Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/0379

 

 

2015 оны 8 сарын 13 өдөр

 

Дугаар 221/МА2015/379

 

Улаанбаатар хот

 

 

 

С.М гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч С.М , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 358 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, С.М гийн нэхэмжлэлтэй, БОНХАЖЯ-ны  Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор тус яамны бүтцэд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар буюу миний ажлын байр хэвээр батлагдсан, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар төрийн байгууллага татан буугдаагүй, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар өөрчлөгдөөгүй. Уг ажлын байранд төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй Ж.Нацагдоржийг томилж, ажлыг хүлээлцүүлсэн... Иймд, БОНХАЖЯ-ны  Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-18 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байгаа хугацааны цалинг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд үндсэн цалинг ТЗ-7-1 шатлалаар 591.218 төгрөгөөр тооцон гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж, 2014 оны ээлжийн амралтын мөнгө 370.215.26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч БОНХАЖЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...Засгийн 2014 оны 382 дугаар тогтоолоор тус яамны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн зохион байгуулагдсантай холбогдуулан С.М г чөлөөлж тэтгэлэг олгосон, түүнд ажлын байр санал болгоход хүлээн аваагүй гэсэн. Түүний эрхэлж байсан БОНХАЖЯ-ны  Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт төсвийн дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр Ж.Н-ийг 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б-61 дүгээр тушаалаар томилсон...

 

С.М  нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шилжин ажиллахаар ирэхдээ ТЗ-6-1 шатлалын цалингийн сантай ирсэн, түүнийг томилсон БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б-100 дугаар тушаалаар ТЗ-6 шатлалаар цалинжуулахаар заасан тул ажилгүй байсан хугацааны цалинг ТЗ-7 шатлалаар бодох үндэслэлгүй... Тус яамны Хөдөлмөрийн дотоод журмын 6.6-д зааснаар байгууллага хооронд ажилласан ажилтан өмнө нь ажиллаж байсан байгууллагатай ээлжийн амралтын тооцоог хийсэн байх журамтай тул манай яам 2014 оны ээлжийн амралтын мөнгийг хариуцан төлөх үндэслэлгүй... ажлаас нь чөлөөлөхдөө 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 3.286.554 төгрөгийг түүнд олгосон учир ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх үндэслэлгүй... С.М гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 358 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6, 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОНХАЖЯ-ны  Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-18 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.М г БОНХАЖЯ-ны  Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт төсвийн дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан энэ өдрийг хүртэлх хугацаанд өмнө эрхэлж байсан албан тушаалын үндсэн цалинг ТЗ-7-1 шатлалын 591.218 төгрөгөөр тооцон 2.956.090 төгрөг, 2014 онд ээлжийн амралт биеэр эдлээгүйн олговор 370.215.26 төгрөгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас гаргуулан олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, С.М г БОНХАЖЯ-ны  Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт төсвийн дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын цалин олговрыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг БОНХАЖЯ-ны  Төрийн нарийн бичгийн даргад даалгаж тус тус шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, Б.М нар давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, хариуцагчийн хариу тайлбарыг үл хайхарсан байна. Тухайлбал: БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б-100 дугаар тушаалаар С.М г Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтнээр томилохдоо 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор тушаалд тухайн ажилтны ажиллах хугацааг зааж өгсөн. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ээлжийн амралт олгох заавар-ын 12-д Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллах ажилтан урьд ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогчтой ээлжийн амралтын тооцоог заавал хийж дуусгасан байна гэж заасныг нэхэмжлэгч зөрчиж, ээлжийн амралтын тооцоогоо хийгээгүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/63 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн байсан.

 

Шүүх Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, шилжин ажилласан ажилтны ээлжийн амралтыг олгоогүй эрхийг нь зөрчсөн гэж үзсэн. Нэхэмжлэгч С.М  өмнө нь ажиллаж байсан байгууллагатайгаа ээлжийн амралтын тооцоогоо хийх үүргээ биелүүлээгүй байхад хариуцагч талыг 2 сар ажилласан ажилтанд ээлжийн амралтын олговрыг олгох ёстой гэж шийдвэр гаргасан байна. С.М гийн санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжил, мэргэшлийн дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь бүтцийн өөрчлөлтөөр хадгалагдан үлдээгүй бөгөөд яамны өмнөх бүтцэд уг албан тушаалыг гэрээгээр гүйцэтгүүлж байсан.

 

Монгол Улсын Засгийн газрын 382 дугаар тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын а-д зааснаар манай яамны бүтцэд өөрчлөлт орж, нэхэмжлэгч С.М  Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Албан тушаалаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай Б-18 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 3.286.554 төгрөгийг түүнд олгосон нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон дээрх Засгийн газрын 382 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн нь хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн зэрэг зөрчил байхгүй, хууль зүйн үндэслэлтэй. Иймээс хэргийг магадлан хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

 

1.    БОНХАЖЯ-ны  Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-18 дугаар тушаалаар тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудит хариуцсан мэргэжилтэн С.М г 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгожээ.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай 382 дугаар тогтоолоор БОНХАЖЯ-ны  орон тооны хязгаарыг баталж, уг тогтоолын дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А-05 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт төсвийн дотоод аудит хариуцсан мэргэжилтний орон тоо 2, төрийн албан хаагчийн ТЗ-7 гэсэн ангилал зэрэглэлд хамаарагдахаар батлагджээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын салбарын чиг үүрэг нь Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд нэгтгэгдэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болсон ба дээрх нэгжүүдийн хэрэгжүүлэх чиг үүргүүд адилхан, агуулгын хувьд өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл, тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт төсвийн дотоод аудит хариуцсан мэргэжилтний орон тоо, албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх тогтоолоор ...Төсвийг хэмнэхээр УИХ, Засгийн газраас шат дараалсан тогтоолууд гарсны дагуу Засгийн газрын алба хаагчдийн тоог цөөрүүлэх, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох үүднээс яам бүтцийн өөрчлөлт хийсэн... гэх үндэслэлээр С.М г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хэмээн тайлбар гарган маргаж байна.

 

Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) - ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах гэсэн баталгаагаар хангагдах ёстой.

 

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч С.М гийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг нь бүтцийн өөрчлөлтийн дагуу бий болсон нэгжид хэвээр хадгалагдан үлдсэн байхад түүнийг уг албан тушаалд ажиллуулахгүй, бүтцийн өөрчлөлт хийгдсэн нэрийдлээр албан тушаалаас нь чөлөөлсөн атлаа 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тухайн албан тушаалд Ж.Нацагдоржийг томилж, С.М гийн ажлыг хүлээлцүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заажээ.

 

Нэхэмжлэгч С.М  нь 2012-2013 оны хооронд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнээр, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэст санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчаар тус тус томилогджээ. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/63 дугаар тушаалаар түүнийг Сангийн яамны мэдэлд шилжүүлж, улмаар Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоол, БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б-100 дугаар тушаалаар тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр шилжин очиж, томилогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд буюу 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин Х.А-г төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх бөгөөд тэрээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ямар нэгэн ноцтой зөрчил дутагдал гаргаагүй байна.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд БОНХАЖЯ-ны  Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б-ы 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-18 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалттай тус тус нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

 

2.    Нэхэмжлэгч С.М  нь БОНХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогдохдоо урьд батлагдсан төсвийн дагуу 2014 оныг дуустал ТЗ-6-1 зэрэглэлээр цалинжсан, 2015 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн тухайн албан тушаал нь ТЗ-7-1 зэрэглэлд хамаарч цалинжих ёстой байсан нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 75-ны өдрийн А-05 дугаар, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А-20 дугаар тушаалаар ажлын байрны нэр, орон тоог батлахдаа Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт төсвийн дотоод аудит хариуцсан мэргэжилтний орон тоог ТЗ-7 зэрэглэлээр батлагдсан зэргээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны үндсэн цалинг ТЗ-7-1 шатлалаар тооцон олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/48 дугаар тушаалын хавсралтад заасны дагуу 2014 оны ээлжийн амралтыг 2014 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн эдлэх ёстой байсан боловч эдлээгүй, орон тоо нь байгууллага хооронд шилжин зохион байгуулагдаж, БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б-100 дугаар тушаалаар 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогджээ. Иймээс хариуцагч БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар нэхэмжлэгч С.М д 2014 оны ээлжийн амралтыг эдлүүлэх, биеэр эдлэх боломжгүй тохиолдолд ээлжийн амралтын олговор, урамшуулал зэргийг олгох ёстой атал энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь буруу болно.

 

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан

 

ТОГТООХ нь:

 

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 358 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Р