Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 376

 

2019            4              25                                            2019/ДШМ/376

 

 

М.С, М.У нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 813 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтээр М.С, М.У нарт холбогдох 1706008500170, 1709008980311 дугаартай эрүүгийн хэргүүдийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Г.овгийн М.н С, 1998 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн . тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:./;

 

2. Б. овгийн М.н У, 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, Хар сүлд хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай гэх, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Дундговь аймгийн ..... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ..... тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:......../;

 

М.С, М.У нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 4-ний орой 23 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Тунелийн орчимд Б.Лувсандонойн “Samsung note 3” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан буюу бусдын эд хөрөнгийг бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.С, М.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г. овогт Мягмарсүрэнгийн С, Б. отог овогт М.н У нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3- д заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүргийг М.С, М.У нарт хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Сын 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс энэ өдөр хүртэл 10 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох, М.У нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, М.Уд хувийн баталгаа гаргах таслан cэргийлэх арга хэмжээ тус тус авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.С, М.У нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, М.С, М.У нарт тус бүр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 813 дугаартай шийтгэх тогтоолоор М.Сыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Хэргийг шийдвэрлэсний дараа М.Сын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны гадна байсан хохирогч С.Цэвэгжавын 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 1780 УНЭ улсын дугаартай, “Suzuki swift” загварын автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн М.Утэй бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 4-ний шөнийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Тунелийн орчим хохирогч Б.Лувсандонойгийн “Samsung Note 3” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” байна.

Иймд М.Сын Баянзүрх дүүргийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 813 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1706008500170 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэнээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

М.С нь М.Утэй бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 4-ний орой 23 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Тунелийн орчимд Б.Лувсандонойн “Samsung note 3” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдсэн үйлдэлдээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 813 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө  М.С нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны гадна байсан хохирогч С.Цэвэгжавын 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 17-80 УНЭ улсын дугаартай, “Suzuki swift” загварын автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн 1706008200170, 1709008980311 дугаартай хэргүүдэд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

М.Сыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 813 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэх үед түүний үйлдсэн гэх дээр дурдсан хэрэг илрээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Энэхүү зохицуулалтаас үзэхэд, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байна.

 

М.Сын үйлдсэн гэх хэргүүд нь цаг хугацааны хувьд нэг шийтгэх тогтоолоор шийтгэгдэх боломжтой хэргүүд байх бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 813 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх асуудал орхигдсон нөхцөл байдал үүссэн учраас хэргүүдийг нэгтгэж нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял нэмж нэгтгэх боломжтой, харин хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд уг хэрэгт ял шийтгэл оногдуулж, ялыг нэмж нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсч, үүнийг хуулиар зохицуулаагүй орхигдуулжээ.

 

Иймд прокурор  Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 813 дугаартай шийтгэх тогтоолын М.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 813 дугаартай шийтгэх тогтоолын М.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, М.С, М.У нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                      ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ӨСӨХБАЯР

 

                      ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                       ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН