| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0037/И |
| Дугаар | 52 |
| Огноо | 2018-02-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 52
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багт байрлах Т банк ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р багт оршин суух, Х овогт Б.Д-д холбогдох
“Үндсэн зээл 7,991,156.91 төгрөг, үндсэн зээлийн хүү 3,280,909.41 төгрөг, нийт 11,272,066.32 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХХК-ний Дорноговь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д овогтой Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Б овогтой Д нар нь Т банкны Өргөн Тооцооны төвөөс 2013 ны 05 сарын 10-ны өдөр 250 дугаар зээлийн гэрээ байгуулан 11,221,734 төгрөгийн тэтгэвэрийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй , 24 сарын хугацаатай сар бүр тэнцүү 560,740 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр авсан болно. Зээлдэгч Д.Б нь 2013 оны 08 сард нас барсан бөгөөд 2013 оны 09 сараас тэтгэвэр нь орж ирэхгүй зээл төлөгдөхгүй зээлийн гэрээний 2.2.3, 2.3.1 дахь заалтуудыг тус тус удаа дараа зөрчсөн болно. Хамтран зээлдэгч Б.Д-тэй 2013 оны 09 сараас эхлэн зээлийг төлүүлэх талаар байнга очиж уулзаж, зээлийг бүрэн төлж барагдуулах талаар мэдэгдэл өгөн зээл хаахыг шаардаж байсан боловч 2014 оны эхээр Б.Д нь Өргөн сумаас Улаанбаатар хот руу шилжин явснаас хойш холбоо тасарсан. Зээлийг төлүүлэх талаар хамтран зээлдэгч Б.Д-н ээжтэй уулзаж асууж сурагладаг байсан боловч охиноо хаана байгааг хэлэхгүй нуусаар зээлээ төлж барагдуулалгүй өнөөдрийг хүрээд байна. Хамтран зээлдэгч Б.Д-тэй 2018 онд холбоо тогтоон зээл төлөх талаар шаардлага тавьсан боловч боломжгүй гэх шалтгаанаар зайлсхийж хугацаа хожих байдлаар үндсэн зээлээс нийт 454 хоног хугацаа хэтрээд байна. Иймд хамтран зээлдэгч Б.Д-с нийт 1,272,066.32 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Т банк ХХК-ний Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С нь шүүхэд гаргасан тайлбартаа: “О овогт Э.С миний бие хариуцагч Б.Д-н хариу тайлбартай танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,272,066.32 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбар ирүүлсэн байна. Мөн нэг тайлбартаа сарын сүүлээр 250,000 төгрөгөөр төлөхөөр банктай ярилцсан талаар тайлбар ирүүлсэн байна. Өөрийн одоо байгаа орлоготой уялдуулан сар бүр төлөлт хийхээр банктай ярилцсан иймд сард төлөх дүнг шүүхийн шийдвэрт тусгалгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч бүхэлд нь төлөхөөр хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б овогтой Д нь Д овогтой Б-н төрийн банкны тэтгэврийн зээлийн үлдэгдэл 11,272,066.32 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул төрийн банкинд төлж барагдуулах нь үнэн болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХХК-ний Дорноговь салбар нь хариуцагч Б.Д-д холбогдуулан үндсэн зээл 7,991,156.91 төгрөг, үндсэн зээлийн хүү 3,280,909.41 төгрөг, нийт 11,272,066.32 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Б.Д нь 11,272,066.32 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Т банк ХХК-ний Дорноговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,303 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 11,272,066.32 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж, 97,651.5 төгрөгийг, төрийн сангаас 97,651.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т банк ХХК-ний Дорноговь салбарын нэхэмжлэлийн шаардлага болох 11,272,066.32 төгрөгийг хариуцагч Б.Д нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,303 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 97,651.5 төгрөг, хариуцагч Б.Д-с 97,651.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-ний Дорноговь салбарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н