэг шилийг авчирсан. Байгууллагын цайны газрын өрөөнд Ганы авчирсан архийг Жаас бусад нь хувааж ууцгаасан.  Архи хувааж ууж суухдаа бид нар муушиг тоглосон. Биднийг архиа хувааж ууж суух үед О ах орж ирж бидний ууж байсан архинаас нэг хоёр удаа татсан. Архи дуусч байх үед Б, Ж, Цогнамжил нар амарлаа гээд өрөөнөөс гарцгаасан. Дараа нь О ах гаднаас орж ирээд хөзрөө больцгоо гэх утгатай юм ярьсан. Яг юу гэж хэлснийг нь сайн санахгүй байна. Тэгтэл Г уурлаад тэр хоёр маргасан. Төд удалгүй Г О ахын нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд Г өрөөнөөс гараад хажуу талын хувцасны өрөө рүү орсон. О ах харин цайны газраас гараад гадагшаа гарах шиг болсон. Учир нь тэр хоёр 2 тийшээ салаад явж байгаа харагдсан. Төд удалгүй Ган болохоо байлаа гэж орилохоор нь цайны газрын өрөөнөөс гараад хувцас солих өрөөний үүдэнд очтол Ган, Гийг тэврээд суучихсан, тухайн үед Гийн хүзүүнийх нь хажуу хэсгээс цус гарч байсан. Тэгээд цагдаа, түргэнийг дуудсан. Намайг хувцасны өрөөний хаалганы дэргэд ирэхэд О гараад явсан байсан.

...О, Гийг гэмтээхийг хараагүй. Намайг хувцас солих өрөөний дэргэд ирэхэд О байхгүй, гараад явсан байсан. Г тухайн үед ухаантай байсан. Ямар нэгэн зүйл хэлээгүй. Бидний хувааж уусан Алтан Чингис нэртэй архины шил хаана байгааг хэлж мэдэхгүй байна. О ах хөзрөө боль гэх шиг болсон юм. Тэгээд л Г уурласан. Өөр ямар нэгэн зүйл хэлсэн л байх, тэрийг нь би сонсоогүй байж магадгүй. Тэгээд Ж О ах дээр очоод “юу болсон юм бэ гээд асууж байсан. Тэгтэл О ах чамд ямар хамаатай юм бэ, пизда минь гэж хэлээд нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд Ж гарыг нь бариад өөрөөсөө түлхээд, буцаад дээшээ гарсан. О ах Гт цохиулаад цайны газраас гарснаас 1-2 минутын дараа, ямар ч байсан удаагүй, араас нь Г гарсан. Тэгээд Г гарснаас 1-2 минутын дараа пижигнэх чимээ гарсан. Намайг гарсны дараа О коридорт байсан эсэхийг  анзаараагүй. Харин намайг дээрээс Ж, Цогнамжил нарын хамтаар бууж ирэхэд үүдэнд хаалганы буланд зогсож байсан. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-83, 84/,

Гэрч Ч.Ганын: “...Б, Г, Б, Ц, Ж бид нар ажлаа дуусгаад алжаал тайлах зорилгоор нэг шил архи авч уухаар тохирсон юм. Ц, Ж хоёр архи уугаагүй. Биднийг архи хувааж ууж байхад манаач ах О гаднаас орж ирээд 2-3 удаа бидний ууж байсан архинаас татсан. Архи дуусах үед буюу 04 цагийн үед Ц, Б. Ж нар унтлаа гээд дээшээ гарсан. Цайны газрын өрөөнд Г, Б бид 3 хөзөр тоглоод байж байтал О ах нэлээн согтуу орж ирсэн. О ах орж ирээд Г рүү одоо наад тоглоомоо боль” гэж хэлээд гараараа ширээ рүү хүчтэй цохиод авсан. Г босч ирээд танд ямар хамаатай юм бэ гэж хэлээд О ахын нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд О ах эргэж гараад явсан. Г би амарлаагээд хажуу талын хувцасны өрөө рүү орсон. Б бид хоёр цайны газарт юм яриад сууж байтал Г гарснаас хойш 1-2 минутын дараа цайны газрын үүдэнд пижигнэх чимээ гарсан. Би гартал Г хувцасны өрөөний хаалга түшчихсэн, хүзүүнийх нь баруун хэсгээс гэж санаж байна цус олгойдож ихээр гарч байсан. Тухайн үед О ах байхгүй гараад явчихсан байсан. Тэгээд би хүн алчихлаа шдээ гэж хэлээд Гийн хүзүүнээс гарч байсан цусыг нь тогтоох зорилгоор хүзүүг нь базсан. Тэгээд Б тухайн үед дээшээ гарсан. Би Гийн хүзүүнээс барьж байтал Г муужраад уначихсан. Тэгэхээр нь би хувцас солих өрөөний шалан дээр хэвтүүлээд түргэн дуудаад, дараа нь эхнэр Ууганзаяаг утсаар дуудсан. Гийг яг хэн гэмтээж байхыг нь би хараагүй. О ах л гэж бодож байна. Өөр хүн тухайн үед байгаагүй. ...Г, О нар ажил дээр өмнө нь маргасан зүйл ажиглагдаад байдаггүй. Гэхдээ О ах архи уухаараа авиргүй хүн байгаа юм. Жаахан агсам талдаа болчихдог. Архи уухаараа авгайгаа ална тална гээд байгаа харагддаг. Гийн хувьд их ажилсаг, дуугүй дөлгөөхөн хүүхэд байгаа юм. ...Ж тухайн үед өөрийг нь О цохичихлоо гэх зэрэг ямар нэгэн зүйл яриагүй. Харин хэд хоногийн дараа Ж тухайн үед О ах өөрийг нь “ална шүү чамайг” гэж хэлээд цохиод авсан талаар ярьж байхыг нь сонссон. Архины шил хаана байсныг анзаараагүй. Гэхдээ миний бодлоор О ах тэр хавиар дэл сул хог хаягдал байлгаад байдаггүй. Тэгээд ч эхнэр нь үйлчлэгч, өвчтэй байсан болохоор оронд нь цайны газрыг цэвэрлэдэг байсан. Болсон үйл явдал архи дуусснаас хойш 30-40 минутын дараа болсон гэж санаж байна. Бид нарыг цайны газарт байх хугацаанд О нийт 4 удаа орж ирсэн. Тэгээд 5 дахь дээрээ тийм асуудал болсон. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-87-89/,

Гэрч Х.Ц*ын: “...Өглөө 04 цагийн үед манай хамт ажилладаг Б ах хаалга нүдээд “босоорой, доор нэг юм болчихлоо, Г ухаан алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд Ж бид 2 доошоо нэг давхарт буугаад иртэл хамт ажилладаг Г хувцас сольдог өрөөний дотор шалан дээр хүзүүнээс нь цус гарсан байдалтай, Ган ах түүнийг тэвэрч суугаад хүзүүн дээр нь гараараа дарж байгаа харагдсан. Тухайн үед их цус байсан болохоор би харж чадаагүй. ...Манай төв оффисийн гадна үүдэнд тамхи татдаг цэгийн хажууд асфальтан дээр шар Чингис архины шилний цорго хэсгийн хагархай байхаар нь шүүрдээд хогийн саванд хийчихсэн. Дараа нь хогийн цэг дээр аваачаад уутанд хийгээд хаясан. Тэгээд удалгүй дахин цагдаа нар ирээд надаас нөгөө шилний хагархайг асуугаад Жаар авчруулж хурааж авсан. ...Миний шүүрдсэн архины шил цус болчихсон байдалтай байсан. Гэхдээ тийм их биш, жаахан хэсэгт цус урсаж хатсан байдалтай байсан. Болсон асуудлын талаар ярьсан хүн байхгүй, би ч асуугаагүй. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-91/,

Гэрч Ч.Цийн: “...Намайг унтаж байх үед 04 цаг 30 минутын үед Ууганзаяа /Ганы эхнэр/ над руу утсаар Цээ эгчээ О ах Гийг шилээр хүзүү рүү нь хатгачихлаа, цус гараад тогтохгүй байна, та хурдан буугаад ир гэж хэлсэн. Доошоо буусан чинь хувцас сольдог өрөөний хувцасны шүүгээний дэргэд Г атиралдаад хэвтэж байсан. Харин Ган хажууд нь хүзүүг дараад сууж байсан. Хувцасны өрөөний шалаар цус урссан байдалтай байсан. ...Гийг эмнэлгийн автомашин нь аваад, харин Оыг цагдаа нар очиж барьж авсан. Цагдаа нар Оыг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-96/,

Гэрч Б.Б-ын: “...Ж сэрээгээд “О ах Г ахыг шилээр хатгачихлаа” гэж хэлсэн. Намайг босоод ирэхэд дарга Ц ирчихсэн, Ган ахын эхнэр Ууганаа эгч, УранЦ гэх хүмүүс шалаар асгарсан бололтой цус шиг зүйлийг арчиж байсан. Үүдэнд шилний хагархай байсныг цэвэрлэгээ хийсэн хүмүүс уутанд хийгээд хог руу хаясан байсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг “очиж нөгөө шилийг аваад ир” гээд би очиж тэр шилний хагархайг авчирч өгсөн. Шилний хагархайг үзэхэд шар Чингис архины шил байсан. Тэгээд цагдаа нар тэр архины шилний хагархайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-97/,

Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн 2017.05.08-ны өдрийн 804 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.Гийн цогцост хүзүүний зүүн талд жолоо булчин, гүрээний тараагуур, судасны зүүн салааг гэмтээсэн хутгалагдсан гүн шарх, булчинд цус хуралт, хүзүүний булчин, гүрээний судасны тасралыг оёж залгасан мэс ажилбар /2017.04.13/, хурц цус алдалтын дараах цус багадалт, зүүн тал бөмбөлгийн хажуу ховдол, зулай, чамархай хэсгийн цус хомсрол, тархины суурийн судасны зүүн хэсгийн судсан доторх бүлэн гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн хатгагдах, зүсэгдэх үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ШЭГЗТЖурмын 3.1.8-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь 2017.04.12-13-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой, үхэлд нөлөөлсөн байна. 4. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. 6. Талийгаач нь АВО системээр III бүлгийн цустай байна. 7. Талийгаач нь дээрх хүзүүний хатгагдсан шарх, гүрээний судасны гэмтлээс үүссэн хурц цус алдалтын дараах цус багадалтанд орж зүүн тал бөмбөлгийн хажуу ховдол, зулай, чамархай хэсгийн цус хомсролоор нас баржээ” гэжээ /хх-104-107/,          

Б.Оын сэжигтнээр өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 02 цаг хүртэл манай байгууллагын ажкилчид мах буулгаж, ачсан юм. Тухайн үед би манааны ажилтай байсан. Манаачийн пүткэнд миний урьд нь аваад талыг нь уучихсан байсан архи байсан ба би ганцаараа уг тал шил архийг уусан. Тэгээд би жаахан согтчихсон байна лээ. Би байгууллагын бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажилладаг учраас гарч эргүүл хийж байтал манай оффисын гал тогооны өрөөний цонх гэрэлтэй байхаар нь яваад ортол манай хүргэн Г байгууллагын галч Б, гагнуурчин Ган, ачигч Ж нар хөзөр тоглоод байж байсан. Би тэгээд хүргэн Гт хандан унтаж амархад яадаг юм гээд зандарсан юм шиг байна лээ. Тэгсэн чинь манай хүргэн Г босч ирээд миний зүүн шанаа руу нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би уурлаад эргэж гараад, хаанаас авснаа санахгүй байна, нэг архины шил аваад гадаа довжоон дээр хагалаад, тухайн архины шилний цорго хэсгийг бариад буцаж ороод хүргэн Гийн хүзүү рүү нь нэг удаа хатгасан. Тэгээд хэн нэгэн намайг чи хүн алчихлаа шдээ гэж хэлж байгааг сонсоод сэргэсэн. Тэгээд нэг мэдсэн чинь шалаар нэл цус болчихсон, хүргэн Г хувцас сольдог өрөөнд ороод унасан байна лээ. Архины шилийг хаанаас авснаа сайн санахгүй байна, нэг мэдэхэд л гартаа шил барьчихсан зогсож байсан. Архины шилний цоргыг харахад шар Чингис нэртэй архины шил байсан. Би өмнө нь Гтэй хэрэлдэж маргалдаж байсан асуудал байхгүй. Бид хоёрын хувьд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Би хүргэнийхээ уурыг хүргэсэн юм л хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд л босч ирээд намайг цохьсон. Яг юу гэж хэлснээ сайн санахгүй байна. ...Би сэтгэцийн ямар нэгэн өвчний улмаас СЭМҮТ-д хяналтанд байсан асуудал байхгүй. Гэхдээ би их ууртай, уур хүрсэн үедээ ухаан алдаад уначихдаг. Зүрх л савлаад байдаг. Г болон бусад хүмүүс тухайн үед эрүүл шахуу харагдаж байсан. ...Г архи уугаад байдаггүй, ганц шил пиво уухаараа согтчихдог, уусан үедээ ямар нэгэн илүү дутуу зангүй зүгээр унтаад өгдөг хүн...” гэх мэдүүлэг /хх-148-149/,

Б.Оын яллагдагчаар өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 12-ны орой мах ирээд шөнөжингөө ажилласан. Би харуулын ээлжтэй байсан. Би ороод та нар эртхэн унтаж амархад яадаг юм гэж хэлсэн, тэгтэл манай хүргэн Г босч ирээд миний урдаас юу гээд байгаа пизда вэ" гэж хэлээд миний зүүн шанаа руу гараараа цохиод авсан. Би манараад согтолттой байсан болохоор ухаан орж гараад, тэгээд нэг мэдэхэд баруун гартаа архины шилний хагархай хэсэг барьчихсан талийгаач харин хүзүүгээ барьж аваад хүзүүнээс нь их цус гарч байгаа харагдсан. Тэгээд миний хажуугаар зөрөөд хувцас сольдог өрөө рүү яваад орсон, тэгээд тухайн үед манайхны хэн нь яг хэлснийг мэдэхгүй чи хүн алчихлаа шдээ гэж орилж байсан. Би талийгаачийн араас нь ортол талийгаач хувцас сольдог өрөөний шалан дээр уначихсан. Тухайн үед талийгаачийн хүзүүнээс их цус гарч байсан. Тэгээд л тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Нэг ухаан орсон чинь цагдаа дээр хүргэгдэн ирсэн байсан.

...Би гал тогооны өрөөнд байсан ширээн дээрх архины шилийг аваад гарсан байна лээ сүүлд санаад авахад. Би үүдний довжоон дээр хагалсан байх гэж бодож байна, яг сайн санахгүй байна. Жг цохисон талаар ерөөсөө мэдэхгүй байна. Гтэй өс хонзонгийн асуудал байхгүй. Өмнө нь надад 2 удаа гар хүрч байсан. Би урьд өгсөн мэдүүлэгтээ энэ талаар дурдаагүй юм. Тухайн үед би айдастай байсан. Одоо ингээд 14 хоногийн дараа бодоход намайг тухайн үед талийгаач “танай сохор охиныг яасан ч ядаг юм, охиноо аваад зайл, дагавар хүү Батмөнхийг одоо очоод алсан ч яадаг юм бэ, чамайг ч гэсэн алсан ч яадаг юм бэ” гэж хэлж байсан. Энэ үгийг сонсоод би маш их цочирдсон. Өөр цаашаа юу болсныг санахгүй байна. Болсон асуудалд гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-152/,    

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.04.25-ны өдрийн 511 дүгээр дүгнэлтэд: “1. Б.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Б.Оын удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. 3. Б.О нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Б.О нь хэрэг үйлдэх үедээ болон хэрэг үйлдсэнээс хойш өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна. Б.О нь хэрэг хариуцах чадвартай байна. 5. Б.О нь сэтгэцийн хувьд одоогоор өөртөө болон орчиндоо аюулгүй байна. 6. Б.О нь гэмт хэргийн үйлдлийн үед санаа сэтгэл нь хүчтэй цочирон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. 7. Б.Оад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэжээ /хх-122-123/,  

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-3-6/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-9-11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-22-24/, гэрч Ч.Ганы мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-25-29/, өвчний түүх /хх-61-75/, “М” ХХК-ийн тодорхойлолт /хх-45, 183/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-184/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-187/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-155/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Боос ирүүлсэн хүсэлт, шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилний хагархай, амь хохирогчийн хувцас зэргийг таниулж тус тус шинжлэн судлав.  

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “М” ХХК-ийн байранд хүргэн болох Ц.Гтэй “хөзөр тоглолоо, больцгоо” гэж маргалдаж, улмаар архины шилний хагархайгаар хүзүүн тус газар нь хатгаж гэмтээсний улмаас Ц.Гийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Уг хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэснээс оногдуулах хорих ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхээр шүүх шийдвэрлэлээ. 

Иймд шүүгдэгч Б.Оыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч Б.О 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “М” ХХК-ийн байранд иргэн Д.Жг өөрөөс нь “болсон явдлын талаар асуулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар нэг удаа цохиж бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдлоо.

Гэвч 2015 оны Эрүүгийн хуульд “ганцаараа танхайрах” гэх ойлголт байхгүй болсны зэрэгцээ танхайрах гэмт хэргийг “бүлэглэн зөрчих” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Жгийн бие махбодид гэмтэл учраагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Хүнийг алах гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бод 7000000 төгрөгийн оршуулгын зардал гарсан гэх боловч тэрээр “Уг мөнгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгч, шүүхэд бичгээр хүсэлт гаргасныг харгалзан шүүгдэгч Б.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Б.Оыг “хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.Оын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл урьдчилсан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Оын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17 см урт, шилэн лонхны 2 /урт, богино/ ир үзүүр бүхий амсар хэсгийн хагархай, талийгаач Ц.Гийн өмсөж явсан гэх “М” гэсэн бичиглэл бүхий улаан өнгийн ажлын куртик, хар өнгийн урдуураа цахилгаантай биеийн тамирын цамц, цагаан өнгийн ажлын өмд зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д тус тус зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан гэмт хэрэгт Б.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт Б.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Х овогт Б-ын Оыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Оад оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын урьдчилан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17см урт, шилэн лонхны 2 /урт, богино/ ир үзүүр бүхий амсар хэсгийн хагархай, талийгаач Ц.Гийн өмсөж явсан гэх “М” гэсэн бичиглэл бүхий улаан өнгийн ажлын куртик, хар өнгийн урдуураа цахилгаантай биеийн тамирын цамц, цагаан өнгийн ажлын өмд зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.О бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Оад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 05ы өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Оад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР

                                      ШҮҮГЧИД                                     Т.АЛТАНТУЯА

                                                                                                  Г.МӨНХЗУЛ