Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийшээгийн Ганбат |
Хэргийн индекс | 187/2022/0361/Э |
Дугаар | 2022/ШЦТ/360 |
Огноо | 2022-05-11 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | О.Доржмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/360
2022 5 11 2022/ШЦТ/360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б овогт Г-ын А-эд холбогдох эрүүгийн 2210007670480 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хос өргөө” хотхоны автобусны буудлын орчим С.Н-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн гайморовын хөндийн урд хананд зөрүүгүй хугарал, гайморовын хөндийд шингэн хуралдалт, хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн талын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий хуруу, алганы зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч Г.А: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч С.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би хичээлээ тараад 19 цагийн үед сургуулиасаа автобусны буудал руу явж байх үед би нэг үл таних ахтай тааралдсан ба яг сургуулийн хашааны хаалганы тэнд болсон юм. Тэгээд тэр ах надаас тамхи асуухаар нь байхгүй гээд хэлсэн чинь надтай зөрөхгүй ахиад тамхи асуугаад байхаар нь үнэхээр байхгүй байна, ахаа гээд хэлсэн чинь намайг түлхээд миний нүүр рүү цохисон, тэгээд би хойшоогоо уначхаад босоод ирсэн чинь хамраас цус гарч байсан. Тэгээд би та яаж байна гээд хэлсэн чинь миний нүүр рүү ахиад цохисон. Тэгэхээр нь би цагдаа дуудчихаад байж байсан чинь тэр ах намайг чи чинь ямар арчаагүй залуу вэ гээд ахиад хавирч унагаад гар өчөөд ноцолдсон. Тэгэхээр нь би босоод тэр ахыг тэврээд автал тэр ах зугтах гээд байсан. Тэгсэн чинь хажуугаас цагдаа нар ирээд бид хоёрыг хэлтэс рүү авч явсан...” /хавтас хэргийн 19-20 дахь тал/ гэсэн мэдүүлэг
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4372 дугаартай дүгнэлтэд: “...С.Н-ын биед тархи доргилт, зүүн гайморовын хөндийн урд хананд зөрүүгүй хугарал, гайморовын хөндийд шингэн хуралдалт, хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн талын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий хуруу, алганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” /хавтас хэргийн 27-28 дахь тал/ гэсэн дүгнэлт,
Яллагдагчаар Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Нямболдын хажууд өнгөрөөд явсныг санаж байна, яг зодоон хийсэн эсэхээ санахгүй байгаа. ...би хохирлоо барагдуулсан. (хавтаст хэргийн 36-37 дахь тал) гэсэн мэдүүлэг
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 9 дэх тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-15 дахь тал)
- Шүүгдэгч Г.А-ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгал төлсөн лавлагаа, гэр бүлийн бүртгэлийг лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд (хавтас хэргийн 43-52 дахь тал), хохирогч С.Н- гомдол санал байхгүй гэх хүсэлт (хавтас хэргийн 53 дэх тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Г.А нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хос өргөө” хотхоны автобусны буудлын орчим С.Н-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн гайморовын хөндийн урд хананд зөрүүгүй хугарал, гайморовын хөндийд шингэн хуралдалт, хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн талын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий хуруу, алганы зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт, хохирогч С.Н- болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4372 тоот дүгнэлт, Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 9 дэх тал/,
- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-15 дахь тал).
- хохирогч С.Н- гомдол санал байхгүй гэх хүсэлт (хавтас хэргийн 53 дэх тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч С.Н-ын эрүүл мэндэд учирсан “...биед тархи доргилт, зүүн гайморовын хөндийн урд хананд зөрүүгүй хугарал, гайморовын хөндийд шингэн хуралдалт, хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн талын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий хуруу, алганы зулгаралт...” бүхий хүндэвтэр гэмтлийг нь шүүгдэгч Г.А санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.А, хохирогч С.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Мөн дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар буюу онц харгис хэрцгий агаар үйлдсэн гэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулахын өмнө болон учруулах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж үйлдсэнийг ойлгоно.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Г.Аэд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.Аэд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч С.Н-ын эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн гайморовын хөндийн урд хананд зөрүүгүй хугарал, гайморовын хөндийд шингэн хуралдалт, хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн талын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий хуруу, алганы зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, эмчилгээнд 4.000.000 төгрөг төлсөн, хохирогч С.Н- санал хүсэлтгүй гэсэн хүсэлт (хавтас хэргийн 53 дахь тал) гэсэн байх тул шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2210007670480 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын А-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганболдын Амармэндийг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Аэд торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Аэд оногдуулсан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ
0511