Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/350

 

 

 

 

 

 

 

 

  2022         05            09                                    2022/ШЦТ/350

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Т овогт Б-ийн М-д холбогдох эрүүгийн 2203001520206 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 26-нд Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б-ийн М, (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний 01 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Оргил” рашаан сувиллын хойд талын уулзвар замд Тоуоtа prius маркийн 19-30 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. ”Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам.орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 15.7. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

  

Шүүгдэгч Б.М “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Хан-Уул дүүргийн нутагт байх Оргил худалдааны төвөөс цааш буюу урагшаа яваад байдаг “Зуше “ ресторанд өдрөөр угаагч ажил хийж байсан. Ингээд 2022 оны 03-р сарын 18 ний өдөр ирж ажиллаад шөнийн 23 цаг 20 минутын үед ажил тарж эхлээд би яг 23 цаг 23 минутад ажил дээрээсээ цаг хараад гарсан. Ингээд урдаас хойш чиглээд Зайсангийн гудамжны ертөнцийн зүгээр замын баруун талаар нь яваад Оргил худалдааны төвийн харалдаа хойд талын гэрлэн дохиотой уулзварын явган хүний зам дээр иртэл явган хүн зорчих ногоон гэрэл нь анивчиж байсан. Тэр үед 1-р эгнээнд нэг машин зогсож байсан, харин 2-р эгнээнд машин байгаа эсэхийг би анзаарч хараагүй. Тэгээд амжих байх гээд явган хүний зам руу алхаад орсон 1-р эгнээг туулж гараад яг 2-р эгнээнд орох гэтэл явган хүний явган хүний гарцын улаан гэрэл ассан чинь нэг машин огцом хөдлөөд машины баруун урд хэсгээрээ миний зүүн хөлийн булчин болон шилбэ хэсгийг мөргөөд шууд зогссон. Ингээд би хойш нь бөгсөн биеэрээ газарт унасан. Тэр үед би өөрөө босох гэтэл хөл маань өвдөөд байсан учраас босож чадахгүй “ёо ёо” гэтэл одоо энэ намайг эмчилгээнд авч яваад байгаа залуу машины баруун талын урд хаалга буюу жолооч талаас бууж ирээд намайг аваад эхлээд 2 эмнэлэг орж үзүүлнэ, 103 удах байх гээд ГССҮТ-рүү авч явж үзүүлсэн юм...” (хавтас хэргийн 16 дахь тал) гэсэн,

 

Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би энэ ослын талаар мэдээгүй, учир нь би өөрөө тусдаа амьдралтай хүн юм. 2022.03.19 ний өглөө гэртэй байж байсан чинь манай дүү Б.М би өнгөрсөн шөнө Зайсангийн Оргилын уулзвар дээр явж байгаад явган хүний гарц дээр нэг хүнийг мөргөсөн. Тэгээд одоо цагдаад шалгагдаж байгаа гэж хэлсэн. Надад хэргийн талаар үүнээс өөр мэдэх зүйл байхгүй. Одоогоор нөгөө мөргүүлсэн явган зорчигчийн биеийн байдал нь гайгүй болсон байгаа мөн дүү маань өдөр бүр өөрөө явж тэр хүний хөлийн боолт болон эмчилгээг хийлгэж байгаа гэсэн. Тэгээд одоо эмчилгээний зардал болон бусад зүйл хохирлын мөнгө өгвөл гомдол, санал гэх зүйл байхгүй гэж хэлээд байгаа гэсэн...” (хавтас хэргийн 29 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 589 дугаар “...Б.Б-ын биед зүүн шаант ясны далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” (хавтаст хэргийн 38-39 дэх тал) гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн үед Үйлдвэр комбинатын замаар ороод Зайсан Оргил худалдааны төвийн харалдаа хойд талаар баруунаас зүүг зүгт чиглэн явсан замаар Огилын уулзвар нэвтрэх гээд зорчих хэсгийн 2-р эгнээнд явж байсан чин улаан гэрэл ассан. Тэгээд ногоон гэрэл ассан би ч бас их огцом хөдөлсөн гэтэл гэнэт л миний машины баруун гар талаас нэг хүн гарч ирээд машины баруун урд купер болон дугуйны хэсгээр шүргэгдээд газар унасан. ...Тэгээд эмнэлэг очоод нөгөө хүнийг эмч үзэж байх хооронд өөрөө 102 дуудлага өгсөн. Эм тариа бусад зүйлсийн мөнгийг хохирогчоос гаргуулаагүй би төлж байгаа. Цаашид ч төлнө..” (хавтаст хэргийн 62 дахь тал) гэсэн,

 

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, (хавтаст хэргийн 4 дэх тал),

2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 5-13 дахь тал),

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /Б.М нь 0,00 согтууруулах ундаа хэрэглээгүй (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 98-99 дэх тал),

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ганзоригийн гаргасан 2022 оны 04-р сарын 11-ний өдрийн 384 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69 дахь тал),

Хохирогч Б.Б “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, (хавтаст хэргийн 70-81 дэх тал),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 83-90 дэх тал),

Шүүгдэгч Б.М хохирогч нарт хохирол төлбөр барагдуулсан дансны хуулга (хавтаст хэргийн 100-104 дэх тал),

Хохирогч Б.Б- гомдол саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 105-106 дахь тал) баримт зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний 01 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Оргил” рашаан сувиллын хойд талын уулзвар замд Тоуоtа prius маркийн 19-30 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. ”Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам.орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 15.7. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б болон шүүгдэгч Б.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №4800 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд нь гэм буруугийн холимог хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.  

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.М нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. ”Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам.орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 15.7. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь биед зүүн шаант ясны далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, улмаар учирсан хохирлыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Мт автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг баримтууд (хавтаст хэ­ргийн 83-90 дэх тал) баримт зэргийг харгалзан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Мд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын биед зүүн шаант ясны далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эмийн сангийн үйлчилгээ, зэрэг баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Оюунтуяад 2.872.000 төгрөгийг тус тус мөрдөн шалгах ажиллагаанд барагдуулсан хохирол төлбөр барагдуулсан дансны хуулга (хавтаст хэргийн 100-104 дэх тал),

Хохирогч Б.Б- гомдол саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 105-106 дахь тал) зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Б-ийн М-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.М-д оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ