Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0096

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 03 өдөр           Дугаар      0096          Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “ӨГА” ХХК,

Хариуцагч: БДТХТУБ О.Э, Ш.Г,

Нэхэмжлэлийн шаардлага: “БЗДТУБ-ийн  2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн татвар ногдуулалт, төлөлтийн тухай 240010886 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн  төлөөлөгч Л.Т, хариуцагч Ш.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

нэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ӨГА” ХХК нь 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж, Автомашинаар ачаа тээвэрлэх үйлчилгээ, гадаад худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 оны 08 дугаар сарын

07-ны өдөр батлагдаж 2015 оны 04 сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны татвар, нийгмийн даатгал, бусад татвар ногдуулах орлогыг нуун дарагдуулсныг сайн дураар зохих төрийн захиргааны байгууллагад мэдүүлсэн тохиолдолд татвараас нэг удаа чөлөөлөхөөр хуульчлагдсан. Үүний дагуу “ӨГА” ХХК хуульд заасан хугацаанд алдаатай гарсан тайлангаа засаж мэдүүлж, энэ хугацааны зөрчлөөс хуулийн дагуу нэг удаа чөлөөлөгдсөн болно. Гэтэл БДТХТУБ О.Э, Ш.Г нар ‘ӨГА” ХХК-ийн 2012-2013 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийж 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийн тухай” 240010886 дугаар актаар 966,740,908,43 төгрөгийн зөрчилд 96,674,090.84 төгрөгийн нөхөн татварын төлбөр ногдуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргасан боловч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар “ӨГА ХХК-ийн гомдлын тухай” тогтоолоор татварын улсын байцагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Дээрх татварын улсын байцаагчийн акт болоод Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолуудаар татвар ногдуулалтаас чөлөөлөгдсөн хэсэгт дахин татварын ногдуулж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр ахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу БЗДТХУБ-ийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 240010886 дугаар “Татвар ногдуулалт, төлөлтийн тухай” акт, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар “ӨГА ХХК-ийн гомдлын тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэж ээ.

хоёр. Хариуцагч Ш.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө нар нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр улсын байцаагчийн акт гарсан. Үүнийг хуулийн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Татвар төлөгчтэй холбоотой, хуурамч бичиг баримттай холбоотой падануудыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт удирдлагын арга зүйн газарт хандан гаргасан байгаа. Уг албан бичигт аж ахуйн нэгжүүд нь Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон учир хяналт шалгалт хийж, дүгнэлт хэлбэрийн албан бичгийг явуулсан. Татвар төлөгч “В” ХХК, “ГБ” ХХК, “БТ” ХХК, “С” ХХК, “Д” ХХК, “ГБТТ” ХХК, “А” ХХК гэх 8 компани нийт 9 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хуурамч бичилтийг худалдан авалтдаа тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвараас 9.667.490.95 төгрөгийн хасалт хийсэн зөрчилд акт тавьсан.

Акт тавьсан үндэслэл нь цагдаагийн газрын албан бичгээр тогтоогдож байгаа. Хоёрдугаарт татвар төлөгч нотлох баримтаар гаргаж өгсөн татварын тайландаа хасалт хийсэн гэж бичсэн нь баримтаар нотлогдсон. Татвар төлөгч нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу “татварын өрөө тайлагнасан гэсэн” нууцын зэрэглэлтэй албан бичиг байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар бараа борлуулсны орлогод 37.227.270.73 төгрөгийг тайлагнасан гэсэн. Үүнд манай улсын байцаагч нар нэг ч акт тавиагүй. Зөвхөн татварын албанд тайлагнасан орлогод нь акт тавьсан байгаа. Орлого нь нийтдээ 96 сая төгрөг болж байгаа гэсэн. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилт нь хөрөнгө орлогоо сайн дурын үндсэн дээр бүртгүүлээгүй, мэдээллээгүй, тайлагнаагүй хуулийн этгээд сайн дураараа тайлагнахыг хэлж байгаа. Гэхдээ энд зөвхөн хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр нуун дарагдуулсан өөрийн өмчийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө түүнтэй адилтгах бусад хөрөнгөө тайлагнахаар тусгагдсан байдаг. Гэтэл татвар төлөгч зөвхөн худалдан авалт хийснээ тайлагнасан. Манай байгууллага худалдан авалтад нь акт бичсэн. Хариу тайлбартаа бичсэн зүйлсээ дэмжиж байна.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа БЗДТУБ-ийн  2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн татвар ногдуулалт төлөлтийн тухай 240010886 дугаар акт, нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “ӨГА” ХХК-ийн гомдлын тухай 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлж, шүүхээс нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “ӨГА” ХХК-ийн гомдлын тухай 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс БДТХТУБ О.Э, Ш.Г нарын 2012-2013 оны татварын төлөлт ногдуулалтын байдалд хяналт шалгалт хийж, 966,740,908.43 төгрөгийн зөрчил илрүүлж, 96,674,090.84 төгрөгийн нөхөн татварын төлбөр ногдуулсан эдгээр зөрчлөө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу сайн дураараа мэдүүлсэн бөгөөд татвараас чөлөөлөгдөх ёстой гэж, хариуцагчаас...татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд  нөхөн татварыг ногдуулахдаа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хүү, торгууль, алданги ногдуулаагүй, харин Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих  тухай хуулийн хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татвар хамрагдахгүй гэж маргажээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, гомдлын шаардлагыг дараахь байдлаар дүгнэж шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Татварын улсын байцаагч О.Э, Ш.Г нар нийслэлийн прокурорын газрын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн албан бичиг, хяналт шалгалт хийх томилолт, ерөнхий удирдамжийн дагуу ӨГА ХХК-ийн 2012-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр 966,740,908.43 төгрөгийн зөрчил илрүүлж, татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 240010886 дугаар актаар 96,674,090.84 төгрөгийн нөхөн татварыг ногдуулжээ.

Уг актаар тус компанийг “В” ХХК-аас 309,090,909.08 төгрөгийг, 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 9863865 дугаартай падаанаар ГБ ХХК-аас 77,272,727.30 төгрөгийг, 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4253684 дугаартай падаанаар “Баянтосон” ХХК-аас 9,304,545.50 төгрөгийг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12186459 дугаартай падаанаар  “С” ХХК-аас 40,090,909.09 төгрөгийг, 12186460 дугаартай падаанаар 49,000,000.0 төгрөгийг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11677849 дугаартай падаанаар “Д” ХХК-аас 363,636,364.00 төгрөгийг, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 13038118 дугаартай падаанаар “ГБТТ” ХХК-иас 45,454,545.45 төгрөгийг, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 13278810 дугаартай падаанаар “А” ХХК-иас 72,890,909.09 төгрөгийг нийт 966,740,908.43 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бүхий худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх дүнг 96,674,090.84 төгрөгөөр бууруулсан болохыг тогтоожээ.

БЗДТУБ-ийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 240000262 дугаартай дүгнэлтээр “ӨГА” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтаар 309,090,909.1 төгрөгийн зөрчил илэрч, татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 309,090,909.1 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэж, нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоолын 11 дэх хэсэгт БЗДТУБ-ийн 2015 оны 230000262 дугаар дүгнэлтээр “ӨГА” ХХК нь 2012 онд “В” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж 309,090,909.08 төгрөгийн  хий бичилт бүхий худалдан авалт хийсэн мэтээр худалдан авалтыг хасалт хийж, 30,909,090.9 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч “ӨГА” ХХК нь Эдийн Засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын  тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд  ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол дор дурдсан хуульд заасан  бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө. Мөн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль” гэж заасны дагуу санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, нэмэгдсэн өртгийн албан татварын нэмж мэдүүлсэн тайлан гаргасан байна.

Дээрх үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргадаггүй бөгөөд харин,  нэхэмжлэгчийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа тайлагнах үүргээ биелүүлээгүй болохыг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны хяналт шалгалтаар тогтоосны дараа хий бичилттэй худалдан авалт хийснээ мэдүүлсэн  тул энэ хуулийн хэрэгжилтэд хамрагдахгүй гэж маргаж байна.

Хариуцагч нь  Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн,  мөн зүйлийн 74.3 дахь хэсэгт Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь том татвар төлөгчтэй харилцах, хэвлэл мэдээлэл, мэдээллийн технологи, сургалт, татварын үйлчилгээ хариуцсан харьяа нэгжтэй байж болно.” гэж зааснаар татварын хяналт шалгалтыг хийх чиг үүргийн хэрэгжүүлж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ”, 14.4 дэх хэсэгт “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ”, 14.5 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр “ӨГА” ХХК-ийг 96,674,090.84 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр улсын байцаагчийн акт үйлдсэн нь эрх зүйн үндэслэлийг зөв хэрэглэсэн ч тухайн тохиолдлын бодит байдалтай тохироогүй байна гэж үзлээ.

Учир нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр”, мөн зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль” гэж зааснаар хариуцагч 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг сайн дурын үндсэн дээр шинээр тайлагнасан  тул хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөхөөр байна.

Гэхдээ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.1-д “Энэ журамд хэрэглэсэн дараах  нэр томьёог доор дурьсан утгаар ойлгоно гэж”, 2.1.1-д “нуун дарагдуулсан гэж хувь хүн хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-т заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байх” урьдчилсан нөхцөлийг заажээ.

Энэ хэргийн тухайд нэхэмжлэгч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн хэрэгжих хугацаанд, улсын байцаагчийг 2017 оны 240010886 дугаартай акт гаргахаас өмнө буюу тус компанид хяналт шалгалт орохоос өмнө  сайн дурын үндсэн дээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа шинээр тайлагнасан болох нь хавтаст хэрэгт авагдсан улсын байцаагч нарын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 240010886 дугаартай акт, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинээр гаргасан тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч нарын гаргасан “...нэмэгдсэн өртгийн албан татвар энэ хуулийн хүрээнд хамрагдахгүй...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Харин маргаан бүхий актаар “ӨГА” ХХК нь 2012 онд “В” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж 309,090,909.08 төгрөгийн хий бичилт бүхий худалдан авалт хийсэн мэтээр худалдан авалтыг хасалт хийж, 30,909,090.9 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн болохыг тогтоосон нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 240000262 дугаартай дүгнэлтээр “...”В” ХХК-ийн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12676356 дугаартай падаанаар 180,818,181.81 төгрөгийн, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12676356 дугаартай падаанаар 128,272,727.27 төгрөгийн нийт 309,090,909.08 төгрөгийн үнийн дүн бүхий материал худалдан авсан мэтээр хуурамч бичилт хийлгэн авч, 2012 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайландаа худалдан авалтын хасалтад тооцож, татвар ногдуулах орлогоо, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчлийг илрүүлэн, эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичиж, цагдаагийн байгууллагад шилжүүлж, 2016 оны  прокурорын Эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгох тухай 482 дугаар тогтоолоор “ӨГА” ХХК-ийн захирал Л.Т нь 2012 онд “В” ХХК-ийн  нэмэгдсэн өртгийн албан татварын  падааныг ашиглан нийт 309,090,909.08 төгрөгийн  хий бичилт бүхий худалдан авалт  хийсэн мэтээр хасалт хийж, 30,909,090.9 төгрөгийн  буюу онц их хэмжээний хохирол учруулж татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж” хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд маргаан бүхий актаас В ХХК-ийн нэмэгдсэн өртгийн падаанийг ашиглан хий бичилт бүхий  худалдан авалт хийсэн мэтээр худалдан авалтын хасалт  болох 30,909,090.9 төгрөгийн татвар төлөөгүй болохыг холбогдох төрийн байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсоны дараа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу сайн дураараа тайлагнасан гэж үзэхээр байх тул маргаан бүхий актын энэ хэсэг нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг   зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1 дэх хэсгийг баримтлан “ӨГА” ХХК-ийн нэхэмжлэлээр БДТХТУБ О.Э, Ш.Г нарт холбогдуулан гаргаснаар, маргаан бүхий улсын байцаагчийн актаар оногдуулсан 96,674,090.84 төгрөгийн нөхөн татварыг 64,764,999.94 төгрөгөөр бууруулан тогтоож, үлдэх 30,909,090.90 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээсүгэй.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  түүний  тавин хувь болох 35100 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ