| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2022/0360/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/359 |
| Огноо | 2022-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/359
2022 5 11 2022/ШЦТ/359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгч С.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б овогт С-ын У-од холбогдох эрүүгийн 2210005440336 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт С-ын У, (РД:)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.У нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 55 дугаар байрны 26а тоот гэртээ эхнэр Э.Л-тэй маргалдаж, улмаар аягаар нүүрэн тус газарт нь цохиж духанд зүсэгдсэн шарх, зүүн, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч С.У: “...Мэдүүлэг өгнө. 2 сарын эхээр найзынхаа төрсөн өдөрт очсон. Эхнэртэйгээ нийлж караоке орж согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн бөгөөд эхнэртэйгээ маргалдсан. Өглөө нь эхнэр над руу хуванцар аяга шидсэн учраас би зөрүүлж аяга шидсэн...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Э.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өглөө би гэртээ буюу Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 55-26 тоотод 10 цагийн үед сэрээд байж байгаад нөхөр Ууганболдод өчигдөр шөнө агсам согтуу тавьсан талаар хэлсэн чинь Ууганболд над руу янхан гичий гэх мэтээр хүүхдүүдийн хажууд доромжлоод байхаар нь би нөхөр лүүгээ хуванцар аягыг чиглүүлээд шидсэн чинь зөрүүлээд манай нөхөр над руу аваад шидсэн, тэгсэн чинь тэр аяга нь миний дух хэсэгт оноод цус гараад шархадсан, тэгээд Ууганболд намайг үсдэж татаад газарт унагаасан. Тэгээд би цагдаа дуудна гэсэн чинь нөхөр маань гараад явчихсан. Тэгээд би жин тавьж цусыг нь тогтоож байгаад Гэмтэл согог судлалын үндэсний төв лүү явж оёулаад гэртээ ирсэн, удалгүй цагдаагаас залгаад хэлтэс дээр дуудсан. Манай гэрт тухайн үед Ундрам, Мишээл, Соёмбо нар өөрсдийнхөө өрөөнд байж байсан. Миний духны зөөлөн эд шалбарч цус гарсан, тэгээд оёдол тавиулсан. Ууганболд 2022 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө гэртээ агсам тавьж хэл амаар доромжилсноос болоод өглөө би Ууганболдод уурлаад хуванцар аяга шидсэн чинь Ууганболд зөрүүлээд шидчихсэн, бид хоёр хэн хэн нь л буруутай. Ууганболд өмнө нь намайг сүртэй зодож цохиж байгаагүй, харин хэрүүл маргаан болох тохиолдол бол байсан тэгэх бүртээ цагдаагийн байгууллагаар шалгуулж тухай бүрт нь арга хэмжээ авагдаж торгуулж эсвэл эрүүлжүүлэгдээд өнгөрдөг байсан, ямар нэгэн ноцтой гэмтэл бэртэл учирч байгаагүй болохоор шүүхээр орж байгаагүй. ..би өмнө нь уурандаа жаахан хэтрүүлээд мэдүүлэг өгчихсөн байна лээ, надад ямар нэгэн эдийн засгийн болон бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, харин энэ удаад л миний биед гэмтэл учирч байна, бид хоёр 21 жил хамт амьдарч байгаа, хэрвээ байнга дарамтлуулаад байсан бол мэдээж би одоог хүртэл хамт амьдрахгүй байсан. Надад ямар нэгэн дарамтад байсан зүйл байхгүй ээ. Ууганболд ганц гэм нь архи дарс даадаггүй хааяа уухаараа орилж чарлаад хэцүү байдгаас биш зодож цохих асуудал гардаггүй. Энэ удаагийн асуудал бол бид хоёрын хэн хэнийх нь буруугаас үүдсэн асуудал байсан. Надад одоо гомдол санал байхгүй...” (хавтас хэргийн 16-17 дахь тал) гэсэн,
Гэрч У.Ундрам мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өглөө унтаад байж байсан чинь аав ээж хэрэлдээд эхэлсэн, тэгсэн чинь хоёр дүү манай өрөөнд ороод ирсэн, тэгээд гэнэт хаалга чанга хаагдахаар нь гайхаад босоод очтол ээжийн духан дээр нь гэмтчихсэн байсан. Тэгэхээр нь яасан юм бэ гээд асуусан чинь ээж усны сав аав руу шидээд аав зөрүүлээд шидсэн чинь духыг нь оночихсон гэмтэл явъя гээд ээж бид хэд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очоод ээжийн духыг оёулсан. Тухайн үед яагаад юунаас болж хэрэлдсэн юм мэдэхгүй. Манай аав ээж хааяа нэг хэрэлддэг гэхдээ зодолцож цохилцдоггүй, дандаа нэг ялих шалихгүй юмнаас болж маргалддаг. Аав маань хааяа нэг архи дарс уухаараа зодож цохиж дайрдаггүй ч гэсэн унтахгүй дуулж муулаад үгэнд орохгүй байгаад байдаг, ээжийг миний мэдэхийн зодож цохиж байгаагүй...” (хавтас хэргийн 21-22 дахь тал) гэсэн,
Гэрч Б.Баттогтох мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...С.У нь манай багын найз байгаа юм, би хамгийн сүүлд манай эхнэрийн төрсөн өдөр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр болоод бид нар хятад хоолны газарт тэмдэглэсэн. Тэгэхэд Ууганболд нь эхнэрийн хамт ирсэн, тухайн үед Ууганболд болон Лхагвасүрэн нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд шөнө гэртээ харьсан, надтай цуг байхад бол тэр хоёр хэрэлдэж муудалцсан зүйл огт байгаагүй, харин маргааш өглөө нь эхнэр нь уурлаад сав шидэхээр нь зөрүүлээд шидсэн чинь толгойг нь оноод гэмтээчихсэн гэж надад хэлж байсан. ...миний мэдэхийн л өмнө нь хэрэлдэж зодолдож байсан гэж огт сонсож байгаагүй. Бид нар гэр бүлийн найзууд болохоор байнга уулзаж учирч нэг нэгэндээ тус дэм болж байдаг...” (хавтас хэргийн 24-25 дахь тал) гэсэн,
Яллагдагчаар С.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 55-26а тоотод унтаж сэрээд орондоо хэвтэж байтал манай эхнэр Лхагвасүрэн нь намайг архи дарс уулаа гээд надтай хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгээд би тоохгүй байж байсан чинь над руу хуванцар аяга шидсэн, тэгэхээр нь би нөгөө аягыг нь зөрүүлээд шидсэн чинь Лхагвасүрэнгийн духанд оноод гэмтэл учруулчихсан, тэгээд би ажилтай байсан тул гараад ажил руугаа явсан. Надад санал хүсэлт байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан Э.Л-гийн гэмтлүүдийг би учруулсан. Би хохирлоо барагдуулсан байгаа.” (хавтаст хэргийн 43-44 дэх тал) гэсэн,
102 тусгай дугаарт гомдол мэдээлэл ирүүлсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),
Шүүгдэгч С.Уын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 46-49 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дахь тал),
Хохирогч Э.Л хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлт, тэмдэглэл (хавтаст хэргийн 58-59 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч С.У нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 55 дугаар байрны 26а тоот гэртээ эхнэр Э.Л-тэй маргалдаж, улмаар аягаар нүүрэн тус газарт нь цохиж духанд зүсэгдсэн шарх, зүүн, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Л болон шүүгдэгч С.У нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №3080 дугаартай дүгнэлт, Хохирогч Э.Л хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 58-59 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Э.Л-гийн эрүүл мэндэд нь “...биед духанд зүсэгдсэн шарх, зүүн баруун нүдний зовхинд цус хуралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч С.У түүний нүүрэн тус газар гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.У, хохирогч Э.Л-гийн эрүүл мэндэд нь “...биед духанд зүсэгдсэн шарх, зүүн баруун нүдний зовхинд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.У-ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч С.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч С.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 46-49 дэх тал) зэргийг харгалзан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар С.У оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Л-гийн эрүүл мэндэд биед духанд зүсэгдсэн шарх, зүүн баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Э.Л нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 210005440336 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ын У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.У торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.У-од оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч С.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.У-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ