Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 122

 

                                 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Алтанхуяг, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

           Иргэдийн төлөөлөгч: Н.Чулуунбаатар,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Хохирогч: Д.Сувд,

Гэрч: А.Нямбаясгалан, Г.Авирмэд,

Шүүгдэгч: Т.Хулан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Баатарбилэг /ҮД-2156/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Тэрбишийн Хуланд холбогдох эрүүгийн 201626021744 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 1З-ны өдөр Төв аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний Их сургуулийн барилгын менежментийн 3 дугаар курсын оюутан, ам бүл З, ээж дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сармисны хонхор, 2-28 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, НЙ96061309 регистрийн дугаартай, Боржигон овогт Тэрбишийн Хулан.

    

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Хулан нь 2016 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан +25 бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусад руу пивоны шил шидэж, иргэн Д.Сувдын толгойг цохиж, биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Хулан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө найзуудтайгаа +25 нэртэй баарнд ороход зөөгч нь хоёр залуугийн сууж байсан ширээнд биднийг шахаад суулгасан. Би ариун цэврийн өрөөнд орохоор босохдоо санамсаргүйгээр хажууд сууж байсан залуугийн өмд рүү нь пиво асгасан. Гэтэл тэр залуу өмд хатааж өг гээд хамт явж байсан Авирмэд гэх найзын маань зургийг фэйсбүүкэд тавина гэсэн. Бид хоёр зургийг нь устгуулахаар тэр залуу дээр очиход тэр залуу их согтолттой байсан бөгөөд намайг хүчтэй түлхсэн. Би сандарсан байсан болохоор хаанаас ч юм нэг шилтэй пиво аваад барьсан байсан. Шилтэй пиво хүнд байсан болохоор гарнаас мултраад Сувдыг цохьсон. Гэтэл Сувд надаас 20,000 төгрөг өгчих гэхэд нь надад мөнгө байгаагүй болохоор өгч чадаагүй. Би Сувдад эмчилгээний төлбөрийг нь өгсөн. Цалин нэхэмжилсэн боловч мөнгөний бололцоогүйгээс болоод өгч чадаагүй гэв.

 

Хохирогч Д.Сувд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Манай баар хоёр заалтай юм. Би тэр өдөр хоёр дахь зааландаа гарч байсан. 04 цаг өнгөрч байхад тек дээрээ захиалгаа өгөөд байж байтал араас нэг зүйл намайг хүчтэй цохьсон. Маш их өвдөж байсан тул би доошоо суусан. Тэгээд хувцас сольдог өрөөндөө ороод хэвтсэн. Тэгтэл манай зөөгч охин чамайг шилээр цохьсон нөгөө охидууд чинь гарах гэж байна гэсэн. Тэгэхээр нь би Хулан дээр очоод чи намайг цохьсон байна гэхэд надаас уучлалт гуйсан. Гэтэл найз нь намайг доромжилсон. Тэгээд толгой эргээд байна гэхэд тооцоогоо аваад дууссан бол хувцас сольдог өрөөндөө ороод хэвтэж бай гэсэн. Гэтэл Хулангийн ширээнд 20,000 төгрөгийн тооцоо дутуу байсан. Тэр мөнгийг би нэгнээс нь нэхсэн. Манай хамгаалагч цагдаа дуудсан байсан. Эмч намайг гурван сар тутам үзүүлж бай гэсэн. Энэ хэргийн улмаас би одоог хүртэл ажилгүй байгаа. Цаашдаа эмнэлэгт үзүүл гэх юм бол түүнтэй холбоотой зардалаа нэхэмжлэх хүсэлтэй байна гэв.

 

Гэрч А.Нямбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Ажлаа хийж байгаад захиалгаа авах гээд текний урд зогсож байсан юм. Гэтэл гэнэт пивоны шил ирээд Сувдын толгойг цохьсон. Хулангийн ширээн дээр байсан пивонууд унаж байсан. Пивоны шил Сувдыг оноход Хулан ирээд Сувдаас уучлаарай гээд уучлалт гуйгаад байсан юм. Би Сувдад хандан гурван охин, хоёр залууг заагаад тэр эмэгтэй шилтэй пиво шидэхдээ санамсаргүй чамайг оносон гэж хэлсэн. Гэхдээ хувцасных нь өнгийг хэлээгүй. Сувдыг хойд талын өрөөнд оруулчихаад эргээд ирэхэд Хулан хоёр залуутай маргаж байсан юм гэв.

 

Гэрч Г.Авирмэд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

+25 гэдэг баар руу ороод бүжиглэж байгаад ширээндээ суутал нэг залуу ирээд миний сууж байгаа зургийг утсан дээрээ авсанаа үзүүлсэн. Тэгээд энэ зургийг чинь фэйсбүүкэд тавина гээд нөгөө заал руу нь орсон. Би араас нь Хулантай очиход Хулан манай найзын зургийг устгачих гэхэд чиний зургийг аваагүй чамд ямар хамаатай юм гээд түлхсэн. Шил шидсэнийг би хараагүй. Цагдаа дээр очиход Ариукагийн өгсөн мэдүүлгийг миний мэдүүлэг дээр хуулсан юм шиг санагдсан. Би ийм зүйл яриагүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс :  

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Ариунаагийн өгсөн:

            “... 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр найз Хулан, Авирмэд, Должин нартай уулзаад ... Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт +25 бааранд ороход зөөгч нь ширээ шахаж бид нарыг 1 эрэгтэй хүн сууж байгаа ширээнд суулгасан. ... ширээн дээрээ сууж байтал Хулан босохдоо тэр танихгүй эрэгтэй хүний өөрийнх ууж байсан пивийг санаандгүй асгачихсан. Гэтэл тэр эрэгтэй жаахан уурлаад, Авирмэдийн зургийг дарчихаад “фэйсбүүкэд тавина” гээд босоод, цаад талын заал руу орохоор нь Хулан, Авирмэд хоёр араас нь зургаа устгуулна гээд явсан. Тэгээд би араас нь 2-3 минутын дараа очиход нөгөө үл таних эрэгтэй хүнтэй Хулан маргалдаад байх шиг юм яриад байхаар нь би Хуланг боль гэж хэлчихээд, ширээн дээрээ ирж суусан. Хулан ч удаагүй миний араас ширээн дээрээ ирж суусан. Хулан энэ үед нилээн бухимдалтай байх шиг байсан ба нөгөө танихгүй эрэгтэй хүн манай ширээний хажуугаар явахаар нь Хулан хажуу талын ширээн дээр байсан шилтэй пивийг аваад, тэр эрэгтэй хүний зүгт шидсэн боловч оноогүй. Тэр эрэгтэй хүн өөр рүү нь пивоны шил шидэхийг харсан эсэхийг би мэдэхгүй байна. Харин шидсэн пивоны шил нь баарны зөөгч эмэгтэйг оносон бололтой тэр эмэгтэй текний дор суучихсан. Тэгээд Хулан зөөгч эмэгтэйгээс уучлалт гуйгаад байсан. Энэ үед зөөгч Хулангаас 20,000 төгрөг өг гэж хэлэхэд Хулан “чамд өгөх илүү гарсан 20,000 төгрөг алга” гэж хэлэхэд нөгөө зөөгч охин яваад өгсөн. Тэгээд удаагүй бид нар баарнаас гарах гэтэл цагдаа нар ирээд аваад явсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Должингийн өгсөн:

            “... Хулан, Авирмэд, Ариунаа нартай уулзаад ... Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах + 25 бааранд ороход баарны зөөгч нь бид нарыг 2 эрэгтэй хүн сууж байгаа ширээнд шахаад суулгасан. ... тэр 2 эрэгтэй хүний өндөр нь буюу 30 орчим настай гэмээр эрэгтэй хүн бид нартай яриад өдөөд байхаар нь бид нар ямар нэг зүйл яриагүй, тоогоогүй. ... баарны нөгөө талын заалны үүдэнд Хулан нөгөө хамт сууж байсан өндөр залуутай маргалдаад, муудалцаад зогсож байхаар нь би очоод, юу болсон талаар асуухад Хулан “энэ залуу бид нарын зургийг дарчихаад фэйсбүүкэд тавина гээд сүрдүүлээд байна, би яагаад зураг авч байгаа юм бэ устга гэж хэлэхэд устгахгүй байна, найзыг нь хойд талын зааланд бараг зодох шахлаа” гэж хэлээд Хулан бид хоёр ширээн дээрээ суух гээд байж байтал тэр залуу араас бид нарыг нэг муухай үгээр хараах шиг болсон. Тэгээд Хулан хаанаас ч юм нэг пивоны шил аваад, тэр залуугийн явж байгаа зүг рүү шидсэн ба тэр залууг оноогүй. Харин тэр шил нь зөөгч охины толгойг оносон юм шиг байна лээ. Ямар ч байсан миний харснаар баарны зөөгч охин уйлаад, текний дор суучихсан. ... Ширээнд байсан эрэгтэй хүн бид нарын зургийг фэйсбүүкэд  тавина гэж хэлснээс болж мөн Хуланг хэл амаар доромжилсноос болж Хулан уурандаа пивоны шил авч тэр залуугийн зүг шидсэн. Тэр зураг дарсан эрэгтэйг танихгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн нэмэлт үзлэг хийсэн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаартай:

1. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 2148 дугаартай дүгнэлт гарах үед Д.Сувдын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ГССҮТ-н Толгойн КТГ-н шинжилгээнд илэрсэн субарахнойдаль зайнууд дахь бага зэргийн цус харвалт гэмтэл оношлогдоогүй байсан байна. 

2. Д.Сувдын биед субарахнойдаль зайнуудад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь өөрөө унах үед үүсч болохыг үгүйсгэхгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн акт /хавтаст хэргийн 28-р хуудас/,

 

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43-р хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд  /хавтаст хэргийн 18-19, 40-42, 44-р хуудас/

- Хохирогч Д.Сувдын эмнэлэгт үзүүлсэн гэх баримтууд /хавтаст хэргийн 45-51, 61-69-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

         

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Хуланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар буюу танхайн сэдэлтээр пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Тухайн үед шүүгдэгч Т.Хулан болон түүний найзуудтай хамт нэг ширээнд суусан, маргалдсан гэх үл таних залууг олж тогтоогоогүй, үүнийг одоо цаг хугацааны хувьд тогтоох боломжгүй болсон байх ба хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоосон гэж үзэж шүүх хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдсан болно.

 

            Уг маргааныг анх хэн нь санаачлан эхлүүлснийг, мөн нэг ширээнд хамт суусан гэх “үл таних залуу” түүнтэй хамт байсан гэх залууг олж, тэдний үйлдлийг огт шалгаагүй атлаа, зөвхөн шүүгдэгч Т.Хулангийн үйлдлийг салган авч, түүнийг танхайрсан гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

                        Шүүгдэгч Т.Хулан нь нэг ширээнд хамт суусан үл таних залуутай “найз Г.Авирмэдийн зургийг дарчихаад, фэйсбүүкэд байршуулна” гэснээс үүдэн маргалдсан талаараа тогтвортой мэдүүлсэн, гэрч Г.Ариунаа, Д.Должин нар “хамт нэг ширээнд суусан үл таних залуу Г.Авирмэдийн зургийг дараад, фэйсбүүкэд байршуулна гэснээс болж Т.Хулан тухайн үл таних залуутай маргалдсан болохыг тодорхой мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн мэдүүлэг дээрх гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

                        Нөгөө талаар хэрэгт авагдсан нотолгооны чадвар бүхий нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Хулан нь анхнаасаа танхайрахад чиглэгдсэн гэмт санаатай үйлдэл хийгээгүй, өөрөөр хэлбэл, олон нийтийг илтэд үл хүндэтгэн айлган түгшээх, жигшил дургүйцлийг нь төрүүлэхээр орчин нөхцлийг зориудаар сонгон авч, өөрийгөө бусдын анхаарлын төвд байлгахыг хүсч эрмэлзэх зэргээр эмх замбараагүй буюу догшин авирлаагүй байх ба тухайн тохиолдолд зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

                        Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Т.Хулан нь хамт нэг ширээнд сууж байсан үл таних залуутай маргалдан түүний хууль бус ажиллагааны эсрэг, тухайн үл таних залуу руу чиглэсэн санаатай үйлдэл хийх үедээ тухайн маргаанд хамааралгүй зөөгч Д.Сувдын биед болгоомжгүйгээр хөнгөн гэмтэл учруулсан Т.Хулангийн үйлдэл нь Эрүүгийн хуулинд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Иймд Т.Хуланд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

                        Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Сувдад шүүгдэгч Т.Хулан нь 765,000 төгрөгийг төлсөн,          энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297 дугаар зүйлийн 297.6, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Тэрбишийн Хуланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Т.Хуланг цагаатгасугай.

 

2. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Т.Хулан цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

3.Хохирогч Д.Сувд нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

4. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Хуланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Хуланд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                               ШҮҮГЧИД                                          А.АЛТАНХУЯГ

 

                                                        Л.ОЮУН