| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2022/0354/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/349 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/349
2022 5 09 2022/ШЦТ/349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Г- даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Т.Отгонтөгс,
шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Х овгийн Т-ийн Г-ад холбогдох эрүүгийн 2210004540371 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Т.Г: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 01 сарын 18-ны өдөр Эрхэс 111 чиглэлд ахлах ахлагч Б.Золхүүгийн хамт үүрэг гүйцэтгэж байхад 00 цагийн үед Хан-уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 5-203 тоотод архидан согтуураад агсам тавиад байна гэх дуудлагын дагуу тус тоотод очиход иргэн Т.Г нь гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ар гэрийнхэндээ агсам согтуу тавьж байсан бөгөөд шаардлага тавихад өөдөөс салаавч гарган хэл адмаар доромжилсон. ...Т.Г муухай орилж хашхираад байхаар нь болиулах шаардлага тавихад миний зүүн шанаа руу гараараа 2 удаа цохисон, цээж рүү хөлөөрөө өшиглөхөөр би хойшоо савагдтал миний зүүн гар руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би Т.Гын аюулгүй байдлыг ханган автомашиндаа суулгасан. Тэгээд Г- түүний эхнэр хүүхдийг аваад цагдаагийн хэлтэс рүү хөдөлсөн. Тухайн үед Т.Гын гарыг ард нь гавлаад суулгасан байсан. Ингээд цагдаагийн хэлтэс дээр ирж Т.Гын биед үзлэг хийж эрүүлжүүлсэн. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Т.Г ...миний зүүн шанаа руу гараараа 2 удаа цохиж цээж рүү хөлөөрөө өшиглөхөөр нь би хойшоо савагдтал тархи хөдөлж, мөн зүүн гар руу хөлөөрөө өшиглөснөөс болж тухайн гэмтлүүд үүссэн...” (хавтас хэргийн 32 дахь тал) гэсэн,
Гэрч Б.Золхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 5-203 тоотод “архидан согтуураад агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу Ж.А-ийн хамт очиход Т.Г гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсам согтуу тавьсан байдалтай байсан. Бид 2 Г-ад хууль ёсны шаардлага тавихад гарахгүй, явахгүй гээд агсам согтуу тавиад байхаар нь аваад гарах гэтэл Алтанцоожийг өшиглөөд, цохитол Цоожоо хойшоо уначихсан. Тэгэхээр нь би Г-ыг арай гэж гэрээс нь авч гаран машинд суулгах гэхэд миний өмсөж байсан хувцсыг урж, толгойн ар хэсэгт 2 удаа цохисон. Би тухайн үед олгой өвдөөд шүүх эмнэлэгт үзүүлнэ гэж байсан ч маргаашаас нь зүгээр байсан учраас би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед урагдсан байсан хувцсаа хаячихсан ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би хувцасны мөнгөө нэхэмжлэхгүй...” (хавтас хэргийн 36, 40 дэх тал) гэсэн,
Шинжээч эмч М.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тархи доргилт гэмтлийг эмч үзлэгээр тогтооно. Компьютер томографийн шинжилгээний үед тархины доргилт гэмтэлд ямар нэг өөрчлөлт тогтоогдохгүй. Тархи доргилт гэмтлийн үед тархинд ямар нэг бүтцийн өөрчлөлт гарахгүй, толгой өвдөлтөөр илэрдэг үйл ажиллагааны алдагдал юм.” (хавтаст хэргийн 50 дахь тал) гэсэн,
102 тусгай дугаарт гомдол мэдээлэл ирүүлсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 60-61 дэх тал),
Шүүгдэгч Т.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 84-88 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дахь тал),
Хохирогч Ж.А- хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 92 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Т.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнийн 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 5-203 тоот гэртээ цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагч, эргүүлийн офицер Ж.А-той “эрүүлжүүлэх байр руу явахгүй” гэснээс маргалдаж, улмаар түүний зүүн шанаа руу гараараа 2 удаа цохиж, цээж, гар руу нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.А- болон шүүгдэгч Т.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №2100 дугаартай дүгнэлт, Хохирогч Ж.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 92 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Ж.А-ийн эрүүл мэндэд нь “...биед тархины доргилт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Т.Г түүний зүүн шанаа тус газар гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Г, хохирогч Ж.А-ийн эрүүл мэндэд нь “...биед тархины доргилт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Гын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч Т.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Т.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 84-88 дахь тал) зэргийг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Т.Г оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.А-ийн эрүүл мэндэд биед тархины доргилт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Ж.А- нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2210004540371 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Т-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Г торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Г-ад оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.Г-