Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийшээгийн Ганбат |
Хэргийн индекс | 187/2022/0359/Э |
Дугаар | 2022/ШЦТ/358 |
Огноо | 2022-05-11 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/358
2022 05 11 2022/ШЦТ/358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
шүүгдэгч Б.Б,
шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б овогт Б-ы Б, Т овогт Э-ын Г нарт холбогдох эрүүгийн 2210007680470 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1 Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, тоотод оршин суух хаягтай, eрьд ял шийтгүүлж байгаагүй. Б овогт Б-ы Б,
2. Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрийн инженер мэргэжилтэй, Байгаль орчны үнэлгээний мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Э-ын Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рөүд-68 баарны гадаа 2022 оны 03 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Б.М-тэй тухайн үед үүссэн үл ойлголцол буюу “таксинд явах уу гэж асуухад нь явахгүй” гэж хариулсны улмаас хоорондоо маргалдаж улмаар Рөүд-68 баарны 1 давхарт Б.М-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, эрүүнд зулгаралт, дух хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Э.Г нь 2022 оны 03 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рөүд-68 баарны 1 давхарт найз Б.Бийг өмөөрч Ч.М-ы нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний сулрал, баруун чихэнд цус хуралт, дух, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Э.Г “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ч.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 03 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Рөүд-68” бааранд найзуудтайгаа хамт орсон. ...01 цагийн үед Мөнх-Эрдэнэ ажил гарчихлаа гэр лүү харилаа гэж хэлээд гарсан бөгөөд гараад 10-15 минутын дараа “би хүнд зодуулчихлаа гараад ирээч” гэхээр нь тус баарны 3 давхраас 1 давхар луу буухад шатан дээр Б.М-ийг өндөр залуу заамдалцаад зогсож байхаар нь би салгах гэтэл нэг махлагдуу залуу нүүр лүү нэг удаа цохиж би зугтаах гээд шат руу гүйх гэтэл шатнаас татаж унагаагаад дээрээс 2-3 залуу үсдэж өшиглөж хамгаалагч ирээд салгасан. Босоод иртэл миний хамраас цус гарсан хамар хавдаад мурийсан нүүр хавдсан байсан. Би зугтаад нойл руу ороод нүүрээ хартал хамар мурийсан, чих хугарсан, шүд хөдөлсөн, хамраас цус гарсан болохоор нь цусаа угаасан...” (хавтас хэргийн 17-18 дахь тал) гэсэн,
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би 02 цагийн үед гэр лүүгээ явах гээд тус баарнаас гарсан чинь нэг такси зогсож байхаар нь ахаа таксинд явах уу гэж асуухад ах явна гэж хэлсэн. Машины арын суудал дээр сууж байсан хүмүүс чи хэн бэ гэж хэл амаар доромжилсон. Би такси барих гэж байна гэхэд цонхоо нээгээд хаалга нээсэн. Би буцаагаад хаалгыг хаасан, дахин машинаас нэг залуу гарч ирээд барилцаж авсан, тэгэхээр нь би зугтаад баар луу ороод орох замдаа М руу залгаад би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Нэг давхар луу шатаар өгсөж байтал нэг залуу араас татсан. Эргээд хартал бөөнөөрөө байсан. Би барилцаад байж байхад М бууж ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхэд би зодуулсан. Мыг бас тэр хэд зодож байсан. Миний дээрээс 2,3 өшиглөж байсан. Мыг Г гэх залуу зодож байсан. ...би томограф, чих хамар хоолойн эмнэлэг, шүдний эмнэлэгт үзүүлсэн. Хамрын хагалгаанд орно. Тэр нь 3.300.000 төгрөг болно...” (хавтас хэргийн 24-25 дахь тал) гэсэн,
Гэрч Т.Сундуйжав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 03 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Б, Г, Имүүжин, Уламбаяр бид 5 Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Рөүд-68 бааранд орох гээд шөнө 02 цагийн үед такси бариад очсон. Б, Имүүжин хоёр таксины тооцоо хийхээр үлдсэн. Бид гурав шат руу орох гэж байхад хажуугаар нэг залуу гүйгээд орсон. Б тус залуугийн араас ороод иртэл шар өндөр залуу Бийн цээжин хэсэг рүү жийсэн Б доошоо унасан. Тэгээд хэрүүл маргаан болоод тус залууг барьж аваад Г тус залуугийн нүүр хэсэгт цохиж би газар унагаад тэгээд хөл рүү нь өшиглөж Г нүүр хэсэг рүү нь цохисон. Харин цаана анх Бтой маргалдсан залууг Б цаана газар унагасан өшиглөж цохиж харагдсан бөгөөд Уламбаяр. Бийг болиулж байсан...” (хавтас хэргийн 28-29 дахь тал) гэсэн,
Гэрч Э.Уламбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б. Эмүжин хоёр орж ирсэн бөгөөд гэнэт 2 залуугийн нэг нь Бийг өшиглөөд унагаасан. Тэгээд зодоон болсон. Бийг өшиглөсөн залууг Г барьж аваад нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа гараараа цохиж Сундуйжав нөгөө залууг татаж унагааж байсан. Харин Б жижиг бор залууг бариад нүүр хэсэг рүү нь бас цохиж нөгөө залуу газарт унасан бөгөөд Б өшиглөж байсан...” (хавтас хэргийн 50-51 дэх тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03-р сарын 22-ны өдрийн шинжээчийн 4479 дугаар “...Ч.М-ы биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1- р шүдний сулрал, баруун чихэнд цус хуралт, дух, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” (хавтаст хэргийн 66-67 дахь тал) гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03-р сарын 22-ний өдрийн шинжээчийн 4478 дугаар “...Б.М-ийн биед хамар ясны хугарал, эрүүнд зулгаралт, дух хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 76-77 дахь тал) гэсэн дүгнэлт,
Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би Ирмүүний хамт таксинд тооцоо хийгээд сууж байтал нэг улбар шар куртиктэй залуу таксиг явах уу гэж хэлсэн. Тэр үед би цааш явах гэж байсан болохоор такси хүнтэй байна гэж хэрэлдээд маргалдсан. Намайг тэр залууг халамцуу чи буух гэж байгаа биз дээ гэхэд үгүй би цааш явна гэж хэлсэн. Намайг бүдүүн банди, цувдай гэж хэлсэн. Би битгий хуцаад байгаарай гэхэд машины хаалга онгорхой байхад баруун хацарт цохиод буух гэтэл жолооч болиулсан Тэр залуу гүйгээд баар луу орсон. Би залуугийн хойноос гүйгээд баарны хаалга ортол нөгөө залуу бас нэг өндөр залуугийн хамт шатаар бууж ирээд өндөр залуу миний цээж рүү өшиглөөд унагаасан. Яг тэр үед манай найзууд хүлээж байсан бөгөөд тэр хоёр залууг салгаж аваад Г намайг өшиглөсөн залууг барьж авч цохиод би тэр нөгөө жижиг залууг нь барьж нүүр хэсэг рүү нь хоёр удаа цохиж манай найз Уламбаяр намайг салгасан...” (хавтас хэргийн 93 дахь тал) гэсэн,
Яллагдагчаар Э.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...нэг өндөр шар залуу Б гүйж ирээд шатан дээрээс цээж хэсэг рүү өшиглөөд Б газарт унаж бид тус залууг барьж аваад нүүр хэсэг рүү нь нэгээс хоёр удаа цохиж, Сундуй хажуу талаас тус залууг салгах гэж байгаад нөгөө залуу газарт унасан. Харин жижиг залуутай Б зодолдож байсан. ...Хэрүүл маргаан болох шалтгаан нь тэр жижиг залуу Бтой маргалдаж тэгээд Бийг цохиод зугтаагаад дуудаж гарч ирж зодолдох гэж байсан юм байна лээ..” (хавтаст хэргийн 88 дахь тал) гэсэн,
Иргэний нэхэмжлэгч Т.Отгонтөгс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр төлүүлнэ” гэх заалтын дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн албан бичгийн дагуу хохирогч Ч.М- нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,234,400 төгрөгийн тусламж үйлчилгээ авсныг буруутай этгээд Э.Гаас гаргуулж дээрх мөнгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаах ёстой..” (хавтаст хэргийн 176 дахь тал) гэсэн,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04/1744 дугаартай албан бичиг, албан бичгийн хавсралт (хавтаст хэргийн 149-150 дахь тал)
Шүүгдэгч Э.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 99-103 дэх тал),
Шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 124-130 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 104, 134 дэх тал)
Хохирогч Ч.М- өвчний түүх, хохирлын баримтууд (хавтаст хэргийн 154-173, 179-188 дахь тал),
Хохирогч Ч.М-, Б.М- нар хохирол төлбөр барагдсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 192-192 дахь тал) зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рөүд-68 баарны гадаа 2022 оны 03 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Б.М-тэй тухайн үед үүссэн үл ойлголцол буюу “таксинд явах уу гэж асуухад нь явахгүй” гэж хариулсны улмаас хоорондоо маргалдаж улмаар Рөүд-68 баарны 1 давхарт Б.М-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, эрүүнд зулгаралт, дух хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.М- болон шүүгдэгч Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №4478 дугаартай дүгнэлт, Хохирогч Б.М-д хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, хохирлоо барагдуулсан гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 193 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 03 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рөүд-68 баарны 1 давхарт найз Б.Бийг өмөөрч Ч.М-ы нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний сулрал, баруун чихэнд цус хуралт, дух, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ч.М- болон шүүгдэгч Э.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №4479 дугаартай дүгнэлт, Хохирогч Ч.М- хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, хохирлоо барагдуулсан гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 192 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б нь Б.М-ийг маргалдан эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, эрүүнд зулгаралт, дух хамарт зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол,
Мөн шүүгдэгч Э.Г нь Ч.М-тай маргалдан улмаар эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1- р шүдний сулрал, баруун чихэнд цус хуралт, дух, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Э.Г нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б, Э.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч Б.Б, Э.Г нарын нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Б, Э.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тус бүрийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б, Э.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Б, Э.Г нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.М-, Б.М- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нар гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал хохирогч Ч.М-д 5.500.000 төгрөгийг түүний 5085007591 тоот дансанд шилжүүлсэн, хохирогч Б.М-д 3.000.000 төгрөгийг түүний 5323108694 тоот дансанд шилжүүлэн хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт хавтас хэргийн 192-193 дах талд авагдсан байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгчээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн албан бичгийн дагуу хохирогч Ч.М- нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,234,400 төгрөгийн тусламж үйлчилгээ авсныг буруутай этгээд Э.Гаас гаргуулж дээрх мөнгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаах талаарх нэхэмжлэл нь хавтаст хэргийн 148-174 талд заасан нотлох баримтуудаар шийдвэрлэх боломжгүй байна.
Дээрх нотлох баримтууд нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхэд хангалттай авагдаагүй, шаардлага хангаагүй, даатгалын сангаас зарцуулсан мөнгөн дүнд ямар эм, тариа үйлчилгээ авсан нь тодорхой бус өвчний түүхийг хавсаргасан байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2210007680470 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б, Э.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Б-ы Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Т овогт Э-ын Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Г нарыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Г нарыг торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б, Э.Г нарт оногдуулсан 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлтэй холбоотой баримтаа нотлох баримтын шаардлага хангах хэмжээнд бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б, Э.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ