Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1126

 

 

 

 

 

 

 

 

    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,   

Улсын яллагч Б.Ундрах,   

Шүүгдэгч Я.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Я.Ц-д холбогдох ****дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *

Монгол Улсын иргэн, *оны * дугаар сарын *-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “******” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо Алтан Овоо *** тоотод оршин суудаг, оршин суугаа хаягийн тодорхойлолтоор Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо уул **-р гудамж ** тоотод бүртгэлтэй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Х овгийн Я-ийн Ц /РД:******/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

Шүүгдэгч Я.Ц архи согтууруулах ундаа хэрэглэж, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Алтан-Овоо *** тоот гэртээ шөнө 23 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б-ийг “согтуу ирлээ” гэж хэллээ гэх шалтгааны улмаас зүүн хацар болон аман тус газар нь гараараа тус бүр 1 удаа “зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлийг учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь : 

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Я.Ц нь архи согтууруулах ундаа хэрэглэж, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Алтан-Овоо *** тоот гэртээ шөнө 23 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б-ийг “согтуу ирлээ” гэж хэллээ гэх шалтгааны улмаас зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь :         

- зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Нөмрөг Овоо **** тоот нөхөр нь эхнэрээ зодоод байна...гэх тэмдэглэл /хх-03/,  

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-04/,  

- хохирогч Б.Б-ийн... байхад хамтран амьдрагч Ц гаднаас согтуу орж ирсэн...Би хаалга онгойлгоод яагаад архи ууж байгаа юм бэ, хүүхдүүд сэрээлээ, нүүрс авсан уу гал байхгүй гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм бэ холд гээд түлхсэн, би гараараа хацар луу нь алгадсан чинь намайг чанга түлхэхэд би газар унасан. Ц орон дээр очоод доошоо хараад хэвтээд өгсөн. Би чи одоо хүүхдийн хөлөн дээр уналаа, хэвтчихлээ яаж байгаа юм гээд татсан чинь босож ирээд гараараа миний  нүүр лүү нэг удаа цохисон ба би газар унасан...Тэгсэн муухай орилоод гал тогооноос хар иштэй хутга аваад чамайг ална шүү гээд хутгаа далайгаад алчъя, алаад яваад өгье гээд орилоод байхаар нь би ноцолдож байж хутгыг аваад үүдний амбаар луу шидсэн. Тэгээд хүүхдүүд чинь уйлаад байхад чинь одоо болиоч гэсэн чинь дахиад хөлөөрөө өшиглөөд унагаасан. Би манараад унасан. Ц над руу хананд өлгөөтэй байсан зурагт аваад шидсэн, зурагт миний хөлийг оносон. Мөн над руу хүлээн авагч шидсэн. Би ээж, дүү хоёр луу утсаар ярьсан...гэх мэдүүлэг /хх-06-07, 22-23, 90/,  

- аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-08-09/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-61-65/, Сонгинохайрхан дүүрэг дэх 36-р хорооны хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-66-67/,

- Сорт чоно ХХК-ийн Натур эмнэлэг “компьютерт томографикийн оношилгоо /хх-26-28/,  

- шинжээчийн дүгнэлт...Б.Б-ийн биед зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсгэгдэх боломжтой. ...гэх /хх-11-12/,

- шүүгдэгч Я.Ц-ын...Би өдөр ажлаа тараад оройн 22 цагийн үед бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ орсон...эхнэр Б.Б нь нүүрс авчирсан юм уу гээд уурласан ба  эхнэр бид хоёр маргалдаад би гараас нь барьж аваад түлхээд унагасан. Тэгээд эхнэр орны толгой руу нүүр хэсгээрээ мөргөж унасан. Тэгээд босоод ирэхээр нь би эхнэрийн зүүн хацарт нэг удаа алгадсан. Мөн уруул хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Би эхнэрийг түлхэж унагаагаад ухрах үедээ тохойгоороо зурагтыг түлхэж унагаасан байсан. Уурласан байх үедээ өмдний уяа тайлагдахгүй байхаар нь гал тогооны тавиур дээр байсан хутгаар уяаг тасдах гэж авсан. Тэрнээс биш эхнэр лүү хутга барьж дайрч айлган сүрдүүлсэн асуудал гаргаагүй...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хамтран амьдрагч Батчимэгийн биед эмчилгээ үйлчилгээ хийлгэж, эм тариа авч өгч тухай бүрт хохирол төлж байсан. Бид хоёр эвлэрсэн, эмчилгээний баримт байхгүй...гэх мэдүүлэг /хх-32-33, 77-78/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.             

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.   

Харин хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч нь гэр бүлийн дундын өмчийн телевизорыг авч шидсэн, мөн гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн дэргэд үйлдсэн тухай мэдээлэл байсаар атал телевизорыг устгасан буюу гэмтээсэн, ямар үнэлгээтэй эсэх түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн дэргэд үйлдсэн зөрчлийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байгааг анхааруулан тэмдэглэж, дээрх зөрчил нь тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэн тус хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэв.     

Иймд шүүгдэгч Л.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн баримтгүй, гомдол саналгүй /хх-90/, шүүгдэгч нь хохирогчид эм тариа, оношилгооны зардалд 180.000 төгрөг төлсөн тухай мэдүүлсэн байх ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, “*****” компанид засварчнаар ажилладаг буюу орлоготой, хувьдаа тээврийн хэрэгсэлтэй болон  үүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-36-45, 46-56, 57, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн бичгээр ирүүлсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Цэ-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :      

 

1. Шүүгдэгч Я.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.               

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ц-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Цэрэнтогтоход оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Я.Ц-д мэдэгдсүгэй.          

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Я.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР