Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1014

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,    

           улсын яллагч Р.Мөнх-Оюун,

            шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М-д холбогдох 2108 00280 0366 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :  

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “******” ХХК-д оператор ажилтай гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Толгойтын ** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтайхэрэг хариуцах чадвартай гэх, С овгийн Б-ын Б /РД:*********/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :    

Шүүгдэгч Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 1*** дугаар хороо Залуус хорооллын ** дугаар байрны ***тоотод оршин суух Д.Г-ийн гэрт 2021 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө иргэн Д.Г-ийн нүүр, зүүн шуу, хэвлийн тус газарт хутгаар зүсэн, улмаар түүний биед зүүн хацарт шарх, зүүн шуу, хэвлийд зүсэгдсэн шарх, дээд уруулын дотор салстад язралт, цээжинд зулгаралт бүхий олон тооны гэмтлүүдийг учруулсан ба хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан онц харгис хэрцгийгээр үйлдсэн буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар уг хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :    

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Л.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Залуус хорооллын *** дугаар байрны *** тоотод оршин суух Д.Г-гийн гэрт шөнө иргэн Д.Г-гийн нүүр, зүүн шуу, хэвлийн тус газарт хутгаар зүсэн онц харгис хэрцгийгээр түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :  

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан... шөнө Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Залуус хороолол *** байрны** дугаар орц ** тоотод оршин суух иргэн Д.Г-г танил нь заазуураар зүсэж гэмтээсэн гэх тэмдэглэл /хх-03/,  

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-04, 05/,

- хэргийн газар үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Залуус хороолол 48-р байр байх ба ...гал тогооны тавилганы баруун урд буланд улаан өнгийн иш /бариултай/ ажлын хэсэг нь 17 см, нийт урт нь 30,5 см хэмжээтэй төмөр заазуур байх ба уг заазуурны ажлын хэсэг болон бариул хэсэг цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авч...уг өрөөний зүүн урд буланд шар өнгийн буйдан байрласан уг буйдангийн суух хэсэг болон урд доод хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн  зүйлээр бохирлогдсон байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Буйдангийн баруун доод хэсэг газарт шалан дээр chinggis гэсэн нэртэй 0,75 граммтай тунгалаг шилтэй архины шил байх ба уг архины шил нь эргэн тойрон болон шилэн дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг шинжээч 1 гэж дугаарлан авч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...ширээний тавцангийн зүүн хэсэг бүхэлдээ цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч...үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад шар өнгийн даавуун материалтай цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон подволк байсныг шинжээч 3 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав... гэх тэмдэглэл /хх-07-13/,  

- хохирогч Д.Г-гийн...Би өдөр Сонсголонд өөрийн хашаандаа юм хийгээд ажиллаж байсан. Тэгтэл манай хашаанд Б-ээ тал шил архи өвөртөлчихсөн согтуу байдалтай ирсэн. Тэгээд найрамдалд байх байшинд тень аваачиж тавих гэсэн юм 2-уулаа хамт яваад ирье гээд надаас гуйсан учир бид хоёр хамт явсан. Ингээд замаараа таньдаг хүнээс нь тень аваад зуслангийн байшин дээр нь аваачиж тавьчихаад наашаа буцаж Улаанбаатар хотод ирээд ирэх замдаа дэлгүүр орж 2 шил архи авч бас бус идэх юм аваад манай гэрт ирсэн. Ингээд бид 2 манай гэрт ороод авсан архиа уугаад хоол ундаа идэж уугаад сууж байгаад нэлээн халаад согтоод ирсэн ба Б-ийг одоо чи яв, гэртээ харь гэхэд л гэнэт над руу дайраад Энхмаа та 2 намайг ашиглалаа гээд гал тогооны өрөөнд байсан заазуур хутга 2 аваад хутгаар гэдэс рүү 2 удаа чичээд, би талхны сав урдаа барьсан чинь баруун гартаа барьсан байсан заазуураар миний нүүр лүү зүсээд гарахдаа  плитканы төмөр өшиглөөд, би шоронд орно гэж хэлээд гараад явчихсан...би одоо өөрийн биед учирсан нүүрний сорвийг бүрэн бүтэн арилгуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-20-22, 25/,

- шинжээчийн 179 дугаартай дүгнэлт :...Д.Г-гийн биед баруун хацарт шарх, гүн хонхор сорви, нүүрний баруунд гуравласан мэдрэлийн доод салааны үзүүр хэсгийн гэмтэл, зүүн шуу, хэвлийд зүсэгдсэн шарх, дээд уруулын дотор салстад язралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Д.Г-гийн биед учирсан дээрх гэмтэл ньшилжих шөнө үүссэн байх боломжтой. Д.Г-гийн биед баруун хацарт үүссэн шарх, гүн хонхор сорви, нүүрний баруунд гуравласан мэдрэлийн доод салааны үзүүр хэсгийн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Д.Г-гийн биед учирсан баруун хацарт үүссэн гүн хонхор сорви гэмтэл нь ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй...гэх дүгнэлт /хх-64-68/,  

-  шинжээчийн шүүх хуралдаанд өгсөн : Шинжээч нар санал нэгтэйгээр дүгнэлтээ гаргасан...Хохирогчид учирсан сорви бүхий гэмтэл нь нүүрний төрхийг илтэд өөрчилсөн гэх үндэслэлд хамаарахгүй тул гэмтлийн хүндэвтэр зэргийг гэмтэл байна гэж дүгнэсэн бөгөөд нүүрний төрхийг илтэд өөрчилсөн гэдэг нь хүний нүүр царай төрх илтэд өөрчлөгдөж танигдахгүй болохыг ойлгоно. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5 дугаар зүйлийн 4-т хамаарахгүй тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,     

- шинжээчийн дүгнэлт...шинжилгээнд ирүүлсэн 14 см улаан хүрэн өнгийн төмөр иштэй 30 см урттай 9 см өргөнтэй заазуур дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 14 см улаан хүрэн өнгийн төмөр иштэй 30 см урттай 9 см өргөнтэй заазуур дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна /хх-69-81/,    

- шүүгдэгч Л.М-ий...Би 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийн танил ах болох Д.Г-гийн ажил дээр очиж уулзсан, тэгээд найрамдалд байх зуслан руугаа тень аваачиж тавих гээд хамт явсан. Ингээд буцах замдаа жаахан юм ярьж сууя гээд дэлгүүр орж 2 шил архи, идэх юм аваад гэрт нь очиж архи уусан, нэлээн халчихсан байсан...Гэтэл Г ах надад “чи ер нь авгайтайгаа намайг хардаад байна уу” гэснээ чи ч бас манай авгайг шаасан биз дээ, би танай авгайд мөнгө өгөөд танай авгайг шаачихсан гэхээр нь би өөдөөс нь салаавч гаргаад бид 2 муудалцаж эхэлсэн ба өөдөөс харж сууж байгаад намайг 2-3 удаа нүүр лүү цохисон ба миний хамраас цус гараад би шар өнгийн подволкоороо дарж арчаад бид 2 тэнд ноцолдсон ба би зөрүүлээд 2-3 удаа цохисон. Тэгээд би танай авгайг чинь таних ч үгүй, та авгайтайгаа 1 удаа хоолны мөнгө авчирч өгч байсан, тэгэхэд чинь л би авгайг чинь харж байсан гэж хэлсэн ба харин тэгж ярих юм бол би таны наад грашид чинь өөрөөсөө 4-5 тонн цемент оруулсан, надад нэг ч төгрөг өгөөгүй байгаа шүү гэж хэлээд гарах гээд хувцсаа өмсөж байтал гүйж ирээд зууралдаад ноцолдож байгаад би түлхэж унагаагаад гарах гэж байтал ширээн дээрээс заазуур авсан. Тэгээд хаалгыг нь онгойлгоод гарах гэж байхад намайг бариад авахаар нь би заазууртай гараас нь барьчихаад бид 2 хэсэг ноцолдсон. Тэгж байгаад би дахиж түлхэж унагаасан ба Г ах босож ирэхдээ хацар нь зүсэгдчихсэн байсан ба  хацраа дараад суугаад орилоод үлдсэн, тэгээд л би гэрээс нь гараад өөрөө цагдаа дуудаад болсон асуудлын талаар хэлэхэд давхардсан дуудлага байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-90-91, 147/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч нар худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлын хооронд объектив зайлшгүй шууд хамаарал буюу шалтгаант холбоо тогтоогдсон байх төдийгүй шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ ашигласан арга, хэрэгсэл, гэмт үйлдлийн шинж, хэрэгжсэн нөхцөл ба хохирогчид учирсан олон тооны гэмтэл, шархад хамаарах нотлох баримтаар шүүгдэгч нь тус гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн байгааг үгүйсгэн няцаах боломжгүй.  

Шинжээч нарын бүрэлдэхүүний дүгнэлтээр : хохирогч Д.Г-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” болохыг тогтоосон /хх-64-68/, тус дүгнэлтийг гаргасан бүрэлдэхүүний шинжээч : “шинжээч бид тус дүгнэлтийг санал нэгтэй гаргасан, хохирогч Д.Г-гийн нүүрний баруунд гурвалсан мэдрэлийн доод салааны үзүүр хэсгийн гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, харин тухайн хацарт үүссэн гүн хонхор сорви нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, тус сорви нь хохирогчийн нүүрний төрхийг илтэд өөрчлөөгүй, нүүрний тэгш хэм, нүүрний дүр төрхийг алдагдуулаагүй буюу нүүрийг засаршгүй гэмтээгээгүй гэж үзэх” тухай шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул тухайн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарах нотлох баримтуудыг хууль бус, үндэслэлгүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд “шинжээчийн дүгнэлт” дахин гаргуулах тухай хохирогч, түүний өмгөөлөгч нарын санал, дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзсэн болно.  

Мөн шүүгдэгчийн гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа “хүн алах” зорилго, сэдэлттэй байсан гэж үзэх эргэлзээгүй үндэслэл, нотлох баримтгүй бөгөөд хохирогч, шүүгдэгч нар тус бүр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь, түүнчлэн хохирогчийн зүй бус үйлдэл, харьцаа тус гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн болохыг үгүйсгэх боломжгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байх тул шүүгдэгчийг хүн алах гэмт хэрэгт завдсан гэж үзээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.     

Иймд шүүгдэгч Л.М-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр буюу “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Тус гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарах 756.000 төгрөгийн баримттай /хх-103-105/, шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний тос болон нийт 890.000 төгрөгийг төлсөн талаар, хохирогч нь өмнө гарсан эмчилгээ, оношилгооны зардлыг төлсөн, эмчилгээний тос өгсөн талаар тус тус мэдүүлсэн, мөн хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд нийт 290.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч нь шүүх хурлын явцад 290.000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн /хх-22, 147, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгч нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй байх ба тус хохирогчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч заавал оролцуулах оролцогчид хамаарахгүй бөгөөд гагцхүү өөрийн эрх хэмжээний хүрээнд өөрөө сайн дураар өмгөөлөгч авах эрхээ эдэлсэн байх тул хохирогч нь өмгөөлөгчид төлсөн төлбөрийг шүүхийн зардалд хамааруулах боломжгүй гэж үзнэ.  

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас нүүрэнд учирсан гэмтлийн сорвийг Монголд эмчлүүлэх, мөн Солонгос улсад сорвийг бүрэн арилгуулах мэс засал хийлгүүлэхэд гарах 100 орчим  сая төгрөг нэхэмжилсэн /хх-25, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх боловч хохирогч нь гагцхүү ямар эмчилгээг, хэзээ, хаана, хэрхэн яаж хийлгүүлэхээр гэрээ, хэлцэл хийсэн эсэх, үнэ ханш ямар хэмжээтэй эсэх зэрэгт хамаарах нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул шүүхээс хангах боломжгүй харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн эмчилгээний хохирол, зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :             

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан байгаа нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эхнэр, 2 хүүхэдтэй, “**********” ХХК-д оператор ажилтай зэрэг түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдлын талаарх бусад нотлох баримт авагдсан /хх-34, 96-102, 107, 111, 113, 115-117, 121, 129-137, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан болно.       

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар 14 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн төмөр иштэй, 30 см урт, 9 см өргөнтэй 1 ширхэг заазуур хураагдсан /хх-7, 14-16, 80/, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг болохыг тус тус дурдав.               

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :    

 

1. Шүүгдэгч Л.М-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Л.М-ийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

 

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг уг тогтоол  хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.          

 

6. Шүүгдэгч Л.М-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021.06.04-ний өдрөөс эхлэн тоолсугай.     

 

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Л.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБ