Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 134/ШШ2018/00034

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

М-ийн нэхэмжлэлтэй,

Б-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, хариуцагч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие М нь 2010 онд Б гэр бүл болсон 2014 оны 03 дугаар сарын 31-нд И охиныг Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрүүлсэн. Б хамт амьдарч байх хугацаанд зан ааш нь 2017 оны хавраас өөрчлөгдөж гэрээсээ явах, зодох, үр хүүхдээ хайхрамжгүй орхих үйлдэл олон удаа хийсэн. Хариуцагч тал нь энэ хугацаанд одоог хүртэл гэр бүлээс гадуур амьдралтай болж “Балдан засаг” захын М гэх хүүхэнтэй явалдан энэ шалтгаанаас болж 5 удаа миний биед гэмтэл учруулж зодсон. Би цагдаад дуудлага өгсөн боловч дуудлагыг бүгдийг Б буцаасан. Сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 24-нд зодуулахад доод айлын хүн цагдаа руу дуудлага өгсөн. Энэ байдлаараа Б ухаажиж, ухаарал аваагүй ээж аавтайгаа ирж байнга дарамт үзүүлэх утсаар доромжлох, орон байр суллаж өгөхийг шаардаж байна. Иймд өөрийн төрсөн нутаг руу шилжин явахаас өөр арга замгүй байна.

Иймээс И хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч овогтой Б миний бие М 2010 онд танилцан хамтран амьдарч 2014 онд охинтой болж амьдралаа сайн сайхнаар үргэлжлүүлэн өөрсдийн ажлаа хийж тусдаа гэр оронтой дутагдаж гачигдах зүйлгүй бусдын адил байсан боловч 2017 оны хавар, зунаас М намайг байнга бусадтай хардаж сэрдэн гэр орондоо ороход хэрүүлийн муу муухай үгээр угтаж тэсвэрлэхэд хүнд болсон ба энэ байдал улам даамжирч явна сална гэдэг болж нэг удаа салж яваад буцаж ирсэн бөгөөд дахин хардаж, сэрдэж ажил төрлийг минь хийлгэхгүй болж таарамж маань улам муудсан учир хамтран амьдрах боломжгүй болсон юм. Миний хувьд М салахад өөрийн охин И өөрийн хамгаалалтад авах хүсэлтэй байгаа боловч хуулийн дагуу эхийнх нь асран хамгаалалтад байлгана гэж байгаа учир охиндоо тэтгэвэр төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч М нь хариуцагч Б холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

    Нэхэмжлэгч М, хариуцагч Б нар нь хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр охин И төрсөн болох нь түүний эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт, И №4201000090 тоот төрсний гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 471 дугаар тодорхойлолт, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

  Зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийн өсөж бойжих орчин, эх, эцгийн анхаарал халамж зэргийг харгалзан 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин И эх М асрамжид үлдээж шийдвэрлэв.

    Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг Б энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эх М саад учруулахгүй байх үүрэгтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр сар бүр гаргуулах үндэслэлтэй байна.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 483 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б улсын тэмдэгтийн хураамж 28 483 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 03  дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин И эх М асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин И-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг даалгасугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 483 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б улсын тэмдэгтийн хураамж 28 483 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.