| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2017/05422/И |
| Дугаар | 101/ШШ2018/00773 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2018/00773
2018 оны 03 сарын 05 өдөр Дугаар 101/ШШ2018/00773 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, шүүгч З.Баярмаа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, настай, эрэгтэй, Б овогт Б-ын Сын /************/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, настай, эрэгтэй, А овогт А-гийн Б /***********/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Нарт хотхон, 0 тоотод оршин суух, настай, эмэгтэй, Б овогт Д-гийн Г /************/ нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 1 818 044 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагч Д.Г, иргэдийн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Б.С миний бие 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цаг 57 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн зүүн талын замд Тоёота Аллион маркийн ****** **** дугаартай автомашиныг унаж явахад А.Б нь Норд Синотрак маркийн ***** *** дугаартай Д.Гийн өмчлөлийн автомашиныг жолоодож яваад миний унаж явсан машиныг мөргөсөн.
Уг асуудалд Замын цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, А.Бийг буруутай болохыг тогтоосон.
Дээрх гэмт хэргийн улмаас миний машинд 4 350 000 төгрөгийн хохирол учирсан болохыг АБ ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Автомашины техникийн үнэлгээний тайлан”-аар миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон.
Уг ослын улмаас толгой өвдөх, толгой эргэх, хүзүү хөших, бүсэлхий нуруугаар өвдөх зэрэг зовиур үүсч 2 078 539 төгрөгийн төлбөртэйгөө эмчилгээ хийлгэсэн.
Надад нийт 6 428 539 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ТД ХХК-аас даатгалын нөхөн төлбөр 4 610 495 төгрөг шилжүүлсэн тул зөрүү болох 1 818 044 төгрөгийг төлөхийг А.Боос удаа дараа шаардсан боловч төлөхгүй байна. Хамтран хариуцагчаар тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Гийг татсан тул хохирол 1 818 044 төгрөгийг хариуцагч А.Б, Д.Г нараас аргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Д.Г миний эзэмшилд байгаа Норд Синотрак маркийн **** *** улсын дугаартай автомашиныг жолооч А.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр жолоодож явах үедээ Тоёота Аллион маркийн **** **** улсын дугаартай автомашиныг мөргөж хохирол учруулсан.
Дээрх ослын улмаас гарсан хохирлын хэмжээг нэхэмжлэгч тал нийт 6 428 539 төгрөгөөр нэхэмжилснээс машинд учирсан хохирлыг АБ ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн автомашины техникийн үзлэгийн тайлангаар 4 350 000 төгрөгөөр тогтоосон байна. Уг нэхэмжилсэн төлбөрөөс 4 610 495 төгрөгийг **** *** улсын дугаартай автомашиныг даатгуулсан байсан ТД ХХК-аас хохирогч талд шилжүүлэн машинд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байна.
2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр жолооч А.Бийн гаргасан ослын улмаас миний өөрийн машинд мөн нэлээдгүй их хэмжээний хохирол учруулж уг хохирлыг жолооч А.Боос нэг ч төлбөр авалгүй өөрийн хөрөнгөөр бүрэн засварласан. Уг засварын төлбөр нийт 1 070 000 төгрөг болсон. Өнөөдрийн байдлаар миний машинд моторын гэмтэл гараад бүрэн зогссон байдалтай байна.
Иймд шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс гаргасан хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэсэн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч талд учруулсан хохирлоос төлж барагдуулаагүй байгаа 1 818 044 төгрөгийг осол гаргасан жолооч болох А.Боор бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч А.Б нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийг гардан авсан бөгөөд хуульд заасан хугацаанд дотор болон шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх хүртэл хугацаанд шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч А.Б, Д.Г нарт холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 1 818 044 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч А.Б хариу тайлбар гаргаагүй, хариуцагч Д.Г нь хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч А.Б хариуцах ёстой гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 1 818 044 төгрөгийг тооцоолохдоо, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 4 350 000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол буюу эмчилгээний зардалд 2 078 539 төгрөг нийт 6 428 539 төгрөгийн хохирол учирснаас даатгалаар 4 610 495 төгрөг хүлээн авсан тул зөрүүг тооцоолон 1 818 044 төгрөг гаргуулна гэх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан гэм хор буюу эмчилгээний зардлаас үлдэх хэсэг гэж тайлбарлаж байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хариуцагч А.Б нь тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан, замын хөдөлгөөний журам зөрчсөн буруутай, хариуцагч Д.Г нь тус тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувиар хариуцлага хүлээх ёстой гэж тодорхойлжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдад учруулсан гэм хорыг арилгах үндэслэлийг “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зохицуулсан.
Үйл баримтын хувьд, хариуцагч А.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 19 цаг 57 минутын үед Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан толгойн зүүн талын замд Норд синатрак маркийн ******** улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа нэхэмжлэгч Б.Сын жолоодон явсан Т.Аллион маркийн ********** дугаартай автомашиныг мөргөсөн гэм буруутай байдал нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаар бүхий Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /х.х-ийн 13 дахь талд/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /х.х-ийн 14-15 дахь талд/ зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Сын биед “тархи доргилт гэмтэл” тогтоогдсон гэсэн дүгнэлтийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12270 дугаар бүхий Шинжээчийн дүгнэлтээр /х.х-ийн 11 дэх талд/ хийсэн байх бөгөөд “дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн байх тул тус дүгнэлт гаргасан хугацаа, агуулгын хувьд уг ослоос учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч эрүүл мэндэд учирсан хохирлыг тодорхойлохдоо эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохирлыг хамтатган тодорхойлж, даатгалын байгууллагаас шилжүүлсэн төлбөрийг хасч тооцно гэх бөгөөд даатгалын байгууллагаас шилжүүлсэн төлбөр нь эд хөрөнгийн хохирлыг бүрэн төлсөн, харин үлдэх зөрүү нь эрүүл мэндэд учирсан хохирлоос хасч тооцогдохоор тодорхойлсон байна.
Хавтаст хэргийн 6 дахь талд авагдсан баримт буюу ТД ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17/02612 дугаар бүхий Эрсдэлийн хорооны тогтоолоор, даатгуулагч Д.Гийн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөр 4 610 495 төгрөгийг хохирогч Б.Сод шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хэргийн 5 дахь талд авагдсан баримтаар тус төлбөр шилжигдсэн байна.
Даатгалын төлбөрөөс эрүүл мэндийн хохиролд төлөгдсөн гэж үзэх хэсэг буюу 260 495 төгрөгийг эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлын аль хэсгийг буюу аль баримтад хамаарах эмчилгээний зардлыг төлсөн гэж шууд тодорхойлох боломжгүй байна. Иймд тухайн зөрүү төлбөрийг эрүүл мэндэд учирсан хохирол буюу эмчилгээний бодит зардал, баримтаар нотлогдох зардлаас хасч тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч эрүүл мэндэд учирсан хохирол буюу эмчилгээний зардалд нийт 2 078 539 төгрөг зарцуулсан гэж тайлбарлажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дараах байдлаар дүгнэн зардлыг тодорхойлов.
Хавтаст хэргийн 7 дахь талд авагдсан АФ ХХК-иас олгосон 535 500 төгрөгийн зарлагын баримт, хавтаст хэргийн 8 дахь талд авагдсан Мөнгөн гүүр эмнэлгийн 300 000 төгрөгийн, 8 000 төгрөгийн, 25 000 төгрөгийн, хавтаст хэргийн 9 дэх талд авагдсан 395 000 төгрөгийн баримтаас 90 500 төгрөгт холбогдох хэсгийг, 20 000 төгрөгийн буюу нийт 979 000 төгрөгт холбогдох баримтууд нь нэхэмжлэгч Б.Сын эмчилгээний зардалд хамаарах мэдээллийг агуулсан, цаг хугацааны хувьд хамааралтай зардал гэж үзэхээр байна.
Харин хавтаст хэргийн 7 дахь талд авагдсан 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 26 280 төгрөгийн баримт, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 6 600 төгрөгийн баримт нь Б.Сын эмчилгээнд зориулсан гэж үзэх мэдээлэлгүй, олгогдсон эмнүүд нь тухайн өвчинд зориулсан гэж үзэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 8 дахь талд авагдсан 21 000 төгрөгийн баримт нь олгосон хугацаа, хэнд, ямар эм олгосон нь тодорхой бус, хавтаст хэргийн 9 дэх талд авагдсан 390 500 төгрөгийн баримтын хувьд 300 000 төгрөг нь “2 хүний палатны төлбөр” гэсэн байх тул баримтын хувьд эргэлзээтэй, 150 000 төгрөгийн баримт нь ямар үйлчилгээ үзүүлсэн нь тодорхой бус буюу баримтын шаардлага хангаагүй, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 104 550 төгрөгийн баримтаар Б.Сод олгосон гэж үзэх мэдээлэлгүй, хавтаст хэргийн 10 дахь талд авагдсан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 67 200 төгрөгийн, мөн өдрийн 182 500 төгрөгийн, 103 800 төгрөгийн, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 82 659 төгрөгийн болон мөн өдрийн 54 500 төгрөгийн баримтууд нь тус эм, тариа, тариурын хэрэгслийг Б.Сод олгосон гэж үзэх баримтгүй, мөн тухайн эмчилгээг хийх талаар эмчийн заавар, эмийн жоргүй, баримтат тусгагдсан эмнүүд Б.Сын эмчилгээнд зориулсан гэхэд эргэлзээтэй /тухайлбал 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 82 659 төгрөгийн баримтад 16 500 төгрөгийн үнэ бүхий полижинакс лаа гэсэн байна./ байх тул нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд тооцоход эргэлзээтэй баримт гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Иймд нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол буюу эмчилгээний зардалд баримтаар 979 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхээр байна. Баримтаар тогтоогдсон нийт хохирлоос даатгалын төлбөрөөр эрүүл мэндийн хохиролд төлсөн 260 495 төгрөгийг хасч тооцон 718 505 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь тус хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий хариуцагчаар тээврийн хэрэгслийн жолооч буюу А.Б, тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу Д.Г нарыг хариуцах ёстой гэжээ.
Тус гэм хор учруулсан нөхцөл байдал нь хэн нэг этгээдийн шууд үйлдлээс илүүтэйгээр тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн гэм хорын асуудал байх тул хариуцлагын хэн хүлээх асуудалд хуулийн тусгайлсан зохицуулалтад дүгнэлт өгөх нь зүйтэй.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад учруулсан гэм хорын хариуцлага хүлээх этгээдийг тодорхойлон зохицуулжээ. Тусгай зохицуулалтын агуулга, зорилгоос хамааран хариуцлага хүлээх этгээдийг бусад заалтаар буюу нийтлэг үндэслэл хамаарах заалтаар /Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг/ тодорхойлох нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь зохицуулалтын агуулга, хуулийн журамласан хэрэглээний зохицуулалт, зарчимд нийцэхгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн зохицуулалтын агуулгад тайлбар хийвэл, тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэх гэм хорыг “эзэмшигч” хариуцахаар зохицуулжээ.
Хуульд зааснаар “эзэмшигч”–г тодорхойлохдоо, хууль ёсны эзэмшигч, шударга эзэмшигч, шударга бус эзэмшигч, шууд эзэмшигч, шууд бус эзэмшигчийн байдлаар ялгаж тодорхойлж, аль эзэмшигчийн хариуцлага яригдаж байгааг зөв тайлбарлан хэрэглэх шаардлагатай.
Хэрэв эзэмшигч нь хууль ёсны эзэмшигч буюу өмчлөгч өөрөө байх /Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг/, эсхүл шударга бус эзэмшигч болон өмчлөгч аль аль нь хариуцлага хүлээх /Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэг/, шударга буюу шууд эзэмшигчийн хувьд ийм эзэмшигч болон өмчлөгчийн хэн нь хариуцлага хүлээх эсэхийг мөн хуулийн 499.4 дэх хэсэгт зааснаар тус тус зохицуулжээ.
Тус хэргийн хувьд тээврийн хэрэгслийн шууд эзэмшигч нь жолооч буюу А.Б байна. /хуульд ашиглагч гэж тодорхойлсон байна/
Хариуцагч А.Б нь шууд эзэмшлийг өмчлөгчийн хүсэл зоригийн илэрхийлэл буюу амаар хийгдсэн хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан, гэрээнд зааснаар ажил үүргээ гүйцэтгэх зорилгоор тээврийн хэрэгслийг ашиглаж байсан гэж хариуцагч буюу тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Г тайлбарлаж байна.
Нэгэнт эзэмшигч өөрөө өмчлөгч биш байгаа, эзэмшигч нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буюу шударга бусаар эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцлага хүлээх этгээдийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар тодорхойлох нь зүйтэй.
Тус заалтаар, өмчлөгч өөрөө шилжүүлэн өгсөн бол шударга буюу шууд эзэмшигч /хуульд ашиглагч гэсэн/ хариуцлага хүлээхгүй байхаар зохицуулсан байна. Энэ нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн гэм хорын хувьд хариуцлага хүлээх этгээдийг гэм буруугийн зарчмаар шууд тогтоохоор хуульчлаагүйг тусгайлан дурдах нь зүйтэй.
Хариуцагч А.Б нь тээврийн хэрэгслийг өөрийн нэрийн өмнөөс, өөрийн зорилгоор эзэмшилдээ байлгаагүй харин тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Гийн зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцох явцдаа осол гаргасан талаар хариуцагч Д.Г өөрөө тайлбарласан байна.
Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээх этгээдийг тус тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Г гэж үзэв.
Хариуцагч Д.Гийн хувьд тус тээврийн хэрэгслийн өмчлөгч гэдэгтэй зохигчдын хэн аль маргаагүй, хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа дурдах нь зүйтэй.
Нөгөө талаар хариуцагч Д.Гийн хувьд даатгалаар төлсөн төлбөрийн талаар маргаагүй бөгөөд даатгуулагч Д.Гт олгосон 5 384 004 төгрөгийн нөхөн төлбөрөөс 4 610 495 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч Б.Сод олгосон үйл баримт тогтоогддог. /х.х-ийн 6 дахь талд/
Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Гээс 718 505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сод олгох нь зүйтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Гээс 718 505 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.Бт холбогдох хэсэг болон 1 099 539 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Д.Гээс 21 589 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН
ШҮҮГЧ З.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ