| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0038/И |
| Дугаар | 55 |
| Огноо | 2018-02-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 55
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20 дугаар хороонд байрлах “Г” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, Т овогт Б.О-т холбогдох
“Худалдах худалдан авах гэрээний үүрэг 3,941,500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.О нь манай компанид хүсэлт тавин 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тоот худалдах худалдан авах тухай гэрээ байгуулан 1 килограммыг 450 төгрөгөөр, нийт 11 тонн 870 килограмм 5,341,500 төгрөгийн үнэ бүхий төмсийг 2014 оны 02 дугаар 18-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд зээлээр худалдаж авсан. Гэрээний урьдчилгаанд 1,400,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 3,941,500 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардаж, утсаар ярьж, уулзалт хийсэн боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өдийг хүрсэн. Иймд Б.О-с 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тоот худалдах худалдан авах гэрээний төлбөр 3,941,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г” ХХК-ний нэхэмжилсэн 3,941,500 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Б.О-т холбогдуулан 3,941,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Б.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь 3,941,500 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэсэн байх ба зохигчид нэхэмжлэлийн шаардлага 3,941,500 төгрөгийг төлөхдөө 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 01-ний өдөр 660,000 төгрөгөөр 2018 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл төлж, 2018 оны 08 сарын 01-ний өдөр 641,500 төгрөгийг төлж дуусгахаар хугацаан дээр эвлэрсэн байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3,941,500 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч “Г” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,014 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 3,941,500 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж, 39,007 төгрөгийг, төрийн сангаас 39,007 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болох 3,941,500 төгрөгийг хариуцагч Б.О нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,014 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 39,007 төгрөг, хариуцагч Б.О-с 39,007 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н